Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Т-ын өмгөөлөгч А.Мөнхбат 

Шүүгдэгч М-ийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Г.Т, Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... Т, ... овогт ... М нарт холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ... туслах ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод ...оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт ... Т. /РД: .../

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод ...тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт ... М. /РД: .../

 

Шүүдэгч ... Т нь М-тэй 2020 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч болох Худаг усны хашааны гаднаас ...ДОР улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 56 ширхэг труба төмөр хулгайлж бусдад 8.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ... М нь Т-той 2020 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч болох Худаг усын хашааны гаднаас ...ДОР улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 56 ширхэг труба төмөр хулгайлж бусдад 8.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ... Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:.. Би бусдын 56 ширхэг турба хулгайлж байгаад баригдсан. Би М-ийг машинтай хүрээд ир гэж хэлээд дуудсан юм. Ажил дээр хэрэглэхээ больсон турба байсан тул найз Мийн хамт очиж авсан....гэв.

 

            Шүүгдэгч ... М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өвлийн идэшээ аваад байж байхад Т над руу утсаар яриад “хаягдал төмөр байна аа. Чи авах уу” гэхээр би “хэдээр өгөх юм бэ. Хамгийн гол нь найдвартай юм уу?” гэхэд “найдвартай” гэж хэлсэн. Би эхнэртээ явах гэж байгаагаа хэлээд хажуу айлынхаа хүнийг дуудаад орой нь явсан. Замдаа автомашин маань эвдрээд бид нар өдөр болж байхад очих ёстой газраа очсон. Ингээд 20 цагийн орчимд Т ирээд бид хоёрт бууз авч өгсөн. Бид нар турбагаа аваад явж байхад Т утсаар яриад “би очиж байна” гэж хэлсэн. Ингээд Т цагдаа нарын хамт ирсэн. Би хулгайн зүйл байсан гэдгийг мэдээгүй. Би морьноос унаад 4 удаа нугасны ус авахуулж байсан учир мартаж санах зүйл их байдаг...гэв.

            Иргэний нэхэмжлэгч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Петро Чайна Дачин тамсаг ХХК-ны туслан гүйцэтгэгч худгийн анги нь ... турба ашиглан газрын гүн рүү ус шахах ажил хийдэг. ... манай худгийн хашаанд  ... огт ашиглаагүй хураасан турбанууд байсан бөгөөд турба алга болсон талаар 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ ирээд мэдсэн. ... худгийн анги алдагдсан 56 ширхэг турбануудаа эргүүлээд тоо ёсоор нь авсан тул манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 13-14 тал/

 

            Гэрч ... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай байгууллагын хашаанд байсан ... 56 ширхэг турба алдагсан байсан. ... манайх алдагдсан турбагаа буцааж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 15-16 тал/

 

            Гэрч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай саахалт айлын залуу М 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр над руу залгаад Портер чинь явж байгаа юм уу аймгаас урагш 70-80 км газарт юманд яваад ирье гэж хэлсэн. ... шөнөжин явж байгаад 2020 оны 12 дугаар сарын 06-ны үүрээр 06 цагийн орчимд газрын тосны 19 дүгээр талбайгаас хойш 10 км газарт явж байгаад машинаа унтраачихсан чинь машин асахгүй байсан. ... улмаар 13 цагийн орчимд 19 дүгээр талбай дээр ирээд Т гэх залуутай уулзаад хоол унд идсэн. ... 2020 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 00 цагийн орчим газрын тосны 19 дүгээр талбайн оффисын хашааны үүдэнд хураачихсан байсан турбануудыг Т, М бид 3 миний эзэмшлийн 48-83 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан. ... талбайгаас 20-30 км зайд явж байхад араас цагдаа нар ирэхээр нь би болохгүй юманд орооцолдсон талаар мэдсэн бөгөөд нийт 56 ширхэг турба ачсан...” гэжээ. /хх-ийн 23-24 тал/

 

            Гэрч З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Матад сумын цагдаагийн хэсэгт жолоочоор ажилладаг. 2020 оны 12 дугаар сарын 07-ны шилжих шөнө хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ... машинаас холоос ажиглаж байтал 19 дүгээр талбайн төв оффисын гадна хураалттай байсан турбануудыг газрын тосны 19 дүгээр талбайд ажилладаг Т, 2 залуугийн хамт ачсан.  ... газрын тосны 19 дүгээр талбайгаас хойш аймаг явах замд 30 гаруй км зайд тухайн турба ачсан Портер машиныг зогсоож шалгаад 19 дүгээр талбай дээр авчирсан. Уг турба нь Перто Чайна Дачин тамсаг ХХК-ийн туслан гүйцэтгэгч худгийн ангийн турбанууд байсан...” гэжээ /хх-ийн 30/         

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11 тал/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 54, 55 тал/

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 57 тал/

- М, Т нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18, 39-40, 19-20, 33-34 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ... Т, ... М нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч болох Худаг усны хашааны гаднаас ...ДОР улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 56 ширхэг труба төмөр хулгайлж бусдад 8.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О, гэрч ... /... Шанг/, З нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээнүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч ... Т, ... М нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ... Т, ... М нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ... Т, ... М нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т-ын өмгөөлөгч А.Мөнхбат нь шүүгдэгч Т-ын хувийн байдал зэргийг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан ба шүүгдэгч Т-ын “...шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ажил дээр хэрэглэхээ больсон турба байсан тул найз Мийн хамт очиж авсан...” гэх, шүүгдэгч М-ийн: “...Т ажил дээр хэрэглэхээ больсон турба байгаа тэрийг очиж авъя гэж хэлсэн болохоор турбануудыг авсан. Харин хулгай хийж байна гэж ойлгоогүй...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...”  үндэслэл тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч ... Т, ... М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч ... Т, ... М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ... Т, ... М нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн Худгийн ангид 8600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч байгууллагад учруулсан эд зүйлийг буцаан өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т, М нарын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т, М нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hundai Porter” маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эзэмшигч нь О болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...манай саахалт айлын залуу М 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр над руу залгаад Портер чинь явж байгаа юм уу аймгаас урагш 70-80 км газарт юманд яваад ирье гэж хэлсэн. ... улмаар 13 цагийн орчимд 19 дүгээр талбай дээр ирээд Т гэх залуутай уулзаад хоол унд идсэн. ... 2020 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 00 цагийн орчим газрын тосны 19 дүгээр талбайн оффисын хашааны үүдэнд хураачихсан байсан турбануудыг Т, М бид 3 миний эзэмшлийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан...” /хх-ийн 23-24 тал/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.  

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар уг тээврийн хэрэгслийг эд зүйлийн үнэлгээний комисс 3000.000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т, М нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэг хүнээс 1500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Т-ын ... тоот, М-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт ... Т, ... овогт ... М нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч ... Т, ... М нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т, М нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т, М нарын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т, М нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “HYUNDAI Porter” маркийн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэг хүнээс 1500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Т-ын ... тоот, шүүгдэгч М-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т, М нарт авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ