Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/124

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... С холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн ...гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  ... овогт ... С. /РД: .../

 

Шүүгдэгч С нь 2020 оны 12 дугаар сарын 16-наас 2020 оны 12 дугаар сарын 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багт хохирогч Ч толгой руу банз модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ... С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Бид нар зодолдож байхад нэг хүн миний араас маш хүчтнэй цохисон. Би доош тонгойгоод босохдоо газарт байсан модыг аваад Ч ахыг цохисон. Би Ч цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 1900.000 төгрөг төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ..гэв.

 

Хохирогч Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2020 оны 12 сарын 15-ны өдөр О, Т нарын хамт архи уусан... улмаар 23 цагийн орчим О гэрээс гараад явж байгаад Э-тэй таараад гадуур явж байгаад тэд нарын дүү болох С, Б нартай таарсан. ... би С-тай муудсан ба Т С-ыг өмөөрөөд чи дүүг яах гээд байгаа юм гэсэн ...уг нь эвлэрэх гээд байж байх үед Б бас надтай маргасан. Ингээд согтуу байсан тул учраа олохгүй хэрэлдсэн. Тэгэхээр нь зодоон болох юм шиг санагдаад би найзууд болох Б, Ш нарыг дуудсан. ... хоорондоо маргалдаад заамдалцаад байж байтал дундуур гэнэт С орж ирээд том банзаар миний толгой руу араас цохих шиг болсон би ухаан алдаад унасан. Надад 1900.000 төгрөг өгсөн...гэжээ.” /хх-ийн 17-19 тал/

 

Гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид нар сургуулийн хойд талд Б, Э хоёртой таараад тэднийг машиндаа суулгаад засмал замаар баруун тийш явж байгаад Петровис колонкийн ард талд манай сумын С Ө Б нартай таарахад Ч машинаасаа буугаад шууд С-ыг толгойгоороо нэг удаа мөргөхөд би дундуур нь ороод тэр хоёрыг салгахад Ч намайг С-ыг өмөөрлөө гээд гараараа миний хамар руу нэг удаа цохисон .... Ч цонх хагалахын наагуур тогшоод гараад ир гээд дуудаад байхаар нь Э, Б бид 3 гарахад гадаа Ч, Б, Б, Ш, Ц нар ирсэн байсан. Бид нарыг хараад тэд нар нийлээд зодохоор нь би газарт унаад тэд нарт зодуулсан. ... С руу залгахад Б аваад нөгөө хэд чинь явсан гэхэд нь би буцаад очиход Оийн хашаанд манай таньдаг дүү С, найз Б, Э, О, Б, И нар зогсож байсан. Би найзуудаасаа нөгөө хэдийг асуухад тэд нар зугтаад явсан гэж хэлсэн...” гэжээ. / хх-ийн 26-28 тал/

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Анх Т, Сыг Оийн гэрт утсаар дуудсан гэсэн. Харин С-ыг О-ийн гэрт ирэх үед гадаа зодоон болж байхаар нь С зодооныг салгах гэхэд нь Ч, С руу дайрахад нь тэр айсандаа банзаар Ч-ийн толгой руу цохьсон гэсэн...” гэжээ. /хх-ийн 29-30 тал/

 Гэрч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 сарын 16-ны орой ...23 цагийн орчим манай найз Т гаднаас ганцаараа ирээд Т, Ц, Ч нар манай гэрт архи, пиво ууж байгаад удалгүй Т, Ц, Ч нар явлаа гээд манай гэрээс гарсан. ...гэтэл тэднийг явсаны дараа удалгүй гаднаас манай найз Б, Э хоёр ирээд манайд жоохон дулаацаж байгаад гараад явсаны дараа Б, Э, Т, Ч, Ц нар манай гэрийн гадаа ирээд байж байгаад Ч, Ц хоёр машинтайгаа буцаад явахад Б, Э, Т нар манай гэрт ороод байж байхад манай хашаанд Ч, Ц, Б, Б, Ш нар машинтай орж ирээд манай гэрийн цонхыг хүчтэй чанга тогшоод дуудахад нь Б, Э, Т нар гарахад би тэдний араас хаалгаа түгжих гээд гарахад манай хашаан дотор зодоон болж байхаар нь би гэртээ ороод хувцасаа өмсөөд буцаад гараад ирэхэд Б миний өөдөөс зодуулсан бололтой орж ирсэн. Харин С гэх залуу Ч хашаан дотор байсан хашааны банзаар цохих шиг болохоор нь би Ч машин дотор суулгаад тэднийг салгаад тараацгаахад Ч, Ц, Б, Б, Ш нар машинд суугаад явсан...” гэжээ. / хх-ийн 31-32 тал/

Насанд хүрээгүй гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид нар С-ын гэрт утсаараа тоглож байгаад шөнийн 23 цагийн орчим С-ын гэрээс дөрвүүлээ гарсан. ...Ө-г зам хүртэл дөхүүлж өгөөд буцах гэж байтал урдаас марк дугаарыг мэдэхгүй цагаан өнгийн жижиг суудлын машин ирээд бид нарын хажууд зогссон. Тэр машинаас манай сумын саяхан цэргээс халагдаж ирсэн Ч бууж ирээд манай найз С руу очоод их дээрэнгүй өндөр чанга дуугаар харьцаж байгаад Сын нүүрэнд гараараа нэг удаа цохьсон. Гэтэл тэр үед машинаас Т ах гарч ирээд С-ыг өмөөрч Ч болиулах гэсэн чинь Ч бас Т ахын нүүрэнд гараараа нэг удаа цохьсон. ... Тухайн үед тэнд очиход бөөн ... зодоон болж байсан. ...С хаанаас ч юм мэдэхгүй нэг банз мод бариад Чийн толгойн тус газарт цохиход Ч унаж байгаа харагдсан...” гэжээ. / хх-ийн 33-35 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 331 тоот дүгнэлтэд:

1. Ч биед гавлын ясны хугарлын нэг үзүүр титэм заадас даган баруун талын суурь ясны их бага далавч руу үргэлжилсэн, хугарлын нөгөө үзүүр нь титэм заадаснаас зулай чамархай яс дайран суурь ясны их бага далавч руу үргэлжилсэн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 46-48 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/

- Сын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-44, 56-58 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ... овогт ... С нь 2020 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багт хохирогч Ч толгой руу банз модоор цохиж  “...биед гавлын ясны хугарлын нэг үзүүр титэм заадас даган баруун талын суурь ясны их бага далавч руу үргэлжилсэн, хугарлын нөгөө үзүүр нь титэм заадаснаас зулай чамархай яс дайран суурь ясны их бага далавч руу үргэлжилсэн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа...” буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ч, гэрч Т, Б, О, Б, Ш, Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 331 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч С-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 1900.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Харин хохирогч Ч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ад оногдуулсан 10000.000 төгрөгөөр торгох ялаас түүний цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу 60.000 төгрөгийг хасаж 9940.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 1900.000 төгрөг төлсөн/ болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ... С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... С- 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ад оногдуулсан 10000.000 төгрөгөөр торгох ялаас түүний цагдан хоригдсан 4 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу 60.000 төгрөгийг хасаж, 9940.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.  

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1900.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

6. Хохирогч Ч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ