Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0091/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Ж.Б

Шүүгдэгч                                                       Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн  ирүүлсэн Б.Бт  холбогдох 2039004580253 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар  сарын 11-ний  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн 1989 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй,ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Сургалтын задгай 2-1б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, О овгийн Эийн Б  /РД:УГ000000/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Б нь 2020  оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Мөрөнгийн голоос баруун тийш иргэн Б.Бтай таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь өшиглөх, гараараа цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Б нь: “холбогдсон гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй, хохиролд тооцож 1.500.000 төгрөг төлсөн” гэжээ.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Б.Бын өгсөн:...2020 оны 09 дүгээр сарын 17-ны 19 цагийн үед би Хэнтий аймгийн Хурх тосгоны гурван баяны замд Мийгаа, Б бид гурав хот руу буцаж явсан. Б бид хоёр 0.75 литр хэмжээтэй 1 шил  архи хувааж уусан байсан. Б нь надад хандан миний найзын бэр эгчтэй чи сээтэгнээд, намайг ичгэвтэр байдалд орууллаа намайг машинаас чирч гаргаад миний нүүрэн тус газар 2-3 удаа хөлөөрөө өшиглөөд, миний толгой хэсэгт 10 удаа 2 гараараа ээлжлэн цохисон. Энэ үед миний хамарнаас, зүүн нүднээс их хэмжээний цус гарч байсан. Тэгээд би Бээ чи яагаад намайг зодож байгаа юм бэ гээд орилсон. Мийгаа машинаас буугаад Б бид хоёрын дундуур орж ирээд надаас Бийг салгаад намайг сугадаж өргөөд машины жолоочийн эсрэг талын сандал дээр суулгасан. Тэгтэл Мийгаа нь ахаа нүднээс чинь цус гараад байна шүү дээ гэж хэлээд байсан. Тэгээд машины урд талд миний ухаан хэсэг зуур балартсан. Тэгээд унтаад өгсөн байна лээ. Нэг сэрээд харахад бид гурав Багануурт орж ирж байсан. Миний толгой өвдөөд байхаар нь би машины толинд нүүрээ хартал нүүрний зүүн тал цус болоод хатчихсан, зүүн нүдээ гараараа арчаад үзэхэд зүүн нүднээс цус гараад тогтохгүй байсан...Б намайг найзынхаа бэр эгчтэй сээтэгнэлээ гэж буруугаар ойлгоод намайг зодсон...би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуу/

Гэрч Б.Сн өгсөн:...Дүү маань над руу 2020 оны 09 сарын 17-ны 21 цагийн үед утсаар залгаж хэлсэн. Үүний дагуу би дүүтэйгээ Баянзүрх захын гадна уулзахад нүд нь хавдсан, цус гарсан байдалтай байхаар нь цагдаад хандсан. Хамт байсан Б гэх найз нь хамт архи ууж байгаад машинаас чирч буулган хөлөөрөө нүд рүү нь өшиглөсөн гэж хэлсэн. Ямар шалтгааны улмаас зодсон талаар Бын найзых нь бэр эгчийг оролдсон, тэвэрсэн гэх шалтгаанаар дүүг маань зодсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/

Яллагдагч Э.Бийн өгсөн:... яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би Бын эмчилгээний төлбөрт одоогийн байдлаар 1.500.000 төгрөг өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр  сарын 23-ны    өдрийн 10731 дугаартай дүгнэлт:

  1. Б.Бын биед тархи доргилт, зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.     Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн  чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  2. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна /хх-ийн 23 хуу /

Э.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуу/

            Э.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 41 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 52-53 хуу/

Яллагдагч Э.Б нь В.Бын эмчилгээний зардалд нийт 1.465.400 төгрөг төлсөн тухай зарлагын баримт болон дансны хуулга /хх-ийн 46-47 хуу/

Хохирогч Б.Бын нэхэмжилсэн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 50-51 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Б нь 2020  оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн үед Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт согтуугаар хохирогч Б.Бтай маргалдан нүүрэнд нь өшиглөх, гараараа цохих зэргээр зодож  тархи доргилт, зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, язрал, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

            Хохирогч Б.Бын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Э.Б нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б, гэрч Б.С нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.   

            Иймд шүүгдэгч Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй  байна.

            Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу хохирогчийн эмчилгээний зардал болох 1.465.400 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ. Харин хохирогчийн өөрөөсөө гаргаж эмчилгээндээ зарцуулсан гэх хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудсанд байх 529.236 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь тухайн хохиролтой хамааралтай эсэх нь тогтоогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв. Мөн хохирогч Б.Б нь хавтаст хэргийн материалтай танилцах үедээ хохиролд тооцож 3.500.000 төгрөг нэхэмжилсэн байгаа боловч, энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй тул хангах үндэслэлгүй байна.  

Иймд шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд  мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй,  хохирогч Б.Бын нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  О овгийн Эийн Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Э.Бт нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд  мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй,  хохирогч Б.Бын нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ