Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/129

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Э

Хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ... Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... Гд холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ..., гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт ... Г. /РД: .../

 

Шүүгдэгч ... Г нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Танк хорооллын 7-05 тоот хашааны урд хохирогч Э-тай “хог ачуулах” шалтгааны улмаас маргалдан улмаар нүх рүү түлхэж унагаан “...Э-ын биед зүүн шуу яс, зүүн өсгий ясны далд хугарал...” буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ... Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Танк хороололд хог ачих гээд ... Г-гийн гэрийн гадаа очиход ... Г гэрийнхээ ойролцоох хогоо цэвэрлээд байж байсан. Тэгээд надад хэлэхдээ “та нар яагаад удаж ирээд байдаг юм бэ? Энэ байдлаас болоод гал гарвал хэн хариуцах юм бэ” гэж хэлэхээр нь би “та нар хог, үнс хоёроо ялгаад тавьчих хэрэгтэй шүү дээ” гэж хэлэхэд ... Г уурласан. Намайг хогны нүхний хажууд зогсож байхад “Чи муу юугаа мэддэг юм бэ” гэж нэг хүн хэлээд намайг нүх рүү түлхэж унагаасан. Тэр үед манай ачигч нар ирээд намайг татаж гаргасан. Би суугаад уйлаад байж байхад ... Г хэл амаар доромжлоод нааш цааш яваад байсан. Би гомдолтой байна. Би одоо хүнсний хэрэглээний зүйл болон банкны зээлийг оруулан нийт 5.037.160 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна” гэв.

 

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г гэх эмэгтэй Э эгчтэй маргалдаад байх шиг байсан бөгөөд гэнэт Г гэх эмэгтэй Э эгчийн араас хогны нүх рүү шууд түлхээд унагаасан. Би хогны нүхэн дотор хогоо ачих гээд зогсож байсан болохоор Э эгчийг татаж нүхнээс гаргаж цементэн дээр суулгасанн...” гэжээ. /хх-ийн 15-16 тал/

 

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э эгч рүү Г гэх эмэгтэй очоод тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгж байгаад гэнэт тухайн эмэгтэй Э эгчийг хогны нүх рүү шууд түлхээд унагаасан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг холдуулаад харин Бат-Эрдэнэ Э эгчийг нүхнээс татаж гаргасан...” гэжээ. /хх-ийн 13-14 тал/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 10-ны 53 тоот дүгнэлтэд:

1.... Г сэтгэцийн ямар нэг өвчингүй. Шинж тэмдгийн уналт таталт нь мэдрэлийн өвчинд хамаарагдана.

2.... Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо өөрийн үйлдэл, эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай.

3. ... Г нь үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай гэжээ. /хх-ийн 27 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн нэмэлт шинжилгээ хийсэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот дүгнэлтэд:

1. Э-ын биед зүүн шуу яс, зүүн өсгий ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин /2021.01.13, 2021.03.17-ны рентген зураг/ гэмтлүүд байна. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 123-124 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/

- Гэрч Т-ийн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

- Гэрч М-ын мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 тал/

- Хохирогч Э-ын ажлын тодорхойлолт /хх-ийн 44, 140 тал/

- Хохирогч Э-ын эмнэлгийн магадлагаа /хх-ийн 45 тал/

- Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 48, 79-96, 129, 130, 141 тал/

- Гэрч Э-ийн мэдүүлэг /хх-ийн 121 тал/

- Гэрч Г-ийн мэдүүлэг /хх-ийн 128 тал/

- Хохирогчийн эмчилгээний картын хуулбар /хх-ийн 134-139 тал/

- Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-94 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ... овогт ... Г нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Танк хорооллын 7-05 тоот хашааны урд хохирогч Э-тай “хог ачуулах” шалтгааны улмаас маргалдан улмаар нүх рүү түлхэж унагаан “...Э-ын биед зүүн шуу яс, зүүн өсгий ясны далд хугарал...” буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ... Г, хохирогч Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б, Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн нэмэлт шинжилгээ хийсэн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

 

Шүүгдэгч ... Г-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ... Г-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ... Г-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ... Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч ... Г-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ... Г-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний болон бусад зардалд нийт 5.037.160 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх боловч хэрэгт 1537.450 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн байх ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 478.000 төгрөгийг хохирогч Э-д төлсөн тул нотлох баримттай мөнгөн дүнгээс хохирогчид төлсөн мөнгийг хасаж тооцон, шүүгдэгч ... Г-гаас 1.059.450 төгрөгийг гаргуулж хохирогч Э-д олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ... Г-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ... Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... Г-г 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ... Г-д оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... Ггаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1059.450 /нэг сая тавин есөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч - Э /ЖЭ .../-д олгохоор тогтоож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд ... Г-гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ... Г-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ... Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ