Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/76

 

2021/ШЦТ/76

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0106

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                         Д.Ч

Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Д.О

Шүүгдэгч                                                       С.М нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Уугантуяагаар хөтлүүлэн

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.М д   холбогдох 2139000410071 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар  сарын 25-ны  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

М Улсын иргэн,  1987  оны 01 дүгээр   сарын 31-ний  өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдүүдийн  хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр  сум  6 дугаар  баг 913 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгүүлж байгаагүй, М  овгийн Сын М   /РД:йю87013103/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч С.М нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Айргийн энгэр 918 тоотод  хохирогч Ж.Нтай “Х.Оын эзэмшлийн “Хаан” банкны виза карт хаана байна” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түлхэж, хохирогч Ж.Н нь галтай зуух руу унасан, мөн гэрийн гадна хэсэгт гарыг нь хазаж, түүний эрүүл мэндэд баруун бугалганд түлэгдсэн шарх, зүүн сарвууны 1,2-р хуруу баруун сарвууны 2-р хуруунд хазагдсан шарх, баруун чихний омогт шарх, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ж.Нгийн өгсөн:.. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед сумын төвд үйл ажиллагаа явуулдаг "Сод-1" хүнсний дэлгүүрийн дотор нэг байрны танил эмэгтэй Мтой таарсан. Тухайн үед М нь 2.5 литртэй 1 ширхэг пиво худалдаж аваад түүний найз С гэх эмэгтэйн гэрт очиж худалдаж авсан нэг ширхэг пиво гурвуулаа хуваагаад ууж байхад манай төрсөн ах хөдөөнөөс ирээд гар утсаар холбогдож "гадуур дэлгүүрээр явж хүнс цуглуулах ажилтай ирлээ. Ахтайгаа хамт гадуур яваад өгөөч" гэхээр нь Сийн гэрээс нь гарсан. Намайг тус айлаас гархад С, М нар пиво уугаад үлдсэн. Би ууж байсан пивоноос нь 300 грамм орчмыг ууж, үлдсэн пиво тэр 2 хамт ууж дуусгасан. Тэгээд ахтай гадуур ажлаар явж байхад М нь гар утсаар холбогдож "Та Сийн гэрт хүрээд ирээч. Хамт жоохон сууж байгаад харих уу?" гэхээр нь тус айлд нь ганцаараа очсон. Намайг Сий гэрт нь очиход тэр 2 дунд зэргийн согтолттой болсон харагдсан. Тэр айлдаа дахин 2.5 литртэй  Сэнгүр пиво нэг ширхэгийг хувааж уусан. Тэр айлд 17 цаг хүртэл сууж байгаад нэлээн согтож гэртээ ганцаараа ирээд зүүн талын орон дээр унтаж байхад С, М нар нь манай гэрт ирээд М нь надад хандан " Хаан банкны виза карт хаана байна вэ? Хүний виза картыг гаргаж өгөөч" гээд агсан тавиад байсан. Нэг санахад М нь миний үснээс зулгааж хэвтэж байсан орон дээрээс маань татаад унах үед баруун талын гарны бугалга хэсгээр халуун зууханд хүрж түлэгдэх шиг болсон. Тэр болсон явдлын талаар бага зэрэг санаад байгаа юм. Тэгээд эсгий гэрээс гараад гэрийн үүдэнд гарч ирээд маргалдах явцад зүүн гарын эрхий хурууны өндөг хэсгээс хазаж цус гарах шиг болсон...миний хувьд эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/

Гэрч Г.Сгийн өгсөн:...Анх пиво авахаар дэлгүүр лүү надтай хамт явахдаа М нь саахалт айлын О гэх залуугийн Хаан банкны виза картыг ашигласан гэсэн. Харин манай гэрт Нтай хамт пиво ууж байхдаа түүнд дээрх залуугийн виза картыг нь өгсөн юм байна лээ. Би энэ талаар нь сүүлд нь мэдсэн. Тэгээд О манай гэрт 17 цагийн үед орж ирээд Моос Хаан банкны виза картаа нэхэж Нгийн гэр лүү М, О бид 3 хамт явсан. Би Нгийн хашаанд ороод хажуу талын айлд сууж байхад Нгийн эсгий гэрийн үүдэнд хүмүүс маргалдах чимээ    гарсан. Намайг гадаа гарч харахад Нгийн нүүр нь цус болчихсон харин Мын хэвлий хэсэгт нь 2 хэсэг газарт шүдний ором гарч цус шүүрсэн харагдсан. Тухай үед тэр хоёрыг ямар шалтгаанаас болж маргалдсан талаар ойлгоогүй. Сүүлд нь сонсоход О гэх залуугийн виза картнаас болж маргалдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/

 

Гэрч Х.Оын өгсөн:... Тэр үед Нд Хаан банкныхаа виза картаа өгөөд "надад 7000 төгрөг байгаа байхаа нэмэрлээд пиво авчих" гэж хэлсэн. Удалгүй Н нэг ширхэг 2.5 литр пиво аваад Сгийн гэрт ирсэн. Тэр авсан пиво Н, С, М бид 4 хувааж уугаад гэрлүүгээ орсон. Тэр үед 17 цаг бага зэрэг өнгөрч байсан. Тэгээд 19 цаг болж байхад Сгийн гэрт хүн ирэх чимээ гарсан. Гэрт нь ороход М, С нар сууж байхаар нь "миний Хаан банкны виза карт хаана байна вэ?" гэж нэхсэн. Харин М "та Н эгчид өгсөн биз дээ" гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг дагаад Нгийн гэрт очоод эсгий гэрийнх нь хаалга цоожтой хүү нь тайлж өгсөн. Тэгээд  гэрт ороод Нд хандан "миний Хаан банкны виза карт хаана байна вэ?" гэхэд "олохгүй байна. Маргааш олоод өгнө" гэж хэлэхээр нь гэрээс нь гараад явсан. Намайг гарахад Н нь орон дээрээ суучихсан Мтой маргалдаад үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу /

Насанд хүрээгүй гэрч А.Аийн өгсөн:...Би 2020 оны 12 дугаар сарын 24-ны орой гаднаас орж ирэхэд манай гэрт авга эгч Н мөн найзууд нь болох  М, С нар аавтай юм яриад сууж байсан. Удалгүй аав хөдөө ажлаар явж, харин Н эгч гэр лүүгээ орно гээд гарсан. Мөн М, С эгч нар гэр лүүгээ  19 цаг өнгөрч байхад явсан. Удалгүй 20 орчим минутын дараа М, С эгч нар манай гэрт орж ирээд "Н эгч нь хаана байна" гэхээр нь гэртээ амарч байгаа байх даа" гэж хэлсэн чинь манай гэрээс гарсан. Манайхаас гараад Н эгчийн гэрийн хаалгыг тогшоод онгойлгож, удалгүй дуу нь өндөрсөөд эхэлсэн. Удаагүй манай гэрт Н эгчийн хүү Т нь орж ирээд "ээжийг М эгч зодоод байна. Та ороод салгаад өгөөч" гэж хэлсэн. Тэгээд Тг дагуулаад гэрт нь ороход гэрийн баруун хойд талд Н эгч доод талд нь дээшээ хараад хэвтсэн, харин М эгч дээр нь гарчихсан үснээс нь зулгаачихсан харагдсан. Мөн Н эгчийн баруун гарны булчин  хэсгийн дотор талд түлэгдсэн гэмээр шүүс, цус гарчихсан, их улайсан нүүр нь цус болчихсон харагдсан. Тэр үед очиж салгаад М эгчийг зүүн талын орон дээр суулгаад байж байтал дахин босоод Н эгчийг үсдэж чирээд  гэрээс гарсан. Гэрийн зүүн урд хаяанд  М эгч Н эгчийн  баруун талын гарын эрхий хурууны  үзүүр хэсгийг нь хазах үед  Н эгч түүний нүүр хэсэгрүү  нэг удаа цохисон. Тэгээд хуруунаас нь их хэмжээний цус гарч байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/

Насанд хүрээгүй гэрч Б.Тгийн өгсөн:...Би 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед гэртээ утсаар тоглоод  сууж байхад ээж гаднаас  архи уучихсан орж ирээд гэрийн зүүн талын орон дээр унтчихсан. Удалгүй гэрийн хаалга хүмүүст тогшихоор нь онгойлгож өгөхөд М С эгч мөн О ах манай гэрт орж ирээд  ээжийг босгоод банкны карт асуугаад байсан.  Тэр үед О ах, С эгч нар гэрээс гарч явсан. Тэгээд М эгч уурлаад ээжийн үснээс нь зулгаагаад орноос нь босгож ээжийг зуух руу түлхэж унагасан. Тэр үед ээж өндөр дуугаар бахирахаар нь айгаад  зүүн талын гэр лүү гүйж ороод А эгчийг дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 66 дугаартай дүгнэлт:

1. Ж.Нгийн биед баруун бугалганд түлэгдсэн шарх, зүүн сарвууны 1,2-р хуруу, баруун сарвууны 2-р хуруунд хазагдсан шарх, баруун чихний омогт шарх, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Ж.Нгийн биед үүссэн баруун бугалганы түлэгдсэн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр  үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 45 хуу/

 

Яллагдагч С.Мын өгсөн:.... Тэгээд Н, С бид гурав А ахтай пивийг нь хувааж ууцгаасан. Тэгээд А ахын пивийг нь уучихаад С бид хоёр шууд Сгийн гэрлүү хамт явсан, тэгэхэд Н эгч гэртээ үлдсэн. Тэгээд С бид хоёр 19 цагийн үед Сгийн гэрт ирэхэд О ах гаднаас орж ирснээ надаас виза картаа нэхэхээр нь та надад өгөөгүй биз дээ, Н эгчид өгсөн байлгүй Н эгчтэй очиж уулзъя гээд О ахыг дагуулаад С, О бид гурав Н эгчийнд ирсэн, тэгэхэд хаалга нь цоожтой хүү нь хаалга онгойлгож өгсөн,  тэгээд гэрт нь ороход    Н эгч зүүн талынхаа орон дээр хувцастайгаа хэвтэж байсан, тэгэхээр нь Н эгчид хандан та Оын ахын виза картыг нь өгөөч ээ надаас виза картаа нэхээд байна гэж хэлэхэд  Н эгч би виза картыг чинь хаячихсан байна, маргааш өглөө сэргээлгээд өгье гээд уурлаад байсан, тэгэхэд О ах гэрээс гараад явсан, харин  С, Н болон түүний 11 настай хүүхэдтэй нь хамт гэрт нь үлдсэн. Тэгсэн Н эгч О ахын виза картан дээрээс болоод над руу уурлаад  надтай маргалдсан, тэгэхэд С гэрээс гараад явчихсан байсан, тэгсэн Н эгч намайг үсдэж авснаа миний үснээс тавихгүй байхаар нь би эргэж хараад үсээ тавиулах гээд Н эгчийг түлхсэн чинь Н эгч баруун гараараа галтай зуухыг түшээд унасан, тэгээд нэг мэдсэн Н эгчийн гэрийнх нь гадаа мөн үсдэлцээд байж байхад Н эгчийн ахынх нь охин А ирж салгасан...Гэрт Н эгчтэй маргалдаж зуух руу түлхэж унагааснаа санаж байгаа, мөн гэрийнх нь гадаа гарч үсдэлцэж байснаа санаж байна, тэгэхдээ Н эгч бид хоёр нилээн согтуу байсан...Гэр дотор зуух руу түлхчихсэн, харин гэрийн гадаа газар уначихсан байхад миний хэвлийнээс хазсан, тэгэхэд нь би зөрүүлээд гарыг нь хазсан. Өөр яг яаснаа санахгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/

 

С.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 85 хуу/

С.Мын нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 90-92 хуу/

Хохирогч Ж.Нгийн гаргасан “С.Моос эмчилгээний зардалд 400.000 төгрөг авсан. Өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй”  тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 97 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Мод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.М нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Айргийн энгэр 918 тоотод  хохирогч Ж.Нтай “Х.Оын эзэмшлийн банкны виза картыг аваад өгөөгүй” гэх шалтгааны улмаас согтуугаар маргалдаж,  халуун зуух руу түлхэж унагаах, үснээс нь зулгаах, гарыг нь хазах зэргээр зодож  баруун бугалганд түлэгдсэн шарх, зүүн сарвууны 1,2-р хуруу, баруун сарвууны 2-р хуруунд хазагдсан шарх, баруун чихний омогт шарх, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Н, гэрч Г.С, Х.О, насанд хүрээгүй гэрч Б.Т, А.А нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.  

             Хохирогч Ж.Нгийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Иймд шүүгдэгч С.Мыг хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй  байна.

 

Аймгийн Прокурорын газраас С.Мын үйлдлийг М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагч С.Моос хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 95 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 98 хуу/ гарган яллагдагчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч С.М хүлээн зөвшөөрч /хх-ийн  104 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хохирогч Ж.Н нь “С.Мод гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” тухай тодорхойлолт  /хх-ийн 97 хуу/  гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  дүгнэв.

Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

М Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  М  овгийн Сын Мыг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч С.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ