Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/222

 

 

 

 

 

      2021       03         30                                     2021/ШЦТ/222

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Я.Мөнхзаяа;

шүүгдэгч: М.З, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.З-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, сонгодог бүжгийн “Хайр” төрийн бус байгууллагад бүжгийн багш ажилтай, ам бүл 2, эмэг эхийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, М.З

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч М.З нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугарр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ZENITH” /Зенит/ нэртэй цахим тоглоомын газар иргэн Ц.Амарсайханы “AmarsaikhanTsend” гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн Г.Батмөнхийн фэйсбүүк хаяг руу мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн хуурч, “ХААН” банкны 5030528201 дугаарын дансаар 600.000 төгрөгийг,

-2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ZENITH” /Зенит/ нэртэй цахим тоглоомын газар иргэн Б.Очийн Ochi /Оч/ гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн Ч.Хулангийн фэйсбүүк хаяг руу мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн хуурч, “ХААН” банкны 5564010216 дугаарын дансаар 305.000 төгрөгийг, “ХААН” банкны 5019843310 дугаарын дансаар 210.000 төгрөгийг, нийт 515.000 төгрөгийг,

-2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ривал” нэртэй цахим тоглоомын газар иргэн Ц.Энхбатын “Enkh.batTsedevcorj” гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн Ш.Отгонбаярын фэйсбүүк хаяг руу мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн хуурч, “ХААН” банкны 5055052288 дугаарын дансаар 6.000.000 төгрөгийг,

-2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ULTI” /Улти/ нэртэй цахим тоглоомын газар иргэн Н.Сүхтогоогийн “Сүхтогоо.Н” гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн А.Энхээгийн фэйсбүүк хаяг руу мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн хуурч, “ХААН” банкны 5070292379 дугаарын дансаар 880.000 төгрөгийг,

-2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ривал” нэртэй цахим тоглоомын газар иргэн Ц.Энхбатын “EnkhbatTsevegdorj” гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн Ц.Мөнхбатын фэйсбүүк хаяг руу мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн хуурч, “ХААН” банкны 5055052288 дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг,

-2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ZENITH” /Зенит/ нэртэй цахим тоглоомын газар иргэн Б.Мөнхбатын “BaljinnyamMunhbat” гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн Г.Анхбаярын фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн” хуурч, “ХААН” банкны 5077386931 дугаарын дансаар 500.000 тегрөгийг,

-2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ZENITH” /Зенит/ нэртэй цахим тоглоомын газар иргэн Б.Мөнхбатын “BaljinnyamMunhbat” гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн Ц.Пагмасүрэнгийн фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн” хуурч, “ХААН” банкны 5077386931 дугаарын дансаар 400.000 тэгрөгийг,

-2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ZENITH” /Зенит/ нэртэй цахим тоглоомын газар иргэн Б.Мөнхбатын “Baljinnyam Munhbat” гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн О.Алтанзулын фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн” хуурч, “ХААН” банкны 5077386931 дугаарын дансаар 200.000 төгрөгийг,

-2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ривал” нэртэй цахим тоглоомын газар иргэн Ц.Энхбатын “Еnkhbat Tsevegdorj” гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн Н.Мөнхөөгийн фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн” хуурч, “Голомт” банкны 1605140829 дугаарын дансаар 2.800.000 төгрөгийг,

-2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ривал” нэртэй цахим тоглоомын газар иргэн Ц.Энхбатын “Enkhbat Tsevegdorj” гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн М.Өлзийцэцэгийн фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн” хуурч, “ХААН” банкны 5024920093 дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг,

-2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ZENITH” /Зенит/ нэртэй цахим тоглоомын газар иргэн Ц.Энхбатын “Enkhbat Tsevegdorj” гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн Б.Долгормаагийн фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн” хуурч, “ХААН” банкны 5055052288 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийг,

-2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ZENITH” /Зенит/ нэртэй цахим тоглоомын газар иргэн Ц.Энхбатын “Enkhbat Tsevegdorj” гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн Б.Нямсүрэнгийн фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн” хуурч, иргэн Б.Даваанямаас “ХААН” банкны 5024920093 дугаарын дансаар 1.066.000 төгрөгийг,

-2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ZENITH” /Зенит/ нэртэй цахим тоглоомын газар иргэн Ц.Энхбатын “Enkhbat Tsevegdorj” гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн Б.Амгаланбаярын фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн” хуурч, “ХААН” банкны 5055052288 дугаарын дансаар 2 удаа нийт 4.720.000 төгрөгийг,

-2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ривал” нэртэй цахим тоглоомын газар иргэн Ц.Энхбатын “Enkhbat Tsevegdorj” гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн Ж.Сандагдуламын фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлүүлэхийг хүссэн мессеж илгээн” хуурч, “ХААН” банкны 5055052288 дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг,

-2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.Батболдын “Amaraa Batbold” гэх фэйсбүүк хаяганд нэвтрэх эрхийг хууль бусаар олж аван ашиглаж, иргэн Д.Пүрэвдашийн фэйсбүүк цахим хаяг руу “мөнгө зээлдүүлэхийг хүссэн мессеж илгээн” хуурч, “ХААН” банкны 5163111164 дугаарын дансаар 700.000 төгрөгийг буюу нийт 25.381.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ZENITH” /Зенит/ нэртэй цахим тоглоомын газар иргэн Б.Мөнхбатын фэйсбүүк цахим хаяг руу нэвтрэх эрхийг олж аван, түүний “ХААН” банкны интернет банкны мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, нэвтрэх нууц үгийн мэдээллийг шинээр өөрчилж, мэдээлэл нэмж оруулсны улмаас Б.Мөнхбатын дансанд байрлах 2.950.000 төгрөгийг,

-2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ZENITH” /Зенит/ нэртэй цахим тоглоомын газар иргэн Б.Болдбаатарын фэйсбүүк цахим хаяг руу нэвтрэх эрхийг олж аван, түүний “ХААН” банкны интернет банкны мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, нэвтрэх нууц үгийн мэдээллийг шинээр өөрчилж, мэдээлэл нэмж оруулсны улмаас Б.Болдбаатарын дансанд байрлах 9.925.000 төгрөгийг тус тус бусдын дансаар шилжүүлэн авч нийт 12.875.000  төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.З мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  хохирогч Г.Батмөнх /1хх-ийн 6-8/, гэрч Б.Энхбаатар /1хх-ийн 9-10/, Ц.Амарсайхан /1хх-ийн 11-12/, М.Хулан /1хх-ийн 13-15, 21-22, 2хх-ийн 186/, гэрч Э.Соёлсайхан /1хх-ийн 16-18/, гэрч С.Оюунцэцэг /1хх-ийн 109/, гэрч О.Энхчимэг /1хх-ийн 110/, хохирогч Ч.Хулан /1хх-ийн 120/, О.Даритай /1хх-ийн 123-124/, гэрч Д.Нямжанцан /1хх-ийн 125/, хохирогч Ш.Отгонбаяр /1хх-ийн 237-238/, хохирогч А.Энхээ /2хх-ийн 33/, гэрч Н.Сүхтогоо /2хх-ийн 35/, гэрч Т.Булгантамир /2хх-ийн 36-37/, хохирогч Ц.Мөнхбат /2хх-ийн 128-129/, гэрч Э.Самбуу /2хх-ийн 130/, гэрч Д.Оюумаа /2хх-ийн 134-135/, гэрч Ц.Энхбат /2хх-ийн 136-138/, хохирогч Х.Балжинням /2хх-ийн 183-185/, гэрч Д.Анар /2хх-ийн 187-188/, хохирогч Б.Болдбаатар /3хх-ийн 45-46/, гэрч О.Батсүх /3хх-ийн 50-51/, гэрч Э.Эрдэнэбат /3хх-ийн 52-53/, хохирогч Н.Мөнхөө /3хх-ийн 85-86/, хохирогч М.Өлзийцэцэг /3хх-ийн 101/, гэрч О.Даритай /3хх-ийн 123/, хохирогч О.Алтанзул /3хх-ийн 136/, хохирогч Б.Мөнхбат /2хх-ийн 183-185, 3хх-ийн 131/ нарын мэдүүлэг, М.Хулангийн “ХААН” банкны дансны хуулга /1хх-ийн 35-75, 2хх-ийн 235-250, 3хх-ийн 1-3/, Б.Энхбаатарын мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 79/, Б.Энхбаатарын “ХААН” банкны дансны хуулга /1хх-ийн 90/, Амарсайхан Цэнд хаяг руу бичсэн чат /1хх-ийн 82-86/, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /1хх-ийн 112, 230, 2хх-ийн 170, 3хх-ийн 34, 91, 4хх-ийн 223-224/, Д.Нямжанцангийн “ХААН” банкны дансны хуулга /1хх-ийн 139-179/, Б.Батзоригийн дансны мэдээлэл /1хх-ийн 181/, Э.Соёлсайханы дансны мэдээлэл /1хх-ийн 189/, хохирогч нар руу чат бичсэн баримтууд /1хх-ийн 182-188, 190-200/, Ш.Отгонбаярын дансны хуулга /2хх-ийн 3/, М.Згийн “ХААН” банкны дансны хуулга /1хх-ийн 202-223, 2хх-ийн 207-214/, Б.Булгантамирын дансны хуулга /2хх-ийн 49-62/, үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 116-125/, Ц.Мөнхбатын дансны хуулга /2хх-ийн 150/, Д.Оюумаагийн дансны хуулга /2хх-ийн 152, 4хх-ийн 1/, Б.Мөнхбатын дансны хуулга /2хх-ийн 202-204, 232-234/, Д.Анарын дансны хуулга /3хх-ийн 4-29/, Б.Болдбаатарын дансны хуулга /3хх-ийн 71/, М.Өлзийцэцэгийн дансны хуулга /3хх-ийн 95/, хохирогч Б.Долгормаагийн мэдүүлэг /3хх-ийн 174/ Б.Долгормаагийн дансны хуулга /3хх-ийн 172/, Б.Даваанямын дансны хуулга /3хх-ийн 188-189/, хохирогч Б.Даваанямын мэдүүлэг /3хх-ийн 191/, гэрч Б.Нямсүрэнгийн мэдүүлэг /3хх-ийн 193/, Н.Мөнхөөгийн хүсэлт /4хх-ийн 101/, Г.Ган-Эрдэнийн  депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-ийн 143-150, 159/, хохирогч Д.Пүрэдаш /4хх-ийн 163-164/, гэрч А.Батболд /4хх-ийн 165-166/, гэрч Г.Ган-Эрдэнэ /4хх-ийн 167-168/, гэрч О.Даритай /4хх-ийн 171-172/, гэрч Б.Эрдэнэдалай /4хх-ийн 173-175/ нарын мэдүүлэг, хохирлын тооцоо /4хх-ийн 250, 5хх-ийн 1-3/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /4хх-ийн 27-31, 5хх-ийн 4-9/, М.Згийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 28-29, 111, 129-131, 229, 245-246, 2хх-ийн 43-44, 144-145, 195-196, 3хх-ийн 63-64, 90, 106, 124-125, 179-180, 244-245, 4хх-ийн 32-34, 182-184, 225-228/, М.Згийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 13, 164, 3хх-ийн 141-150/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.З нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “ZENITH” /Зенит/ нэртэй цахим тоглоомын газраас иргэн Ц.Амарсайханы “AmarsaikhanTsend” гэх FACEBOOK (фэйсбүүк) олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй хаягт фишинг ашиглан хэрэглэгчийн нууц үгийг хууль бусаар олж аван нэвтэрч, уг хаягийг ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.Батмөнхийн фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлээч” гэсэн агуулга бүхий мессеж илгээж иргэн Г.Батмөнхөөс 600.000 төгрөгийг,

-2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Мөнхбатын “Baljinnyam Munhbat” гэх FACEBOOK (фэйсбүүк) олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй хаягт фишинг ашиглан хэрэглэгчийн нууц үгийг хууль бусаар олж аван нэвтэрч, уг хаягийг ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.Анхбаяр, Ц.Пагмасүрэн, О.Алтанзул нарын фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлээч” гэсэн агуулга бүхий мессеж илгээж  иргэн Г.Анхбаяраас 500.000 төгрөгийг, Ц.Пагмасүрэнгээс 400.000 төгрөгийг, О.Алтанзулаас 200.000 төгрөгийг,  

-2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.Батболдын “Amaraa Batbold” гэх FACEBOOK (фэйсбүүк)  олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй хаягт фишинг ашиглан хэрэглэгчийн нууц үгийг хууль бусаар олж аван нэвтэрч, уг хаягийг ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Д.Пүрэвдашийн фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлээч” гэсэн агуулга бүхий мессеж илгээж иргэн Д.Пүрэвдашаас 700.000 төгрөгийг,

-2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Очийн Ochi /Оч/ гэх FACEBOOK (фэйсбүүк)  олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй хаягт фишинг ашиглан хэрэглэгчийн нууц үгийг хууль бусаар олж аван нэвтэрч, уг хаягийг ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ч.Хулангийн фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлээч” гэсэн агуулга бүхий мессеж илгээж иргэн Ч.Хулангаас 515.000 төгрөгийг,

-2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “ULTI” /Улти/ нэртэй цахим тоглоомын газраас иргэн Н.Сүхтогоогийн “Сүхтогоо.Н” гэх FACEBOOK (фэйсбүүк)  олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй хаягт фишинг ашиглан хэрэглэгчийн нууц үгийг хууль бусаар олж аван нэвтэрч, уг хаягийг ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон А.Энхээгийн фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлээч” гэсэн агуулга бүхий мессеж илгээж иргэн А.Энхээгээс 880.000 төгрөгийг,

-2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ZENITH” /Зенит/ нэртэй цахим тоглоомын газраас иргэн Ц.Энхбатын “EnkhbatTsevegdorj” гэх FACEBOOK (фэйсбүүк)  олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй хаягт фишинг ашиглан хэрэглэгчийн нууц үгийг хууль бусаар олж аван нэвтэрч, уг хаягийг ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Долгормаа, Б.Нямсүрэн, Б.Амгаланбаяр, Ш.Отгонбаяр нарын фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлээч” гэсэн агуулга бүхий мессеж илгээж иргэн Б.Долгормаагаас 1.000.000 төгрөгийг, иргэн Б.Даваанямаас 1.066.000 төгрөгийг, иргэн Б.Амгаланбаяраас 4.720.000 төгрөгийг, иргэн Ш.Отгонбаяраас 6.000.000 төгрөгийг,

- иргэн Ц.Энхбатын “Enkhbat Tsevegdorj” гэх FACEBOOK (фэйсбүүк)  олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй хаягт фишинг ашиглан хэрэглэгчийн нууц үгийг хууль бусаар олж аван нэвтэрснээ ашиглан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ривал” нэртэй цахим тоглоомын газраас Ц.Мөнхбат, Н.Мөнхөө, М.Өлзийцэцэг, Ж.Сандагдулам нарын фэйсбүүк хаяг руу “мөнгө зээлээч” гэсэн агуулга бүхий мессеж илгээж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ц.Мөнхбатаас 2.000.000 төгрөгийг, иргэн Н.Мөнхөөгөөс 2.800.000 төгрөгийг, иргэн М.Өлзийцэцэгээс 2.000.000 төгрөгийг, иргэн Ж.Сандагдуламаас 2.000.000 төгрөгийг буюу иргэдээс нийт 25.381.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

мөн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ZENITH” /Зенит/ нэртэй цахим тоглоомын газраас иргэн Б.Мөнхбатын FACEBOOK (фэйсбүүк) олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй хаягт фишинг ашиглан хэрэглэгчийн нууц үгийг хууль бусаар олж аван нэвтэрч, “ХААН” банкны интернэт банкны мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээлэл нэмж оруулах байдлаар интернэт банкны нэвтрэх нууц үгийн мэдээллийг өөрчилж иргэн Б.Мөнхбатын “ХААН” банкны данснаас 2.950.000 төгрөгийг,

-2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ZENITH” /Зенит/ нэртэй цахим тоглоомын газраас иргэн Б.Болдбаатарын FACEBOOK (фэйсбүүк)  олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй хаягт фишинг ашиглан хэрэглэгчийн нууц үгийг хууль бусаар олж аван нэвтэрч, “ХААН” банкны интернэт банкны мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээлэл нэмж оруулах байдлаар интернэт банкны нэвтрэх нууц үгийн мэдээллийг өөрчилж иргэн Б.Болдбаатарын “ХААН” банкны данснаас 9.925.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

хохирогч Г.Батмөнхийн /1хх-ийн 6-8/: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний 17 цаг өнгөрч байхад найз Амарсайханы “Amarsaikhan Tsend” нэртэй фэйсбүүк хаягаас “...мөнгөний хэрэгтэй байна, яаралтай 5030528201 дугаартай “ХААН” банкны данс руу 600.000 төгрөг шилжүүлээд өгөөч, миний дансны лимит хэтэрчхээд нэг дэх өдрөөс хэвийн болно” гэж бичсэн. Тэгтэл 19 цагийн үед Ц.Амарсайхан найз маань 94059920 дугаарын утсаар залгаад “чам руу миний фэйсбүүк мессенжер хаягаар мөнгө зээлээч гэсэн утгатай юм ирэв үү, чи мөнгө шилжүүлчихсэн юм биш биз дээ” гэхэд нь “шилжүүлчихсэн” гэж хэлсэн. Тэгтэл “фэйсбүүк хаягаа хакердуулсан байна, хүмүүс над руу залгаад юун мөнгө асуугаад байгаа юм гээд байна, би өөрийн фэйсбүүк хаяг руу орох гэхээр орж болохгүй байна, чи шилжүүлэг хийлгэсэн баримтаа хадгалж байгаарай, ажлын өдөр ойролцоох цагдаагийн хэлтэст очиж гомдол гаргана” гэсэн. Би 2018 оны 09 дүгээр сарын 01-ний 17 цагийн орчимд ... өөрийн жолооч Б.Энхбаатарт бэлэн 600.000 төгрөг өгч “5030528201 дугаартай дансанд хийчих” гэж хэлээд явуулсан. Гүйлгээний утга дээр нь “D2 ITEM” /Ди 2 айтэм/ гэж бичээрэй гэсний дагуу ...Энхбаатарт хэлээд явуулсан...” гэх мэдүүлгээр,

гэрч Б.Энхбаатарын /1хх-ийн 9-10/: “...Би Замын-Үүд дэх Хилийн мэргэжпийн хяналтын албаны дарга Г.Батмөнхийн жолоочоор ажилладаг. ...2018 оны 09 дүгээр сарын 01-ний 17 цаг 30 минутын үед Г.Батмөнх дарга гэртээ дуудаад 600.000 төгрөг бэлнээр өгч “5030528201 гэсэн “ХААН” банкны дансны дугаар руу АТМ-ээс шилжүүлчих” гэж хэлсэн. Би өөрийн дансанд Замын-Үүд сумын Төв “ХААН” банкны экспересээр 600.000 төгрөгийг орлого болгон хийж, дарга утга дээр нь “D2 ITEM” /Ди 2 айтэм/ гэж бичээрэй гэсний дагуу тухайн үгийг бичиж гүйлгээ хийсэн. Хэд хоногийн дараа дарга Г.Батмөнх надад “найзын фэйсбүүкээр хүн өмнөөс нь мөнгө зээлье гэж бичээд мөнгө зээлчихсэн байна, хоёулаа хулхидуулсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

           гэрч Ц.Амарсайханы /1хх-ийн 11-12/: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ...танилын найз Шоовдорын Төмөрсүхийн фэйсбүүк хаягаас “чамайг луйварчин гээд биччихсэн байна, энэ линкээр ороод үзээрэй” гэсэн чат ирсэн. Линкийг нь нээх гээд оролдсон чинь гэнэт фэйсбүүк ажиллахаа больчихоор нь эхнэрийн фэйсбүүкээр орж бүх найзууд руугаа “миний фэйсбүүкийг хакердсан, миний өмнөөс мөнгө нэхвэл над руу залгаарай” гэсэн мэдээлэл явуулсан. Тэгтэл эхнэрийн гар утас дугарч “танай нөхрийн фэйсбүүк хаягаас мөнгө нэхээд байна” гэж хүмүүс ярьсан. Би шууд харъяа цагдаагийн хэлтэс дээр очоод жижүүрийн цагдаад болсон бүх явдлыг хэлсэн. ...Маргааш нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Г.Батмөнх 10 цагийн үед залгаад “чи өчигдөр фэйсбүүкээр мөнгө нэхээд байхаар чинь “ХААН” банкны 5030528201 дугаарын данс руу чинь 600.000 төгрөг АТМ-ээр шилжүүлсэн” гэхээр нь болсон бүх зүйлийг хэлсэн...” гэх мэдүүлгээр,

           гэрч М.Хулангийн /1хх-ийн 13-15/: “...Би фэйсбүүкт ANO market page /Ано маркет пэйж/ хуудас 2018 оны 07 дугаар сараас нээж ажиллуулан Dota 2 Item /Дота 2 айтэм/ худалдаалж эхэлсэн. ...2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр миний хувийн фэйсбүүк хаяг болох “Хулан Ано” гэх хаяг руу “Item худалдаж авъя” гэж Эрка Соёлсайхан гэх хаягаас бичсэн. Надаас үнэ ханшийг нь лавлаж асуучхаад ахиж холбогдоогүй. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Эрка Соёлсайхан гэх хаягаас “600.000 төгрөгт Item авъя, дансны дугаараа явуулчих” гэхээр нь “ХААН” банкныхаа 5030528201 дугаар дансаа өгсөн. Тэгээд надаас Dota 2-ын 11 ширхэг Item худалдаж авсан. Миний дансанд ltem-ны мөнгө орохдоо “Д2 Item Энхбаатар” утгаар шилжүүлсэн байсан. ...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн ltem-ын мөнгө болох 600.000 төгрөгийг дансаараа авч бараагаа зарсан. Гүйлгээний утга нь зөв байсан...” гэх мэдүүлгээр,

гэрч Э.Соёлсайханы /1хх-ийн 16-18/: “...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ...намайг унтсан хойгуур хүргэн ах миний утас руу залгахад нь эхнэр аваад ярьсан байсан. Эхнэр намайг сэрээгээд хүргэн ахтай яриулсан. Хүргэн ах “чиний фэйсбүүкээс “ах би хэрэгт орчихлоо, яаралтай мөнгөний хэрэг байна, интернэт банкаа кодтойгоо явуулаач” гэсэн мессеж ирсэн юу болоод байгаа юм бэ” гэж асуусан. Би “хэрэгт холбогдоогүй, бас тань руу мессеж бичээгүй” гэж хэлээд фэйсбүүк рүүгээ орох гэсэн чинь болохгүй байсан. Тэгээд хакердуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний фэйсбүүк найзууд руу мөнгө нэхэж мессеж явуулсан байсан. Би бүх найзууд руугаа утасдаж “миний хаягаас мөнгө гуйвал битгий өгөөрэй би биш шүү” гэж хэлсэн. Би Эрдэнэбаатар Соёлсайхан гэдэг хаягаа хакердуулснаас хойш ашиглаагүй. 2018 оны 07 дугаар сард миний хаяг Эрка Соёлсайхан гээд өөрчлөгдсөн байсан. Би шинээр хаяг нээсэн. Би Dota 2 тоглоом тоглодоггүй болохоор тоглоомын аккаунт хаяг байхгүй бас Item худалдан авч байгаагүй...” гэх мэдүүлгээр,

М.Хулангийн “ХААН” банкны дансны хуулгаар /1хх-ийн 35-75, 2хх-ийн 235-250, 3хх-ийн 1-3/,

Б.Энхбаатарын мөнгө шилжүүлсэн баримт, “ХААН” банкны дансны хуулгаар /1хх-ийн 79, 90/,

           Амарсайхан Цэнд хаяг руу бичсэн чатаар /1хх-ийн 82-86/,

           М.Згийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 28-29/: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны ард байдаг “Зенит” гэх компьютер тоглоомын газарт үйлчлүүлж байхдаа “Amarsaikhan Tsend” гэх фэйсбүүк мессенжер хаяг руу messenger-groups.esy.es /мессенжер-группс.ези.эс/ гэсэн линкийг явуулсан. Энэ линк нь тухайн хүн өөрийн фэйсбүүк хаягийнхаа хаяг, нууц үгийг оруулсан тохиолдолд надад мэдээлэл нь ирдэг линк байгаа юм. Тэгээд надад “Amarsaikhan Tsend” гэх хаягийн нэр, нууц үг ирсэн учраас уг хүний фэйсбүүк хаяг руу нэвтэрч Г.Батмөнх гэх хүний хаяг руу “мөнгө зээлээч” гэсэн утгатай мессеж явуулахад “дансаа явуулчих” гэсэн хариу ирсэн.  Би цахим тоглоомын хэрэгсэл /Item/ зардаг Хулан гэх хүний дансыг явуулсан. Данс руу нь 600.000 төгрөг хийлгээд Хулан гэх хүнээс 600.000 төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний ltem-ийг тоглоом тоглодог хаягаараа шилжүүлж авсан. Энэ линкийг би өөрөө бүтээсэн бөгөөд ийм төрлийн дуураймал цахим хаяг Phishing /пишинг/-ийг бүтээх заавар нь youtube /юүтүб/ сайт дээр байдаг. Би бичлэгийг нь үзэж байгаад энэ линкийг бүтээсэн. Одоо энэ хаяг нь хаагдчихсан. ...Уг үйлдэлдээ одоо гэмшиж байна” гэх мэдүүлгээр,

хохирогч Б.Мөнхбатын /2хх-ийн 183-185, 3хх-ийн 131/: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны 17-18 цагийн хооронд өөрийн “Baljinnyam Munkhbat” фэйсбүүк хаягаар ороход хэн нэгэн хууль бусаар нэвтэрч ...найз Пагмасүрэнгээс 400.000 төгрөг, Анхбаяраас 500.000 төгрөг, Алтанзулаас 200.000 төгрөг авч улмаар фэйсбүүкээр дамжуулан миний Yahoo mail /яахоо мэйл/ руу ороод Мобайл банканд байсан 2.950.000 төгрөг буюу нийт 4.050.000 төгрөгийг ...5030528201, 5069282911, 5016581978 дугаартай данс болон өөр бусад данс руу шилжүүлэн авсан байсан.                 ...Тухайн өдөр миний фэйсбүүк чатад үл таних хүнээс “таны нэр төрд халдсан мэдээлэл энд байна” гэсэн чат ирэхээр нь дараад ороход нээгдэхгүй байсан. Тэгээд кодоо алдчихлаа гэж бодоод кодоо сольсон боловч аль хэдийнээ миний код алдагдчихсан байсан. ...Би найз Пагмасүрэн, Анхбаяр, Алтанзул нарын мөнгийг төлж барагдуулсан. ...Алдсан мөнгөө олж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлгээр,

гэрч М.Хулангийн /2хх-ийн 186/: “...миний дансанд орсон 1.080.000 төгрөг нь Bilguun Batzorig /Билгүүн Батзориг/ гэсэн цахим хаягаас “Dota-2” /дота-2/ тоглоомын Item /айтэм/ худалдан авахаар шилжүүлсэн мөнгө байсан. Тэгээд би тухайн худалдан авагчаа баталгаажуулах гээд “холбогдох утасны дугаараа өгөөч”  гэхэд өөрийн дугаараа өгөөгүй оронд нь дүүгийнхээ дугаарыг өгсөн. ...сэжигтэй санагдаад дансны эзэнтэй холбогдохын тулд мөнгө шилжүүлсэн данс руу 5000 төгрөг шилжүүлэн утга хэсэгт өөрийн дугаараа бичээд “та луйвардуулсан бол залгаарай” гэж бичсэн. Тэгээд хэсэг хүлээгээд залгаагүй учир үлдэгдэл мөнгийг нь буцаагаад данс руу нь шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

гэрч Д.Анарын /2хх-ийн 187-188/: “...Миний 5085136844 дугаарын дансанд

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5000829882 тоот данснаас 675.000 төгрөгийн орлого орсон.  2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд миний “Анар Орлой” гэсэн фейсбүүх цахим хаяг руу Bilguun Batzorig гэх хаягаас “Дота 2” тоглоомын “Item авъя” гэсэн чат бичсэн. Зарах гэж байгаа ltem-ийн зургийг нь явуулахад “2 Item авъя” гээд 675.000 төгрөг болсон. Миний данс руу 675.000 төгрөг шилжүүлсэн. ...би чатаар видео дуудлага хийе гэхэд зөвшөөрөөгүй. Тэр хүн “найзынхаа дугаарыг өгч болох уу” гэхэд нь “болохгүй өөртэй чинь ярина” гэхэд “одоо ярих боломж алга” гэж  хэлсэн. Би мөнгийг буцаах талаар хэлэхэд “буцаагаад явуулчих” гэж хэлсэн. Тэгээд “фэйсбүүкийн нэр, утасны дугаарыг утга дээр нь бичээд явуулна” гэж хэлэхэд миний фэйсбүүк хаягийг блок хийсэн байсан. Энэ хүн дахиж холбогдоогүй, анх удаа л хандсан ...” гэх мэдүүлгээр, 

хохирогч Ц.Пагмасүрэнгийн /3хх-ийн 135/: “...Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Мөнхбатын данс руу 400.000 төгрөг шилжүүлээд дараа нь Мөнхбатаас тэр мөнгөө эргүүлж авсан. Тухайн үед Мөнхбат “миний фэйсбүүк хаягийг хакердсан байна” гэж хэлж байсан. Мөнхбат руу шилжүүлсэн 400.000 төгрөгөө эргүүлж авсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

хохирогч Г.Анхбаярын /3хх-ийн 133/ “...Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Мөнхбатын данс руу 500.000 төгрөг шилжүүлээд дараа нь Мөнхбатаас мөнгөө эргүүлж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч О.Алтанзулын /3хх-ийн 137/: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Мөнхбатын чатаар “юу байна” гэж бичээд дараа нь “мөнгөний боломж байна уу” гэж асуусан. Би “хэдэн төгрөг вэ” гэж асуутал “2.000.000-3.000.000 төгрөг байна уу” гэж асуухад нь “надад тийм их мөнгө байхгүй” гэхэд “хэдэн төгрөгийн боломжтой байна” гэхээр нь “200.000, 300.000 төгрөг шилжүүлэх боломжтой байна” гэж хэлсэн. Тэгээд видеогоор залгаад ярих гэтэл “ярих боломжгүй байна бич” гэж хэлээд над руу дансны дугаар явуулсан. Тэгээд би тэр данс руу нь 200.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн үед Мөнхбатын утас руу залгатал утсаа авахгүй байсан. Тэгээд мөнгө шилжүүлчихээд гэрлүүгээ харих гээд явж байтал Мөнхбат залгахаар нь “чи мөнгөөр яах гэж байгаа юм” гэж асуутал “чамд бас тэгж бичсэн үү, чи мөнгө шилжүүлсэн юм уу” гэж асуухаар нь Мөнхбатаас өөр хүн чат бичээд мөнгө авсныг мэдсэн. Би мөнгөө Мөнхбатаас эргүүлж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

М.Згийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 195-196/: “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Мөнхбат гэх хүний фэйсбүүк рүү фишинг линк явуулан нэвтэрч ороод чатыг нь уншаад байж байхад өөр лүүгээ өөрийн “ХААН” банкны нэвтрэх нэр, нууц үгийг явуулсан байсан. Би нууц үгийг ашиглан “ХААН” банкны интернэт банк руу орж болж байхаар нь дансанд нь байсан 2.950.000 төгрөгийг шилжүүлэн авч айтем болгоод бооцоонд тавьсан. Мөн интернэт банкны тохиргоонд данс нээх тохиргоо байдаг ба тэр тохиргоог нь ашиглан данс нээсэн.  ...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Baljinnyam Munkhbat” /Балжинням Мөнхбат/ гэх хүний фэйсбүүк хаяг руу pishing /пишинг/ буюу линк явуулаад фэйсбүүкийн нууц үг, нэвтрэх нэрийг олж аваад найзууд руу нь “мөнгө зээлээч” гэсэн утгатай чат бичиж мөнгө авсан ба нийт 4.050.000 төгрөгийг шилжүүлэн авсан. ...Item худалдаж авахаар хүмүүсийн данс руу шилжүүлэн авч байсан...” гэх мэдүүлгээр,

 Б.Мөнхбатын “ХААН” банкны депозит  дансны хуулгаар /2хх-ийн 202, 203-204, 232-234/,

             М.Хулангийн “ХААН” банкны депозит дансны хуулгаар /2хх-ийн 235-250, 3хх-ийн 1-3/,

            Д.Анарын “ХААН” банкны депозит дансны хуулгаар /3хх-ийн 4-29/,

хохирогч Д.Пүрэвдашийн /4хх-ийн 163-164/: “...2018 оны 12 дугаар сарын 28-ны 18 цаг өнгөрч байхад хамт ажилладаг А.Батболд гэх хүний мессенжер чатаар “2.000.000 төгрөг зээлдүүлээч, маргааш үдээс хойш өгье” гэсэн утгатай зурвас ирсэн. Тэгэхээр нь би “хүнээс асууж өгье” гэж хэлээд найз руугаа 10 орчим минут залгаад утсаа авахгүй байх үед сандарсан, яаруулсан байдлаар асуугаад байсан. Би “найзаасаа асууж байна, утсаа авахгүй байна” гэхэд “...танд хэд байгаа юм бэ” гэж асуусан. Би “700.000 орчим төгрөг байна” гэхэд “данс руу шилжүүлчих” гээд 5163111164 дугаартай данс өгсөн. ...хүүхдээрээ шилжүүлэг хийлгэсний дараа олон нийтийн сүлжээнд “А.Батболдын цахим хаягаар өөр хүн нэвтэрсэн, мөнгө шилжүүлж болохгүй шүү” гэсэн мэдээ оруулсан байсан. Би өөрийн “Төрийн банк”-ны 108800142065 тоот данснаас 700.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Батболдын /4хх-ийн 165-166/: “...2018 оны 12 дугаар сарын 28-ны 17 цагийн үед утас ярьж болохгүй байсан. ...хуралд ороод гарч ирэхэд манай нэг дүү бэлэн мөнгө бариад хүрээд ирсэн. Тэгэхээр нь асуухад “та фэйсбүүкээрээ надаас мөнгө асуугаад байсан” гэж хэлсэн. ...өөрийн хаягтаа ороод үзэхэд бөөн хүмүүсээс мөнгө нэхсэн байсан. Тэгээд хаягтаа юм бичих гэхээр буцаж гарчихаад байсан. Би тэгээд ойр тойрныхоо хүмүүст утсаар хэлж байтал эгч Д.Пүрэвдаш “дөнгөж сая 700.000 төгрөг шилжүүлчихлээ” гэж хэлсэн. Миний цахим хаяг нь Amaraa Batbold гэсэн хаяг байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Ган-Эрдэнийн /4хх-ийн 167-168/: “...Би “Дота тоглоом”-ын хэрэгсэл худалдаалдаг ажил эрхлэдэг. 2018 оны 12 дугаар сарын 28-ны 18 цагийн орчим над руу “Bilguun Batzorig” гэх хаягаас 350 Ам.долларын хэрэгсэл захиалсан. Тэр хүн “яаралтай мөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна” гээд миний 5163111164 дансыг авсан. ...18 цаг 30 минутын орчим 700.000 төгрөг шилжүүлсэн. Би захиалсан тоглоомын хэрэгслийг “Bilguun Batzorig” хаяг руу нь ...20 цаг 03 минутад явуулсан...” гэх мэдүүлгээр,

М.Згийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 169-170, 184/: “...би хаягийг хакердаж Д.Пүрэвдаш гэгч хүнээс 700.000 төгрөгийг 5163111164 гэх данс руу шилжүүлэн авч, өөртөө цахим тоглоомын хэрэгсэл авсан. Bilguun Batzorig гэх хаягаас хакердсан. Энэ хаяг нь өмнө миний ашигладаг байсан фэйсбүүк хаяг байгаа юм...” гэх мэдүүлгээр,

Г.Ган-Эрдэнийн “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /4xx-ийн 143-150/,

хохирогч Ч.Хулангийн /1хх-ийн 120/: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний 13 цаг 30 минутад хүргэн ах Б.Очийн фэйсбүүк чатаас “мөнгө зээлээч” гэсэн мессеж ирсэн. Өмнө хааяа бас надаас мөнгө зээлээд өдөрт нь буцааж өгдөг байсан учир би ....5564010216 дугаарын Д.Нямжанцан гэх данс руу 305.000 төгрөг шилжүүлж утга дээр нь “Айтэм” гэж бичсэн. Дараа нь “5019843310 дугаарын Э.Хэрлэн гэх данс руу 210.000 төгрөг шилжүүлээч, орой буцааж өгнө” гээд утга дээр нь Билгүүн гэж бичүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “мөнгөө буцаан авъя” гэж хүргэн ах Очийн утас руу мессеж бичсэн. Тэгтэл залгаад “юун мөнгө вэ” гэхээр нь өчигдөр таниас чат ирээд мөнгө зээлсэн талаар хэлсэн. Тэгтэл өчигдөр 13-15 цагийн хооронд миний фэйсбүүк гацаад гараад байсан, ажил дээр очоод фэйсбүүк рүү ороход надтай өмнө нь чаталж байсан бүх чатууд устгагдсан байсан” гэж хэлсэн. Тэгээд ах Оч “миний фэйсбүүк хаягийг хакердсан байна, мөнгө нэхсэн чат очвол битгий шилжүүлээрэй” гэсэн пост оруулснаа хэлсэн. Мөн “хэд хэдэн хүнээс мөнгө асуусан байна, чамаас өөр хүн мөнгө шилжүүлээгүй байна” гэсэн...” гэх мэдүүлгээр,  

 гэрч Д.Нямжанцангийн /1хх-ийн 125/: “...Би онлайнаар худалдаа хийдэг. ...Би 2016 оны 5 дугаар сараас хойш 5564010216 тоот дансыг эзэмшиж байгаа. ...305.000 төгрөгийн орлого орсон эсэхийг санахгүй байна. ...надтай адилхан онлайн худалдаа хийдэг Хэрлэн гэж хүн байдаг гэж сонсож байсан...” гэх мэдүүлгээр,

 М.Згийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 130-131/: “...Би Оч гэх хүний фэйсбүүк хаягийг 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Phishing link /пишинг линк/ ашиглан чат явуулсан. Тухайн чатыг тэр хүн тэр дороо уншсан. Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тэр хүний фэйсбүүк рүү давхар орж, Хулан гэх дүүгийнх нь чат руу “мөнгө зээлээч” гэж гуйсан. Нямуух гэх залуугийн данс руу 515.000 төгрөгтэй тэнцэх “Dota 2” тоглоомын хэрэгсэл авсан. ...Би хохирлоо барагдуулна...”  гэх мэдүүлгээр,

 Ч.Хулангийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /1хх-ийн 118/,

 Д.Нямжанцангийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /1хх-ийн 140/,

             Б.Очийн хакердуулсан гэх Ochi нэртэй фэйсбүүк хаягаас Ч.Хулан руу бичсэн чат болон мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримтын хуулбараар /1хх-ийн 133-134/,

хохирогч А.Энхээгийн /2хх-ийн 33/: “...2019 оны 07 дугаар сарын 05-ны 16 цагийн үед танил эгч болох Сүхтогоо.Н гэсэн фэйсбүүк хаягаас “480.000 төгрөг байна уу” гэсэн хүсэлт ирүүлсэн. Би дансаа явуулчих гэсний дагуу 5070292379 гэсэн Булгантамир гэх хүний дансыг явуулсан. Тэгээд 480.000 төгрөгийг шилжүүлээд удаагүй байж байтал дахиад “960.000 төгрөг байна уу” гэж асуусан. Би байгаа нь 400.000 гээд өмнө нь явуулж байсан 5070292379 гэсэн данс руу шилжүүлсэн. Би нийт 880.000 төгрөгөөр хохирсон тул Цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлгээр,

гэрч Н.Сүхтогоогийн /2хх-ийн 35/: “...Би Энхээ гэдэг хүнтэй ажил хэргийн шугамаар хуурай эгч дүүсийн холбоотой. ...Миний фэйсбүүк хаягаас миний нэрийг барин хэн нэгэн хүн Энхээ рүү чат бичсэн байсан. ...Энхээ над руу 22 цагийн орчимд залгаж ярихад нь мэдсэн. ...Энхээгээс 880.000 төгрөг авсан байсан. ...манай нөхөр лүү миний хаягаас чат бичиж эхэлсэн. Тэгээд Замын-Үүд сумын цагдаад хандсан. ...Булгантамир гэдэг хүний талаар мэдэхгүй. ...Миний фэйсбүүк хаягийн нууц үгийг надаас өөр хүн мэдэхгүй...” гэх мэдүүлгээр,

гэрч Г.Булгантамирын /2хх-ийн 36-37/: “...Би 2019 оны 03 сараас эхлэн 2019 оны 07 дугаар сарын 11-нийг хүртлэх хугацаанд интернэтийн Item гэдэг тоглоомын хэрэгсэл зардаг байхад Jargal.mn мөн Жаргал гэсэн фэйсбүүк хаягаар орж ирж надаас худалдан авалт хийдэг байсан. Би тэр үед өөрийн “ХААН” банкны 5070292379 дугаарын дансыг өгөхөд над руу фэйсбүүк хаягаасаа “мөнгө шилжүүлсэн” гэж хэлдэг байсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 480.000 төгрөг, 400.000 төгрөг тус тус шилжиж орж ирснийг хүлээн аваад Item бөөндөж авдаг хүмүүс руу явуулж тэндээс Жаргал.мн рүү худалдан авсан тоглоомынх нь хэрэгслийг явуулдаг байсан. Би мөнгийг нь шилжиж ирэхээр захиалсан тоглоомын хэрэгслийг шилжүүлдэг...” гэх мэдүүлгээр,

М.Згийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 43-44/: “...2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхтогоо гэх хүний фэйсбүүк рүү фишинг линк явуулж Сүхтогоогийн фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгийг нь авсан. Тэгээд Сүхтогоогийн фэйсбүүк хаягаар нь орж чатны хамгийн эхэн дээр байх Энхээ гэдэг хүний фэйсбүүк хаяг руу “мөнгө байна уу” гэж асуутал “400.000 төгрөг байна” гэсэн. Тэгэхээр нь би тус мөнгийг “Айтем” зардаг хүн болох Булгантамир гэх хүний “ХААН” банкны данс руу мөнгийг шилжүүлүүлсэн. Тэгээд Сүхтогоогийн фэйсбүүк хаягаар Энхээ рүү ахиад “480.000 төгрөг байна уу” гэж асуусан. Тэгсэн “байна” гээд дахин Булгантамирын “ХААН” банкны данс руу мөнгийг шилжүүлүүлсэн. Тэгээд Булгантамираас нийт 880.000 төгрөгтэй тэнцэх “айтем” авсан. Булгантамир гэдэг хүнийг танихгүй. Фэйсбүүк хаягаар “айтем зарна” гэсэн хаягаар нь холбогдож айтем авсан. Би энэ гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж, гэмшиж байна. Би бүх хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлгээр,

Г.Булгантамирын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /2хх-ийн 60-61/,

Н.Сүхтогоогийн хакердуулсан гэх Сүхтогоо.Н нэртэй фэйсбүүк хаягаас А.Энхээ рүү бичсэн чатын хуулбараар /2хх-ийн 28-30/,

хохирогч Б.Долгормаагийн /3хх-ийн 174/: “...хуурай ах М.Энхбатын фэйсбүүк хаягаас 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “ахдаа мөнгө шилжүүлээч, миний лимит хэтрээд байна” гэсэн чат ирсэн. Би утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. М.Энхбат ах надад Эрдэнэт хот руу явна гэж хэлж байсан болохоор Эрдэнэт яваад утас нь холбогдох боломжгүй байгаа юм байна гэж бодсон. Тэгээд М.Энхбат ахаас “5055052288 дугаарын Оюумаа “ХААН” банкны данс руу шилжүүлчих, утга дээр нь Дорж гэж бичээд шилжүүлээрэй” гэж чат ирсэн. Би өөрийн данснаас тухайн данс руу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өдөр нь М.Энхбат ах над руу залгаад “миний фэйсбүүк хаягийг хакердаад хүмүүсээс мөнгө авсан байна шүү” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлгээр,

М.Згийн яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 179/: “...Би Энхбат гэх хүний фэйсбүүк хаягаар нэвтэрч ...1.000.000 төгрөг авсан. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

Б.Долгормаагийн “ХААН” банкны депозит дансны хуулгаар /3хх-ийн 172/,

хохирогч Б.Даваанямын /3хх-ийн 191/: “...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн дүү Нямсүрэн Солонгос Улсаас над руу чатаар холбогдоод “нэг хүн рүү мөнгө шилжүүлэх хэрэг байна” гэж гуйсан. ...дүүгийн над руу чатаар явуулсан данс руу нь 1.066.000 төгрөг ...шилжүүлсэн. Тэгээд маргааш нь манай дүү над руу чатаар холбогдоод “энэ манай ажлын хүн биш байсан байна, надаас мөнгө гуйсан хүн чатаа хакердуулсан байна” гэж хэлсэн. ...Би хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Одоо 1.066.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

 гэрч Б.Нямсүрэнгийн /3хх-ийн 193/: “...Би 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн бүжгийн хүүхдүүдтэйгээ БНСУ-д бүжгийн тэмцээнд оролцож байсан. ...орой 19, 20 цагийн үед Энхбат дарга чатандаа байхаар нь “бид нар тэмцээндээ амжилттай оролцоод явж байна” гээд хүүхдүүдийн зургийг дараад явуулсан. Тэгтэл удалгүй “ахад нь маш яаралтай мөнгө хэрэгтэй болчихлоо мөнгө байна уу” гэж чатаар асуусан. Би “Солонгос Улсад явж байгаа болохоор мөнгө шилжүүлэх боломжгүй байна” гэж хэлтэл “өөр хүнээс асуугаад үзье” гэж хэлэхээр нь “та түр хулээж бай, би өөрийн ах руу залгаад тан руу мөнгө явуулъя” гэж хэлсэн. Тэгээд ах Б.Давааням руу залгаад “та мөнгө байвал энэ данс руу яаралтай шилжүүлээд өг” гэж гуйсан. Тэгтэл манай ах “ямар учиртай хүн юм бэ” гэж зөндөө асуусан. Би “тус болох хүн байгаа юм, очоод танд мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Тэгээд Энхбат даргын мессенжерээр над руу явуулсан данс руу 1.066.000 төгрөгийг манай ах шилжүүлсэн байсан. ...маргааш өдөр нь фэйсбүүк ортол Энхбат дарга “фэйсбүүкийн нууц дугаараа алдсан, олон хүнээс мөнгө нэхэж авсан байна” гэж анхааруулга бичсэн байсан. Тэгээд би Энхбат даргын гар утсаар холбогдоход “фэйсбүүкийн нууц дугаараа алдсан, миний чатаар олон хүнээс мөнгө авсан байна, хүмүүсийг нь олсон” гэж хэлсэн. Би одоо болтол ахдаа мөнгийг нь өгөөгүй байгаа. Манай ах өөрөө өргөдөл гаргана....” гэх мэдүүлгээр,

М.Згийн яллагдагчаар мэдүүлсэн /4хх-ийн 32-34/: “...2019 оны 07

дугаар сарын 25-ны өдөр Энхбат гэх хүний фэйсбүүк хаяг руу пишинг линк явуулан нэвтэрч Нямсүрэн гэх хүнээс 1.066.000 төгрөг шилжүүлэн авсан. Тэгээд айтэм хэлбэрээр авч бооцоо тавьж алдсан...” гэх мэдүүлгээр,

Б.Даваанямын “ХААН” банкны депозит дансны хуулгаар /3хх-ийн 188-189/,

хохирогч Б.Амгаланбаярын /3хх-ийн 205-206/: “...2019 оны 07 дугаар сарын 25-ний өдөр ...Энхбат даргын фэйсбүүк чатаар “дүү боломжтой бол мөнгө зээлээч” гэж чат ирэхээр нь “хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ” гэхэд “4.720.000 төгрөг хэрэгтэй байна, 2 хуваагаад шилжүүлэх хэрэгтэй байна, ах нь нэг дэх өдөр гэхэд өгчихнө” гэж бичсэн. Тэгээд би “дансаа явуулчих” гэхэд “5055052288 дугаарын Оюумаа гэх нэртэй “ХААН” банкны данс руу 2.400.000 төгрөг, 2.320.000 төгрөг гээд  хуваагаад хийчих” гэхээр  нь тэр дор нь шилжүүлсэн. ...Тэгээд нөгөөдөр нь хөдөө явж байсан чинь Шагайн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Отгонбаяр залгаад “уржигдар Энхбат ах руу мөнгө шилжүүлсэн үү, наадах чинь залилан байна” гэж хэлсэн. Тэгээд “одоо яах вэ” гэхэд “цагдаад мэдэгд” гэж хэлсэн. ...маргааш нь Энхбат ахтай холбогдоод өөрийн шилжүүлсэн мобайл банкны хуулгаа явуулаад юу болсон талаар хэлсэн. ...Хохирлоо олж авмаар байна...’’ гэх мэдүүлгээр,

М.Згийн яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 211-212/: “...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Энхбат гэх хүний фэйсбүүк хаягаар хууль бусаар нэвтэрч найз нар руу нь “боломжтой бол мөнгө зээлээч” гэсэн мессеж бичиж 4.720.000 төгрөгийг “ХААН” банкны 5055052288 дугаар дансаар авсан. Тухайн данс эзэмшигч нь фэйсбүүк дээр “биткойн зарна” гэсэн зар тавьсан байсан. Би мөнгийг шилжүүлж биткойн болгож авсан. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүмүүст учруулсан хохирлоо төлж барагдуулах болно...” гэх мэдүүлгээр,

Б.Амгаланбаярын “ХААН” банкны депозит дансны хуулгаар /3хх-ийн 214,

хохирогч Ш.Отгонбаярын /1хх-ийн 237-238/: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 32 минутын үед  Ц.Энхбат гэдэг найз маань Enhbat Tsevegdorj гэсэн фэйсбүүк хаягаасаа “маргааш хүртэл зээлэх 2.000.000 төгрөг байна уу, дансны лимит хэтэрсэн гүйлгээ хийж чадахгүй байна” гэсэн утгатай чат явуулсан. Тэгээд би дансыг нь асуутал 5055052288 Oyumaa “ХААН” банкны дансны дугаар явуулсан. Утга дээр нь Дорж гэж шилжүүлээрэй гэсэн. Тэгээд дахиад 4.000.000 төгрөг нэмээд явуулчих гэхээр нь “маргааш найдвартай хийгээрэй” гэж хэлээд 5055052288 дугаарын “ХААН” банкны данс руу 6.000.000 төгрөгийг 3.000.000 төгрөгөөр 2 хувааж нийт 6.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Манай найз Энхбатын фэйсбүүк хаягт хэн нэгэн хүн нэвтэрч түүний нэр, хаягийг ашиглан бусдаас мөнгө гуйх хүсэлт тавьсан байсан. Бид хоёр байнга мөнгө төгрөг өгч авдаг болохоор юм бодолгүй явуулчихсан...” гэх мэдүүлгээр,

М.Згийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 245-246/: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ривал” нэртэй цахим тоглоомын газар 09 цагийн үед орсон. Тэнд бооцоотой тоглоом тоглох гээд орсон. Тухайн үед цахим сүлжээг ашиглан хүнээс мөнгө залилан авч мөнгөөр нь цахим бооцоотой тоглоом тоглох зорилготой байсан. Тэгээд би 10-12 цагийн хооронд хүний хаягийг өөрийн болгодог сайтыг ашиглан Enhbat Tsevegdorj гэсэн фэйсбүүк хаягийг ашиглан найз Отгонбаяр гэх хүн рүү “мөнгө зээлээч” гэсэн утгатай мессеж бичсэн. Тэр хүн нь мөнгө зээлүүлэхээр болсон. Би дансны дугаар явуулж ...6.000.000 төгрөг орж ирсэн. ...Мөнгийг авахдаа биткойн зардаг Оюумаа гэх хүний дансыг өгсөн. Би Оюумаа гэх хүнтэй фэйсбүүкээр дамжуулан “6.000.000 төгрөг данс руу чинь хийсэн, оронд нь биткойн авна” гээд биткойны дансаа явуулаад дансандаа хийлгүүлж авсан...” гэх мэдүүлгээр,

Ш.Отгонбаярын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /2хх-ийн 3/,

Д.Оюумаагийн дансны хуулгаар /2хх-ийн 11/,

хохирогч Ц.Мөнхбатын /2хх-ийн 128-129/: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ...Иргэдийн хурлын дарга Энхбатын “Enkhbat Tsedevdorj” гэсэн фэйсбүүк хаягаас “2.000.000 төгрөг шилжүүлээч, маргааш өгье” гэж бичсэн байсан. Би ...800.000 төгрөгөөр 1 удаа, 600.000 төгрөгөөр 1 удаа “ХААН” банкны өөрийн 5721072549 дугаартай данс руу шилжүүлж нийт 2.000.000 төгрөгийг Оюумаа гэх хүний “ХААН” банкны данс руу шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь “Дорж” гэж бичээрэй гэсний дагуу бичиж шилжүүлсэн. Тухайн үед Энхбат фэйсбүүкийн мессенжерт “миний дансны лимит хэтэрсэн байна” гэсэн болохоор л шилжүүлсэн. ...2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрөө 11 цагийн үед өөрийнхөө фэйсбүүк рүү ороход Энхбат “миний нэрээр бусдаас мөнгө аваад байна шүү” гэж сэрэмжлүүлсэн зар тавьсан байсан. Би түүнийг нь уншаад Энхбат руу залгахад утас нь болохгүй байсан. Тэгээд тэр даруйдаа “ХААН” банкны эрхлэгч рүү хэлэхэд “бид нарт бусдын данс хаах эрх байхгүй, та цагдаагийн байгууллагад ханд” гэж хэлэхээр нь Төв аймгийнхаа цагдаагийн газарт өргөдөл өгсөн...” гэх мэдүүлгээр,

гэрч Д.Оюумаагийн /1хх-ийн 134-135/: “...Би ...17.734.000 төгрөгийн биткойныг “Dorj Bumbayr” гэсэн фэйсбүүк хаягаас худалдаж авах хүсэлт ирүүлсний дагуу 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгтэй тэнцэх 0.23467801 ш биткойныг уг хүний ...данс руу шилжүүлээд гүйлгээний код өгсөн. ... Dorj Bumbayr гэсэн фэйсбүүк хаягаас биткойноо хүлээн авсан талаар хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр миний “ХААН” банкны 5055052288 дугаарын данс руу 280.000 төгрөгийг 5721123993 тоот данснаас, 2.400.000 төгрөгийг 19 цаг 36 минутанд 5003939814 тоот данснаас, 2.320.000 төгрөгийг 19 цаг 37 минутанд 500393814 данснаас тус тус шилжүүлсэн байсан. Тухайн үед өөр өөр данснаас орж байгааг мэдэх боломжгүй байсан. 5.000.000 төгрөгийг 3 тасалж оруулна. Бөөнд нь шилжүүлбэл хоног хүлээгдэж 1 өдөр болох тул тасалж оруулахыг зөвшөөрсөн. ... 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Dorj Bumbayr” гэсэн фэйсбүүк хаягаас 09 цаг 05 минутанд дахин биткойн 1.734.000 төгрөгт худалдаж авах талаар хүсэлт гаргаад мөнгөө тэр даруйд нь “Мөнх-Од Жаргалсайхан” гэх данс эзэмшигчийн дансаар шилжүүлсэн байсан. ...5733005839 гэсэн данснаас 09 цаг 45 минутанд 1.000.000 төгрөгийг гүйлгээний утга нь Дорж гэж орж ирсэн. Мөн 09 цаг 50 минутанд 5062056885 данснаас 2.000.000 төгрөг, 09 цаг 51 минутанд 5721072549 данснаас 2.000.000 төгрөг, гүйлгээний утга дээр нь “Дорж” гээд шилжиж ороод ирсэн. Үүний дагуу уг явуулсан биткойныг шилжүүлэхэд “дахин нэмж авна, 6.000.000 төгрөг орно шүү” гэж хэлсэн. Би хүсэлтийн дагуу гүйлгээний утгыг явуулсан. Тэгээд дахин өөр дансаар биткойн авна гэж хэлсэн. Тэгээд миний “ХААН” банкны данс руу 10 цаг 30 минутын үед 5360026737 данснаас 3.000.000 төгрөгөөр 2 удаа, нийт 6.000.000 төгрөг шилжүүлээд ...биткойныг нь шилжүүлсэн ба хүлээн авснаа мэдэгдсэн. ...Би “Dorj Bumbayr” гэсэн хаягаар холбогдож, 2019 оны 07 дугаар сарын 25-26-ны хооронд 9 удаагийн шилжүүлгээр нийт 17.734.000 төгрөгийн 0.66963348ш биткойн зарсан. ...Энэхүү биткойныг янз бүрийн зориулалтаар ашигладаг. Дотоодын болон гадаад улсын кривто валютын биржид зарж борлуулсан ханшийн зөрүүнээс ашиг олдог. ... Dorj Bumbayr гэдэг хүн өмнө нь надтай харилцаж байгаагүй. Фэйсбүүк групп дотор Ихбаяр Баасанжав гэсэн хүний 1 бүхэл биткойн худалдаж авна гэсэн зар доор хариу бичсэн. Тэрнээс харсан байх...” гэх мэдүүлгээр,

гэрч Ц.Энхбатын /2хх-ийн 136-138/: “...Enkhbat Tsedevdorj гэсэн фэйсбүүк хаягийг нэлээд удаан ашиглаж байна. ...2019 оны 07 дугаар сарын 25-26-ны өдөр  хүртэл фэйсбүүк хаягаа огт ажиллуулаагүй. 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн орчимд “өөрийн чинь фэйсбүүкээр явуулсан данс руу мөнгө хийсэн, утас чинь холбогдохгүй байсан” гэж Ж.Сандагдулам, Ш.Отгонбаяр нар над руу ярихаар нь мэдээд фэйсбүүк, yahoo хаягийг бүртгэх нэрийг өөрчлөөд фэйсбүүкээр “миний нэрийг ашиглаад хүмүүсээс мөнгө гуйж авч байна, шилжүүлж болохгүй шүү” гээд пост тавьсан даруйд хүмүүс над руу холбогдож мөнгө шилжүүлсэн талаар хэлсэн. ...Жигжидсүрэнгийн Сандагдулам 2019 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг 51 минутанд Оюумаа гэх хүний 5055052288 дансанд 2.000.000 төгрөг, Шаравдоржийн Отгонбаяр 10 цаг 32 минутанд 6.000.000 төгрөгийг 2 удаа 3.000.000 төгрөгөөр, Мөнхбат Цэвээнжаваас Оюумаа гэсэн данс руу Дорж гэж нэрээр 2.000.000 төгрөг, Мэндбаярын Өлзийцэцэг 2019 оны 07 сарын 25-ны 19 цаг 02 минутанд 5041066886 гэсэн данснаас Биназ Бет Трэйдинг ХХК-ны 5024920093 гэсэн дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн М.Өлзийцэцэгээс 2.800.000 төгрөгийг нэхэхэд нь 2.000.000 төгрөг шилжүүлээд ...800.000 төгрөгийг шилжүүлэх гэсэн чинь хэрэггүй гээд мөнгө хийлгүүлээгүй. ...Батжаргалын Амгаланбаяр өөрийн 5003939814 гэсэн данснаас 2019 оны 07 дугаар сарын 25-ны 19 цаг 37 минутанд 2.320.000 төгрөг, 19 цаг 36 минутанд 2.400.000 төгрөг нийт 4.720.000 төгрөгийг Оюумаа гэсэн данс руу шилжүүлсэн гэсэн. ... дүү Банзрагчийн Нямсүрэнгийн фэйсбүүк рүү бас мөнгө нэхээд Улаанбаатар хотоос таньдаг ахыгаа гуйж 55031316081 данснаас 5024920093 гэсэн данс руу 1.066.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн. Нанжидын Мөнхөөг 2.800.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 38 минутанд Мөнх-Од Жаргалсайхан гэх данс руу шилжүүлсэн гэж ярьсан...” гэх мэдүүлгээр,

М.Згийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 144-145/: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Dorj Bumbayar гэсэн фэйсбүүк хаягаас биткойн худалдаж авсан. Энхбат гэдэг хүний фэйсбүүк хаягаар орж “мөнгө зээлээч” гэж гуйж авсан.  ... Мөнхбат гэх хүнээс 2.000.000 төгрөг, Дорноговь аймгийн хүнээс 3.000.000 төгрөг 2 удаа нийт 6.000.000 төгрөг гэх мэтчилэн нийт 7 хүнээс 17.000.000 гаран төгрөг шилжүүлэн авсан. ...хэн нэгний фэйсбүүк хаяг руу фишинг линк явуулж, хүний нууц үг, нэвтрэх нэрийг олж авсан...” гэх мэдүүлгээр,

Ц.Мөнхбатын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /2хх-ийн 150/,

            Д.Оюумаагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /2хх-ийн 152/,

Ц.Энхбатын хакердуулсан гэх “Enkhbat Tsedevdorj” нэртэй фэйсбүүк хаягаас Ц.Мөнхбат руу бичсэн чатын хуулбараар /2хх-ийн 147-149/,

“Dorj Bumbayar” нэртэй фэйсбүүк хаягаас М.З нь Д.Оюумаа руу бичсэн чатын хуулбараар  /2хх-ийн 153-156/,

хохирогч Н.Мөнхөөгийн /3хх-ийн 85-86/: “...2019 оны 07 сарын 25-ны өдөр ...зүс таних Энхбат гэх хүний фэйсбүүк хаягаас “хоёр хоногийн хугацаатай мөнгө зээлэх үү” гэсэн утга бүхий чат ирэхээр нь “надад мөнгө байхгүй байна” гэж чат бичтэл “олоод өгөх боломж байна уу” гэж чат бичсэн. Би өөрийн найз Баярмаа гэх эмэгтэйгээс 2.800.000 төгрөг зээлэн авч Мөнхбат гэх хүний нэр дээр байдаг Голомт банкны 1605140829 дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш өглөө нь дахин “мөнгө зээлэх үү” гэсэн чат ирэхэд нь “байхгүй” гэж бичсэн. 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Энхбат нь “миний фэйсбүүк хаягийг ашиглан мөнгө зээлж залилсан байна, дахин мөнгө зээлэх утгатай чат ирвэл битгий өгөөрэй” гэсэн пост оруулсан байсан. ...Би өөрийн 2.800.000 төгрөгөө эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлгээр,

М.Згийн яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 124-125/: “...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Энхбат Цэдэвдорж гэх нэртэй фэйсбүүк хаяг руу линк явуулж нэвтэрч ороод Мөнхөө гэх хүнээс 2.800.000 төгрөгийг Голомт банкны 1605140829 дугаарын данс руу шилжүүлж ...айтем болгож авсан. Тэгээд дота 2 тоглоом дээр бооцоо тавиад алдсан...” гэх мэдүүлгээр,

Н.Мөнхөөгийн Төрийн банкны дансны хуулгаар /3хх-ийн 83/,

хохирогч М.Өлзийцэцэгийн /3хх-ийн 101/: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны 14 цагийн орчимд Цэдэвдорж Энхбат гэсэн нэртэй фэйсбүүк хаягаас “сайн уу дүү, чиний дансанд 2.000.000 төгрөг байна уу” гэсэн зурвас ирэхээр нь “дансанд одоо мөнгө алга байна, бэлэн мөнгө байгаа, ...данс руу чинь шилжүүлээд өгье” гэсэн хариу зурвас бичиж явуулахад “ХААН” банкны 5024920093 дансны дугаар явуулсан байсан. Би ...ажил дээрээ ирээд 2.000.000 төгрөгийг ... “ХААН” банкны 5024920093 дугаар данс руу шилжүүлж гүйлгээний утга дээр нь тухайн хүний хэлсний дагуу Дорж гэж бичээд “S” гэсэн үсэг бичсэн. Маргааш нь фэйсбүүк рүүгээ ороход Ц.Энхбат дарга “миний фэйсбүүк хаяг хакердуулсан байна, мөнгө шилжүүл гэсэн мессежний дагуу мөнгө шилжүүлж болохгүй шүү хүмүүсээ” гэсэн пост оруулсан байсан.  Би түүн рүү залгаад “өчигдөр тань руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн, мэдэж байгаа юу” гэж асуухад “би фэйсбүүк хаягаа хакердуулсан байна, ах нь мөнгө аваагүй шүү” гэж хэлсэн. Тэгээд л бусдад залилуулсан болохыг мэдсэн. ...Надад 2.000.000 төгрөгийн хохирол учирсан. Учирсан хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна....” гэх мэдүүлгээр,

М.Згийн яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 124-125/: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Энхбат Цэдэвдорж гэх нэртэй фэйсбүүк хаяг руу линк явуулж нэвтэрч ороод М.Өлзийцэцэг гэх хүнээс 2.000.000 төгрөгийг 5024920093 дугаар данс руу шилжүүлэн “айтэм” авсан. Тэгээд бооцоонд тавиад алдсан....’’ гэх мэдүүлгээр,

М.Өлзийцэцэгийн “ХААН” банкны депозит дансны хуулгаар /3хх-ийн 3/,

хохирогч Ж.Сандагдуламын /3хх-ийн 232-234/: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны 09 цагийн үед ...“Sandagdulam Jigjidsuren” гэсэн фэйсбүүк хаяг руу танил Энхбат гэх хүний “Enkhbat Tsevegdorj” хаягаас “сайн уу, маргааш буцааж шилжүүлэхээр 2.000.000 төгрөг байна уу, дансны лимит хэтэрчихсэн, хүн рүү гүйлгээ хийж чадахгүй байна” гээд 5055052288 гэсэн дугаарын данс өгсөн. Би өөрийнхөө 5062056885 дугаартай данснаас мобайл банк ашиглан 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгийг тус дансанд нь шилжүүлчихээд байж байтал Энхбат фэйсбүүк хаяг дээр “хулгайч нар миний нэрийг бариад мөнгө залилаад байна шүү” гэсэн утгатай пост тавьчихсан байхаар нь Энхбат руу залгаад “юу болсон” талаар асуухад “та бас энэ фэйсбүүкээр өгсөн данс руу нь мөнгө шилжүүлчихсэн үү, яах гэж шилжүүлж байгаа юм бэ, хулгайч нар миний хаягаар ороод олон хунээс мөнгө залилаад авчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад мөнгөө залилуулсан тухай гомдол гаргах болсон...” гэх мэдүүлгээр,

гэрч Д.Оюумаагийн /3хх-ийн 236-237/: “...Би 2019 оны 07 дугаар сарын сүүлээр интернэт цахим орчинд “Bitcoin” зарна гэсэн утгатай зар байршуулсан. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр миний фэйсбүүк хаяг руу “Dorj Bumbayar” гэх фэйсбүүк хаягаас ““Bitcoin” зарах уу” гэсэн утгатай захидал ирсэн. Тухайн хүнтэй “Bitcoin” зарахаар тохиролцсон. Тэр үед надад 16.700.000 төгрөг орчим “Bitcoin” байсан. Надтай “Bitcoin” худалдан авахаар тохиролцсон хүн 2019 оны 07 дугаар сарын 25-ны 18:45 минутаас эхлээд 8 удаагийн гүйлгээгээр 17.734.000 орчим төгрөгийг миний “ХААН” банкны 5055052288 дугаарын данс руу шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлгээр ,

М.Згийн яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 244-245/: “... 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Энхбат гэх хүний фэйсбүүк хаяг руу фишинг линк явуулчихаад маргааш нь фэйсбүүк хаяг руу нэвтэрч түүний фэйсбүүк чатад байсан найз Сандагдулам гэх хүнээс 2.000.000 төгрөгийг “ХААН” банкны 5055052288 дугаарын данс руу шилжүүлэн авсан. Дээрх “ХААН” банкны 5055052288 дугаарын дансны эзэмшигч нь фэйсбүүк дээрээ “биткойн зарна” гэсэн зарыг байршуулсан байсан. Би 2.000.000 төгрөгөөс гадна Энхбат гэх хүний цахим хаягийг ашиглаад нийт 17.000.000 төгрөгийг авсан. Биткойн гэх тоглоомыг 2018 оны 05 дугаар сараас эхлэн тоглосон. 2018 оны 09 дүгээр сараас эхлэн бусдын фэйсбүүк цахим хаягийг хакердаж түүнээс авсан мөнгөө “ХААН” банкны 5055052288 дугаар данс руу шилжүүлж байсан. Уг дансны эзэмшигчийг огт танихгүй, харж байгаагүй. Мөнгөө шилжүүлэхээр Оюумаа гэсэн нэр гарч ирдэг. ...Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Хэн нэгэн этгээд гаднаас нөлөөлсөн, дарамталсан зүйл байхгүй. Би дээрх биткойн тоглоомонд донтоод сүүлдээ ийм байдалд орчихсон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлгээр,

Д.Оюумаагийн “ХААН” банкны депозит дансны хуулгаар /4хх-ийн 1/,

 

хохирогч Б.Болдбаатарын /3хх-ийн 45-46/: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...зүс таних Бадарч гэх эмэгтэйн фейсбүүх хаягаас “сайн байна уу, таны тухай сайт дээр нийтлэл гарсан байна” гээд над руу линк явуулсан. Би тэр линк рүү ороход мессенжерийн линк байсан. Тэгээд оруултал “та майл хаягаа, нууц үгтэйгээ оруулна уу” гэсэн байхаар нь майл хаягаа, нууц үгтэйгээ оруулчихсан.  Би тэр хэлсэн сайт руу нь орж чадаагүй.  Тэгтэл 19 цаг 12 минутанд “ХААН” банкнаас “таны интернет банкинд 2 удаагийн нэвтрэх оролдлого хийгдлээ, хэрэв та өөрөө биш бол “ХААН” банкинд хандана уу” гэсэн мессэж ирсэн. Би үсээ засуулж байсан болохоор нэг их тоолгүй байж байхад “таны нууц үг амжилттай солигдлоо” гэх мессэж надад ирсэн. Би “ХААН” банк руу залгаад болсон асуудлаа хэлтэл “таны дансанд ямар нэгэн зүйл хийгдээгүй байна, та санаа зоволтгүй” гэж хэлсэн.  Би тайвшираад орхисон.  Тэгтэл маргааш өглөө нь миний “ХААН” банкны данснаас 5.655.000 төгрөгөөр, 4.000.000 төгрөгөөр, 50.000 төгрөгөөр, 220.000 төгрөг нийт 9.926.000 төгрөгийн зарлага гарсан байсан.  Би дахиад “ХААН” банкинд болсон асуудлыг хэлтэл “та 09 цаг өнгөрөөгөөд ханд, гүйлгээ бол хийгдсэн байна” гэж хэлсэн.  “ХААН” банкнаас над руу эргээд залгая гэж хэлчихээд эргэж хариу хэлээгүй тул Цагдаагийн байгууллагад хандах болсон. Данснаас мөнгө авахдаа эхний 5.655.000 төгрөгийг 5174078449 гэсэн дансанд ...“Bilguun batzorig” гэх утгатай шилжүүлсэн байсан.  Дараагийн 4.000.000 төгрөгийг 5564010216 гэсэн дугаартай дансанд EB-Bilguun item гэсэн утгаар, 50.000 төгрөг 5034940868 гэсэн данс руу EB-dvv гэсэн утгаар, 220.000 төгрөгийг 5564010216 гэсэн данс руу EB-iteм гэх утгаар шилжүүлэн авсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Болдбаатарын “ХААН” банкны депозит дансны хуулгаар /3хх-ийн 71/,

М.Згийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 55/: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Болдбаатарын фэйсбүүк хаяг руу фишинг линк явуулсан. Тэгтэл Б.Болдбаатар өөрийн gmail-н нэвтрэх нэр, нууц үгийг явуулсан байсан.  Майл дотор нь “ХААН” банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг нь байхаар нь интернэт банк руу нь тэнд байсан кодоор нь нэвтэрч орж үзэхэд болж байсан. Тэгээд данснаас нь 9.925.000 төгрөгийг шилжүүлэн “айтем” хэлбэрээр өөртөө авч бооцоо тавиад алдсан. Мөн “ХААН” банкны интернэт банкны сүлжээнд гаднаас нь халдаж нэвтрэх нууц үгийг нь шинэчилж оруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, М.З нь иргэдийн FACEBOOK (фэйсбүүк)  олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй хаягт фишинг ашиглан хэрэглэгчийн нууц үгийг хууль бусаар олж аван нэвтэрч, улмаар тухайн иргэдийн нэр хаягийг ашиглан танил, найз нөхөд рүү нь “мөнгө зээлээч” гэсэн агуулгатай зурвас илгээх, хохирогч нар уг үг, үйлдэлд нь хууртагдан эд хөрөнгөө бусдын данс руу шилжүүлж байсныг, мөн М.З нь цахим мэдээлэлд хууль бусаар халдаж бусдын интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилж, мөнгийг нь дансаар гуйвуулан шилжүүлэг хийх байдлаар авч байсныг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль зөрүүгүй мэдүүлсэн, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ мөрдөн байцаалтаар бүрэн тогтоогдсон” зэрэг үйл баримтуудыг агуулж  байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, М.З нь цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, үүнийгээ ашиглан иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан, мөн цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, мэдээлэл нэмж оруулсны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар санхүүгийн залилан хийх зорилгоор фишинг ашиглан интернэтээр дамжуулан иргэдийн цахим мэдээлэлд хууль бусаар халдаж хувийн мэдээллийг нь олж аван, уг мэдээллээ ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч буй М.Згийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн, мөн цахим мэдээлэлд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, мэдээлэл нэмж оруулсны улмаас иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж буй  М.Згийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, мэдээлэл нэмж оруулсны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

            Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд шүүгдэгч М.З нь хохирогч Н.Мөнхөөд 2.800.000 төгрөгийг, хохирогч Ц.Мөнхбатад 2.000.000 төгрөгийг, хохирогч М.Өлзийцэцэгт 2.000.000 төгрөгийг, хохирогч Ш.Отгонбаярт 3.000.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болно.  

Ингээд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 28.456.000 төгрөгийг шүүгдэгч М.Згаас гаргуулж, үүнээс хохирогч Г.Батмөнхөд 600.000 төгрөг, хохирогч Ч.Хуланд 515.000 төгрөг, хохирогч Ш.Отгонбаярт 3.000.000 төгрөг, хохирогч А.Энхээд 880.000 төгрөг, хохирогч Г.Анхбаярт 500.000 төгрөг, хохирогч Ц.Пагмасүрэнд 400.000 төгрөг, хохирогч О.Алтанзулд 200.000 төгрөг, хохирогч Б.Долгормаад 1.000.000 төгрөг, хохирогч Б.Даваанямд 1.066.000 төгрөг, хохирогч Б.Амгаланбаярт 4.720.000 төгрөг, хохирогч Ж.Сандагдуламд 2.000.000 төгрөг, хохирогч Б.Мөнхбатад 2.950.000 төгрөг, хохирогч Б.Болдбаатарт 9.925.000 төгрөг, хохирогч Д.Пүрэвдашид 700.000 төгрөгийг тус тус олгохоор тогтов.

Харин шүүгдэгч М.З нь хохирогч Н.Мөнхөө, хохирогч Ц.Мөнхбат, хохирогч М.Өлзийцэцэг нарт төлөх төлбөргүй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд дараах нөхцөл  байдлуудыг харгалзан үзэв.

Шүүгдэгч М.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн байцаалтын явцад хамтран ажилласан нь гэмт хэргийг шуурхай

бүрэн илэрүүлэхэд нөлөө үзүүлсэн;

шүүгдэгч М.З урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй;

 

шүүгдэгч М.Згийн үйлдэл нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг агуулсан, шунахайн сэдэлтээр үргэлжилсэн үйлдлийн аргаар гэмт хэргийг үйлдсэн, бусдад учруулсан нийт хохирлын хэмжээ иргэдийн ахуй амьдралд үзүүлж болох нөлөө нь их зэрэг болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

 

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч М.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Згийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан дээрх хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах болон тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай саналыг судлан үзэхэд шүүгдэгчийн хувьд төлбөр төлөх боломж хязгаарлагдмал, орлогын тодорхой эх үүсвэргүй, мөн шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэж, тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах болон хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүйг дурдаж байна.

 

Харин гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн,

мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, мэдээлэл нэмж оруулсны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Згийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч М.Згийн нийт эдлэх ялын төрөл хэмжээг 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч М.З урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Згаас нийт 28.456.000 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Г.Батмөнхөд 600.000 төгрөгийг, хохирогч Ч.Хуланд 515.000 төгрөгийг, хохирогч Ш.Отгонбаярт 3.000.000 төгрөгийг, хохирогч А.Энхээд 880.000 төгрөгийг, хохирогч Г.Анхбаярт 500.000 төгрөгийг, хохирогч Ц.Пагмасүрэнд 400.000 төгрөгийг, хохирогч О.Алтанзулд 200.000 төгрөгийг, хохирогч Б.Долгормаад 1.000.000 төгрөгийг, хохирогч Б.Даваанямд 1.066.000 төгрөгийг, хохирогч Б.Амгаланбаярт 4.720.000 төгрөгийг, хохирогч Ж.Сандагдуламд 2.000.000 төгрөгийг, хохирогч Б.Мөнхбатад 2.950.000 төгрөгийг, хохирогч Б.Болдбаатарт 9.925.000 төгрөгийг, хохирогч Д.Пүрэвдашид 700.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч М.З хохирогч Н.Мөнхөө, хохирогч Ц.Мөнхбат, хохирогч М.Өлзийцэцэг, нарт төлөх төлбөргүйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Зд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ