Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Хохирогч Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ... Г, ... Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт ... Г,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... Н  нарт холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбааатар аймгийн  Түмэнцогт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ...гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сүхбаатар аймгийн ...наар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүнд ялд нь хөнгөн ялыг багтааж нийт 3 жилийн хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ...овогт ... Г. /РД: .../

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбааатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ...гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт ... Н. /РД: .../

 

- Шүүгдэгч ... Г Дорнод аймгийн Хэрлэн сумд болон Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕF хүсний дэлгүүрийн гадна 2021 оны 01 дүгээр сарын 23-наас 24-ний өдөр мал худалдаж авна гэж өмчлөгчийг хуурч хохирогч Б-н 950.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Мөн ... Г нь Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Ихэрийн Ухаа” гэх газарт ... Н-тэй бүлэглэн иргэн Бын өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн малнаас 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд 6 үхэр, 1 адуу, 16 хонь, 10 ямаа зэрэг бод, бог нийлсэн нийт 33 тооны малыг завшиж хохирогчид 9760.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч ... Н нь ... Г-той бүлэглэн Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Ихэрийн Ухаа” гэх газарт ... Н-тэй бүлэглэн иргэн Б-ын өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн малнаас 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд 6 үхэр, 1 адуу, 16 хонь, 10 ямаа зэрэг бод, бог нийлсэн нийт 33 тооны малыг завшиж хохирогчид 9760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ... Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би хохирогч Бын малыг маллаж байхдаа малыг нь авсан нь үнэн. Би хохирогч Баас мал авч өгнө гэж хэлээд мөнгө авсан нь үнэн...гэв.

Шүүгдэгч ... Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би нөхөртөө “ийм зүйл хийж болж байгаа юм уу?” гэхэд нөхөр маань “болно оо. Би Б ахад хэлсэн” гэж хэлсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.

 

Хохирогч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Та өмнө нь миний эзэмшлийн малаас хулгай хийсэн байхаар нь дахин боломж олгоод цалингаасаа мөнгийг нь авах талаар тохиролцсон. Гэтэл та дахин малыг маань зөвшөөрөлгүй авсан байна. Та хохирлоо хэзээ төлөх юм бэ?...гэв.

 Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ”...2020 оны  01 дүгээр сарын 23-ны өдөр Н гэх танил над руу утсаар яриад “би Дэхт” дээр явж байна. Намайг аймаг руу дөхүүлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би өөрийн машинтай Н-ыг авах гэхэд нэг танихгүй залуу хамт явж байсан. Тэгээд тэр 2-ыг машинд суулгаад аймаг руу явж байхад Н-тай хамт явж байсан Г гэж танилцсан залуу надад “мөнгөний хэрэг байна, мал зарах гэсэн юм. Мал худалдаж авч байгаа хүн байгаа юу” гэж асуусан. Тэгэхээр нь ямар мал зарах гэж байгаа юм үнэ өртөг тохирвол би авч болно гэсэн. Тэгсэн чинь Г “даага заръя” гэхээр нь 350.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод 23 дугаар байрны гаднах байрлах EF хүнсний дэлгүүрийн гадна машин дотроо урьдчилгаа болгож 200.000 төгрөг өгсөн. ...2020 оны  01 дүгээр сарын 24-ний өглөө Г руу утсаар ярьж уулзаад урагшаа хөдөө гэр рүү чинь явж даагаа авья гэхэд Г ер нь даага зарахаа  болъё, чи сувай гүү 600.00 төгрөгөөр аваарай гэхээр нь би 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн тэгээд үдийн хойно Г  над руу утасаар яриад  ахиад нэг бярууны  мөнгө өгчих би найдвартай очоод шууд бариад өгнө гэхээр нь итгээд 350.000 төгрөгийг 23 дугаар байрны гадна  байрлах EF дэлгүүрийн гадна өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Г-ийн гэр рүү  Н, Г бид 3 Хан-Уулын урд хэсэгт айл руу очиход Г-ийн эхнэр гэх эмэгтэй Г-т мал байхгүй хүний мал харж амьдардаг юм. Өгөх мал байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Г манай эхнэр хэлж байгаа биздээ надад өгөх мал  байхгүй, чи явдаг газраараа яв гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 11-13 тал/

Гэрч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г “мөнгөний хэрэг гараад байгаа хэдэн мал зарах санаатай байгаа” гэсэн. Тэгсэн Б би мал авъя гэж хэлээд тэр хоёр хоорондоо тохиролцоод Г Баас 200.000 мянган төгрөг урьдчилгаа болгож авсан. Г бид 2 архи уугаад нэг мэдсэн чинь би тасраад унтаад өгсөн байсан маргааш нь 2021 оны 02 дугаар сарын 24-нд мөн архи уугаад хоносон. Архийг бол Г худалдаж авч байсан нэг сэрсэн чинь Б буудлын өрөөнд орж ирээд “...Г ахад сувай гүү бяруу худалдаж авахаар нийт 950.000 төгрөг өгсөн одоо явж бяруугаа сувай гүүгээ авъя гэж байсан” ... Г-ийн гэр рүү Б бид 3 очсон чинь Г-ийн эхнэр Н-а ”...Гт ямар ч мал байхгүй, бид нар айлын мал хардаг” гэж хэлээд бид нарыг хөөгөөд явуулсан...” гэжээ. /хх-ийн 28-30 тал/

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ... Г гэх хүнээр өөрийн эзэмшлийн малыг харуулахаар ярилцаж тохиролцоод гэрээ хийж малаа хүлээлгэж өгсөн. Би өөрийн малыг хүлээлгэж өгснөөс хойш сар болгон 2-3 удаа очиж тоолж бүртгэж явдаг байсан. Намайг очиход ганц нэгээр мал дутаад байхаар нь 2020 оны 08 дугаар сард очиж нас зүсээр нь тулгаж тоолоход 3 бяруу, 1 гунжин үнээ, 2 үнээ, 1 даага, 16 хонь /нас гүйцсэн бүдүүн эр хонь/, 10 ямаа, нийт 33 тооны мал дутсан байсан. ...манай мал хулгайд алдагдаж болон цаг агаарын байдлаас алдагдсан дутсан гэж малчин надад хэлж байсан удаа байхгүй. Намайг малаа асуухад ойрхон байгаа гэсэн тайлбар өгдөг байсан...” гэжээ. /хх-ийн 64-66 тал/

Гэрч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 1998 оноос хойш “Шүр” зах дээр мал махны ченж хийж байгаа 2020 оны 05 дугаар сарын орчим Сүхбаатар аймгийн малчин Г гэх 30 орчим насны залуу эхнэр, хүүхдийн хамт жижиг машинтай “Шүр” зах дээр ирээд надтай уулзаад нэг хонины гулууз надад зарсан. ... би Г болон эхнэртэй нь танилцсанаас хойш хэд хоногийн дараа сар, өдрөө сайн санахгүй байна, надтай утсаар ярьж байгаад 2020 оны 06 дугаар сарын эхээр манай гэрт буюу Силикатын 2-4 тоотод эхнэрийн хамт жижиг машинтай ирээд 1 хонины гулууз авчирч өгөөд мөнгөө бэлнээр нь аваад явсан. Үүнээс хойш надтай утсаар ярьж байгаад манай ажил дээр ирээд наадам болох гээд мөнгө хэрэгтэй гээд надаас 100 мянган төгрөг авсан. Мөн хэд хоногийн дараа дахин аймгийн наадам дөхөж байхад Г эхнэрийн хамт мотоциклтой зах дээр ирээд надтай уулзаад хонь, ямаа өгнө гээд дахиад 100 мянган төгрөг, нийт 200 мянган төгрөг аваад явсан. ... ахиж ирэхгүй байхаар нь би хүнээс Г-ийг асууж байгаад өөрийн эзэмшлийн Пробокс маркийн ... ДОА машинтай нөхөр Б-н хамт Г-ийн хөдөө гэрт нь 2020 оны 07 сард очоод хонь, ямаа өгнө гэж авсан 200 мянган төгрөгний оронд хонь, ямаа аваад ирсэн. ...Г эхнэрийн хамт 2020 оны 07 дугаар сард буюу аймгийн наадмын дараа манай ажил дээр ирээд гэрийн бүрээс авна мөнгө хэрэгтэй гээд 3 хонь өгнө гээд надаас 300 гаран мянган төгрөг бэлнээр авч яваад ирэхгүй байсан учир би нөхрийн хамт дахин 2020 оны 09 дүгээр сард өөрийн машинтай очиж 3 хонио авах гэсэн чинь хонь байхгүй гээд 3 ямаа авч байхад Г эхнэрийн хамт намайг “үхэр авах уу, 500 мянган төгрөг өгчих бид Сүхбаатар аймаг явах гэсэн юм” гэж асууж байсан. Тэгээд би мөнгө байхгүй гээд Г-оос 3 ямаагаа аваад ирсэн. Түүнээс хойш уг хүмүүстэй огт уулзаагүй. Г надад хэлэхдээ Сүхбаатар аймгаас ирээд 1 жил гаран болж байгаа, миний мал гэж байсан. Би Сүхбаатар аймгийнх болохоор бичиг өгч чадахгүй байна гэж байсан учир иргэний үнэмлэхийг нь гар утсаараа дарж аваад байсан юм. Г дандаа эхнэрийн хамт ирдэг байсан. Харин мал зарсан мөнгөө бэлнээр авдаг байсан. Харин би эхнэрийнх нь нэрийг нь санахгүй байна. Харвал танина. Би хонь, ямааны имийг нь санахгүй байна. Тухайн үед гар утсаараа зураг авдаг байсан. 3 хонь, 4 ямаатай нийт 7 тооны хонь, ямаа авсан. Хонь нь бол хязаалангаас дээш байсан. Гулуузаар нь хиллэж үзэхэд 25-27 орчим кг болж байсан. Ямаа нь бас том ямаа байсан 21-22 орчим кг болж байсан. Ер нь дандаа том хонь, ямаа өгч байсан жижиг хонь ямаа өгч байгагүй...” гэжээ. /хх-ийн 88-90 тал/

Гэрч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Г манайд ирээд миний барьж байсан цэнхэр өнгийн жи мобайлын гар утсыг найздаа зарчих, би сарваа /унага/ 250.000 төгрөгөөр өгнө гээд гуйгаад байхаар нь 120.000 төгрөгөнд бодож гар утсаа өгөөд үлдэгдэл 130.000 төгрөгийг хэд хоногийн дараа бэлнээр нь өгсөн. Тэгээд Г сарваагаа өгөхгүй байхаар нь нэхсээр байгаад 2020 оны 03 дугаар сард нөхөр Б-ын хамт очиж ухаа зүсмийн охин сарваа аваад адуундаа нийлүүлээд байтал тэр зунаа бороонд нороод үхсэн. Б-ас 2020 оны 09 дүгээр сард надад мөнгөний хэрэг гараад байна, найзад нь 1 гунж байгаа юм тэрийг борлуулаад өгөөч гэж гуйгаад байхаар нь за тэгье гэсэн чинь манай хөдөө гэрийн гадаа Г нь цагаан халзан зүсмийн гунж тууж ирээд нөхөр Б... хамт нядалсан. Тэгээд манай нөхрийн ... ДОА улсын дугаартай Бонго 3 маркийн машинд ачаад аймаг руу явуулсан. Г өөрөө архи уугаад согтуу үлдсэн. Би тухайн үхрийг аймагт оруулаад зарж борлуулсан. ...улмаар 570.000 төгрөг болохоор нь би Г-ийн эхнэр Н-ийн дансанд 100.000 төгрөг шилжүүлээд байж байтал Г үлдэгдэл мөнгийг нь байлгаж бай, би өөрөө Сүхбаатар аймаг явна, тэгэхдээ авна гэхээр нь байлгаж байтал хэд хоногийн дараа намайг аймагт байхад ирээд үйлчилгээн дээр байх ХААН банкны АТМ-ээс мөнгөө авахуулахаар нь би 150.000 төгрөгийг нь бензин тос болон зээлнэ гэж аваад үлдэгдэл 300.000 төгрөгөө аваад Сүхбаатар аймаг руу явсан...” гэжээ. /хх-ийн 94-96 тал/

          - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04, 57 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 97 тал/

- Малчны гэрээ /хх-ийн 103-106 тал/

- ХААН банкны Депозит дансны хуулга /хх-ийн 113 тал/

- ... Г, ... Н нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20, 37-40, 117-121, 84-87, 124-129 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ... Г нь ганцаараа Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕF хүнсний дэлгүүрийн гадна 2021 оны 01 дүгээр сарын 23-наас 24-ний өдөр мал худалдаж авна гэж өмчлөгчийг хуурч хохирогч Н.Бын 950.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- мөн шүүгдэгч ... Г, ... Н нар нь  бүлэглэн Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Ихэрийн Ухаа” гэх газарт хохирогч Б-ын өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн малаас 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд 6 үхэр, 1 адуу, 16 хонь, 10 ямаа зэрэг бод, бог нийлсэн нийт 33 тооны малыг завшиж хохирогчид 9760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б, Б, гэрч Н, Н, Б, С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, ХААН банкны Депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

 

Шүүгдэгч ... Г, ... Н нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ... Г-ийг бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, хуурч өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Н-ийг бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ... Г, ... Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч ... Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ... Г-оос нийт 4889.500 төгрөгийг гаргуулж 650.000 төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын ....Б/-т, 4239.500 төгрөгийг гаргуулж  хохирогч Дорнод ...Б/-т

Шүүгдэгч ... Н-эс нийт 4239.500 төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын Б-/-т тус тус олгуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ... Г-ийн ... тоот, шүүгдэгч Н-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...овогт ... Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч ... овогт ... Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ... Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заансаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч ... Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ... Н-д тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ... Н-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ... Г-т оногдуулсан 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ... Г-ийн ... тоот, шүүгдэгч Н-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

             9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ... Г-оос бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд нийт 4889.500 төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Б.../-т 4239.500 төгрөгийг,  хохирогч Дорнод Б../-т 650.000 төгрөгийг, шүүгдэгч ... Нэс нийт 4239.500 төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Б-т нарт тус тус олгосугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ