| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0130/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/130 |
| Огноо | 2021-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/130
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч ...М, ...М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... М, ... овогт ... М нарт холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ...суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт ... М. /РД: .../
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Хаан хүнс” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 5, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн ...тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт ... М. /РД: .../
Шүүгдэгч ... М, ... М нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын ...тоотод ...М-тай маргалдан улмаар зодож “биед нь хамар, зүүн чих, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ...М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.
Шүүгдэгч ...М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.
Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр...М ах над руу хэд хэдэн удаа залгасан байсан. Ингээд дахин залгахад нь авахад тэр М ахын гэр болох Хэрлэн сумын Хан-Уулын ... тоотод архи ууж байна гэж хэлсэн ба намайг “хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-ай ахын хамт М гэр рүү очсон. ...хэсэг хугацааны дараа М ах надад хандаж “чи одоо яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за” гээд босоод гарах гэтэл М ах намайг дуудаж хажуудаа суулгаад “чи М-гийн гэрт ирээгүй, манай гэрт байна байж бай” гэж хэлээд хажуудаа суулгасан. Ингээд хэсэг хугацааны дараа М ах надтай юм ярья гэж хэлэхээр нь бид хоёр хамт боссон. Би үүд рүү хаалга чиглээд явж байхад М ах намайг гараараа нэг удаа нүүрэн тус газарт алгадсан. Тэгээд миний дээр гараад толгой, нүүр рүү хэд хэдэн удаа цохисон, мөн миний зүүн гарыг мушгисан. Тэгэхэд нь М ах босч ирээд М-г холдуулсан. Тэгтэл М босч ирээд миний дээр гараад цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Мөн гараараа миний нүүр болон толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би хэсэг хугацааны дараа тэд нараас уучлалт гуйгаад болъё гэхэд М миний дээрээс боссон. ...Шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 11-18 тал/
Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нөхөр М харахад түүний зүүн нүд нь хөхөрсөн мөр нь унжсан байдалтай хамар болон зүүн чихнээс нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би...түүний архи уусан гэх айл болох Хэрлэн сумын ...тоотод байрлах гэрт нь М хамт очиход ******* ахын ээж мөн танихгүй 3 хүн байсан. ...М ахын ээжээс юу болсон талаар асуухад “энэ хэд нэгнийгээ зодоод байсан би сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. ...Ингээд М гэрт ирээд М юу болсон талаар асуухад М ахын гэрт байж байхад М, М нар нийлээд намайг зодож биед гэмтэл учруулчихлаа” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 25-27 тал/
Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр...төрсөн ах М 16 цаг өнгөрч байхад дахин манайд ирсэн бөгөөд түүний зүүн нүд хөхөрсөн, зүүн мөр нь унжсан байдалтай, хамарнаас нь цус гарсан, мөн зүүн чихнээс цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “Хэрлэн сумын ...тоотод М, М /онгоцоо/ гэх хүмүүс нийлээд зодчихлоо” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 29-31 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 144 тоот дүгнэлтэд:
1. М биед хамар, зүүн чих, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 48-49 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 тал/
- Гэрч Б мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/
- Гэрч М мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/
- ...М, ...М нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-44, 61-63, 66-68 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ... овогт ... М, ... овогт ... М нар нь бүлэглэн, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын ...тоотод хохирогч ...М-тай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “биед нь хамар, зүүн чих, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч М, гэрч Б, М, Б, М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 144 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ...М, ...М нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ...М, ...М нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч ...М, ...М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч М ... тоот, шүүгдэгч ...М-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ... М, ... овогт ... М нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ... М, ... М нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...М, ...М нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч М ... тоот, шүүгдэгч ...М-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ...М, ...М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ