Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0047

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Д... нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0841 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д... давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Д.Д...

Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ

Гуравдагч этгээд Н.У...

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д...

Хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э..

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г..

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш...

Хэргийн индекс: 128/2018/0597/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0841 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Д...ээс Хот байгуулалт, хөгжлийн газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан “2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Н.У...т олгосон МЗХ2018/15-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 220/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах, “Б...” ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У...ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай, 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр ХН-05/18/ баталсан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б..., Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ИДБТХ-ийн дулаан хангамжийн инженер Ц.Л..., Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга, ерөнхий инженер С.Б... нарын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах, “Б...” ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У...ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай, 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр ХН-05/18/ баталсан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б..., Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ИДБТХ-ийн дулаан хангамжийн инженер Ц.Л..., Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга, ерөнхий инженер С.Б... нарын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д... дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх “... хэрэгжсэн буюу эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон захиргааны актыг нэхэмжлэлийн шаардлагын дагуу хүчингүй болгож шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөлд хүргэхээр байна” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь шүүхээс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1/6409 дугаартай албан бичгээр “...нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар хэрхэн тодорхойлж байгаа болохоо тодорхой болгон нэхэмжлэлийн тодруулсан шаардлага ирүүлэх” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг шаардсан.

Үүний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шүүхэд хүргүүлсэн.

1. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Н.У...т олгосон МЗХ 2018/15-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах,

2. 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 220/2018 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрөл”-ыг хүчингүй болгуулах,

3. Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах, “Б...” ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У...ийн худалдаа үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр: ХН-05/18/ баталсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б..., Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын  ИДБТХ-ийн дулаан хангамжийн инженер Ц.Л..., ОСНААУГ-ын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга ерөнхий инженер С.Б... нарын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах,

4. Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Б...” ХХК-ийн боловсруулсан, гуравдагч этгээд Н.У...ийн үйлдвэр үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр ХН-05/18/ баталсан “УБ дулааны сүлжээ” ТӨҮГ-ийн ерөнхий инженер Б.Б..., Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын ИДБТХ-ийн дулаан хангамжийн инженер Ц.Л..., ОСНААУГ-ын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга ерөнхий инженер С.Б... нарын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн хууль зүйн үндэслэл, хэргийн үйл баримтад дүгнэлт хийлгүй, “хэрэгжсэн буюу эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон” гэх ганцхан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт”-ийн хариулт 1-т “... ХН05/18 дугаарт зурагт Д.Д... үл хөдлөх хөрөнгийн байршлыг тусгаагүй ”, хариулт 2-т “... зураг төслүүдэд нэхэмжлэгч Д.Д... үл хөдлөх хөрөнгийг тусгаагүй”, хариулт 6-д “... Шугамын хамгаалалтын зурвасын зай талбайг хангах, засвар үйлчилгээ хийх боломжийг хангах шаардлагатай гэсэн цохолт биелэгдээгүй”, “... H.У... болон Д.Д... өмчлөлийн барилгын дунд байрласан дулааны худаг, шугам хоолойн гадаргуугаас иргэн Д.Д... өмчлөлийн барилга хүртэл зай нь 1.5 метр байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 1.2-р хүснэгт, 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 2.2 дугаар заалтыг тус тус зөрчсөн”, хариулт 7-д “... шугамын хамгаалалтын зурвасын зай талбайг хангах, засвар үйлчилгээ хийх нөхцөл, боломжийг хангах, иргэн Д.Д... барихаар төлөвлөсөн барилгаас хамгаалалтын зурвасыг хангуулах гэсэн цохолт биелэгдээгүй”, хариулт 9-д "...Н.У...ийн барилга нь Д.Д... өмчлөлийн барилгаас 3,9-4,2 метрийн зайтай баригдаж байгаа нь Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын нормын 4 дүгээр хавсралтын 1-т хамгаалалтын зай 8 метрээс багагүй байхаар төлөвлөнө” гэж заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн.

Дээрх дүгнэлтүүд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байхад шүүх шинжээчийн дүгнэлтээр илэрсэн нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн эрх, сонирхлыг яагаад зөрчөөгүй гэж үзсэнээ тайлбарлаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. 

Түүнчлэн анхан шатны шүүх “хэрэгжсэн буюу эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон” гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн “4 дүгээр шаардлага болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Б...” ХХК-ийн боловсруулсан, гуравдагч этгээд Н.У...ийн үйлдвэр үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр ХН-05/18/ баталсан “УБ дулааны сүлжээ” ТӨҮГ-ийн Ерөнхий инженер Б.Б..., Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын ИДБТХ-ийн дулаан хангамжийн инженер Ц.Л..., ОСНААУГ-ын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга ерөнхий инженер С.Б... нарын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэсэн шаардлагын хүрээнд дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0841 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримттай холбоотой ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүний улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзсэн эрх, ашиг сонирхлын талаар дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Д.Д... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ:

1.1. “2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Н.У...т олгосон МЗХ2018/15-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах,

1.2. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 220/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах,

1.3. Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах, “Б...” ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У...ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай, 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр ХН-05/18/ баталсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б..., Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ИДБТХ-ийн дулаан хангамжийн инженер Ц.Л..., Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга, ерөнхий инженер С.Б... нарын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах,

1.4. Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах, “Б...” ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У...ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай, 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр ХН-05/18/ баталсан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б..., Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ИДБТХ-ийн дулаан хангамжийн инженер Ц.Л..., Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга, ерөнхий инженер С.Б... нарын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодорхойлжээ.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт хийхгүйгээр “... барилгын үйл ажиллагаа нь дуусаж, барилга бүрэн ашиглалтад орсон буюу маргаан бүхий актууд нь бодит байдалд хэрэгжиж дууссан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хүчингүй болгож шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөлд хүргэхээр байна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусган” гэж  заасныг зөрчсөн байна.

3. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байхад хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр илэрсэн нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг яагаад зөрчөөгүй гэж үзсэнээ тайлбарлаагүй ...” гэх гомдлын зарим хэсэг үндэслэлтэй.

4. Харин нэхэмжлэгч нь маргаж буй захиргааны үйл ажиллагаануудыг хууль зөрчсөн талаар маргасан боловч тус бүрийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн гэж үзэж байгаа, тухайн зөрчигдсөн гэх ашиг сонирхол нь маргаан бүхий актуудтай шалтгаант холбоотой буюу шүүхээр шийдвэрлүүлсний дараа тухайн зөрчигдсөн эрх нь хэрхэн сэргээгдэж хамгаалагдах эсэхээ тодорхойлоогүй байх тул анхан шатны шүүх энэ талаар тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

5. Тухайлбал, хариуцагч “УБДС” ТӨХК-ийн гуравдагч этгээдийн барилгын гадна дулаан хангамжийн зураг төсөл баталсан үйл ажиллагааны талаарх нэхэмжлэлд гаргасан тайлбартаа “... нэхэмжлэгчийн барилгаас 12.5-17.5 м зайнд байгаа, хамгаалалтын зурвасын зайн хэмжээ хангагдсан” гэж, нэхэмжлэгч нь “... манай барилгын ханыг дагуулж 50 см-ийн зайтай шилжүүлсэн” гэж, харин гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа “... Н.У... нь өөрийн эзэмшил газрынхаа тодорхой хэсэгт зохих журмаар зөвшөөрлүүдийг авч барилгаа барьсан, нэхэмжлэгч өөрөө эзэмшил газрынхаа нийт хэмжээгээр барилгаа барьсны улмаас барилга хоорондын зайн хэмжээ зэрэг нь зөрчилтэй мэт харагдаж байгаа боловч энэ нь гуравдагч этгээдийн буруугаас биш, мөн шинжээчийн дүгнэлтэд зөрчилтэй гэж заасан шугам сүлжээ нь нэхэмжлэгчийн яриад байгаа шилжүүлсэн шугам сүлжээ биш ...” гэх зэргээр маргасан байхад энэ талаар тодруулаагүй байна.

6. Эдгээрээс үзэхэд анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, зөрчигдсөн гэж үзсэн эрх, ашиг сонирхлыг нь тодруулж, холбогдох тайлбар, баримтыг цуглуулж, маргаан бүхий захиргааны үйл ажиллагаа тус бүрийг хуульд нийцсэн эсэх, түүний улмаас тухайн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0841 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Н.Д