Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 8

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ТЗП ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргад холбогдох

          “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай, 2018 оны 08 дугаар сарын 06-н ы өдрийн 2018-799 дугаартай дуудлага худалдаг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ТЗП ” ХХК-ийн , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Очирхуяг /Шүүхийн ерөнхий зөвлөлөөс онлайнаар оролцов/ нарийн бичгийн дарга Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ТЗП ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутаг дэвсгэрт хаягдал нүүрс угаах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг газар дээрээ компанийн үйл ажиллагааны чиглэлээр бүтээн байгуулалтын ажил хийсэн. Үйл ажиллагаагаа өргөжин явуулахад газрын хэмжээгээ сунгах шаардлагатай болсон тул хаягдлын далангийн зүүн талд байрлах 8 га газрыг Засаг даргын аман зөвшөөрөл, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардлагаар хашаа тойруулан эзэмшиж байгаа бөгөөд уг газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй болно.

          Уг газрыг эзэмших хүсэлтийг 2016, 2017 онуудад холбогдох албан тушаалтанд гаргаж байсан боловч бидний хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байсаар 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2018-799 дугаартай дуудлага худалдаагаар худалдахаар зарлан явуулсан. Дуудлага худалдааны ялагч гэх С.М  нь дуудлага худалдаанд оролцохдоо өөрт олгогдсон эрх мэдэл болон давуу байдлаа ашиглан хамаатан садны хүмүүсээ оруулж, үнэ өсгөж хууль бусаар ялалт байгуулсан гэж үзэж Авлигатай тэмцэх газарт гомдол өгсөн бөгөөд гомдолд хэрэг

бүртгэлийн 182900230 дугаар хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна.          2018-799 дугаартай дуудлага худалдааны цахим программ 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 09.00 цагт нээгдэж бид үнэ өгөх ажиллагааг ажиглаж байсан. Журамд заасны дагуу 17 цаг 00 минутад хаагдана гэж ойлгож байсан тул 16 цаг өнгөрөөгөөд үнэ өгөх гэсэн боловч тус программ аль хэдийн дуудлага худалдаа дууссан гэсэн горимд шилжин, ялагчийг тодруулсан гэсэн бичиг гарсан байсан бөгөөд энэ нь бидний хууль ёсны эрхийг зөрчсөн ажиллагаа болсон.

          Энэ талаар Өмнөговь аймгийн засаг даргад хандаж дуудлага худалдааг бүхэлд нь шалгаж эрх ашгийг минь хамгаалахыг хүссэн хүсэлт гаргасан боловч нарийвчлан шалгалгүйгээр хариу өгсөн.

2018-799 дугаартай дуудлага худалдаа нь “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-н 7-р зүйлийн 7.1, 7.2.1, 7.3 мөн 9-р зүйлийн 9.9.1, 9.9.6 хэсгүүдийг тус тус зөрчсөн байхад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр А/298 дугаартай захирамж гаргаж уг газрыг сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/198 дугаар захирамжаар С.М  гэх хүнд эзэмшүүлэх шийдвэр гарсан.

Засаг даргын энэхүү хууль бус шийдвэр гаргасны улмаас нь уг газарт үйлдвэрлэл явуулж байгаа “ТЗП ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Манай компани Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг дэвсгэрт хаягдал нүүрс угаах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2018-799 дугаартай дуудлага худалдаагаар худалдахаар зарласан Хаягдлын далангийн зүүн талд байрлах 8 га газрыг Засаг даргын аман зөвшөөрөл, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардлагаар хашаа тойруулан эзэмшиж байна.

2018-799 дугаартай дуудлага худалдаагаар дээрх газар зарлагдсан бөгөөд бид журмын дагуу оролцсон боловч уг дуудлага худалдаа нь Газрын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, мөн Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-г зөрчиж явагдсан тул хууль бус гэж үзэж байна.

2018-799 дуудлага худалдааны цахим программ 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 09.00 цагт нээгдэж бид үнэ өгөх ажиллагааг ажиглаж байсан. Журамд заасны дагуу 17.00 цагт ойлгож байсан тул 16 цаг өнгөрөөгөөд үнэ өгөх гэсэн боловч тус программ нь аль хэдийн дуудлага худалдаа дууссан гэсэн горимд шилжин, ялагчийг тодруулсан гэсэн бичиг гарсан байсан бөгөөд энэ нь бидний хууль ёсны эрхийг зөрчсөн ажиллагаа болсон.

2018-799 дугаартай дуудлага худалдаа нь “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.1, 7.3 мөн 9 дүгээр зүйлийн 9.9.1, 9.9.6 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн байх тул 2018-799 дугаартай дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...ТЗП ” ХХК-аас тус аймгийн Цогтцэций сумын Засаг даргад холбогдуулан “Цогтцэций сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Тус газрын дуудлага худалдаа хууль бус болсон талаар ямар нэг гомдол гараагүй, хууль бус болсныг нотолсон аль нэг эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй байна. Дуудлага худалдааг Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд ажлыг зохион байгуулсан болно. Үүнд:

  1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.3 дах заалтын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар Цогтцэций сумын 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг ээлжит 3 дугаар хуралдаанаар танилцуулан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/7 дугаар тогтоолоор батлуулсан.

Цогтцэций сумын 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний "Иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэх газрын төлөвлөлтөд" Өгөөмөр багийн нутагт Хаягдал далангийн зүүн талд байрлалттай 8 га газрыг, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөж оруулсан болно.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтын дагуу дээрх газрыг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралт “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” болон Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр тушаалыг баримтлан, цахим дуудлага худалдааг зохион байгуулах тухай сумын Засаг даргын 2018 оны 06 сарын 07 өдрийн А/113 дугаар захирамжаар "Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай" захирамж гаргаж, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.7- “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газрын биржийн үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах” гэсний дагуу гаргаж олон нийтэд ил тод Газрын цахим биржид байршуулан зарлаж ажилласан. Газрын цахим биржийн дуудлага худалдаа нь холбогдох хууль, журмын дагуу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр болж тус төлөвлөсөн газар дээр 4 иргэн, 1 хуулийн этгээд оролцож дуудлага худалдааны журмын дагуу хамгийн өндөр дүнг санал болгосон иргэн С.М  ялагчаар тодорч дуудлага худалдаа зохион байгуулах журмын дагуу газрын үнийг заасан хугацаанд холбогдох газарт шилжүүлсэн болно.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33.1.2 дахь заалтын дагуу сумын Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаар захирамжаар, С.М д Өгөөмөр багийн нутагт хаягдлын далангийн зүүн галд байрлалттай 8 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

  1. “ТЗП ” ХХК-ийн нэхэмжлэлд “2018-799 дугаартай дуудлага худалдаа цахим программ 2018 оны 08 сарын 16-ны өдрийн өглөө 09 цаг 00 минутад нээгдэж бид үнэ өгөх ажиллагааг ажиглаж байсан. Журамд заасны дагуу 17 цаг 00 минутад хаагдана гэж ойлгож байсан тул 16 цаг өнгөрөөгөөд үнэ өгөх гэсэн боловч тус программ аль хэдийн дуудлага худалдаа дууссан гэсэн горимд шилжин, ялагчийг тодруулсан гэсэн бичиг гарсан байсан бөгөөд энэ нь бидний хууль ёсны эрхийг зөрчсөн ажиллагаа болсон” гэжээ. “Газар өмчлүүлэх, :>эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9 дүгээр зүйлийн
  1. 9.9.6-д заасныг зөрчөөгүй. Газрын даамал 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дуудлага худалдааг Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр тушаалыг баримталж явуулсан. Дээрх тушаалд Газрын дуудлага худалдааг Газрын биржийн цахим систем /www.mle.mn/ хуудсаар явуулах цагийн тохиргоог Газар зохион байгуулалт Геодези Зураг Зүйн Газраас хийсэн байдаг ба дуудлага худалдааг 09:00 цагт эхлүүлж, 15:00 цагт үнийн санал авах хугацааг дуусгаж 60 секунд хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулахаар, 17:00 цагт ялагчийг тодруулж дуудлага худалдааг зогсоохыг даалгасан байдаг. Үүний дагуу газрын даамал 17:00 цагт дуудлага худалдааг зогсоож, ялагчийг биржийн цахим системээр зарласан байдаг. Мөн !ухайн дуудлага худалдаанд оролцож байгаа иргэн, хуулийн этгээдэд тухайн дуудлага худалдаа хаагдахад үлдсэн цагийн мэдээлэл нь тухайн программ дээр харагдаж байдаг.

Мөн нэхэмжлэлд “2018-799 дугаартай дуудлага худалдаа нь Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 7-р зүйлийн 7.1, 7.2.1, 7.3, мөн 9 дүгээр зүйлийн 9.9.1, 9.9.6 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн" гэжээ. Цогтцэций сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/213 дугаар захирамжаар дуудлага худалдаа товлогдсон даруйд, Газрын биржийн цахим системд байршуулсан, мөн Цогтцэций ЗДТГ-ын Расеbоок раgе болон сумын төвийн Цогтцэций шуурхай зарын төв узель, Цогтцэций төв узель шуурхай зар зэрэг Расеbоок раgе-д байршуулан ажилласан учир дээрх журам зөрчигдөөгүй бөгөөд дуудлага худалдаанд нэхэмжлэгч “ТЗП " ХХК нь бүртгүүлэхээр оролцох хүсэлт ирүүлснээс үзэхэд дуудлага худалдааны зарыг зарлан мэдээлэх ажиллагаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Жич: Цогтцэций сумын 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг ээлжит 3 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахад тухайн төлөвлөсөн газарт ямар нэгэн объект байгаагүй бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд олгогдоогүй төрийн өмчийн газар байсан.

Нэхэмжлэгч “ТЗП ” ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар мүйлийн 27.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.5 заалтуудыг зөрчиж Өгөөмөр багийн нутагт хаягдал далангийн зүүн талд 8 га газрыг дур мэдэн хашаалсан бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 сарын 09-ны өдрийн 16/05/16/273 дугаар албан шаардлагаар өөрийн эзэмшлийн газраас илүү татсан хашааг багасгаж өөрийн эзэмшлийн газарт хүртэл татахаар зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл “ТЗП ” ХХК-нь тухайн зөрчлийг арилгаагүй байна.” гэжээ.

Гуравдагч этгээд С.М  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...ТЗП ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций Сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт С.М  миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 2018 онд иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах газрын төлөвлөгөөнд Өгөөмөр багийн нутагт Хаягдал далангийн зүүн талд байрлах 8 га газар багтсан бөгөөд С.М  миний бие 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цахим дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон. Үүний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаар шийдвэрээр газар эзэмших эрхийг баталгаажуулсан болно.

Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг дуудлага худалдааны үндсэн дээр С.М  би олж авсан харин сумын Засаг даргын захирамж тус газрын эзэмших эрхийг баталгаажуулсан бөгөөд нэхэмжлэгч “ТЗП ” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн шийдвэр биш юм. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар дуудлага худалдаа нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн гэж үзвэл дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах нь зүйтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ТЗП ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагнаран нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд  “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаар захирамж болон 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2018-799 дугаартай дуудлага худалдааны  “Хаягдлын далангийн зүүн талд байрлах 8 га газар”-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулсан хүрээнд маргааныг хянан хэлэлцэв.

Цогтцэций сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/113 дугаар захирамжаар “Хаягдлын далангийн зүүн талд”, үйлдвэрийн зориулалтаар, 8 га газрыг 15 жилийн хугацаатай дуудлага худалдаагаар (цаашид “дуудлага худалдаа” гэх) эзэмшүүлэхээр шийдвэрлэж, ялагч болсон С.М д уг газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч үйлдвэрийн үйл ажиллагаагаа өргөтгөн эзэмшиж буй газрын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтээ 2016, 2017 онд гаргаж байсан гэх ба холбогдох албан тушаалтны аман шийдвэрээр хүсэлт гаргасан газартаа хашаа барьж эзэмшиж байсан, дуудлага худалдаагаар олгогдсон газар нь манай энэхүү эзэмшиж буй газартай нь давхацсан, дуудлага худалдаа зохион байгуулах журам зөрчсөн /тодруулбал, дуудлага худалдааг журамд заасны дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө зарлаагүй, үнийн саналыг 17 цаг хүртэл авахгүй хаасан/ гэж хүчингүй болгуулахаар маргасан.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” 31 дүгээр зүйлийн 31.2-т “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-ын “...газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх”  гэж зааснаас үзвэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан газарт газар эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд дээрх журмын дагуу газар эзэмшүүлэх зохицуулалттай байна.

  “ТЗП ” ХХК нь өөрийн эзэмшлийн 4604004203 нэгж талбарын дугаар бүхий газраа нэмэгдүүлэн хашаа барин ашиглаж байгаа, энэ нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй болох үйл баримт болон дуудлага худалдаагаар олгогдсон газар эзэмшил бүхий газартай нь давхцалгүй болох нь Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаар албан бичгээр ирүүлсэн байршлын зургаар[1] тогтоогдож байгаа.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар  зохих зөвшөөрөлгүйгээр /амаар зөвшөөрөл авч эзэмшил газрын хэмжээгээ сунгаж хашаажуулсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд удаа дараа газар чөлөөлөх шаардлага тавьж байгаа гэсэн тайлбар өгсөн/ эзэмшиж, ашиглаж байгаа нь нэхэмжлэгчийг тухайн газрыг эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэх боломжгүй тул хүсэлт гарган, хашаажуулан ашиглаж байгаа газартай нь давхацсан гэх маргаан үндэслэлгүй.

Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/7 дугаар  тогтоолоор сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг[2] баталсан байх бөгөөд уг төлөвлөгөөний  7-д маргаж буй газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр заасан, сумын Засаг даргын 2018 А/113 дугаар захирамжийн[3] дагуу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Цогтцэций сумын 3 дугаар баг /Хаягдлын далангийн зүүн талд/-т 8 га газрыг үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаа явагджээ.

Газрын  тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д “Дуудлага худалдааны зар (цаашид “зар” гэх)-ыг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ”, 7.1.2-т “аймаг, нийслэл, дүүргийн газрын алба,чөлөөт бүсийн захирагчийн албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар” гэж дуудлага худалдааны зарыг зарлан мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байна.

Нэхэмжлэгчээс Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас зарыг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр цахим системд оруулж, дээрх журмын хугацаа тогтоосон, нийтэд мэдээлэх зохицуулалтыг зөрчсөн гэж маргах боловч “...дуудлага худалдаа болох талаарх мэдээлэл, зарыг Газрын биржийн цахим системд тавигдсан гар утсаар бидэнд мэдэгдэж, холбогдох журмын дагуу дуудлага худалдаанд оролцсон...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан дор дурдах нотлох баримтуудаар хариуцагч нь 2018-799 дугаар бүхий дуудлага худалдаа зохион байгуулахдаа нэхэмжлэгчийн дуудлага худалдаанд тэгш, шударга оролцох эрхийг нь зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.

 Тухайлбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас өмгөөлөгч Б.Нарантунгалагт  2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/2588 дугаар албан бичгээр3 хүргүүлсэн дуудлага худалдааны талаарх ерөнхий мэдээлэл, Газрын биржийн цахим системд https://www.mle.mn/ оролцогчдын мэдээлэл, үнийн санал өгсөн байдал зэргээс харвал нэхэмжлэгч “ТЗП ” ХХК нь уг дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлж, хураамж болон дэнчингийн мөнгийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлж баталгаажуулсан, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дуудлага худалдаанд оролцохдоо огт үнийн санал өгөөгүй байна.

Үнийн санал өгөөгүй талаараа “...дуудлага худалдааны үнийн саналыг 17.00 цаг хүртэл авах ёстой гэж ойлгон хүлээж байтал 15.06 цагт хаагдаж, ялагч тодорсон...” гэж тайлбарладаг.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/121 дугаар “Газрын биржийн цахим системд тохируулга хийх тухай” тушаалын 1-ийн В-д “Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж, хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулахаар” тохируулжээ.

Газрын биржийн цахим системээс https://www.mle.mn/ үнийн санал өгсөн мэдээллийг харахад оролцогчид 15:03:13 цагаас 15:06:30 цаг хүртэл 15 удаагийн үнийн санал гаргаж оролцжээ.

Ийнхүү дээрх зохицуулсан хугацаанд үнийн санал өгөөгүй, дуудлага худалдаанд оролцох журмыг ойлгоогүй нь нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгчээс өөрийн зөрчигдсөн гэх эрхийн талаар “...дуудлага худалдаанд оролцож, үнийн санал өгөх эрхийг зөрчсөн” гэх тайлбарыг шүүхэд гаргасан, дээрх нөхцөл байдлуудаас “ТЗП ” ХХК-ийн энэ ”эрх” нь  2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2018-799 дугаартай дуудлага худалдааны улмаас зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Нэгэнт нэхэмжлэгчийн  дуудлага худалдаанд оролцох эрх нь зөрчигдөөгүй байх тул маргаан бүхий дуудлага худалдааны ялагчид газар эзэмшүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаар захирамжид хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТЗП ” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргад холбогдуулан гаргасан  “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаар захирамж болон 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2018-799 дугаартай дуудлага худалдааны  “Хаягдлын далангийн зүүн талд байрлах 8 га газар”-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ТЗП ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 120/ШЗ2019/0033 дугаар захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.БАЯРМАА

 


[1] Хэргийн 73 дугаар талд нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газар, хашаа татсан газар, дуудлага худалдаагаар олгогдсон газрын байршлын зураг авагдсан.

2 Хэргийн 19 дүгээр талд Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/7 дугаар  тогтоолоор сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө авагдсан.

3 Хэргийн 6 дугаар талд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас өмгөөлөгч Б.Нарантунгалагт  2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/2588 дугаар албан бичгээр хүргүүлсэн дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл авагдсан.