| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2021/0130/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/230 |
| Огноо | 2021-03-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/230
2021 03 31 2021/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ;
нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал;
хохирогч: Б.Батмөнх;
иргэний нэхэмжлэгч (хариуцагч): Т.Манлайбаатар, түүний өмгөөлөгч С.Уламбаяр;
иргэний нэхэмжлэгч “Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Хулансайхан;
иргэний нэхэмжлэгч “Тээврийн цагдаагийн алба”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Дэлгэрмаа;
гэрч: Д.Алтангэрэл;
гэрч (иргэний нэхэмжлэгч): Н.Идэр;
шүүгдэгч: О.А, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа, Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.А-дад холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод тарсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Фармавишн төлөөлөгчийн газар” менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О.А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч О.А нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өглөөний 06 цаг 25 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1,42% согтолттой үедээ Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Төрийн ордны баруун талын замд “Тоёота Марк-Х” маркийн 02-26 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Төрийн ордны баруун урд талын хашааг мөргөж зорчигч Б.Батмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр юу болсныг сайн санахгүй байгаагаа хэлж байсан. Гэтэл Оюун-Эрдэнэ гэх байцаагч олж таниулах үйл ажиллагаа явуулсан ба “хурууны хээ илэрсэн тул яллагдагчаар татсан” гэж хэлсэн. Намайг яллагдагчаар татахын өмнө Т.Манлайбаатар, Н.Идэр бид гурвыг өдөржин байцаасан. Үүний дараа Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга гэх ахмад Дулмаадорж нь Н.Идэр бид хоёрыг “найзынхаа өмнөөс хэрэг хүлээх хүн байна уу” гэж асууж зориуд хэрэг хүлээлгэхийг завдсан. Мөн машиныг хамгийн анх хэн эхэлж барьсан нь камерын бичлэгт авагдсан байдаг. Тэрхүү бичлэг дээр Т.Манлайбаатар машиныг барьсан байдаг. Хамт байсан эмэгтэй гэрчүүд Б.Батмөнхийг жолоо барьсан гэж мэдүүлдэг. Үүний дараа дахин мэдүүлэг авахад хэн жолоо барьсныг санахгүй байна гэж мэдүүлдэг. Би тэр өдөр жолооны ард суугаагүй. Гэтэл Оюун-Эрдэнэ байцаагч “чамаас өөр хэрэг хүлээх хүн байхгүй. Хөнгөн байгаа дээр хэргээ хүлээвэл шүүх дээр очоод ял хүндрэхгүй” гэж хэлж хэрэг хүлээлгэхийг завдсан. Гэтэл дараа нь Т.Манлайбаатар “Б.Батмөнхийг жолоо барьсан, та нар бүгд буруутай, хэрэв чи хэргээ хүлээвэл хохирлын мөнгийг хувааж төлнө” гэж хэрэг хүлээлгэхийг завдсанаас үүдэж би хэргийг хүлээж яллагдагчаар мэдүүлэг өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батмөнх мэдүүлэхдээ: “...Би 10 дугаар сарын 18-ны өглөө Т.Манлайбаатарын машинд унтаж явсан. Тэгээд нэг мэдэхэд сэрээд хартал миний хөл гацсан байсан. Түргэний машинтай хүмүүс ирж намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэгт очиход “баруун хөлийн шагайн доторх яс хугарсан байна” гэж хэлсэн. Тэр өдрийн маргааш Т.Манлайбаатар, Н.Идэр, О.А гурав над дээр ирсэн. Тэгээд тухайн үеийн үйл явцыг надад тайлбарласан. Т.Манлайбаатар “би машин барьсан, бас цагдаагийн тумбэ очиж мөргөсөн, би ял авбал ажлаасаа гарах гээд байна, харин өөр нэг арга байна” гэж хэлсэн. “Би машин барьж байгаад хоёулаа жолоогоо сольсон гэж хэлж болох уу, хэрвээ чи хэргийг өөр дээрээ авбал чиний зөвхөн эрхийг хасаад өнгөрөөнө, ял оноохгүй” гэж хэлсэн. Би зөвшөөрөөгүй. Учир нь би эрүүл мэндээрээ хохирсон байсан. Удалгүй тэр гурав явсан. Тухайн үеийн ярианы бичлэг надад байгаа. Гэхдээ би ослын үеэс үүдэн өөрийн утсан дээр бичлэг хийх боломжгүй байсан тул аавын утсаар Т.Манлайбаатарын яриаг бичиж авсан. Гэтэл сошиалд “цагдаа М машин барьсан” гэсэн мэдээллүүд явж байгаад хэдхэн цагийн дараа иргэн О.А машин барьсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн байсан. Мөн шүүх эмнэлэг дээр бид гурав шинжилгээ өгөх гэж байхад Манлайбаатар намайг “битгий шинжилгээ өгөөрэй, ял хүндэрнэ” гэж хэлсэн. Ингээд 4 хоногийн дараа Н.Идэр, О.А нар шинжилгээ өгсөн байсан. Намайг эмнэлэгт байхад шүүх эмнэлгээс хүн ирж миний биеийг асуугаад, хүнд гэмтэл авсан эсэхийг тогтоогоод явсан. Энэ хэргийн процесс анхнаасаа буруу байсан санагдаж байна. Хэрэг арай өөрөөр эргэсэн. Яагаад гэвэл Т.Манлайбаатар хамт байж байгаад шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Хүн юм мөргөхөд нүүрээрээ эгц мөргөдөг, гэтэл бид гурвын нүүр зүгээр байсан, харин Т.Манлайбаатарын нүүр хавдартай байсан. Иймд миний биеийг хохироосон хүнийг зөв тогтоогоогүй, жинхэнэ хэрэг хийсэн хүнийг олоогүй гэж үзэж байна. Т.Манлайбаатар гэмтэл дээр ирэхдээ “би машиныг жолоодож явсан” гэж хэлж байсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч (хариуцагч) Т.Манлайбаатар мэдүүлэхдээ: “...Би “Тоёота Марк экс” маркийн 0226 УБЛ тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохирол, тухайн үед гарсан эмчилгээний зардал мөн машины үнэлгээ зэргийн төлбөрийг нэхэмжилж байна. Нийт 12.269.000 төгрөг болсон. Үүнийг О.Ааас нэхэмжилж байна. Одоог хүртэл миний машин явах боломжгүй тул журмын хашаанаас авч чадаагүй байгаа. 2020 оны 10 дугаар сарын 18-аас хойш 157 хоног журмын хашаанд байгаа. Энэхүү журмын хашааны төлбөрийг хоногийн 5000 төгрөгөөр тооцохоор 785.000 төгрөг болж байна. Энэхүү төлбөрийг мөн нэхэмжилж байна. Харин иргэний хариуцагчийн хувьд би тухайн үед юу болсныг сайн санадаггүй. Тухайн үеийн нөхцөл байдлаас үүдээд 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш манай найзууд “Манлай чи машин барьсан” гэж хэлж байсан. Тэр үед Гэмтлийн эмнэлэгт Б.Батмөнх хэвтэж байсан. Нэг мэдэхэд олон сайтаар цагдаагийн албан хаагч хүн амины хэрэг үйлдсэн гэх мэдээллүүд гарсан байсан. Энэ талаар би байцаагчдаа хэлэхэд мэдээлэл устсан гэж хэлсэн. Ингээд би өөрийгөө машин барьсан гэх ухагдахууныг авсан байсан. Ингэж бодож байтал мөрдөн байцаалтын явцад миний бодол өөр болоод Б.Батмөнхөд “чи машин барьсан юм биш үү, барьсан бол үнэнээ хэлчих, үгүй бол би ажлаасаа гарахаас эхлээд маш олон асуудал болох гээд байна” гэж хэлсэн. Мөн би “машины мөнгө нэхэмжлэхгүй” гэдгийг ч хэлсэн. Хоёр байгууллагын хохирлыг машин жолоодсон хүнээс нэхэмжлэх ёстой байх гэж үзэж байна. Би хэрэв машин жолоодсон бол иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн барагдуулах байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулансайхан мэдүүлэхдээ: “...Төрийн ордны 2.9 метр төмөр хашаанд эвдрэл гарсан. Энэхүү хашааг Хятад Улсад захиалж хийлгэсэн. Хашааг засуулахаар олон хүнтэй уулзаж асуусан. 1.950.000 төгрөгөөр хашааг хийх боломжтой гэж хэлсэн. Хашаа эвдэрсэн байдалтай байж болохгүй тул 250.000 төгрөгийн зардал гаргаж түр зуур тогтоосон байгаа. Хашааг хийлгэхэд хэдэн төгрөг зарцуулахыг мэргэшсэн хүнээс асууж бодит дүнг гаргасан. Ингэхэд 4.585.598 төгрөгийн өртөг бүхий төсөв гарсан. Ажиллах хүчний зардал, материал тээврийн зардал бүгд орсон байгаа. Энэ зардлыг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Хашааг Улаанбаатар төмөр замаар хийлгэх гэж байгаа. Өмнөх шиг цул төмрөөр хашааг хийх боломжгүй болсон байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “Тээврийн цагдаагийн алба”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрмаа мэдүүлэхдээ: “...Тээврийн цагдаагийн албанаас замын цагдаагийн зохицуулагчийн постыг нэхэмжилж байгаа. Энэхүү тумбэний анхны өртөг 2.500.000 төгрөг байсан боловч, одоо 3.296.224 төгрөгөөр хийлгэхээр байгаа. Түмбэ хийх зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Зохицуулагчийн постыг Улаанбаатар зам засвар ашиглалтын газраар хийлгэх гэж байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Алтангэрэл мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны оройн 22 цагаас өглөөний 9 цаг хүртэл үүрэг гүйцэтгэх байсан. Ажил дээр байж байхад харуул надад дуудлага өгсөн. Тэрний дагуу явж байхад маш хүчтэй чимээ гарсан. Тэгээд очиход хар өнгийн машин Төрийн ордны баруун урд хашааг мөргөсөн байдалтай, замын цагдаагийн зохицуулалтыг мөргөсөн байсан. Жолооч талын цонхоор харахад жолоочийн суудалд хүн байхгүй эсрэг талд нэг залуу, хойно нь гурван залуу сууж байсан. Намайг очиход өглөөний 6 цаг 30 минут болж байсан. Талбайн 2 цагдаа бас ирсэн. Араас түргэний тэрэг ирсэн. Дараа нь тээврийн цагдаагаас бүрэлдэхүүн ирсэн Тухайн үед хэн машин барьсан, бариагүй талаар яриа болоогүй. Намайг ирснээс хойш 5 минутын дотор цагдаа ирсэн. Тэнд гүйж байсан хүмүүс бас ирсэн байсан. Цагдаа жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан залууг гаргасан ба дараа нь бусад хүмүүсийг гаргасан. Арын суудалд сууж байсан 3 залуу эрүүл биш байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч (иргэний нэхэмжлэгч) Н.Идэр мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр бид нар Б.Батмөнхийн төрсөн өдрийг тэмдэглэхээр “Фума” гэх газар уулзсан. Тэндээ сууж байгаад гараад “Зү” гэх караокед очсон. Тус газарт очсоны дараа араас Т.Манлайбаатар ирсэн. Тэндээс гараад шууд бүгдээрээ машинд суусан байсан. Би найзууд дээрээ очоод “яах гэж байгаа юм бэ” гэхэд “явцгаая” гэсэн. Тэгээд бүгдээрээ Т.Манлайбаатарын машинаар явсан. Т.Манлайбаатар хэсэгтээ машин барьж явж байгаад хэтэрхий согтуу байна гээд Б.Батмөнх жолоонд суусан. Тэгээд бид нарыг хүргэж өгөхөөр хөдөлсөн. Эхлээд Хүнсний 4 дүгээр дэлгүүр орсон, цаашаа “Өгөөмөр” зах руу явсан. Тэнд О.Аын найз охин Цэнд-Аюушийг хүргэж өгсөн. Гэрийнх нь үүдэнд очоод О.А, Б.Батмөнх хоёр гэрт нь оруулахаар орц руу нь орсон. Тэр үед Т.Манлайбаатар буцаад жолоонд суусан. Би Т.Манлайбаатарт “битгий жолоо барь” гэж хэлэхэд “зүгээрээ би барьчихъя” гэсэн. Би “өөрөө мэд” гэж хэлсэн. Т.Манлайбаатарын анхны согтуугаар жолоо барьсан тохиолдол биш байсан. Ингээд “Өгөөмөр” орсны дараа бид нар Натур орж Ариунболдыг буулгасан. Дараа нь Нарны зам руу явсан. Гэтэл Т.Манлайбаатар “хэдүүлээ түр зогсъё” гэж хэлээд машинаа зогсоосон. Тэгээд шинэ гүүрний тэнд бөөндөө зогссон. Би Т.Манлайбаатарыг бөөлжүүлсэн. Энэ хугацаанд нэлээн хугацаа өнгөрсөн. Тэгээд “зүгээр үү” гэхэд Т.Манлайбаатар “би одоо гайгүй болчихлоо” гэж хэлсэн. Тэр үед би “машин барья” гэхэд Т.Манлайбаатар “хэрэггүй, би барья” гээд надаар жолоо бариулаагүй. Бид нар цаашаа хөдлөөд явсан. Т.Манлайбаатар өмнөхөөсөө царай зүс нь гайгүй болсон харагдсан. Тэгээд би тайвшраад машинд ороод унтсан. Нэг мэдэхэд намайг цагдаа сэрээсэн. Сэрэхэд осол болсон байсан. Т.Манлайбаатар миний дээр хэвтсэн байдалтай байсан. Иргэний нэхэмжлэгчийн хувьд шүүгдэгч О.Ааас нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 4-5/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-11/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 12-16/, Т.Манлайбаатар, Н.Идэр, О.А, Б.Батмөнх нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 17-20/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 27, 36, 57, 62, 68/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 28-34, 37-43, 44-55, 58-61, 63-67, 69-75/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 76-85/, хохирогч Б.Батмөнх /1хх-ийн 87-88/, иргэний нэхэмжлэгч (хариуцагч) Т.Манлайбаатар /1хх-ийн 92-93/ нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 94/, Т.Манлайбаатараас гаргаж өгсөн хохирлын баримтууд /1хх-ийн 96-100/, иргэний нэхэмжлэгч Н.Идэр /1хх-ийн 102/, иргэний нэхэмжлэгч “Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулансайхан /1хх-ийн 106/ нарын мэдүүлэг, төмөр хашааны засварын ажлын гүйцэтгэлийн төсөв /1хх-ийн 109-126/, Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын товч тэмдэглэл /1хх-ийн 127-128/, иргэний нэхэмжлэгч “Тээврийн цагдаагийн алба”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрмаагийн мэдүүлэг /1хх-ийн 132/, Тээврийн цагдаагийн албаны Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэл /1хх-ийн 136-138/, Тээврийн цагдаагийн албаны хохирлын баримтууд /1хх-ийн 139-142/, гэрч Б.Нармандах /1хх-ийн 143-144/, гэрч Э.Цэнд-Аюуш /1хх-ийн 160-161/, гэрч Д.Алтангэрэл /1хх-ийн 162-163/, гэрч Т.Гаваажамба /1хх-ийн 165-166/, гэрч И.Буян-Очир /1хх-ийн 168-169/, гэрч А.Ариунболд /1хх-ийн 171, 172/, гэрч Д.Мандухай /1хх-ийн 173-174/, гэрч Б.Даваажав /1хх-ийн 176-177/, гэрч Э.Батбаасан /1хх-ийн 178-180/, гэрч Д.Энхбат /1хх-ийн 181-183/, гэрч Н.Идэр /1хх-ийн 186/, гэрч О.Буянхишиг /1хх-ийн 189/, гэрч Э.Төгөлдөр /1хх-ийн 191/, гэрч Т.Одбаяр /1хх-ийн 193/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 196-197, 199-200, 202-203, 205-206/, мөн хүрээлэнгийн цус, шээсэнд хийсэн шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 208-209, 212-212, 216-217, 220-221, 224-225, 228-229, 232-233, 236-237, 240-242, 244-245, 248-249/, гарын мөрөнд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд /2хх-ийн 5-13/, СD-нд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 16-19/, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлбан /2хх-ийн 25-29/, мөрдөгчийн магадлагаа /2хх-ийн 30-32/, Б.Батмөнхийн Гэмтэл Согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн өвчний түүх /2хх-ийн 69-77/, Төв шуудангийн зүүн урд уулзварын гэрлэн дохионы горим /2хх-ийн 98/, эд мөрийн баримтаар хураан авах прокурорын тогтоол /2хх-ийн 99/, Б.Батмөнх, Т.Манлайбаатар нарт оногдуулсан шийтгэлийн хуудас /2хх-ийн 84, 87/, О.Аын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 46-47/, О.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 49, 57, 59-62, 64-67/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.А нь согтуурсан үедээ “Тоёота Марк-Х” маркийн 0226 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2020 оны 10 дугаар сарын 18-ны өглөөний 06 цаг 25 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Төрийн ордны баруун урд талын хашааг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Батмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Батмөнхийн /1хх-ийн 87-88/: “...хэн машиныг жолоодоод хөдлөөд явсныг нь санахгүй байна. Нэг мэдсэн миний сууж явсан машин осол гаргачихсан зогсож байсан. ...би яаж машины урд талд ороод сууснаа ч санахгүй байна. Миний хөл эвгүй болсон. ...маш их өвдөлт өгч байсан. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Нармандахын /1хх-ийн 143-144/: “...хар машин хурдаа хасалгүй чигээрээ хойшоо явсаар байгаад Сүхбаатарын талбай дээгүүр явж байгаад Засгийн газрын ордны баруун урд талын хашааг эрчээрээ очоод мөргөөд зогссон. Би тэр ослыг харангуутаа ослын газар явж очсон. Би очих замдаа өөрийн утаснаасаа 102-т осол гарсан талаар дуудлага мэдээлэл өгсөн. Би цагдаад дуудлага өгөөд утасныхаа цагийг хартал 06 цаг 25 минут болж байсан. Би ослын газар хамгийн түрүүнд явж очсон. Намайг ослын газар очиход 02-26 УБЛ дугаартай хар өнгийн “Тоёота Марк-Экс” маркийн автомашин хашаа мөргөсөн байдалтай зогсож байсан. Машины урд талд төв шуудангийн уулзвар дээр байдаг цагдаа гарч зохицуулдаг бөөрөнхий тавцанг хашаанд наагаад зогсож байсан. Тэр машины жолоочийн талд буюу баруун талд улаан хар өнгийн шоотой ноосон цамцтай, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй махлагдуу дугуй царайтай, жижиг богино үстэй, үсээ хажуу тийш самнасан залуу зүлэгний хашлага дээр 1 гараараа толгойгоо бариад тонгойгоод сууж байсан. ...тэр сууж байсан улаан цамцтай залуу гэнэт босож ирээд юу ч дуугаралгүй машиныхаа хойно ороод суусан. Тэр залууг машиндаа суусны дараа удалгүй төрийн хамгаалалтын бололтой ногоон эрээн хувцастай 2 хүн ирсэн. ...тухайн үед машинаас нэг ч хүн бууж ирээгүй. ...2 замын цагдаа машин дотор байсан хүмүүсийг “бүгд машинаас бууцгаа” гэхэд машины хойд талаас эхлээд улаан цамцтай залуу буусан, дараа нь бараан өнгийн жакеттай залуу, хамгийн сүүлд хар өнгийн пальтотой залуу бууж ирсэн. Машины хойд талаас 3 хүн бууж ирсэн. Тэр гурван хүн согтуу байх шиг байсан. ...машины урд жолоочийн хажуу талд сууж байсан залуу машинаасаа бууж чадахгүй байсан. Учир нь машины зүүн урд талын буюу жолоочийн эсрэг талын урд хаалга гүйцэт онгойхгүй хүн буух боломжгүй байсан. ...намайг ослын газар очиход машин асаалттай мотор нь ээрээд чанга дуугарч байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч И.Буян-Очирын /1хх-ийн 168-169/: “...2020 оны 10 дугаар сарын 18-нд Төрийн ордны урд талын Чингис хааны хөшөөний хаалга дээр үүрэг гүйцэтгэж байсан. Өглөө 06 цаг 29 минутад талбайн баруун урд зүгээс зүүн хойд чиглэлд урдаа маш том хар юм түрсэн хар өнгийн суудлын автомашин их дуу чимээ гаргаад Төрийн ордон чиглээд ирж байсан. Би станцаар дарга болон баруун урд постны ахлагчид мэдээ өгсөн. Нөгөө автомашин хурдаа хасалгүй чигээрээ явсаар баруун талын төмөр хашааг мөргөөд зогссон. Зогсоод 10-20 секунтын дараа автомашины баруун урд талаас улаан өнгийн шоотой цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, цагаан пүүзтэй махлагдуу, дунд зэргийн нуруутай бордуу царайтай залуу гарч ирээд ослын газрын хажуугийн цэцгийн мандал дээр сууж байх үед нь түүгээр гүйж явсан хүмүүс тэр залуугаас “зүгээр үү” гэж асууж байсан. Тэр залуу шууд босоод автомашины баруун хойд хаалгаар ороод суучихсан. Дахиж гарч ирээгүй, удалгүй дарга гарч ирээд очсон. Би цэгээсээ холдоогүй, бүх зүйлийг харж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Алтангэрэлийн /1хх-ийн 162-163/: “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 06 цаг 29 минутын үед Төрийн ордны урд талын Чингисийн хөшөөний пост дээр үүрэг гүйцэтгэж байсан Буян-Очир станцаар надад болон Г.Гаваажамбад “урдаас 1 автомашин талбай руу даялаад урдаа юм аччихсан юм шиг их дуу чимээ гаргаад явж байна” гэж хэлсэн. Би ажиглаж бай гээн команд өгөөд өөрөө гартал хүчтэй дуу чимээ гараад баруун урд цэгээс “хашаа мөргөчихлөө” гэсэн....” гэх мэдүүлгээр,
иргэний нэхэмжлэгч (хариуцагч) Т.Манлайбаатарын /1хх-ийн 92-93/: “... “Тоёота Марк-Х” маркийн 02-26 УБЛ дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Ослын улмаас миний хүзүүнд зөөлөн эдийн гэмтэл учирсан. ...тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан хохирол болох 11.550.000 төгрөг, толгой хүзүүний компьютер томаграфикын төлбөр болох 200.000 төгрөг, машины үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 519.000 төгрөг буюу нийт 12.269.000 төгрөгийн хохирлыг О.Ааас нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
иргэний нэхэмжлэгч “Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулансайханы /1хх-ийн 106/: “...бетонон суурьтай 2.9 метрийн урттай ширмээр хийгдсэн хашаа эвдэрсэн. ...байгууллагын өмч болох зам тээврийн ослын улмаас эвдэрсэн хашааг засварлахад гарах зардал 4.585.598 төгрөгийг жолооч О.Ааас нэхэмжилнэ...” гэх мэдүүлгээр,
иргэний нэхэмжлэгч “Тээврийн цагдаагийн алба”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрмаагийн /1хх-ийн 132/: “...Төв шуудангийн уулзварын голд байрлах замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулахад зориулагдсан тавцан дахин ашиглах боломжгүйгээр эвдэрсэн байсан. ...одоо дахин шинээр Улаанбаатар зам засвар арчлалтын газар /ОНӨААТҮГ/-аар 3.296.216 төгрөгөөр хийлгүүлж байгаа. Уг зардлыг О.Ааас нэхэмжилнэ...” гэх мэдүүлгээр,
“...жолооч О.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ “...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаагаар /2хх-ийн 30-32/,
О.Аын яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 46-47/: “...би Б.Батмөнхтэй жолоогоо сольж Б.Батмөнх машины хойд талд суугаад би машиныг жолоодоод Ариунболдын гэр рүү явсан. “Натур” төвийн тэнд очоод Ариунболдыг гэрт нь буулгаад цааш хөдөлсөн. Тэгээд явж байтал Манлайбаатар, Идэр хоёр Замын цагдаагийн баруун талын шинэ гүүрний доор машинаас буугаад бөөлжсөн. Цааш хөдлөөд явах үед Б.Батмөнх хойно сууж байгаад машины урд талд орж ирж суусан. Тэндээсээ Н.Идэрийг гэрт нь хүргэж өгөх гээд хөдлөөд явсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд бөөн цагдаа нар ирсэн байсан. Мөн түргэн тусламжийн машин ирсэн байсан. Бид нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад минийхээс 1,42 хувийн согтолттой гэж гарсан...” гэх мэдүүлгээр,
Б.Батмөнхийн биед “баруун шагайн дотор хавчаар ясны далд хугарал, баруун өвдөгт цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12143 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 196-197/ болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 4-5/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 6-11/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 12-16/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 28-34, 37-43, 44-55, 58-61, 63-67, 69-75/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 76-85/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаагаар тогтоосон, ослын улмаас иргэн, байгууллагад учирсан хохирлын хэмжээг баримтуудаар тогтоосон, мөн зам тээврийн ослын улмаас зорчигч Б.Батмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, О.А хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзсэн болно.
Ийнхүү шүүгдэгч О.А нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах эрсдэлийг эрс нэмэгдүүлэх учиртайг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодон улмаар зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Батмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж буй гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч нараас “энэ гэмт хэргийг өөр хүн үйлдсэн байж болзошгүй, тухайн үед автомашиныг Т.Манлайбаатар жолоодож яваад осол гаргасан талаараа өөрөө хэлж байсан, хэрэгт н.Дулмаадорж гэгч цагдаагийн байгууллагын албан тушаалтан нөлөөлж будилаантуулсан, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн” талаар хүсэлт, гомдлыг гаргасан. Цаашилбал өмгөөлөгч нар “Т.Манлайбаатар автомашиныг жолоодож яваад осол гаргасан байх боломжийн талаар дурдаж нотолгооны үндэслэлээр хэргийн газарт очсон цагдаагийн алба хаагч гэрч Э.Батбаасангийн мэдүүлгийг иш татан заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2020 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 06.30 цагийн үед “Тоёота Марк-Х” маркийн хар өнгийн 0226 УБЛ дугаартай автомашин Төрийн ордны баруун урд талын хашааг мөргөж зам тээврийн осол гаргаж зогссон, тухайн автомашины жолооч талын суудлаас улаан хар өнгийн шоотой цамцтай, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, махлагдуу дугуй царайтай залуу бууж ирсэн, уг залуу хэсэг хугацааны дараа машины хойд талын суудал руу орж суусан, автомашинаас өөр хүн бууж ирээгүй болохыг иргэн Б.Нармандах (1хх-ийн 143-144), Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан И.Буян-Очир (1хх-ийн 168-169) нар гэрчилж, Б.Нармандах (1хх-ийн 76-85) уг харсан хүнээ таньж олуулах ажиллагааны явцад зааж өгчээ. Мөн тэдний мэдүүлэг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр (1хх-ийн 63-67) баталгаажсан байна.
Зам тээврийн осол, хэрэг гарах үед шүүгдэгч О.А ганцаараа улаан хар өнгийн шоотой цамц, хар өнгийн өмд, цагаан өнгийн пүүз өмсөж явсан нь (1хх-ийн 21, 37-43, 58-61) хөдөлбөргүй тогтоогдсон. Эдгээр нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын бодитой эсэхэд О.А, түүний өмгөөлөгч нарын гомдолд заасан үндэслэл эргэлзээ төрүүлэх хэмжээнд үнэлэгдэхээргүй байна.
Мөн гэрч Э.Батбаасан нь хэргийн газарт Б.Нармандах, И.Буян-Очир нарын дараа хожим очсон бөгөөд мэдүүлэг өгөхдөө “Т.Манлайбаатарыг автомашин жолоодож яваад осол гаргасан байж магадгүй” гэж сэжиг, таамаг бүхий зүйл хэлсэн нь шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын зам тээврийн осол Т.Манлайбаатарын үйлдэлтэй холбоотой байж болох таамаглал үндэслэлтэй байж чадахгүйг илтгэх ажээ.
Гэрч (иргэний нэхэмжлэгч) Н.Идэр мөрдөн байцаалтад “тухайн үед автомашиныг хэн жолоодож явсан талаар мэдэхгүй” гэж, шүүх хуралдаанд “тухайн үед автомашиныг Т.Манлайбаатар жолоодож яваад зам тээврийн осол гаргасан” гэж зөрүүтэй мэдүүлсэн байх боловч түүний мэдүүлгүүдийг бусад нотлох баримттай харьцуулах байдлаар нягтлаад гэрч мөрдөн байцаалтад илүү үнэн зөв мэдүүлэг өгсөн байна гэж дүгнэв.
Түүнчлэн мөрдөгч, прокурор хараат бусаар ажиллаж хэргийн үйл баримтыг тогтоосон тул энэ хэрэгт н.Дулмаадорж гэгч нөлөөлж будилаантуулсан гэх, “Т.Манлайбаатар автомашин жолоодож явсан гэж өөрөө ярьж байсан” гэх гомдол ач холбогдолгүй, О.А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж, хүнийг хүндэвтэр гэмтээснийг хөдөлбөргүй нотолж буй бусад хангалттай нотлох баримтуудыг үгүйсгэх, тэдгээрт эргэлзээ төрүүлэх нөлөөтэй байж чадахгүй юм.
Эцэст нь дүгнэхэд энэ хэрэгт шаардлагатай бүхий л байдлыг бүрэн шалгаж тогтоосон, тухайлбал мэдүүлэг өгч болох гэрчүүдийг бүгдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгэсэн, шаардлагатай баримт сэлт, лавлагаа, эд мөрийн баримтыг гаргуулсан, шүүгдэгчийн хувийн байдлыг шалгаж тогтоосон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ноцтойгоор зөрчигдөөгүй байх тул дахин гэрч байцаах, баримт сэлт гаргуулах байдлаар нотолгоо цуглуулах нь илүүц, шүүх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээс өөр үр нөлөө авчрахгүй бөгөөд О.А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, хүнийг хүндэвтэр гэмтээсэн нь тодорхой байх бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, нөхцөл байдал байж болох талаар эргэлзээ төрөхөөргүй байна.
Иймд шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа, Д.Гомбо нарын гаргасан хүсэлт, гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Тээврийн хэрэгслийн эзэмшигч эсхүл өмчлөгч нь тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдад учирсан гэм хорыг өөрөө гэм буруутай эсэхээс үл хамааран хариуцна гэж үзэж О.А-ад холбогдох хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлүүлэх зорилгоор Т.Манлайбаатарыг иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
Гэвч энэхүү зохицуулалтын хүрээнд иргэний хариуцагчаар төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоохдоо эхний ээлжид гэмт хэрэг үйлдсэн этгээд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй болохыг анхаарах нь зүйтэй.
Тухайн үед хэн нь ч тээврийн хэрэгсэл жолоодон явааг мэдэхээргүй хэт согтолтын улмаас ээлж дараалан дураараа жолоо шилжүүлэн жолоодсон, энэ байдлын улмаас тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн эзэмшилд шилжиж тэрээр тээврийн хэрэгслийг жолоодон яваад зам тээврийн осол гаргажээ.
Ийм учраас тээврийн хэрэгслийг шүүгдэгчийн эзэмшилд шилжүүлэх болсон шалтгаан, зам тээврийн осол гарахад хүргэсэн нөлөө, эд хөрөнгийн хувьд хохирсон байдал, хохирогч нарт учирсан нийт хохирлын хэмжээ зэргийг харгалзан Т.Манлайбаатарын үйл ажиллагаанд эрүүгийн болон иргэний эрх зүйн хариуцлага хүлээлгэх гэм буруу тогтоогдохгүй байх тул түүнээс гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирол, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь баримтаар бүрэн тогтоогдсон иргэний нэхэмжлэгч Т.Манлайбаатарын 12.269.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч “Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар”-н 4.585.598 төгрөгийн, “Тээврийн цагдаагийн алба”-ны 3.296.216 төгрөгийн хохирлыг шүүгдэгч О.Ааас гаргуулж тэдэнд олгох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч О.А шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст дээрх хохирол төлбөрийг бүрэн нөхөн төлсөн, мөн хохирогч Б.Батмөнх, иргэний нэхэмжлэгч Н.Идэр нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч Б.Батмөнх цаашид эмчилгээтэй холбоотой гэм хорын нөхөн төлбөрийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх, иргэний нэхэмжлэгч Т.Манлайбаатарын 785.000 төгрөгийн (журмын хашааны төлбөр) нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж буйг дурдаж байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.
Шүүгдэгч О.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;
зам тээврийн ослын улмаас гэмтэж хохирсон иргэдийн биеийн байдал, цаашид гарах үр дагавар;
хохирогч Б.Батмөнх, иргэний нэхэмжлэгч Н.Идэр нар түүнд энэрэнгүй хандаж, мөнгөн төлбөр нэхэмжлээгүй;
гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нөхөн төлбөрийг тогтоогдсон баримтын хүрээнд нөхөн төлсөн;
урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчид эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихыг хориглож хязгаарлах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан О.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.А зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, уг хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
4. Шүүгдэгч О.А эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос бусад тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчихыг хориглож хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О.А зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Иргэний хариуцагч Т.Манлайбаатар нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
9. Хохирогч Б.Батмөнх цаашид эмчилгээтэй холбоотой гэм хорын нөхөн төлбөрийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх, иргэний нэхэмжлэгч Т.Манлайбаатарын 785.000 төгрөгийн (журмын хашааны төлбөр) нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ