Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/250

 

 

 

 

 

 

 

 

 

 2021        04          06                                    2021/ШЦТ/250

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр,

улсын яллагч: Ц.Амгаланбаатар,

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт, хэрэг хариуцах чадвартай, урьд: 

-Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 cap баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 01 сар 27 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлж 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдөр суллагдсан,  

-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн,

-Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008  оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 9 хоногийн хорих ялын зарим болох 1 жил 10 сар хорих ялыг нэмж нэгтгэн 7 жил 4 cap хорих ялаар тогтоож, Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан,

 -Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 1 хоногийн баривчлах ял шийтгүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/438 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, цагдан хоригдсон 51 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож ял эдэлсэнд тооцон суллагдсан, Б.Б.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

          Яллагдагч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Хангай хотхоны 505 дугаар байрны В-1 давхрын өрөөний цонхоор орж кен маркийн гагнуурын аппарат 1 ширхэг, кен маркийн цохилттой дрилл 2 ширхэг, гар таслагч 1 ширхэг, молдок 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч иргэн Г.Гантулгад 600.000 төгрөгийн хохирол учруулан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/, хохирогч Г.Гантулга /хх-ийн 10-12, 13-14/, гэрч Н.Ганбаатар /хх-ийн 17-18/, гэрч Б.Нандинбилэг /хх-ийн 19-20/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/, Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-46, 47-49/, Б.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 50, 88/, Б.Бын урьд өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 53-65/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 505 дугаар байрны В-1 давхрын өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч иргэн Г.Гантулгын эзэмшлийн “КЕN” маркийн гагнуурын аппарат 1 ширхэг, “КЕN” маркийн цохилттой дрилл 2 ширхэг, таслагч (гар) 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогч Г.Гантулгын /хх-ийн 10-12, 14/: “...2020 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө гэртээ амарч байтал харуул Н.Ганбаатар “СӨХ-н хажуу талын өрөөнд хулгай орчихсон, хулгайчийг нь бариад авчихсан, таныг цагдаа дээр дуудаж байна” гэхээр нь гарч ирээд СӨХ-н хажуу талын өрөөнд ортол цонх онгорхой молдок цонхон дээр тавьчихсан байсан. ...манай байгууллагаас Кен маркийн гагнуурын аппарат 1 ширхэг, Кен маркийн цохилттой дрилл 2 ширхэг, гар тасдагч 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсныг хажуу талын хашааны өвсөн дундаас олж авсан. Тухайн эрэгтэй нь мэдэгдэхгүй гээд өөрийнхөө өмсөж явсан куртикээр уг багажуудыг бүтээсэн байсан. ...Хулгайч нь молдокыг авч гарах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан...” гэх мэдүүлгээр,

гэрч Н.Ганбаатарын /хх-ийн 17-18/: “...2020 оны 10 дугаар сарын 11-ний шөнийн 02 цаг 05 минутын үед 505 дугаар байрны ...В-1 давхрын өрөөний гэрэл асах шиг болсон. Би гайхаад очтол 35 орчим насны архи үнэртүүлсэн эрэгтэй молдок барьчихсан цонхоор авирч байсан. Намайг харснаа “чи энийг авчих, би энд ажилладаг хүн байна” гэсэн. ...цонхоор гарах гэхэд нь би түлхээд унагаачихсан чинь хаалгаар гараад явчихсан. Би орцоор ороод 2 давхарт байж байхад нь бариад цагдаад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Нандинбилэгийн /хх-ийн 20/: “...2020 олны 10 дугаар сарын 12-ны өглөө над руу залгаад ...туслахаар ажиллаж байгаа залуу хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэж хэлсэн. Тэгээд би Хангай хотхоны харуулын байран дээр очиход Б.Б байгаагүй. Хяналтын камерын бичлэгийг үзэхэд Б.Б мөн байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 49/: “... ганцаараа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхонд очсон. Манай захирал Баяраагийн ...хаалга суулгаж байсан байранд очоод хаалгаар нь дотогш нэвтэрч ороод гагнуурын аппарат 1 ширхэг, цохилттой дрилл 2 ширхэг, гар тасдагч зэргийг өргөж хаалгаар гараад машин зогсоолын тэнд байрлах өвс рүү тавиад ...буцаж орц руу ороод унтаад өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд бариад авсан...” гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох  баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч иргэний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг шүүгдэгч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж дээрх нотлох баримтуудад шүүх итгэж, үнэмшсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Б.Б нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч байхдаа үйлдэл дээрээ баригдсан тул түүний үйлдлийг хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх үндэстэй...” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан.

 

Б.Б нь дээр дурдсанчлан нууц далд аргаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдан гагнуурын аппарат, дрилл, тасдагч зэрэг багажуудыг өөр газарт зөөвөрлөн аваачин нууж өөрийн эзэмшилд авч тэдгээрийг захиран зарцуулах бодит боломжийг өөрт буй болгосон нь хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнийг илтгэнэ. Харин гагнуурын аппарат, дрилл, тасдагч зэрэг багажууд хулгайлагдсан байхад сүүлд молдок (бетон  цутгамал эвдэгч) багажийг авч гарах гэж байгаад амжаагүй баригдсан нь тусдаа үйлдэл эсхүл ерөөс бүх эд зүйлийг хулгайлахаар завдсан мэтээр дүгнэх боломжгүй гэж шүүх үзсэн.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шунахайн сэдэлтээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй Б.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

           

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Гантулга “...эд зүйлээ олж авсан...” гэх мэдүүлэг  хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд дараах нөхцөл  байдлуудыг харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн;

 

бусдад төлөх төлбөргүй;

 

шүүгдэгч Б.Бын үйлдэл нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч буюу хулгайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар шунахайн сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн зэрэг болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

 

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Харин гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Быг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 (хоёр) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ