Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/257

 

 

 

 

 

 

 

 

   2021       04          06                                      2021/ШЦТ/257

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Г.Баярмаа; 

шинжээч эмч: Н.Энхцолмон;

хохирогч: Э.Баянжаргал, түүний өмгөөлөгч М.Хандармаа;

шүүгдэгч: Б.Ч, түүний өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Халиунаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Ч.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Ч нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн ... гэртээ иргэн Э.Баянжаргалтай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр шууны цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ: “...Би гэрлэлтээ цуцлуулаагүй. Одоо Э.Баянжаргалаас тусдаа амьдарч байгаа. Би өөрийн 3 хүүхдийн эх Э.Баянжаргалд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь халдан зодож гэмтэл учруулаагүй болно. Би 2010 онд Америк Улс руу явахын тулд гэрлэлтийн баталгаатай байх шаардлагатай болсон. 2010 оны 12 дугаар сард шуурхай зар сонины танилцъя булангаас Э.Баянжаргалтай анх танилцаж байсан. Э.Баянжаргалтай уулзаад “Америк Улсын визэнд орохын тулд гэрлэлтийн баталгаа хэрэгтэй байна” гэдэг талаар хэлж байсан. Америк Улсын виз гаргуулахаар мөнгө өгч байсан. Э.Баянжаргал нь өмнө гэрлэж байгаагүй. Тэгээд “чамайг зөвшөөрвөл гэрлэлтээ батлуулъя” гэж надад хэлж байсан. Би эхэлж Америк Улс руу яваад дараа нь Э.Баянжаргалыг татах гэх мэт зүйлсийг ярилцаж байсан. Э.Баянжаргал надтай гэрлэхийг зөвшөөрч 2011 оны 01 дүгээр сард гэрлэлт батлуулах зорилгоор Баянзүрх дүүргийн сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт орсон. Тухайн үзлэгийн эмч Энхтүвшин нь Э.Баянжаргалыг үзээд надад “сэтгэцийн өвчтэй хүн байна, гэрлэж болохгүй” гэж хэлээд сэтгэцийн хувьд эрүүл гэсэн бичиг хийж өгөөгүй. Би тухайн эмчээс “Америк Улс руу явах гэж байгаа, виз гаргадаг хүнд мөнгийг нь өгсөн, бас удахгүй визэнд орох бодолтой байгаа тул Э.Баянжаргалыг сэтгэцийн хувьд эрүүл гэсэн бичиг хийж өгөөч” гэж гуйсаар байгаад Э.Баянжаргалыг сэтгэцийн хувьд эрүүл гэсэн бичиг авч 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулж байсан. Хохирогч Э.Баянжаргал бид хоёр 2011 онд гэр бүл болж 3 сайхан хүүхдийн эцэг эх болсон. Хамт амьдарч эхлэх үеэс буюу эхний хүүхэд төрөх үеэс эхлүүлж Э.Баянжаргал нь хамтын амьдралдаа сэтгэл хангалуун биш, уур уцаартай, үргэлж өөрийгөө гэмтээх, амиа хорлох оролдлого хийж байсан. Тухай бүрд нь Э.Баянжаргалыг болиулахаар тэмцэлддэг байсан. 2016 онд Баянгол дүүргийн чих хамар хоолойн эмч Э.Баянжаргалд үзлэг хийчихээд сэтгэцийн эмчид үзүүлэх талаар надад хэлж байсан. Одоо Э.Баянжаргал намайг хүчээр Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвд хэвтүүлсэн гэж мэдүүлдэг боловч түүний өвчний түүх болон бусад тэмдэглэлүүдээс өөрөө сайн дураараа хэвтэн эмчлүүлсэн нь тодорхой харагдаж байгаа. Тухайн үед Э.Баянжаргал сэтгэл гутрал, амиа хорлох эмгэг, зан аашийн өөрчлөлт, дасан зохицох эмгэг гэсэн оноштой эмчилгээ хийлгэсэн бөгөөд тухайн үедээ ч амиа хорлох оролдлого хийж байснаа өөрөө эмчид хэлж байсан талаар тэмдэглэлүүд байгаа. Э.Баянжаргал хэвтэн эмчлүүлж байхдаа надаас “эмнэлгээс гаргаад өг, хүүхдээ санаад байна, дахиж муухай үйлдэл хийхгүй” гэж гуйгаад байхаар нь Гантулга эмчээс гуйж хүсэлт тавиад 10 хоногийн дараа түүнийг эмнэлгээс гаргуулж байсан. Гантулга эмч надад “ийм өвчтэй хүмүүс өөрт нь хамгийн сайн хүндээ хамгийн хатуу ширүүн ханддаг” гэж хэлж байсан. Э.Баянжаргал нь гүйцэд эмчлүүлээгүй эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарсан өдрөө л дахин хутга барьж амиа хорлох оролдлого хийж би Э.Баянжаргалтай ноцолдож байсан. 2016 оны 3 дугаар сард Э.Баянжаргал нь Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвөөс гараад сэтгэцийн өвчин нь улам ихсэж, шалтгаангүй уурлаж, хэрэлдэж эхлэх болсон. Э.Баянжаргал амиа хорлох гээд байдаг нь ч өөрчлөгдөөгүй байсан тул 2016 оны 7 дугаар сард яг энэ шалтгаанаар гэрлэлт цуцлуулах талаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах төвд хандаж байсан.  2019 онд мөн шүүхэд гэрлэлтээ цуцлуулж 3 хүүхдээ өөрийнхөө асрамжид авахаар хандаж, дараа нь Э.Баянжаргалын 3 удаагийн хүсэлтээр өргөдлөө буцаан авч эвлэрч байсан. Би Э.Баянжаргалыг хүчирхийлдэг байсан бол юу гэж удаа дараа Э.Баянжаргалаас салах өргөдлийг шүүхэд хандан гаргах билээ. Салах шалтгаан бүр нь түүний амиа хорлох гэдэг эмгэгтэй холбоотой байсан. Би маш их хүч энерги зарцуулж энэ хүнтэй хамтран амьдарч үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан. Харин хүчирхийлэлд өртөж байсан хүн нь өөрийгөө гэж ойлгож байгаа. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний ээж Жавзанханд нь Э.Баянжаргал бид хоёрт байраа бэлэглэлээр өгсний дараа гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ татан авч эвлэрсэн. 2020 оны 7 дугаар сарын 16-ны өглөө Э.Баянжаргал нь шалтгаангүй уурлаж, орилж хашхирч эхэлсэн. Би түүний уурыг дарах гэж жолооны курсийн мөнгө данс руу нь шилжүүлсэн ба Э.Баянжаргал нь тайвшрахгүй над руу уурлаж, дайрсан. Би түүнийг тайвшруулахаар тэвэрч авч ноцолдсон. Тухайн үед Э.Баянжаргал чихэндээ эмчилгээ хийлгэж, чихний хагалгаанд орох гэж байсан. Э.Баянжаргалын хувьд чихний хагалгаанд 2 удаа орсон гэж сонссон. Дархлаагаа дэмжих гэж дусал тариа, витаминууд 2 гартаа ихээр хийлгэдэг байсан учир 2 гарын шуу нь нэлээд хөхрөлттэй байдаг байсан. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, Баянгол дүүргийн 25 дугаар хороонд байрлах ажил мөн Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороо 22-64 тоотод тариа хийлгэж байсан. Зарим үед би хамт явж тариа, эмчилгээг хийлгэдэг байсан. Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол тухайн хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор” заасан байдаг. Гэтэл намайг зодсон Э.Баянжаргал нь ямар ч хариуцлага хүлээхгүй байгаад гайхаж байна. Би гэр бүлийн хүчирхийлэгч биш, Э.Баянжаргалыг зодож байгаагүй, энэ гэмт хэргийг үйлдээгүй тул гэм буруугүйд тооцох өгөхийг хүсэж байна. Баянзүрх дүүргийн Сэтгэцийн эрүүл мэндийн эмч Энхтүвшин Э.Баянжаргалыг сэтгэцийн өвчтэй гэж хэлсээр байтал түүнтэй гэрлэж, ганц олдох амьдралаа сэтгэц нь эрүүл биш хүнтэй амьдраад түүнд тамлуулж, гүтгүүлж, жаргал үзэхгүй зовж тарчилж амьдрах тавилантай болсон. Э.Баянжаргалын олон жилийн мөрөөдөл, түүний зорилго нь намайг болон миний ээж, дүү нарыг ямар ч хамаагүй аргаар буруутан болгож хүчирхийлэгч мэтээр шийтгүүлэн шоронд оруулж эд хөрөнгө, мөнгийг дээрэмдэх зорилготой гэж ойлгож байна. Миний гурван хүүхдийг Э.Баянжаргал нь надаас булааж хүүхдийн тэтгэмж авах бодолтой хүн. Хэрвээ би хэлмэгдээд шийтгэл хүлээвэл хожим нь гэр бүл салж 3 хүүхдээ өөрийнхөө асрамжид авахад хэцүү нөхцөл байдал үүсэж байгаа. Яагаад гэвэл аав нь ээжийг нь зодоод шийтгэгдэж байсан, хүчирхийлэгч гэх мэт дүгнэлт нь гэр бүл салахад шүүхэд нөлөөлж хүүхдүүддээ хайр халамжгүй, сэтгэлгүй гээд ээжид нь хүүхдүүдийг минь өгөх болно. Э.Баянжаргал 2018 оны 10 дугаар сараас эхлэн ажил хийж эхэлсэн. Э.Баянжаргал хүүхдүүдийн мөнгийг байнга авдаг мөртлөө хүүхдүүддээ хоол, хувцас авч өгдөггүй мөн хүүхдүүдийн хувцсыг угаадаггүй, сургууль цэцэрлэг, дугуйланд нь хүргэж өгч авдаггүй, эцэг эхийн хуралд сууж үзээгүй, эмнэлэг эмийн санд мөнгө төлж үзээгүй, хүүхдийнхээ шүдийг ч угааж үзээгүй. Э.Баянжаргал зөвхөн цагдаагийн газар, хүүхдийн эрхийн байгууллагуудад миний эсрэг худал мэдүүлэг, хуурамч баримт өгөхийн тулд 3 хүүхдээ надаас авдаг байсан. Хүүхдүүдийг минь айлган, сүрдүүлж, зодож байгаад хүчээр аав, эмээгийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлдэг байсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Золбаяр, Баянгол дүүргийн Гэр бүл хүүхэд хамгааллын газрын Өрнөх-билэг, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан Золзаяа, Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсийн хошууч Цогбаяр нараар намайг дарамтлуулж байгаад хүүхдүүдийг булааж авдаг байсан. Би Э.Баянжаргалаас болж хөрөнгө мөнгө, ажил хөдөлмөрийн үр шимгүй болсон. Одоо хийж байгаа ажил арай ядан хоол, хувцас, байрны төлбөртөө хүрч байгаа. Ихэнх цаг хугацаагаа шүүх, цагдаа, прокурор хүүхдийн байгууллагуудаар өнгөрүүлж байна. Ийм учраас өөр ажилд орох боломжгүй байдаг. 2019 онд би ойролцоогоор 6.000.000  төгрөг өгөөд алдсан. Урьд нь том охиноо математик, бүжиг, уран нугаралтын дугуйланд сургадаг байсан бөгөөд нэг дугуйлан жилийн 280.000 төгрөг дээр нь хувцас хоолны мөнгө ордог байсан. Э.Баянжаргал болон хүүхдийн шүдний төлбөрт маш их мөнгө зарцуулдаг байсан. Би хүүхдүүдээ сургууль цэцэрлэг, дугуйланд нь хүргэж өгч авах, эмнэлэгт сахиж хэвтэх, хөдөө явах, амралт сувилалын газарт амрах гэх мэт шаардлага гардаг учраас хувиараа бага оврын ачааны машинаар ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Би хүүхдүүддээ гэртээ хүргэж өгсний дараа мөн амралтын өдрүүдээр ажлаа хийдэг байсан. Миний ээж 2011 оноос хойш надад тусалж 3 хүүхдийг минь харж хандан тэдний эрүүл мэндийг хамгаалж хааяа сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч авдаг мөн миний том охин харшлын өвчтэй учраас эмээ нь эмнэлэгт сахиж хэвтэж туслалцаа үзүүлж биднийг мөнгө болон орон байраар хангаж тусалж дэмжих болсон. Э.Баянжаргал амиа хорлох эмгэгтэй, сэтгэл гутралтай гэрийнхэндээ ширүүн ханддаг, байнга хэрүүл тэмцэл хийж гэрийн эд хогшлыг эвдэн, сүйтгэж машины цонх хагалдаг. Тэр бүртээ намайг гүтгэж надад зодуулсан гэж худлаа уйлж цагдаад дуудлага өгдөг байсан. Э.Баянжаргалын хувьд хүнийг уучлах, өрөвдөх, хайрлах, сэтгэл байхгүй. Э.Баянжаргалыг өмсөх зүүх, идэх хоолоор нь дутааж яваагүй. Би 2013 оноос 2016 оныг дуустал сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийг нь хувиараа төлдөг байсан. Э.Баянжаргал хэзээ ч бууж өгдөггүй учраас түүнийг нийгэмшүүлэхийн тулд ажил хайж 2018 оны 10 дугаар сард Сант сургуульд цэвэрлэгээний үйлчлэгчээр ажилд оруулж байсан боловч даргатайгаа маргалдаад ажлаас гарсан. Дараа нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Дорждуламаас ажил асуухад “хороонд цэвэрлэгчийн ажил байгаа” гэж хэлэхээр нь Э.Баянжаргалд “тухайн ажлыг хийх үү, хамт олонтой болж шинэ жил, төрсөн өдөр зэрэг баярыг тэмдэглэдэг гоё шүү дээ бас найзтай болно” гэж хэлж санал тавихад зөвшөөрч тухайн ажилд орох болсон. Э.Баянжаргалыг тухайн ажилд оруулахын өмнө 3.000.000 төгрөгөөр 4 улирлын хувцас түүнд авч өгсөн. Тухайн үед ээжийн 3 өрөө байрыг зарсан байсан учир мөнгөтэй байсан. Э.Баянжаргал нь 2018 оны 10 дугаар сард ажилд ороод 1 сарын дараа сайн ажилласан гээд медаль авч 1 жилийн дотор 4 медаль байгууллагаас авч байсан.  Гэтэл Э.Баянжаргал нь ажилд ороод гэртээ шөнө оройтож ирэх мөн архи ууж караоке бааранд сууж байна ирээд төлбөрийг нь төл гэж намайг дууддаг болсон.  Дорждулам, Золзаяа, Жавзаа, хорооны 2 цагдаа нартай байнга шоуддаг болсон. Ажилд ороод нийгэмшээд өөрчлөгдөх байх гэсэн чинь улам дордож зан ааш нь хуучин хэвээр, гэрийн ажил хийхгүй, хүүхдүүдээ болон намайг зоддог хуучин зуршил  нь хэвээрээ байсан. Э.Баянжаргал нь ажилд орсноор бусадтай нийлж тэдний албан тушаалыг ашиглаж намайг гүтгэж, харлуулах муу тал нь илүү хөгжсөн. 2019 оны 01 дүгээр сард Э.Баянжаргал нь “хамт амьдраад нэг ч удаа театр үзээгүй” гээд миний толгой руу цохиод гэрээсээ явж байсан. Тэр үед Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн цагдаатай явалддаг байсан гэдгийг хүүхдүүд надад хэлж байсан. Би тухайн үед тэвчээр алдаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлтээ цуцлуулж 3 хүүхдээ өөрийнхөө асрамжид авах нэхэмжлэл гаргаж байсан. Нэхэмжлэл өгсөн цагаас эхэлж Э.Баянжаргалын ятгалгаар хамт ажилладаг, архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан Дорждулам, Дашпунцаг, Золзаяа нар албан тушаалаа ашиглаж 2016 онд “намайг Э.Баянжаргалыг хүчирхийлсэн” гэж худлаа дүгнэлт гаргаж, аюулын зэргийн үнэлгээ хийж байсан. Цагдаа Дашпунцаг 2018 онд тус хороонд ажилд орж байсан. Намайг 2 удаа өрөөндөө оруулж дарамталж байсан. Дорждуламын найз болох Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны эмч Ханбүргэд “5 удаа хүүхэд өвдсөн, бөөстсөн” гэсэн акт хийж миний эсрэг шүүхэд өгч байсан. Би 2012, 2016 оны Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын сонгуулийн ажлын үед Дорждуламд сонгуулийн самбаруудыг өөрийнхөө машинаар зөөж тусалж байсан. Тус хорооны 52 дугаар байранд бид 8 жил амьдарсан. Тус байр болон хажуу байруудаас мөнгөөр сонгууль өгөх 30 гаруй хүн олж өгч 2 удаа Засаг дарга болсон байдаг. Надаар Дорждулам нь Баянгол дүүргийн  25 дугаар хороо руу 2 удаа гурил будаа, Ардын намын баяраар төмөр замаас 52-н даваа руу 5 ханатай гэр надаар зөөлгөж байсан. Э.Баянжаргалыг анх ажилд орох үед би машингүй байсан. Тус хорооны 157 дугаар цэцэрлэгийн гаднах явган замыг би өөрийнхөө мөнгөөр ачааны машин хөлслөн авчирч зам тавьж байсан. Машины хөлс 80.000  төгрөгийг “дараа нь өгнө” гээд гэж хэлээд өгөөгүй. Би Дорждуламд “та Э.Баянжаргалд хэлээд өгөөч, таныг шүтдэг, таны үгэнд орох байх, байнга хэрүүл хийж цагдаа дууддаг, намайг болон хүүхдүүдээ зоддог, цалин болон хүүхдийн мөнгө авдаг хирнээ гэртээ хоол хүнс, хүүхдүүддээ хувцас авдаггүй, байнга согтуу ирэх болсон” гэдэг зүйлийг хэлэхэд “би ажилчнаа өмөөрнө, Баянгол дүүрэг болоод Улаанбаатар хотод шүүх, цагдаа, прокурор, хүүхдийн байгууллагууд зэрэгт танил ихтэй, чамайг гөлөг болгоно шүү” гэж хэлээд утсаа тасалж байсан.  Миний хувьд Дорждулам гэх хүнд гэм хор хийгээгүй, тус дэм болж олон удаа тусалж байсан. 2019 оны 12 дугаар сард Э.Баянжаргал надтай уулзаад “3 хүүхдээ бодоод эвлэрье, би дахиж муу муухай зүйл хийхгүй, архи ч уухгүй” гэж хэлж байсан. Миний хувьд тухайн үед  “үгүй” гэж хэлсэн боловч надаас гуйгаад байсан тул Э.Баянжаргалд итгэж 3 хүүхдээ бодоод дахин эвлэрч байсан. Эвлэрсний дараа шүүхээс салах өргөдлөө авах гэтэл Э.Баянжаргал нь “ээжийнхээ байрыг надад худалдах, худалдан авах гэрээгээр өг, үгүй бол шүүхээр 3 хүүхдээ аваад чамд амьдын хагацал үзүүлнэ, хүүхдүүдийг хэзээ ч чамтай уулзуулахгүй, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ариунаа нь миний талд байгааг хараа биз дээ” гэж хэлсэн. Э.Баянжаргал нь 2019 онд гэрчээр мэдүүлэг өгсөн Чулуунцэцэг, Жамъянсүрэн, Билгүүн, Батхишиг нарыг Чулуунцэцэгийн гэрт 2 удаа, гадаа 1 удаа загнаж айлгасан. 8 настай Хүслэнгийн “аав, 2 дүүтэйгээ хамт амьдарна” гэснийг өөрчилсөн. Би ээждээ “3 ачийгаа бодоод Э.Баянжаргалд байраа өгчих, би 3 хүүхдээ өнчрүүлж зовлон үзүүлмээргүй байна” гэж гуйсан. Тэгтэл ээж “байраа Э.Баянжаргал та 2-т бэлэглэлээр өгье” гэж хэлсэн. Бид 2 ээжээс байрыг хүчээр бэлэглэлийн гэрээгээр авсан. Би шүүхээс салах өргөдлөө татан авч бид хамтдаа амьдрах болсон. Гэвч Э.Баянжаргал 7 хоногийн дараа яг хуучнаараа хэрүүл хийж намайг зодож, миний нүүр гэдсийг маажсан. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Анар охиныг “ус буцалгагчаас ус асгалаа” гээд цүнхээрээ цохиод хацрыг нь хөхрүүлсэн байсан. Миний ээж тухайн өдөр Э.Баянжаргал хүүхдээ зодож хацар нь хөхөрсөн бичлэгийг авсан байсан. Э.Баянжаргал охиноосоо “эмээ чинь чиний хацар хөхөрсөн бичлэгийг авсан уу” гэж асуухад охин айсандаа “тийм” гэж хэлэхэд Э.Баянжаргал шууд ээжийн өрөөнд ороод “зайл пизда минь, энэ одоо миний байр болсон, хүүхдийн зодуулсан бичлэгийг устга, гар зайл” гэж хашхираад ээжийг хөөсөн. Би яаж ч чадаагүй. Дахин шүүхээр орвол 3 хүүхдээ алдах аюултай болсон учир цагдаа, шүүхэд хандах сонирхолгүй болсон. Би ээжийгээ өмгөөлж хамгаалж чадаагүйдээ дараа нь маш их харамссан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ээж торонд хувцсаа хийгээд гараад явсан. Би ээжийгээ 7 хоног хайгаад олоогүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 14 дүгээр байрны подвалд байгааг мэдсэн. Ээж дээрээ очоод “гэртээ харь” гэж гуйхад ээж маань “Э.Баянжаргалаас айгаад байна, дахиж танайд очиж чадахгүй, 3 ачийгаа санаад байна” гээд уйлж байсан. Подвалын амьдрах орчин нөхцөл нь маш бохир заваан, хоол хийх аяга савнаас эхлээд хэцүү амьдарч байсан. Тэнд 2 cap амьдраад 12.000.000 төгрөг зээлж хүүд нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 22-64 тоотод үнэгүй суух гэрээ 1 компанитай хийгээд 4 дүгээр сараас тус байранд нүүж амьдарч эхэлсэн. Гэвч тухайн компани нь 12.000.000 төгрөгийг залилж байрнаас хөөж гаргасан. Ээжийн бэлэглэлээр өгсөн байрыг Э.Баянжаргалын дарамт шахалтаас болж зарахаас өөр аргагүй байдалд орж байраа 59.500.000 төгрөгөөр зарсан. Мөнгөө банканд хийж байхад Э.Баянжаргал “байр зарсан мөнгийг заавал дундын дансанд хий, үгүй бол 3 хүүхдээ аваад явлаа, дахиад шүүхээр явна” гэж намайг сүрдүүлж байсан. Би тухайн үед Э.Баянжаргалын нэрийг хамтран эзэмшигчээр оруулсан. Ээжийн тэтгэврийн мөнгөөр авсан пробокс машин дээр зөрүү 4.500.000 төгрөгийг өгч портер машин авсан. Э.Баянжаргалын дүү Отгонжаргалд оёдлын машин, “Приүс 30” зээлээр авах урьдчилгаа мөнгө 1.800.000 төгрөг зээлүүлсэн боловч одоог хүртэл буцааж өгөөгүй байгаа. Э.Баянжаргалд хувцас авч өгсөн мөн ломбардад байсан бөгжийг нь авахад 3.500.000 төгрөг зарцуулсан. Бас байр зарсны татвар 2% төлсөн. Бид ичихгүй ээжийн хажууд нүүж очоод 1 өрөөнд нь хамт амьдрах болсон. 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Э.Баянжаргал над руу өглөө 7 цагийн орчим орилж хашхираад хэрүүл хийж эхэлсэн.Тэгтэл ээж нөгөө өрөөнөөс өрөөнд орж  ирээд “хар өглөөгүүр хүн унтуулахгүй яагаад дандаа хэрэлдэж байдаг юм, хэрэлдэхээ болиоч” гэхэд Э.Баянжаргал “зайл хөгшин авгай минь” гэж хэлээд цохих гэхээр нь би ээжийгээ хамгаалаад Э.Баянжаргалыг тэврээд авсан. Урьд нь ч гэсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд амьдарч байхдаа ээжийн нүүр рүү хүүхдийн нойтон живх шидэж, цохиж байсан. Тэр талаар тус хорооны цагдаад шалгагдаж байсан. Би Э.Баянжаргалтай маргалдах болгонд Э.Баянжаргал нь  амиа хорлох гээд байдаг учир миний хувьд хориглох үйлдэл хийдэг байсан. Маргаан болох үед би Э.Баянжаргалд “чи манай ээжийг дандаа доромжилж байх юм, би танай ээж аавтай чинь хэрэлдэж байгаагүй шүү” гэж хэлээд Э.Баянжаргалыг барьж байгаад тавихад  цүнхээрээ миний толгой руу 2 удаа цохиход цүнхний оосор нь тасарсан. Мөн гараараа олон удаа толгой руу цохисон. Бас миний цээж гэдсийг маажаад гэдэсний зүүн доод хэсэгт хөхөрсөн байсан. Э.Баянжаргалд маажуулсан сорви миний биед  их байгаа. Тухайн маргаан болох үед Э.Баянжаргал нь миний утсаар “Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороо 22-64 тоотод нөхөр намайг зодоод байна, хүн аллаа авраарай” гэж худлаа уйлаад цагдаа дуудсан. Цагдаад дуудлага өгсний дараагаар утсаараа миний толгой руу 2 удаа цохиход маш их өвдсөн учир би утсыг нь аваад цонхоор гаргаж шидсэн. Миний толгой руу гараараа цохиход би түүнийг дахин тэвэрч авсан. Э.Баянжаргал цонхоор үсрэх гэж зүтгээд байсан. Урьд өмнө Э.Баянжаргал нь амьдарч байсан байрнаас 2 удаа болканоос үсрэх оролдлого хийж бараг унахаа шахаж байсан удаа байгаа. Миний хувьд  олон удаа Э.Баянжаргалын амийг нь аварч байсан. Би түүний амиа хорлох үйлдэл болгоныг зогсоогоогүй бол 5 давхраас үсрээд үхэхэд нөхөр нь түлхсэн эсвэл өөрийгөө хутгалах үед би хутгыг нь сугалсан бол нөхөр нь  хутгалсан гэх мэт хэлмэгдэх байсан. Э.Баянжаргалыг гаднаас нь харахад эрүүл даруухан харагддаг боловч уурласан үедээ маш хэрцгий догшин болдог. Маргалдаж эхлээд Э.Баянжаргал бид 2 шалан дээр унаад дараа нь Э.Баянжаргалыг тэвэрч орон дээр суулгасан. Маргаан болж байхад хүүхдүүд маань айгаад уйлаад байсан. Э.Баянжаргал нь 2 охиноо “цагдаа дууд, дуудахгүй бол ална шүү” гээд загнаад хашхираад байсан. Би 2 охиноо “гараад шидсэн утсыг аваад ир” гэж хэлэхэд 2 охин маань гараад хажуу айлын хүнээр цагдаа дуудуулсан байсан. Э.Баянжаргал намайг гүтгэж цагдаад шалгуулж байх үед дундын дансанд байсан мөнгөнөөс 20.000.000 төгрөг авсан байсан. Маргааш нь дахиж 20.000.000 төгрөгийг аавынхаа данс руу хийсэн байсан. Нийт дундын данснаас 44.297.000 төгрөгийг авахын тулд энэ хэргийг санаатайгаар намайг гүтгэж цагдаад  өгсөн. Би 7 хоногийн дараа Голомт банканд очиж мөнгөө шалгатал бүх мөнгийг Э.Баянжаргал нь 3 тасалж авсан байсан. Би тухайн үед Голомт банкнаас “яагаад дундын дансанд байсан мөнгийг миний зөвшөөрөлгүйгээр алга болсон” талаар асууж “Голомт банкийг шүүхэд өгнө” гэдгээ хэлэхэд тухайн ажилчид сандраад бусад банкнууд руу утсаар ярьж Э.Баянжаргалын гүйлгээнүүдийг хаасан. Маргааш нь Э.Баянжаргал дансаа хаасныг мэдээд Голомт банканд очсон байсан. Банк хүчээр Э.Баянжаргалаас мөнгийг буцаан авахад дундын дансанд байсан мөнгөнөөс 2.500.000  төгрөг үрсэн байсан. Би энэ үрсэн мөнгийг аль 1 цагдаатай нь холбоотой гэж хардаж байгаа. Миний 70 хүрсэн ээжийг дарамталж байгаад бэлэглэлийн гэрээгээр байрыг нь авчхаад бас намайг зодсон гэж цагдаад өгөөд дундын дансанд байсан мөнгөнөөс 44.297.000 төгрөгийг миний зөвшөөрөлгүй авсан учраас ээж түүнд гомдож Баянзүрх дүүргийн шүүхэд бэлэглэх гэрээгээ буцаах өргөдөл гаргаж өгсөн. Шүүх хурал болж ээжид 59.500.000 төгрөг өгөх шийдвэр гарсан. Шүүх үнэн зөв шийддэг юм байна гээд манай ээж тухайн үедээ уйлж байсан. Хөгшин ээж, аавыгаа зовоож байгаадаа миний хувьд маш их ичиж байна. Би архи, тамхи хэрэглэдэггүй зөвхөн 3 хүүхдийнхээ төлөө амьдарч байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Э.Баянжаргал 3 хүүхдийг минь буцааж надад өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс улсын хэмжээнд хөл хорио тогтоож 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хөл хорио тавигдсан. Энэ хооронд Э.Баянжаргал 2 удаа 108, 102-д дуудлага өгч “аав нь хүүхдүүдээ хүчирхийлээд байна” гэж худлаа дуудлага өгсний дагуу манай гэрт цагдаа нар ирж шалгаж “ямар ч хүчирхийлэл байхгүй байна” гээд явсан. Э.Баянжаргал нь “3 хүүхдээ ээжтэй нь уулзуулахгүй 2 cap боллоо, аав нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, 2011 оноос хойш байнга зодуулдаг байсан” гэж худлаа хэлж манай гэрт ТВ4 телевиз авчирч шууд нэвтрүүлгээр Монгол Улс даяар тухайн бичлэгээ цацаж байсан. Ээжийн нүүр царайг гаргаад намайг арай дэндүү гүтгэж доромжилсон. Намайг таньдаг хүмүүс над руу бүгд ярьсан. 2021 оны 01 дүгээр сарын 18-ы өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 3 хүүхдээ Э.Баянжаргалд нийт 2 удаа өгсөн. 03 дугаар сарын 04-ний өдөр 2 охиныг минь Э.Баянжаргал зодсон байсан учраас би Баянгол дүүргийн 2 дугаар хэлтэст дахин гомдол гаргаж өгсөн. Тэгтэл намайг 03 дугаар сарын 10-ны өдөр “хүүхдээ зодсон” гэж цагдаад гомдол гаргасан байсан. Би гомдлын дагуу охинтойгоо очиж мэдүүлэг өгсөн. Тэр үед охин маань “аав намайг зоддоггүй харин ээж зоддог байсан” гэж мэдүүлсэн. Цагдаа дээр охинтойгоо очиж мэдүүлэг өгөх үед 38 дугаар дунд  сургуулийн нийгмийн ажилтан Гантөмөр гэх хүн хамт байсан. Э.Баянжаргалын аавынх нь ах Эрхэмбаатар гэх хүн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд олон жил эмчлүүлж байсан сэтгэцийн өвчтэй, ээжийнх нь дүү Болд хүргэн ахыгаа алаад шоронд 25 жил суухдаа галзуурч байсан. Э.Баянжаргалын ээжийнх нь хүргэн 2018 онд шоронгоос суллагдсан байдаг. Хүргэнийх нь ах Зоригоо нь Баруунхараа суманд хагас галзуу хүн байдаг гэдгийг сонсож байсан. Одмаа, Цогбаяр гэх 2 цагдааг ёс журамд шалгуулж байгаа. Шалгуулж дууссаны дараагаар Авлигатай Тэмцэх Газарт шалгуулна гэж миний хувьд бодож байгаа. Энэ хэрэгт 44.297.000 төгрөгөөс бусад өөр олон асуудлууд байгаа учир Э.Баянжаргалын талд ямар их хүч үйлчилж байгааг миний хувьд ойлгосон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байцаагч дэслэгч Одмаа нь хэрэгт гэрчээр оролцсон 2 охины яриаг өөрчилсөн. Э.Баянжаргалын шүүх эмнэлэгт дахин давтан шинжилгээ өгүүлэх гэж бичгээр 1 удаа, амаар олон удаа хэлсэн боловч дараа дуудна гэж хойшлуулж хугацаа алдсан. Тухайн үед цаг алдаагүй давтан шинжилгээнд орсон бол бүх зүйл бодит үнэнээр гарах байсан. Э.Баянжаргал бид 2 байцаалт өгч эхлэхээс өмнө 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр 5 дугаар хорооны цагдаа Хонгорзул, 2 дугаар хорооны цагдаа Пүрэвбаатар нарт “та 2 сайн энэ Э.Баянжаргалын 2 гарын шуунд чихний хагалгаанд орох зорилгоор дархлаа дэмжиж дусал, эм тариа хийж байсан тарианы хөхрөлт байгаа өөр ямар нэгэн шарх сорви, улайсан хөхөрсөн хавдсан зүйл байхгүй байгааг сайн хараарай” гэж хэлээд мэдүүлгээ өгсөн. Тэр 2 цагдаа иргэнийхээ үүргийг биелүүлж гэрчлэх байх гэж бодож байна. Том охин Ч.Хүслэн мэдүүлэг өгсний дараа цагдаагийн бичсэн мэдүүлгийг уншиж үзье гэтэл болохгүй гээд шууд гарын үсэг зуруулсан. Нийгмийн ажилтан Оюунбилэг бас уншаагүй гарын үсэг зурсан гэж надад хэлсэн. Би Э.Баянжаргалд зодуулсан учир шүүх эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн зэрэг гараагүй ч гэдэсний зүүн доод хэсэгт хөхөрч улайсан, гэдэс цээж маажигдсан гэсэн онош гарсан байхад Э.Баянжаргалд зөрчлийн хэрэг нээж шалгаагүй. Э.Баянжаргал миний дугаараас цагдаа дуудсан байхад бүртгээгүй. Миний утсыг өөрийн утас гэж худал хэлсэн байхад тэр талаар шалгаагүй. Э.Баянжаргал нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд нөхцөл байдлын үнэлгээ хийлгэсэн байсан. Би Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд нөхцөл байдлын үнэлгээ хийлгэе гэхэд заавал Одмаагийн хүсэлт хэрэгтэй гэхээр нь Одмаагаас тэр талаар 3 удаа гуйсан боловч хүсэлтийг гаргаж өгч байгаагүй. Энэ хэрэгт аюулын зэргийн үнэлгээг гайгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Анх Э.Баянжаргалтай амьдрахад чихнээс нь булга гоождог байсан. Хамт ажилладаг хүмүүсээрээ ажил дотроо дусал тариа, бариа засал хийлгэдэг байсан. Хэтэрхий нэг талыг барьсан. 2016 онд амиа хорлох шалтгаантай буюу Сэтгэцийн Эрүүл Мэндийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Э.Баянжаргал нь өмнөх амьдралдаа ах нартаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Э.Баянжаргалын аав, ээж 2 нь салаад 4 охин дүү, эмээтэйгээ үлдсэн. Э.Баянжаргалын ах нар шоронд орсон. Би Одмаагаас 1 хэрэг дээр хоёр дүүргийн цагдаа шалгаад байгаа талаар асууж байсан. Хэрэгт хяналт тавьж байсан Одмаагийн өрөөнд байхад Цогбаяр гэх байцаагч цаанаас нь утсаар ярьж Одмааг загнадаг. Одмаагаар дамжуулж намайг Баянзүрх дүүргийн  3 дугаар хэлтэс дээр ирж уулзах талаар Цогбаяр байцаагч хэлүүлж байсан. Намайг энэ хэрэгт гүтгэхэд  Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн хошууч цолтой мөрдөгч Цогбаяр гэх хүн оролцсон байсан. 2020 оны 07 дугаар сарын 20-ны хавьцаа Э.Баянжаргал, Цогбаяр нар нь шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 22-64 тоотод ирсэн. Би тэр үед 3 хүүхэдтэйгээ байгаагүй. Тэдний цуг ирэх зорилго нь намайг дарамталж 3 хүүхдийг минь булааж авахаар ирсэн байсан. Тухайн үед миний ээж И.Жавзанханд прокурорын зөвшөөрөл асуухад ямар ч зөвшөөрөл байхгүй гэдэг зүйлийг хэлж байсан. Тэр шөнөдөө Цогбаяр надтай утсаар ярьж загнаж “маргааш Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст ирж уулз” гэж хэлсэн. Тухайн үед би сэтгэл санааны дарамт мэдэрч айдаст автсан. Хэрвээ тухайн шөнө гэрт ирэхгүйгээр намайг 3 хүүхдээ аваад ирж уулз гэж утсаар залгаж хэлсэн бол би шууд л очих байсан. Яагаад шөнөөр айлд Э.Баянжаргалын хамт ирснийг ойлгохгүй байна. Маргааш нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст очиход Цогбаяр нь ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байхад 3 хүүхдийг минь надаас булааж аваад Э.Баянжаргалд өгсөн. Э.Баянжаргалын хувцас, хүүхдүүдийн хувцас тоглоом бусад тэдэнтэй хамаатай зүйлсийг өг гэж надад хэлсэн. Миний хувьд бүх зүйлийг өгсөн. Намайг Цогбаяр байцаагч нь “шүүх хурал болох хүртэл хүүхдүүдтэй утсаар ярьж, огт уулзаж болохгүй” гээд надтай ширүүн, дээрэлхүү харьцаж байсан. Хэд хоногийн дараа манай ээж бид хоёроос хэргийн талаар мэдүүлэг авсан. Би хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэж гуйсан боловч зөвшөөрөөгүй. Ээж бид 2 бодит үнэн байдлыг хэлсэн боловч надтай хулгайч ялтан мэтээр ширүүн харьцсан. Ээж бид 2 дахин Цогбаяртай утсаар ярж байгаад очиж уулзахад “ээж бие нь муу эмнэлэгт хэвтэж байгаа, ажил ихтэй хэцүү байдаг, ээжийгээ эмчлүүлэхэд мөнгө их ордог” гэж хэлж байсан. Тэгээд “надад сайн хандвал 23 дугаар хорооны хамтарсан багийн дүгнэлтийг таны талд гаргаж өгье” гэж хэлж байсан. Монгол Улсын Хүүхэд хамгааллын байгууллагын бүх хүмүүсийг таньдаг кэйс нээх, нээхгүй гэдгийг би шийддэг гэж мөн хэлж байсан. Тухайн үед кэйс гэдэг үгийг ойлгоогүй. Гэтэл миний ээж Жавзанханд Цогбаярын ширээн доогуур 100.000 төгрөг хийж “миний дүү ээжийгээ сайн эмчлүүлээрэй, би бас эмнэлгийн хүн” гэж хэлж байсан. Тухайн мөнгө өгсний дараагаар Цогбаяр байцаагч нь маш сайхан ааштай болоод “кэйс нээхээ болилоо, 3 хүүхдийг чинь долоо хонгоор ээлжилж авах шийдвэр гаргалаа” гэж хэлж байсан. Тухайн үед ээж бид 2 маш их баярлаж байсан. Цогбаяр байцаагч нь тухайн үед Э.Баянжаргалыг муулж байсан. Намайг портер машинаар ачаа зөөдөг гэдгийг мэдээд Гачууртад байдаг зуслан луугаа юм зөөлгөх талаар хэлсэн. Би 3 хүүхдээ 7 хоногоор ээлжилж авдаг болсон. 1 өдөр Цогбаяр байцаагч нь над руу утсаар залгаж “Амгалангийн МСS-ээс мод үнэгүй авахаар болчихлоо, Гачууртад байдаг зуслан луугаа хүргүүлье” гэж хэлсэн. Би тэр үед найзтайгаа ачаанд явж байсан болохоор 2 цагийн дараа болох талаар асуухад Цогбаяр байцаагч нь маргааш болъё гэж хэлсэн. Маргааш нь ажилтай болчихлоо орой зөөж магадгүй гэсэн. Дараа өдөр нь би модоо зөөх үү гээд ярьтал Цогбаяр буцаад ширүүн харьцаатай болчихсон санагдсан. 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Одмаагийн өрөөнд би хүүхэдтэйгээ байхад Цогбаяр байцаагч нь Одмаа руу залгаад утасны цаанаас уурлаж, хашхираад байсан. Одмаа байцаагч нь тухайн өдөр хүүхдүүдээс мэдүүлэг авсан. Одмаа байцаагч нь “Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст Цогбаяр байцаагч чамайг 3 хүүхэдтэйгээ ир гэдэг зүйлийг хэлүүлж байна” гэж хэлсэн. Цогбаяр байцаагчтай уулзахын өмнө би даргатай нь уулзаж Цогбаярын тухайн үнэнийг хэлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хөндлөнгөөс оролцох боломжгүй гэсэн. Цогбаярын өрөөнд ороход Ч.Хүслэнгийн хувцсыг хүчээр тайлж аав чинь та нарыг яаж зоддог вэ, хаана чинь өвдөж байна гээд чанга хашхираад хүүхдүүд маань айгаад уйлсан байж байсан. Тухайн үед Цогбаяр байцаагч нь хүүхдийн биеийг үзсэн. Тэгээд “хүүхдүүдийг байцааж байна, чи гарч бай” гээд намайг өрөөнөөсөө гаргасан. Дараа нь “ор” гээд өрөө рүү нь орсон.  Цогбаяр байцаагч нь “хүүхдүүд чинь аав биднийг болон ээжийг хэзээ ч зодож байгаагүй, бид 3 аавдаа л хайртай гэсэн” гэж хэлсэн. Цогбаяр байцаагч нь хүүхдүүд ингэж хэлснийг нууцаар бичлэг хийж авсан. Тэр бичлэгээ Э.Баянжаргалд дараа нь өгсөн байсан. Хүүхдүүдийг минь өгөхгүй болохоор нь ёс журам руу хандахад мөрдөн байцаагчийн ажилд оролцохгүй гэж хэлээд миний ярьсан зүйлийг ойлгоогүй. Ёс журмаас айсан эсэхийг бүү мэд бид дөрвийг явуулсан. Маргааш Цогбаяр байцаагчийн тушаалаар 3 хүүхдээ Э.Баянжаргалд буцааж өгсөн. Э.Баянжаргал өглөө хүүхдүүдээ авсны дараа “бага хүүгээ ирж ав” гэж утсаар надад хэлсэн. Бага хүүхдээ авахаар очих үед хүү Ч.Аттила нэлээн уйлсан шинжтэй байсан. Тэр өдөр 2 охин болох Ч.Хүслэн, Ч.Анар нарыг Э.Баянжаргал зодсон байсныг сүүлд мэдсэн. Э.Баянжаргал 2 охиноос “та 2 цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө юу гэж хэлсэн бэ” гэдэг зүйлийг асуусан байсан. Тэр үед 2 охин маань ээжээсээ айсандаа ээжтэйгээ амьдарна гэдэг зүйлийг хэлсэн талаараа надад хэлсэн. Э.Баянжаргал нь хүүхдүүдийг “битгий худлаа хэлээд бай” гэж хэлээд Цогбаяр байцаагчийн өгсөн бичлэгийг үзүүлж 2 охиноо аймшигтай зодсон байсан. Ч.Анар нь 2 өдөр цусаар баасан гэдгийг Ч.Хүслэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эмээ И.Жавзанхандад хэлсэн байсан. Охидыг эдгэртэл Э.Баянжаргал надтай уулзуулаагүй, утсаар ч яриулаагүй. 2020 оны 08 дугаар сарын 31-ний орой хичээл сургууль эхлэх гэж байсан учир 2 охиныг минь надад Э.Баянжаргал буцааж өгсөн. Э.Баянжаргал нь охин Ч.Хүслэнгийн гарыг мулталж байсан. Миний толгой биеэр маш хумсны сорви байгаа. Намайг 2 охиноо хүчинддэг гэж олон хүнд ярьдаг. Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны цагдаа Пүрэвбаатарт хүртэл энэ тухайгаа ярьж байсан. Би 2 охиныг ээж нь зодсоныг мэдээд Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөг өгсөн боловч байцаагч Соёлцэцэг нь “дээрээс дарга нар загнаад байна, яах гэж ийм хэрэг хүлээгээд авчив” гэж хэлсэн байсан. Соёлцэцэг байцаагч нь хэргийн хөдөлгөөний газраас хүүхдийн ярианаас дүгнэлт гаргуулна гээд хүүхдүүдийг очиж уулзуулсан. Ийм үед хэргийн хөдөлгөөний газар оролцохоор бүх юм эсрэгээрээ болж дандаа миний гаргаж өгсөн өргөдөл, гомдлыг будилуулдаг байсан. Уг хэрэг одоо хэрэгсэхгүй болж байгаа гэдэг зүйлийг хэлсэн. Э.Баянжаргал намайг болон миний ээжийг гүтгэж Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст ямар ч баримтгүй гүтгэхэд шууд зөрчлийн хэрэг нээдэг байсан. Бас хэргийн хөдөлгөөний газрыг оролцуулдаггүй байсан. Э.Баянжаргал миний ээжийг цохиж намайг мөн зодож байсан хэргүүд бүгд хэрэгсэхгүй болж байсан. Яагаад гэвэл хүүхдүүдийн хэлснээр Э.Баянжаргал нь цагдаатай найзалдаг тэр нь гэрт нь хонодог бас тухайн цагдаа нь өвдгөндөө шивээстэй гэдгийг манай хүүхдүүд надад хэлж байсан. Э.Баянжаргал нь цагдаагаас зөвлөгөө авч намайг гүтгэх өргөдөл гаргах бусад дүүргийн цагдаа нар шүүх эмнэлэг, прокурор нарт нөлөөлдөг гэж би хардаж байгаа. Би 2015 онд Кёкүшю тауерт албан үүргээ гүйцэтгэж явахдаа Золбаяр гэх цагдаад зодуулсан бичлэгийг харахад Золбаяр намайг 5 удаа өшиглөж цохиод би сүүлд 1 удаа цохисон байдаг. Тухайн бичлэг нь Э.Баянжаргалд байгаа. Тэр үед бид 2 хоёулаа шүүх эмнэлэгт үзүүлсэн. Золбаярын биед хүнд гэмтэл гарч надад эрүүгийн хэрэг үүссэн байдаг. Тухайн хэргийг талаар байцаагч нь намайг дуудаж уулзаад Золбаярт 450.000 төгрөг өгвөл хэргийг хэрэгсэхгүй болгоё гэхээр нь зөвшөөрсөн. Би Золбаярт 450.000 төгрөг өгөөд хэргийг хаалгаж байсан. Золбаярын биед ямар ч гэмтэл учраагүй. Миний хувьд тухайн хэрэгт холбогдсоноор хүн зодож байсан гэх хар намтартай болсон. 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр миний бага дүү Б.Отгонтулга Бүгд Найрамдах Хятад Ард Улсад их хэмжээний мөнгөтэй байхдаа хүнд зодуулж нас барж байсан. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эмнэлэг зодуулсны улмаас элэг нь бяцарсан гэсэн оноштой талийгаачийг Монгол Улсад авчирч шүүх эмнэлэгт задлан шинжилгээ хийхэд өвчний улмаас гэх дүгнэлт гарч байсан. Буруу дүгнэлтийн улмаас сэжигтэн хүмүүс нь ял завшиж одоог хүртэл уг хэрэг шийдэгдээгүй. 2018 онд миний ах Эрдэнэбатын охин Пүрэвнаран найзынхаа төрсөн өдрөөр айлд байхдаа аяга шидүүлж нүдний дээд талын яс нь цуурч хагалгаа хийсэн. Тухайн үед Э.Пүрэвнаранг шүүх эмнэлэгт үзүүлэхэд хуучин гэмтэл байна гэж хэлээд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Шүүх эмнэлгээр 3 дахь удаа орохдоо хагалгаа хийсэн эмч нь оролцож байж үнэн мөн нь тогтоогдож байсан. 2019 онд ТБД андууд дэлгүүрийн гадаа Э.Баянжаргал нь намайг зодсон. Би олон удаа зодуулж байсан боловч өшиглүүлсний улмаас миний төмсөг хавдсан. Анх удаа цагдаад гомдол гаргаж шүүх эмнэлэгт үзүүлэхэд шүүх эмнэлгийн эмч намайг төмсгөө нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд ир гэж хэлсэн. Би урологын эмчид үзүүлэхэд төмсөгийн зүүн талын судас хавдсан цаашид хагалгаа хийж магадгүй хүнд юм өргөж даарч, ядарч болохгүй гэх мэт зөвлөгөө өгсөн. Тухайн эмчид үзүүлснээр эм бичүүлж авч эмчилгээ хийлгэсэн. Эмчийн дүгнэлтийг шүүх эмнэлгийн эмчид өгсөн. Баянгол дүүргийн 2 дугаар хорооны цагдаа Идэрт ТБД андуудын дэлгүүрийн гадаах бичлэг урологын эмчийн бичсэн эмийн эмчилгээний бичиг эм худалдан авсан баримтын хамт өгсөн боловч 3 цагдаагийн гар дамжиж замхарч камерын бичлэг тухайн баримтууд алга болсон. Миний төмсөг одоог болтол өвчтэй байгаа, эмчлүүлж хүнд хэлэхээс ичдэг болсон. Э.Баянжаргалын зодуулсан талаараа ярьсан мэдүүлэг, шүүх эмнэлгийн эмч Энхцолмонгийн дүгнэлт, тархины зургийн хариу дүгнэлт, шинжээч Т.Сэлэнгийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй байгаа нь сэжигтэй байна. Э.Баянжаргалын хоолойг нь 2 удаа боож багалзуурдсан юм бол яагаад шүүх эмнэлгийн дүгнэлтэд хоолойны талаар тусгаж өгөөгүй мөн тархины зурагт тархины доргилт гэх дүгнэлт байхгүй гэж байхад шүүх эмнэлгийн шинжээч эмч дүгнэлтээр доргилттой болж таарсан. Э.Баянжаргалын хоёр гарын шуунд дуслын зүүний улмаас үүссэн хөхрөлтийг зодсоны улмаас гэж бичигдсэн байгаа. Тухайн үед Э.Баянжаргалын бие дээрх шарх сорвины бодит зураг, бичлэг мөн хамрын зулгаралтын сорви зэргийг үзүүлэхийг хүсэж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн дүгнэлтийн хувьд эргэлзээтэй. Дээрх баримтуудаас харахад шүүх эмнэлгийн зарим алба хаагчид албан тушаалаа урвуулан ашиглаж хэн нэгэн танил талдаа ашигтай дүгнэлт гаргадаг гэж миний хувьд боддог. Надтай адилхан хэлмэгдсэн хүмүүс олон байгаа байх гэж бодож байна. Би Сүхбаатар дүүргийн прокурор Баярмаад Нийслэлийн Прокурорын газарт өргөдөл, гомдол гаргах тухайгаа хэлж байсан боловч миний өргөдөл, гомдол гаргах эрхийг хязгаарлаж хэргийг шууд шүүх рүү шилжүүлсэн. Уг хэргийн сайн хянахгүйгээр шууд яллах дүгнэлт үйлдсэнд гомдолтой байна. Э.Баянжаргал бид 2 сайн, муутай 10 жил ханилаад 3 хүүхдийн эцэг, эх болж амьдарчхаад намайг болон миний ээжийг гэмт хэрэгтэн болгож ээжийн минь мөнгө хөрөнгийг дээрэмдэж надаас салснаар хүүхдүүдийн тэтгэмж авахын тулд намайг гүтгэж Сүхбаатар дүүргийн цагдаа болон Сүхбаатар дүүргийн хүүхэд хамгааллын газрын ажилтан Шүрэнцэцэг нарын албан тушаалыг ашиглаж 3 хүүхдийг хүчээр булааж гарын үсэг зуруулж  хүүхдүүдийг минь 108-ын тусгаарлах байранд байлгаж байгаа. Миний хувьд Э.Баянжаргалыг Сүхбаатар дүүргийн хүүхэд хамгааллын газрын ажилтан Шүрэнцэцэгтэй хамт инээлдээд явж байхыг хараад Э.Баянжаргалыг эрүүл бус хүн байна гэж бодсон. Хэргийн материалын хувьд анхнаасаа Э.Баянжаргалын талд ашигтай намайг харлуулах зүйл хийсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Баянжаргалын биед үзлэг хийж худал дүгнэлт гаргаж тухайн дүгнэлтээ үнэн юм шиг тайлбарлаж албан тушаалаа ашиглаж Э.Баянжаргалыг намайг зодож гэмтэл учруулсан мэтээр харагдуулж байгаад гомдолтой байна. Э.Баянжаргалаас болж хэчнээн их цаг хугацаа, эд хөрөнгө хүүхдүүдийн минь цаашдын ирээдүй боломж бололцоо алдагдаж байгаад мөн хүүхдүүдийн минь сэтгэл санааны дарамтыг үгээр хэлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаад маш их харамсаж байна. Иймд шүүхээс хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Баянжаргал мэдүүлэхдээ: “...Худлаа зүйлийг маш олон ярих үед үнэн болдог гэдэг шиг Б.Чын хувьд хэрэгт үндэслэлгүй ямар ч хамааралгүй хүмүүсийг гүтгэж ярьж байна.  Хэрэг болсон өдөр буюу тухайн үед би Төрийн байгууллагад ажилладаг байсан. Би 2020 оны 07 дугаар сарын 16-ны өглөө ажилдаа гарах гэж байхад Б.Ч “ярих юм байна” гэж хэлээд уулзсан. Б.Ч “өөрсдийн амьдарч байсан гэрийн буурин дээр ээжийнхээ дүү Эрдэнэбат гэдэг хүнийг амьдруулахаар болсон тул цементээр буйр цутгаад өгчихлөө” гэж хэлсэн. Миний хувьд тухайн үед ажилдаа явах гээд яарч сандарсан байсан учир “өнөөдөр жолоондоо бүртгүүлэх шаардлагатай байна, чи надад мөнгө өгөх юм уу” гэхэд Б.Ч миний данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Би ажилдаа явах гээд өрөөнөөсөө гарах гэж байхдаа Б.Чт “өөрсдийнхөө гэрийг буулгаж гэрийн буурин дээр айл амьдруулахаар гэрийн буурь цутгаж өгөөд өөрсдөө зун контанейрт амьдрах тухай ярьж байх гэж дээ” гэж хэлээд гарах гэж байхад хадам ээж өрөөний хаалга татаж орж ирээд “чи хар өглөөгүүр юу гээд хэрүүл хийгээд байгаа юм, зайл” гэж орилсон.  Би тэр үед хадам ээжид “та дүүдээ хэлэлдээ арай дэндүү байна” гэж хэлэхэд Б.Ч орноосоо босож ирээд ээжийгээ өрөөнөөс түлхэж гаргаад “ээжийн өөдөөс үг хэллээ, ямар даварсан пизда вэ” гэх зэргээр хараагаад хэд хэдэн удаа миний нүүр хэсэг рүү цохисон. Миний толгой хэсэг рүү цохисон учир нүүрээ гараараа хамгаалж ухарсаар байгаад ор луу ойртсон байсан. Б.Ч миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисны дараагаар миний гарыг нурууны ард хэсэгт бариад орон дээр хамт суусан. Намайг Б.Ч элдэв үгээр хэлж байх үед нь цүнхнээсээ утсаа аваад 102 луу залгах гэж байхыг хараад миний утсыг булааж аваад цонхоор шидсэн. Тухайн маргаан болж байхад хүүхдүүд маань газраар унтаж байсан. Бид 2 маргалдаад орилолдоход хүүхдүүд сэрээд уйлсан. Тэр үед Б.Ч хүүхдүүдээ анхаарахгүйгээр намайг ор луу шидээд миний амыг дараад амьсгал боогдуулж бас намайг багалзуурдах гэж оролдсон. Миний хувьд эрэгтэй хүнтэй тэмцэлдээд дийлээгүй. Би Б.Чтай маргалдаж байхдаа 2 охиндоо “ээжийнхээ утсыг аваад ир” гэж хэлээд гадагшаа гаргасан. 2 хүүхэд маань гадагшаа гарсан байхад Б.Ч миний 2 гарыг зөрүүлээд хоолойг багалзуурдуулж байсан. Миний дээр Б.Ч гарч суугаад 2 хөлөөрөө миний бэлхүүс хэсгийг хавчиж амьсгалж чадахгүй байдалд хүргэж тамлаж байсан. Б.Ч тухайн өдөр намайг алахыг завдсан. 2 хүүхэд минь миний утсыг авахаар гадагшаа гарсан байхад 3 настай хүүхэд өрөөнд үлдсэн байсан. 3 настай хүүхэд маань Б.Чыг болиулахаар орон дээр гарч ирээд аавынхаа гараас татаж байсан учир Б.Ч 3 настай хүүгээ өрөөнөөс гаргахаар миний дээрээс босоод хүүг өрөөнөөс гаргах үед би босоод гарах гэтэл намайг гаргаагүй, гараас бариад 2 гарыг минь нурууны ард талд зөрүүлээд орон дээр татаад суусан. Бид 2-ын хувьд нэлээн удаан ноцолдсон. Тэр үед гаднаас цагдаа орж ирээд тухайн үйлдэл зогссон байгаа. Миний хувьд цагдаа дээр очиж гомдолтой байгаа талаараа хэлээд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулна гэж хэлсэн. Б.Ч бид хоёр 2010 онд гэр бүл болсноос эхлүүлж гэр бүлийн маргаан болж байсан. Тэр бүрд нь би Б.Чт зодуулж байсан. Намайг зодсоны дараагаар надтай тохиролцоо хийдэг байсан. Миний хувьд гэр бүл цуцлуулж хүүхдүүдээ өнчрүүлэхийг хүсдэггүй байсан учир өөрөө хохироод үлддэг. Намайг цохиж зодоод хөхрөлт үүссэний дараагаар миний хажуугаас холдохгүйгээр намайг аргалдаг байсан. 2016 онд намайг зодож гэрээс хөөдөг байсан. Миний хувьд Б.Чтай маргалдаж 1 удаа гэрээсээ зугтаад гарах гэж байхад миний хувцсыг тайлж аваад үлдээж байсан. Тухайн үед би хувцасгүй байсан учир ичээд гэр лүүгээ буцаад орж байсан. 2016 оны 02 дугаар сард намайг гэрээсээ хөөж хэл амаар маш олон удаа доромжилдог байсан. Маргаан болж дууссаны дараагаар мөн адил Б.Ч нь “салахдаа хүүхдүүдээ үлдээж явна” гэх талаар надаас амлалт бичүүлж авдаг байсан.  2016 онд миний 2 хүүхэд маш жоохон байсан учир хүүхдүүдээ орхиж гарч чаддаггүй байсан учир Б.Чтай тэмцэлдэж байгаад цагдаад дуудлага өгөхөд 2 хүүхэдтэй минь хамт миний ээжийг дуудаад өгч явуулж байсан. Маргааш нь миний хувьд аавтайгаа очиж уулзаад зөвлөгөө авахад “та хоёрт юу хэлхэв, 107 руу залгаж зөвлөгөө ав” гэж хэлэхээр нь 107 төв рүү залгаад “манай нөхөр намайг гэрээсээ хөөдөг миний хувьд салах бодолгүй байна, танайхаас туслах арга байна уу” гэхэд “намайг хүүхдүүдтэйгээ хүрээд ир” гэж хэлсэн. Миний хувьд 107 төв дээр очоод уулзахад  утсыг минь хурааж аваад гадагшаа ямар ч холбоо бариулахгүй гээд 2 хүүхэдтэй минь цуг байрлуулж байсан. Би 107 төвд 5 дахь өдөр очоод 2 хонож байхад Б.Ч намайг олоод ирсэн. Тэр газар байгаа гэдгийг яаж мэдэж ирсэн гэдгийг мэдэхгүй байна. Жижүүр нь над дээр орж ирээд “хүүхдүүдийн чинь нөхөр ирсэн, хүүхдүүдтэйгээ уулзана гэж байна, чи нөхөртэйгөө уулзах юм уу” гэж асууж байсан. Том охины хувьд “аавтайгаа уулзахгүй” гэж хэлсэн чинь “аав чинь уулзъя гэж байна” гээд гараас нь татахад хүүхэд маань ааваасаа айгаад “гар минь мултарчихлаа” гэж хэлээд уйлсан. Тэр үед жижүүр “гар нь мултардаг хүүхэд манайд байх боломжгүй, танай гэр бүлийн аюулын зэрэг бага гарсан учир та хэдийг нөхөрт чинь хүлээлгэж өгч явуулна” гэж хэлээд Б.Чт бид нарыг өгч явуулсан.  Би 2 хүүхэдтэйгээ гэртээ ирээд байж байхад Б.Ч нь салах талаар ярьж надаас “хүүхдүүдээ орхиж явна, хөрөнгийн маргаан гаргахгүй сална” гэдэг болзлууд бичиж өг гэх зэргээр доромжилсон. Маргааш нь Б.Ч  “чамайг хүүхдүүдээ асраад ядарсан гэдгийг мэдэж байна, тийм учраас эмнэлэгт ярьж байгаад хэвтүүлж өгье” гэж хэлсэн. Миний хувьд дүүргийн эмнэлэг орох байх гэж ойлгоод явж байхад өөр тийшээ явсан. Би тэр үед “дүүргийн эмнэлэг рүү явахгүй юм уу” гэж хэлэхэд “манай ээжийн таньдаг эмч Шар хаданд байгаа” гэж хэлээд ээжтэйгээ утсаар ярьсан. Тэр үед ээж нь “ээжийнхээ дүүг дагуулаад оч” гэж хэлсэн. Ээжийнх нь дүү Балбурам дагуулж Шар хадны эмнэлэг рүү цуг явсан. Шар хадны эмнэлэг дээр очоод Балбурам эгч таньдаг хүнтэйгээ уулзахаар орсон боловч “ор байхгүй, хурцын тасагт нь ор байгаа” гэж ярьж гарч ирсэн. Тэр үед Б.Ч дүүргийн эмч нарын өрөө рүү яваад орсон. Б.Ч гарч ирээд “чамайг нэг эмч ороод ир гэж байна” гэж хэлсэн. Б.Чыг тухайн эмчтэй юу ярьсан талаар мэдэхгүй. Эмч рүү ороод уулзах үед Б.Ч нь “чи амиа хорлох гээд 5 давхраас үсрэх байсан” гэх мэтчилэн зүйл ярьж эмчийн хажууд хэрэлдэхэд эмч надаас юм асуугаад хариулж байхад “өвчний түүх нээгдсэн, хэвтэхээр боллоо” гэж эмч хэлсэн. Маргааш нь Шар хадны эмнэлгийн анхлан гэдэг тасагт хэвтсэн. Миний хувьд урд өмнө Шар хадны эмнэлгийн ядаргааны тасагт эгчийгээ эргэж очиж байсан учир ядаргааны тасагт нь хэвтэх байх гэж ойлгосон. Эмнэлэгт хэвтсэн өдрөөс эхлээд надад унтуулах эмчилгээ хийж эхэлснээр 2 өдрийн турш өдөр, оройгүй унтсан байдаг. 2 хоногийн дараагаар эмч намайг өрөөндөө дуудаад ярилцах үед эмчээсээ сэтгэцийн хамааралтай тасагт хэвтэж байгаа талаар мэдсэн. Тэр үедээ эмчдээ андуурал гарсан талаар хэлэхэд            “андуурагдсан эсэхийг шалгаж тогтоож байж гаргана” гэж хэлээд сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн хүмүүсээс шалгуур, шалгалт авдаг тэр зүйлүүдийг надаас авсны дараагаар намайг “сэтгэцийн хувьд эрүүл хүн байна” гэж дүгнэлт гарч 10 хоногийн дараа эмнэлгээс гарч байсан. Сэтгэцийн өвчтэй хүнийг 10 хоног эмчлүүлээд эмнэлгээс гаргадаг гэж миний хувьд бодохгүй байна. Б.Чыг яагаад тийм үйлдэл хийсэн гэдгийг ойлгоогүй. Эмнэлгээс гараад удаагүй 3-4 хонож байхад Б.Ч нь надтай хэрүүл өдөж маргаан болж байхад ээж нь хүрч ирсэн. Манай хадам ээжийн хувьд гэр бүлийн асуудалд маш их оролцож Б.Чыг хатгаж намайг зодуулж байсан асуудал байгаа. Маргаан болж байхад Б.Ч ээжийгээ дуудаад ээж ирэх үед би хадам ээжид “Б.Ч бид хоёрын харилцаа болж өгөхгүй байна, хэсэгтээ тусдаа амьдаръя бага хүүхэд минь жаахан байгаа тул би байрандаа 2 хүүхэдтэй цуг байя, Б.Ч ажил хийж байгаа юм чинь дүүгийнхээ гэрт эсвэл тантай хамт байвал яасан юм” гэдэг зүйлийг хэлж ярилцаж тохирсон. Маргааш нь Б.Ч ээжтэйгээ хамт хувцсаа аваад дүүгийндээ байж байгаад ирье гэж хэлээд гарснаа 1 цагийн дараа ээж, дүүгээ дагуулаад гэрт орж ирээд намайг гэрээс нүцгэн авч гараад машиндаа суулгаад Шар хадны хурцын тасагт аваачиж өгсөн. Тухайн өдөр Шар хадны хурцын тасгийн эмч нь намайг хүлээж аваад надаас “чи яагаад хүүхдээ алахыг завдсан бэ” гэдэг зүйлийг надаас асууж байсан. Миний хувьд тийм зүйл болоогүй талаараа эмчдээ хэлээд юу болсон талаараа хэлсэн. Тэр үед тухайн хурцын тасгийн эмч урд нь хэвтэж эмчлүүлж байсан байдлыг судална гэж хэлээд хурц өвчтэй хүмүүсийн тасагт оруулж хэвтүүлсэн. Миний хувьд тухайн тасагт хэвтэж байсан талаараа өдийг хүртэл хэнд ч хэлж байгаагүй, тухайн асуудлын хувьд маш хэцүү байсан. Хурцын тасгийн эмч нь намайг 1 цагийн дараа дуудаж уулзаад “өмнөх өвчний түүхийг чинь харлаа, чи энэ талаараа цагдаагийн байгууллагад хандаж болно” гэдэг зүйлийг зөвлөж тэр өдрөө цагдаад хандсан байдаг. Цагдаагийн байгууллагад хандсаны дараагаар 2 хүүхэдтэйгээ уулзах гэтэл Б.Ч нь 2 охинтой минь уулзуулдаггүй байсан. Цагдаагийн байгууллагад өгсөн өргөдлийнхөө дагуу мэдүүлгээ өгөхөөр хорооны цагдаа дээр очих үед хорооны цагдаа байдаггүй, Б.Чтай хэд хэдэн удаа хорооны гадаа уулзаж байсан. Б.Ч намайг өргөдлөө буцаагаад авчих гэж ятгаж байсан. Хүүхдүүдтэйгээ уулзаад ээжийнх нь гэрт очиход Б.Ч ээжтэйгээ нийлж намайг өргөдлөө авчих гэж ятгаж байсан учир өргөдлөө буцааж авч байсан. 2016 оноос 2020 он хүртэлх хугацаанд цаг үргэлж намайг сэтгэцийн өвчтэй, амиа хорлох гээд байдаг гэдэг зүйлийг хаа сайгүй яриад яваад байгаа нь маш их дарамттай байна. Би 2018 онд хүүхдээ ой гарантай байхад хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөхөд амар гэж бодоод гэртэйгээ ойрхон хороондоо үйлчлэгчээр ажилд орж байсан. Би хороонд ажиллаж байх хугацаандаа Б.Чт гэрээсээ хөөгдөж хүчирхийлэлд өртөж байсан учир тусдаа амьдарч эхэлсэн. Би хороонд ажиллаж байхдаа өдрийн цайны цагаар давхар караокед үйлчлэгч хийдэг байсан. Би ажил хийхийн хажуугаар цайны цагаараа караокед үйлчлэгч хийж олсон цалин хөлсөө хүүхдүүддээ зарцуулаад явж байхад Б.Ч гэртээ цалин мөнгө зарцуулдаггүй гэдэг зүйлийг удаа дараа ярьж байгаа. Хүүхэд хөхүүл байсан учир ажлаа зохицуулж хүүхдээ хөхүүлж унтуулчхаад буцаад ажил руугаа явдаг байсан. Миний хувьд чадахаараа бүх зүйлээ амжуулаад явдаг байсан. Би ажлын хажуугаар өөрийгөө хөгжүүлэхийн тулд хорооныхоо олон нийтийн ажилд оролцож медаль, шагнал зэрэг авч байсан. Б.Ч бид 2 салах асуудал яригдаж байхад би төрийн албаны шалгалт өгч  шалгалтдаа тэнцээд өөр хороонд зохион байгуулагчаар тушаал дэвшиж ажиллах гэж байх үедээ Б.Чтай эвлэрээд нэг гэрт хамт амьдардаг байсан. Б.Чын хувьд ажил дээр ирж намайг сэтгэцийн өвчтэй танай байгууллага сэтгэцийн өвчтэй хүн авч ажиллуулж байна гэж шат шатны дарга нар луу удаа дараа залгаж гомдол гаргасаар байгаад ар гэрийн зохион байгуулалтгүй хүнийг ажиллуулах боломжгүй гэдэг байдлаар ажлаа хүлээлгэж өгч  халагдах болсон. Намайг хүүхдүүдтэй минь уулзуулахгүй талаар миний хувьд удаа дараа зохих байгууллагад хандаж байсан. Хүүхдүүдтэйгээ уулзах үед цагдаад хүүхдээ зодсон гэдэг дуудлага мэдээллийг Б.Ч нь өгдөг байсан. Хүүхдүүдийг Б.Чын ээж нь зодсон гэдгийг мэдээд цагдаад хандсан. Хүүхдүүдийг сэтгэл зүйн хямралд орсон гэдэг байдлаар хамгаалалтын байранд одоогоор авсан байгаа. Б.Чын хувьд маш ихээр худлаа ярьж байна. Миний гар утсыг маргаан болж байхад цонхоор гаргаж шидсэн. Тухайн утсыг Б.Ч нь надад авч өгч байсан гэж худал зүйлийг ярьж байна. Миний хувьд толгойд доргилт үүссэн гэж бодож толгойны зураг авхуулсан ба 128.000 төгрөг мөн утсаа Б.Чаас нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Н.Энхцолмон мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Баянжаргалын биед үзлэг хийсэн.  Уг үзлэгээр зүүн шууны гадна доод хэсэгт 1х1 см, доод хэсэгт 4х2 см,  баруун гарын гадна доод хэсэгт 0.2х0.5 см 2 ширхэг тод улаан хүрэн өнгийн цус хуралттай гэж дүгнэлт гарсан. Тухайн цус хуралт нь тариа зүүний үйлчлэлээс үүссэн гэмтэл биш. Тариа зүүнээс үүссэн гэмтэл нь тарианы зүүний ором түүнийг тойрсон цус хурсан толбо үүссэн гэж бичигддэг. Уг тарианы зүүний гэмтэл дээр гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Судас тариаг сарвууны гадна гадаргууд булчин тариаг өгзөг, бугалгад тарьдаг хэсгүүдтэй байдаг. Хохирогчийн гэмтлүүдийн хувьд зүүн шууны гадна доод хэсэгт, баруун гарын гадна, доод хэсэгт улаан хүрэн өнгийн цус хуралт үүссэн байсан. Тухайн хохирогчийн биед үүссэн гэмтлийн хувьд судас тариа хийсний улмаас учирсан гэмтэл биш, харин  мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байсан...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Баянжаргал /хх-ийн 36, 91, 114/, насанд хүрээгүй гэрч Ч.Анар /хх-ийн 38/, насанд хүрээгүй гэрч Ч.Хүслэн /хх-ийн 40/, гэрч И.Жавзанханд /хх-ийн 41-42/, гэрч Ж.Мөнхтулга /хх-ийн 97/ нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 29-30/, шүүгдэгч Б.Чын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8277 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/, хохирогч Э.Баянжаргалын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8204 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-50/, Э.Баянжаргалын эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 52-53, 87-90/, шинжээч Н.Энхцолмонгийн мэдүүлэг /хх-ийн 76/, хүчирхийллийн тухай мэдээлэл /хх-ийн 77-86/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 93-94/, Б.Чын зөрчлийн талаарх мэдээлэл /хх-ийн 98-105/, Э.Баянжаргалын сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн хуулбар /хх-ийн 127-129/, яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 140-141/, Б.Чын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 110-111/, Б.Чын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 116, 119-125/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өглөөний 07 цагийн үед ... гэртээ өөрийн эхнэр Э.Баянжаргалтай таарамжгүй харьцаанаас үүдэлтэй маргалдан, улмаар “чи ээжийн өөдөөс үг сөрлөө, даварч байна” хэмээн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Э.Баянжаргалын /хх-ийн 36, 91, 114/: “...би 2020 оны 07 дугаар сарын 16-ны өглөө хадам ээжийн гэр буюу .... ажилдаа явах гээд байж байтал нөхөр Б.Ч “гэрийнхээ буурин дээр хүмүүс амьдруулна” гэхээр нь дургүйцээд бид хоёр өрөөндөө маргалдсан. Тэгтэл манай хадам ээж манай өрөөнд орж ирээд “чи зайл, дандаа хэрүүл хийж байдаг” гэх мэтээр орилоод байхаар нь “та манай гэрийн буйраас дүүгээ нүү гэж хэл, арай дэндүү юм” гэж хэлтэл нөхөр ээжийгээ түлхэж гаргаад өрөөний хаалга хаагаад “чи ээжид юм хэллээ, даварлаа” гээд миний зүүн нүд, толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Би гараараа нүүрээ хаахад миний гарын шуу хэсэг рүү гараараа цохисон. Би гарах гэтэл намайг гаргахгүй ор луу түлхээд зүүн гар мушгиад суугаад байсан. Би баруун гараараа утсаараа нууцаар дуудлага өгөх гэтэл нөхөр харчхаад миний утсыг булааж цонхоор шидчихсэн. Тухайн үед миний 3-8 насны 3 хүүхэд харж байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцаад санал нийлж байна. Уг дүгнэлтүүдэд заагдсан гэмтлүүдийг нөхөр Б.Ч гараараа цохиж учруулсан. Гар утсыг маань цонхоор шидээд алга болгочихсон. Утасныхаа төлбөрийг нэхэмжилнэ. ...2016 онд нөхөр, хадам ээж нар намайг хүүхдээ алах гэж байна гэж худал дуудлага өгөөд СЭМҮТ-д хүчээр хэвтүүлж байсан. Тэр үед би цагдаагийн байгууллагад хандаж байсан. Мөн 2019 онд хандаж байсан. Гэхдээ тухайн үедээ гомдлоо буцааж байсан. Өөр цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хандаж байсан асуудал байхгүй. ...би Б.Чтай 2011 оны 02 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. Б.Ч 2011 оны 11 дүгээр сараас эхлэн надад гар хүрэх болсон. ...би гомдолтой байна. ...Б.Ч надтай амьдрах хугацаандаа намайг бие махбодын болон сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэлд байлгасан. Б.Ч дундын өмчлөл болох автомашин, байр, хашаа, эд хөрөнгүүдээ ээж дүү нарынхаа нэр дээр шилжүүлээд өгчихдөг...” мэдүүлгээр,

 

        насанд хүрээгүй гэрч Ч.Анарын /хх-ийн 38/: “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өглөө намайг сэрэхэд аав, ээж 2 нэг юм ярилцаж байсан. Тэгээд сонссон чинь аав ээжийн ногоо тарих гэж байсан газарт нь цемент асгачихсан гэж ярьж байсан. Ээж уурлаад “яагаад тэгж байгаа юм” гэхэд аав “мартчихсан байна” гэсэн. Тэгээд аав, ээж хоёр хэрэлдээд муудалцсан. Өрөөнд аавын ээж орж ирээд “яагаад дандаа хэрэлдэж байдаг юм, зайлаач” гэж манай ээжийг хэлсэн. Ээж эмээг “хуц” гэж хэлсэн. Тэгтэл аав эмээг “холдож бай” гэж хэлээд ээжийн 2 гарыг нь аягүй чанга бариад ор луу ээжийг шидчихсэн. Ээж цүнхнээсээ гар утсаа аваад цагдаа дуудах гэсэн чинь аав гар утсыг нь аваад цонхоор шидсэн. Тэгээд аав ээжийн хоолойг нь боогоод гарыг нь чанга барьсан. Аав “ээжийнхээ утсыг аваад ир” гээд Хүслэн эгч бид хоёрыг гадагшаа гаргахаар нь эгч бид хоёр айлын хаалга тогшоод “цагдаа дуудаад өг” гэж хэлсэн. ...Өмнө нь аав ээжийг өшиглөж зодож байсан. Бас ээжийн гар утсыг газар шидэж хагалаад ээж шинэ утас авч байсан...” гэх мэдүүлгээр,

 

 насанд хүрээгүй гэрч Ч.Хүслэнгийн /хх-ийн 40/: “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өглөө унтаж байтал аав, ээж хоёр хоорондоо маргалдаад байхаар нь сэрсэн. Сэрээд харахад аав ээжийг цээж рүү нь гараараа түлхээд гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон бас ээжийн 2 гарыг аав чанга бариад байсан. Тэгээд аав ээжийн гар утсыг цонхоор шидчихсэн. Аав дүү Анар бид хоёрыг гараад ээжийнхээ утсыг аваад ир гээд гаргасан. Анар бид хоёр хажуу талын айлын хаалгыг тогшоод “цагдаа дуудаад өгөөч” гэж гуйгаад цагдаа дуудуулсан. Ингээд гэртээ ороход ээжийн уруул нь улаан болоод сонин болчихсон байсан. Аав 00 орчихсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч И.Жавзанхандын /хх-ийн 41-42/: “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өглөө унтаж байхад хажуу өрөөнд хүмүүс орилоод байхаар нь шагайтал бэр Э.Баянжаргал орилоод байхаар нь ... “чи яагаад байнга хэрүүл хийдэг юм бэ” гэж хэлтэл “хуц, пизда минь чамд хамаагүй” гэж хэлээд түлхтэл Б.Ч намайг зодох нь гэж бодоод Э.Баянжаргалыг тэврээд авсан. Тэгэхэд нь би өөрийнхөө өрөө рүү орчихсон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ж.Мөнхтулгын /хх-ийн 97/: “...Би 2018 оноос хойш Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сараас эхлэн 7 дугаар хорооны хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байна. ... цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл ирж байсан эсэхийг санахгүй байна. ...Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны гэр бүл хүчирхийлэгчдийн судалгааг шалгахад Батжаргалын Чулуунбаатар гэх хүн гэр бүл хүчирхийлэгчийн судалгаанд байхгүй байна. Манай цагдаагийн байгууллага иргэнээс ирүүлсэн бүх өргөдөл гомдлыг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэдэг. Мөн иргэнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн бол тэр болгон нь санд бүртгэгддэг...” гэх мэдүүлгээр,

 

Э.Баянжаргалын биед “тархи доргилт, хоёр шууны цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт” бүxий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8204 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 48-49/,

 

шинжээч эмч Н.Энх-Цолмонгийн /хх-ийн 76/: “...дүгнэлтэд заагдсан хамрын нурууны зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр, баруун зүүн шууны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн цохих болон дарах үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл шууны цус хуралт нь цохих болон атгах, базах үйлчлэлээр үүсгэгдэж болно гэсэн үг...” гэх мэдүүлгээр,

 

Б.Чын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 110-111/: “...өглөөний 6 цаг өнгөрч байхад Э.Баянжаргал хэрүүл маргаан хийгээд байсан. ...Тэгсэн ээж Жавзанханд орж ирээд “хар өглөө унтуулахгүй яагаад хэрүүл хийж байдаг юм, битгий хэрүүл хийгээд бай” гэж хэлэхэд Э.Баянжаргал манай ээжийг пизда гэж хэлсэн. Тэгээд түлхсэн. Э.Баянжаргал ээжийг түлхэхээр нь Э.Баянжаргалыг бариад авсан. Тэгээд Э.Баянжаргалыг тэвэрч аваад ноцолдож эхэлсэн. ...Э.Баянжаргал надтай ноцолдож байх үедээ цүнхээрээ миний толгой хэсэгт хоёр удаа цохисон. Гараараа олон удаа цохисон. Би нүцгэн байсан болохоор миний биеийн хэсэгт маажигдсан байсан. Тэгээд ноцолдож байгаад тавихад Э.Баянжаргал утсаараа цагдаа дуудсан. Тэгээд дахиад намайг цохиод ноцолдож байгаад миний дух хэсэгт цохихоор нь Э.Баянжаргалын гартаа барьсан гар утсыг нь булааж аваад цонхоор шидсэн. Хүслэн, Анар хоёрыг шидсэн утсыг аваад ир гэж хэлээд гаргасан. Буцаж ноцолдоод Э.Баянжаргалыг тэврээд авсан. Э.Баянжаргалтай шалан дээр бас орон дээр унасан. Э.Баянжаргал уурласан үедээ догшин зан ааштай. ...Э.Баянжаргалын шуу хэрэг болохоос өмнө чихний эмчилгээндээ дусал хийлгээд хөх няц болсон байсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

  Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч Э.Баянжаргал өөрийг нь нөхөр Б.Ч толгой, гар тус газар нь цохиж гэмтэл учруулсан талаар мэдүүлсэн, насанд хүрээгүй гэрч нар аав нь ээжийг нь зодож байгааг харсан талаараа хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн, Э.Баянжаргалын биед хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээч эмч дүгнэлт гаргасан, мөн олон удаагийн цохих үйлдлээр уг гэмтэл учирсан болохыг мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж дээрх нотлох баримтуудад шүүх итгэж, үнэмшсэн болно.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн зүгээс “хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг дахин шалгах, тогтоох үүнтэй холбоотойгоор хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий хүсэлт, гомдлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Э.Баянжаргал өөрт нь Б.Ч толгой, гар тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан талаар мэдүүлэг өгсөн,  насанд хүрээгүй гэрч Ч.Анар, Ч.Хүслэн нар үүнийг баталж мэдүүлсэн, хөрш айлаас нь “...аав ээжийг зодоод байна гэнэ, манайд орж ирээд уйлаад байна” гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн (хх-ийн 7), Э.Баянжаргалын биед хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээч эмч дүгнэлт гаргаснаас гадна уг гэмтлийг олон удаагийн цохих үйлдлээр учруулсан талаар мэдүүлэг өгсөн байх тул эдгээр нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын бодитой эсэхэд Б.Ч, түүний өмгөөлөгч нарын гомдолд заасан үндэслэл эргэлзээ төрүүлэх хэмжээнд үнэлэгдэхээргүй байна.

 

Эцэг, эхийнх нь хооронд үүссэн ашиг сонирхлын зөрчилтэй асуудалд арван найман насанд хүрээгүй гэрч Ч.Анар, Ч.Хүслэн нараас мэдүүлэг авахдаа тэдний хууль ёсны төлөөлөгчөөр сурган хүмүүжүүлэгч (нийгмийн ажилтан) Б.Оюунбилэгийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Б.Чын “өөрт холбогдох хэрэгт  насанд хүрээгүй гэрч нараас дахин мэдүүлэг авахуулах тухай” гомдол ч үндэслэлгүй.

 

Хохирогч Э.Баянжаргалын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг бусад нотлох баримттай харьцуулах байдлаар нягтлахад тэрээр хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд нь ямар ч эргэлзээ төрүүлэхгүй байх тул түүний сэтгэцийн байдлыг тодорхойлохоор шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Мөн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах, гэр бүлийн хөрөнгийн эрхийн харилцаа нь зөвхөн хуулиар зохицуулагдах учиртай тул “Б.Чыг эрүүгийн хэрэгт холбогдуулж, бүх эд хөрөнгийг Э.Баянжаргал дангаараа өмчилж, эзэмших атгаг санаа агуулж байж болох” шүүгдэгчийн өмгөөлөгч нарын таамаглал үндэслэлтэй байж чадахгүйг илтгэх ажээ.

 

Түүнчлэн мөрдөгч, прокурор хараат бусаар ажиллаж хэргийн үйл баримтыг тогтоосон тул энэ хэрэгт хохирогчийн зүгээс иргэн И.Жавзанхандад холбогдуулан гомдол гаргасан асуудлыг шалгаагүй гэх, хохирогч урьд өмнө амиа хорлохыг завдаж сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсан асуудлыг шалгуулах гэх гомдол ач холбогдолгүй, Б.Ч нь эхнэр Э.Баянжаргалыг зодож хөнгөн гэмтээснийг хөдөлбөргүй нотолж буй бусад хангалттай нотлох баримтуудыг үгүйсгэх, тэдгээрт эргэлзээ төрүүлэх нөлөөтэй байж чадахгүй юм.

 

Цаашилбал шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, гомдлууд нь шинжээчийн дүгнэлтэд эргэлзсэн агуулгатай болжээ.

 

Шинжээчийн мэдүүлснээр хохирогчийн биед учирсан гэмтлийн зарим буюу хоёр шууны цус хуралт нь “…тухайн цус хуралт нь судас тариа хийсний улмаас учирсан цус хуралт биш, харин мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, базах, мушгих үед үүссэн гэмтэл болно” гэсэн нь салаа утгагүй, агуулга эргэлзээгүй байна.

 

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу оролцогчид танилцуулаагүй, хавтаст хэрэгт хавсаргаагүй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын шуудангаар ирүүлсэн баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, хавтаст хэрэгт авагдаагүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдаж байна.

 

Нэгэнт шуудангаар илгээж шүүхэд ирүүлсэн уг баримтуудыг хэрэгт хавсаргахаар тогтов.

 

Мөн прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд Б.Чт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнээс хальж дахин хянах, хэлэлцэх, энэ талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүйг ч дурдаж байна.

 

Эцэст нь дүгнэхэд энэ хэрэгт шаардлагатай бүхий л байдлыг бүрэн шалгаж тогтоосон, тухайлбал мэдүүлэг өгч болох гэрчүүдийг бүгдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгэсэн, шаардлагатай баримт сэлт, лавлагаа,  шүүгдэгч, хохирогч нарын амьдралын нөхцөл байдал, хувийн байдлыг шалгаж тогтоосон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ноцтойгоор зөрчигдөөгүй байх тул дахин гэрч байцаах, баримт сэлт гаргуулах байдлаар нотолгоо цуглуулах нь илүүц, шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээс өөр үр нөлөө авчрахгүй бөгөөд Б.Чын хүнийг зодож хөнгөн гэмтээсэн нь тодорхой байх бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, нөхцөл байдал байж болох талаар эргэлзээ төрөхөөргүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Халиунаа нарын гаргасан хүсэлт, гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Б.Чын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх нь учир дутагдалтай.

 

Шүүгдэгч Б.Ч, хохирогч Э.Баянжаргал нарын хооронд үүссэн маргаан, тэмцэл нь нэг тал давамгайлсан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлаас нийгмийн шалтгаант шинж байдлаар ялгаатай байж эхнэр, нөхрийн хоорондын таарамжгүй харьцаанаас улбаатай ахуйн суурьтай гарсан байх тул шүүгдэгч Б.Чыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ шинжээр үйлдсэн гэж хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Чын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирол, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь баримтаар бүрэн тогтоогдсон хохирогч Э.Баянжаргалын толгойн КТГ-т үзүүлсэн төлбөр 120.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Чаас гаргуулж түүнд олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Б.Ч нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн;

 

эхнэр, нөхрийн хоорондын таарамжгүй харьцаанаас улбаатай ахуйн суурьтай гэмт хэрэг үйлдэгдсэн;

 

хохирогчид учирсан гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй;

 

урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, одоо эхнэрээсээ тусдаа 3 хүүхдийн хамт амьдарч байгаа зэрэг болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчид мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

 

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг CD болон шүүгдэгчээс шуудан илгээмжээр тус шүүхэд ирүүлсэн 4 ширхэг CD-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг CD болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шуудан илгээмжээр тус шүүхэд ирүүлсэн баримтууд, 4 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

 

                7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чаас 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Баянжаргалд олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ