Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/182

 

 

 

 

 

 

 

  2021          3          16                                        2021/ШЦТ/182

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

          улсын яллагч Н.Булганчимэг,

          шүүгдэгч Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009025740179 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, эмэгтэй, 28 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 166 дугаар цэцэрлэгт нягтлан бодогч ажилтай, ам бүл 5 нөхөр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.М, /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

          Яллагдагч Б.Мнь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг Рашааны 14 дүгээр гудамжны 740 тоот хашааны үүдэнд хохирогч Ч.Батсайхантай газрын асуудлаар маргалдаж улмаар толгой, цээжин хэсэгт цохин зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Мшүүхийн хэлэлцүүлэгт “…Манайх хохирогчтой газрын маргаантай байсан. Энэ хүн газар юм барихдаа хөрш айлын тохиролцоо гаргасан. Хохирогч тал мэдүүлэг өгөхдөө намайг шууд газрыг нь буруу барьсан гэж зодсон зүйл ярьсан байна. Энэ хүний контэйнер манайд 2 жил болсон. Би түүнийг нь хойшлуулах гэтэл маргаан үүсгэж маргалдаж эхэлсэн. Би хохирогчийн нүүр нүд рүү нь цохиогүй. Хохирогч тэр үед нүдний шилтэй байсан. Хэрэв би нүүр нүд рүү нь шидсэн бол нүдний шил нь хагарах байсан. Би тэр хүнийг цохисон нь миний буруу. Дараа тохиролцох гэхэд тохиролцож чадаагүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би тэвчээр алдаад Батсайханы цээж орчим нэг удаа гараар цохисон ба Батсайхан нь над руу үсдэх гээд дайраад бид хоёр зууралдахад хажууд байсан манай нөхөр болон тэнд байсан Батсайханы хашааг барьж байсан хүмүүс бид хоёрыг салгасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-11/,

Хохирогч Ч.Батсайханы “…Би 2018 онд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 14 дүгээр гудамжны 740 тоот хашааг худалдаж авснаас хойш кадастрын зураг болон газрын байршил дээр хажуу хөрш айл болох Б.Мөнхтуяа гэх эмэгтэйн газартай газрын маргаантай байнга маргалддаг болсон юм. Тэгээд тухайн үед газраа худалдаж авчхаад дундуураа хашаа барих гэтэл Б.Мөнхтуяа болон түүний охин Б.Мнар зөвшөөрөхгүй голоороо хашаа бариулахгүй гэж хэлээд надад ингэж тэгж хатга гэсээр байгаад хөрөөний ир шиг байрлалаар төмөр хашаа барьсан юм. Тэгээд дараа нь газрын албаар явсаар байгаад яг дундуур нь тэгш хашаа барих нь миний эрх гэдгийг мэдээд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр кран хөллөөд төмөр хашаагаа буулгаад янзалж байтал Б.Мгэх эмэгтэй хүрч ирээд хэрүүл хийгээд өдөж байгаад миний зүүн хөхний дээд хэсэгт гараараа 1 удаа цохихоор нь би биеэ хамгаалаад зөрүүлээд түлхсэн. Түүний дараа миний хамар, эрүү толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл хашаа буулгаж айсан залуучууд ирээд Мягмарыг надаас салгаж холдуулсан. Тэгсэн ч Мягмар над руу дайрч давшлаад одоо чамайг ална гичий банди минь чи муу миний ээжийг галзуу гэсэн чамайг алчихад яадаг юм үхэж байсан эргүү авгай гэх зэргээр над руу хашгичан хэл амаар доромжилж айлган сүрдүүлсэн. Миний бие гэртээ 15 настай хүүгийн хамтаар амьдардаг өрх толгойлсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 20-30/,

 

Гэрч Ц.Пүрэвбаатарын “...Манай хөрш айл болон манай хашаа хоёрын хооронд газрын маргаан байдаг бөгөөд тухайн өдөр би Сүхбаатар дүүргийн газрын албанаас хүн авч ирэхэд хөрш айлын Батсайхан гэх эгч гарч ирээд миний авч ирсэн хүнийг дагаад бид нартай хэрүүл хийгээд энэ үед манай эхнзр манайх энэ хүнийг авч ирсэн чи гэрлүүгээ ор гээд Батсайханы цээж рүү түлхэхэд Батсайхан гэх хүн манай эхнэр лүү чи муу намайг түлхдэг хэн бэ гэж хэлээд манай эхнэрийн гарын булчин хэсэг рүү цохиод үсдээд тэр хоёр хоорондоо үсдэлцээд зууралдахаар нь бид нар салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-37/,

 

Гэрч Г.Мөнхтулгын “...Эрмүүний хамт Батсайханы хашаанд очсон. Ингээд хашааг янзлаад байж байхад Батсайханы хажуу хашааны гэх нэг эмэгтэй ирээд Батсайхан эгчтэй хашааны кадастрын талаар маргалдаж байгаад гэнэт гүйж ирээд Батсайхан эгчийн цээжинд нь гараараа цохиод толгой нүүр орчим нь гараараа 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 39-41/,

 

 Гэрч Г.Төрболдын “...2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр би ажлаа хийж байхад хажуу хоёр хашааны хүмүүс болох зүс таних хоёр эмэгтэй газрын талаар маргалдаж байсан бөгөөд аль нэг тал нь газрын кадастр авч ирсэн байсан. Тухайн хүмүүс маргалдаж хэрэлдэж байсан бөгөөд нэг мэдэхэд нэг эмэгтэй нь орилж хүн цохих битүү чимээ гарсан. Би харахад Батсайхан гэх эмэгтэйг нөгөө эмэгтэй зуурчихсан байсан. Ингээд тэнд байсан хүмүүс салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-46/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №11354 тоот актын “….Ч.Батсайханы биед тархи доргилт, эрүүнд зулгаралт, хамар, зүүн хөхний зөөлөн эдийн няцрал, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-15-16/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-55/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, хувийн байдалтай холбоотой баримт /хх-56-57, 60-72/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-74, 76/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Мнь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг Рашааны 14 дүгээр гудамжны 740 тоот хашааны үүдэнд хохирогч Ч.Батсайхантай газрын асуудлаар маргалдаж улмаар толгой, цээжин хэсэгт цохин зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Ч.Батсайхан, гэрч Ц.Пүрэвбаатар, Г.Мөнхтулга, Г.Төрболд нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №11354 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Б.Мягмарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.М хохирогч Ч.Батсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Хохирогч Ч.Батсайхан нь энэ хэрэгт холбогдуулан ямар нэгэн эмчилгээний баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Б.М бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.М дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Б.М 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Э.Төмөрбаатар нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хохирогч Ч.Батсайхан нь энэ гэмт хэргийн улмаас хохирсон гэх хохирлын баримтаа ирүүлээгүй тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мнь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Мнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Б.Мнь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ч.Батсайхан нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР