Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/133

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч ******* /онлайн/

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Ө-өд холбогдох эрүүгийн 2121000000078 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын .............. багт оршин суух, гавъяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ....... овогт Ө /РД: ................/.

 

Шүүгдэгч Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Бөөр” гэх газар иргэн Т-тай маргалдаж, Т-ын цээжний баруун доод хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн, хатгагдсан шарх, цээжний баруун хөндийн хий, шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Т-ыг хутгалсан нь үнэн. Гэм буруугаа зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ө нь хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдсон тул түүнд зохих ёсны шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багт эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт байх өөрийн төрсөн гэртээ аав, ээж нарын хамт байж байхад Баян-Уул сумын танил дүү болох Ө нь над руу утсаар залгаад “Т ахаа хөдөө машинаараа яваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд би Баян-Уул сумын төв дээр Баттайван, Умбаа нарын хамт архи ууж байхад Ө ирж бид хоёр Баян-Уул сумын 2 дугаар баг “Бөөр” гэх газар руу миний машинтай явсан юм. Нэг сэрэхэд ******* гэрийн гадаа ирчихсэн Ө бид хоёр гэр рүү нь орсон. Тэгээд гэрт нь ямар ч байсан архи, пиво ууж байсан. Тэгтэл Ө бид хоёр юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. ******* гэрээс урагш морь уядаг шонгийн хажууд очиход Ө гэнэтхэн хутгаар миний баруун хөхний доор хутгалчихсан. Тэгээд л би ухаан алдсан. Цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Юунаас болж хутгалсныг нь мэдэхгүй байна. Зодож цохисон зүйл байхгүй. Өөөс өөр намайг хутгалж гэмтээсэн өөр хүн байхгүй. Ө бид хоёр байсан. Намайг хутгалсны дараа *******, ******* хоёр ирсэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 22-26/

Гэрч У.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед найз ******* хамт гэртээ байж байхад Т, Ө хоёр цагаан өнгийн Приус-20 маркийн автомашинтай Ө нь машиныг жолоодож, Т нь унтчихсан байдалтай 1 шил 0,5 литрийн “Хараа” архи, 2 ширхэг 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пивотой ирсэн. Тэгээд манай гэрт Ө нь орж ирээд гурвуулаа 1 ширхэг пиво ууж харин Т нь машин дотроо унтаж байсан. Нэг пивоо ууж дуусаад Ө манай гэрээс баруун хойшоо ******* гэх айл руу очоод удаагүй эргэж ирсэн. Ингээд бид дөрөв “Хараа” архи, пиво ууцгааж байхад Т Ө хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би хоёр удаа болиулж “та хоёр юундаа маргалдаад байгаа юм больцгоо” гээд болиулсан. Тэгтэл 20 цагийн орчимд тэр хоёр учраа олно гээд гэрээс гарцгаасан. Тэгэхээр нь ******* бид хоёр гэрээс гарч болиулах санаатай гартал тэр хоёр гэрээс урагш 40 орчим метрт байх морь уядаг шон болох цэгийн тэнд хэн хэнийх нь дуу нь чангарч маргалдаад байхаар нь би Таас “юу болсон бэ” гэж асуутал “Ө намайг хутгалчихлаа ш дээ” гэж хэлэхээр нь ******* бид хоёр Тын 2 талаас нь сугадаж гэр рүү авч ороод шалан дээр гудас дэвсэж хэвтүүлсэн. Тэр үед Ө бид гурвын араас хэсэг байж байгаад орж ирэхээр нь “чи чинь яаж байгаа юм бэ” гэж асуухад юм дуугарахгүй зогсоод байсан. Тэгээд би ******* хамт эмнэлэг, цагдаад мэдэгдэхээр мотоциклоо асааж баруун хойш ******* гэх айлд очиж утсаар нь сумын эмнэлэг, цагдаад мэдэгдсэн. Т нь Ө рүү “чи том болчихжээ дүү” гэж байсан. Миний бодсоноор Т, Ө хоёр манай гэрээс баруун хойшоо ******* гэх айл руу яваад ирэхдээ машиных нь дугуй хагарчихсан байсан. Үүнээс болж машины эзэн Т нь Өтэй маргалдсан байх гэж бодож байна. Гэрт бол зодоон цохион болсон зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 34-36/

Гэрч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баян-Уул сумын 2 дугаар баг “Бөөр” гэх газар найз *******гийн хамт мал маллан амьдардаг юм. 2021 оны 02 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед найз *******гийн хамт гэртээ кино үзээд байж байхад Т, Ө хоёр цагаан өнгийн Приус-20 маркийн машинтай Ө нь машиныг нь жолоодож, Т нь унтчихсан байдалтай, Ө нь ганцаараа манай гэрт орж ирсэн. Тэгээд 1 шил 0,5 литрийн “Хараа” архи, 2 ширхэг 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво машинаасаа оруулж ирсэн. ...Ингээд дөрвүүлээ пиво, архиа хувааж ууцгааж байхад Т Ө хоёр хоорондоо маргалдах гэж байснаа больцгоосон. Ер нь *******х рүү яваад ирэхдээ замдаа маргалдсан юм шиг байсан. Би тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдээгүй. ...Тэгтэл тэр хоёр гэрээс гарцгаахад ******* наад хоёр чинь гарчихлаа, хоёулаа очиж болиулъя гээд гэрээс гарахад тэр хоёр гэрээс урагш морь уядаг шонгийн дэргэд хоёулаа зогсож байсан. ******* миний урд алхаж байсан болохоор Т руу очоод ******* “Хөөе , Ө чинь Тыг хутгалчихсан байна ш дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би маш их сандарч Т руу очиж харахад цээжнийх нь баруун талаас маш их цус гарч байхаар нь *******гийн хамт хоёр талаас нь сугадаж гэр рүү оруулж шалан дээр гудас дэвсэж дээр нь хэвтүүлсэн. Тыг гэр рүү аваад явж байхад Ө рүү “чи чинь яаж байгаа юм бэ, хутгаа нааш нь өгөөдөх” гэтэл би хутгаа өгөхгүй, хутгаа нуучихсан гэж надад хэлсэн. Гэрт Тыг оруулж хэвтүүлснийхээ дараа цээжнийх нь баруун талд ариун цэврийн цаасаар дарж, цамцыг нь тайлж харахад цээжнийх нь баруун талаас цус нь амьсгалах бүрт нь маш ихээр бургилж гарч байсан. Тэгээд тэр даруй түргэн, цагдаад мэдэгдэхээр *******гийн хамт ******* гэр рүү очиж утсаар аймгийн цагдаа болон сумын эмнэлэгт мэдэгдсэн. Утсаар мэдэгдсэнээс хойш 30-40 минутын дараа цагдаа, эмнэлгийнхэн ирцгээж Т, Ө, ******* нарыг авч явсан...” гэжээ. /хх-ийн 39-41/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 132 тоот дүгнэлтэд:

1. Т-ын биед цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний баруун хөндийн хий, шингэн хуралдалт, цээжний баруун хөндийн хий шингэнийг соруулах хагалгааны дараах байдал, цээжний баруун талын дээд хэсгийн хатгагдсан өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна.

3. Өвчний түүхээс үзэхэд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр БОЭТөвд хүргэгдэж ирсэн гэжээ. Иймд хэрэг болсон гэх өдөр дээрх гэмтлийг авсан байх боломжтой байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар тогтоогдсон цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний баруун хөндийн хий, шингэн хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цээжний баруун зүүн талын дээд хэсгийн хатгагдсан өнгөц шарх нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

6. -Тын биед өвчний түүхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ. /хх-ийн 48-49/

Ө мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед ах гэртээ байхгүй байсан бөгөөд түүний нагац дүү *******, ******* бид дөрөв 0,5 литрийн 1 шил архи, 2,5 литрийн 2 том пиво уусан. Орой 23 цагийн орчимд бид нар архи, пивондоо нилээн согтож Т надад агсан тавиад аягатай хоолоо над руу шидээд байсан. Тэгээд би Тад уурлаад “Хоёулаа айлд хэрэлдээд яахав, гадаа гараад учраа олъё” гэж хэлсэн. ...Тухайн үед би Тыг аргадаж “Ахаа тантай зодолдоод таныг барахгүй, тийм болохоор одоо хоёулаа муудалцахаа больё оо” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр эвлэрчихээд буцаад гэр рүү орсон. Гэр дотор намайг зүгээр сууж байх үед Т ах дахин надад агсан тавиад “чи намайг барахгүй шүү, би чамайг хүнгүй газар машинаар чирч ална шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь гэнэт миний дургүй хүрээд би аяганы шүүгээн дээр байсан хүрэн модон бариултай хутгыг авч ханцуйндаа хийгээд “Хоёулаа холхон гараад уулзчихъя” гэж Тад хэлсэн. Тэр үед Т надтай цуг гадагшаа гарсан бөгөөд “чи наад хутгаараа намайг алж амжихгүй” гэж хэлсэн. Тэгээд Т бид хоёр морины зэлнийх нь урд талд очоод нэг нэгнийхээ энгэрээс нь зулгааж заамдсан. Тэгээд би гартаа барьж байсан хутгаараа Тын зүүн хэвлий орчимд нь 1 удаа хутгалсан юм. Тэр үед Т гэдсээ бариад унаад өгсөн. ...Хутгаар айлгах санаатай хутгалсан юм. ...Би Т-ын ХААН банкны дансанд эмчилгээний төлбөр гэж 1.900.000 төгрөг шилжүүлсэн. Би өөрийн гэм буруу болон хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 58-60/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/

Мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 12/

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 14, 16-19/

Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 44-45/

Ө-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-31/

Дорнод аймгийн Баян-Уул сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61/

Ө-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 62/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас шинээр гаргаж өгсөн бэлэн 657,640 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхгийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ө-өд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ...... овогт Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Бөөр” гэх газар хохирогч Т-тай маргалдаж, улмаар түүний цээжний баруун доод хэсэгт хутгаар хатгаж, биед нь цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний баруун хөндийн хий, шингэн хуралдалт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгчийн “...гэнэт миний дургүй хүрээд би аяганы шүүгээн дээр байсан хүрэн модон бариултай хутгыг авч ханцуйндаа хийж гараад ... Тын зүүн хэвлий орчимд нь 1 удаа хутгалсан юм. Тэр үед Т гэдсээ бариад унаад өгсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой хохирогч Т, гэрч У.*******, Ж.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 132 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ө нь хутга хэрэглэн Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 132 тоот “Т-ын биед цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний баруун хөндийн хий, шингэн хуралдалт, цээжний баруун хөндийн хий шингэнийг соруулах хагалгааны дараах байдал, цээжний баруун талын дээд хэсгийн хатгагдсан өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Иймд хэрэг болсон гэх өдөр дээрх гэмтлийг авсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар тогтоогдсон цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний баруун хөндийн хий, шингэн хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цээжний баруун зүүн талын дээд хэсгийн  хатгагдсан өнгөц шарх нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгчийг гэм буруутай” гэх дүгнэлт нь үндэслэлтэй юм.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Ө нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.  

Шүүгдэгч Ө-өд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ө-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Ө-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогчид 1,957,640 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т-ын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжтой байна гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч Ө-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид эмчилгээний зардалд 1,957,640 төгрөгийг төлсөн болох нь банкны мөнгөн шилжүүлэг, орлогын баримт, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр нотлогдож байхаас гадна хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн, мөн шүүхээс түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, биеийн байдал дээрдэж байгаа” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32 см урттай, хүрэн өнгийн модон бариултай 1 ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ө-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт Ө-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ө-өд 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө-өд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32 см урттай, хүрэн өнгийн модон бариултай 1 ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ө нь цагдан хоригдоогүй, хохирогч Т-ад эмчилгээний зардалд 1,957,640 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      П.ПАГМА

                                  ШҮҮГЧИД                                           Л.БАТЖАРГАЛ

                                                                                                    Г.НАМУУНТУЯА