Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0046

 

 

                                       “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М,

Нэхэмжлэгч: “Н” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”, 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 874 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 128/2022/0494/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 874 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох” А/577 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Анхан шатны шүүх “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. Энэ хуулийн 21.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан үүргээ захиргааны байгууллага зөрчиж, шийдвэр гаргасан” гэж үзсэн.

3.2. Маргаан бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02-06/1367 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Тухайн мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлан гаргасан бөгөөд мэдэгдлийн хариуд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбоотой тайлбар баримтаа ирүүлэх үүрэгтэй. Дээрх мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчээс ирүүлсэн баримт болон газрын мэдээллийн сангаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг бүрэн хийх боломжтой тул мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан ажиллагаа огт хийгээгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

3.3. Дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасны дагуу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаж байгаа бөгөөд анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, Д.Н нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд: 

            4.1. “Н” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02-06/1367 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн хариуг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4-12/223 дугаартай албан бичгээр хүргүүлсэн бөгөөд хариу албан бичгийг Мишээл экспо дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн бүртгэлийн ажилтан С.Д хүлээн авч, цахим бүртгэлийн Б2204072015 дугаарт бүртгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс тайлбараа ирүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй.

4.2. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “хариуцагчийг сонсох ажиллагаа огт хийгээгүй” гэж дүгнээгүй бөгөөд хариуцагч нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар захирамжид заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс тайлбар аваагүй, харин Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02-06/1367 дугаартай албан бичигт дурдсанаар “Маргаан бүхий газар нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага хэрэгжүүлэх ажиллагааны төлөвлөгөө, автозамын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан автозамын трасст өртсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна” гэх өөр асуудлаар тайлбар авсныг сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актад дурдсанаас огт өөр асуудлаар нэхэмжлэгчээс тайлбар авсан нь сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй учраас анхан шатны шүүх тухайн асуудлыг зөв дүгнэж шийдвэрлэсэн. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс огт өөр үндэслэлээр тайлбар авсан гэдэг нь дээрх Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02-06/1367 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн агуулгаас шууд харагдаж байгаа учир нэхэмжлэгчийн зүгээс тус албан бичгийн хариуг хүргүүлсэн эсэх нь сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй хариуцагчийн эс үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

4.3. Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, газар эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, мөн хуульд заасан захиргааны акт гаргах үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн бөгөөд “Н” ХХК нь эзэмшлийн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл, маргаан бүхий газар дээр “С.Р” нэртэй төсөл хэрэгжүүлж барилга байгууламж барих зорилгоор эрх бүхий байгууллагаар батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд зэрэг баримтуудаар бүрэн үгүйсгэгдэж байгаа тул хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаартай захирамжийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд хариуцагчийн зүгээс гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2.  Шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

            2.1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/577 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

           2.2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/433 дугаар захирамжаар “ “Н” ХХК-д Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69,944 м.кв талбай бүхий газрыг орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон”, маргаан бүхий А/577 дугаар захирамжаар “... “Н” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй тул тус компанид эзэмшүүлсэн 69,944 м.кв газраас 12,000 м.кв газрыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгож, үүнтэй холбогдуулан А/433 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн “69,944 м.кв” гэснийг “57,944 м.кв” гэж өөрчилж” шийдвэрлэсэн байна.

2.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай, хариуцагч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газраас 12,000 м.кв газрыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, нэхэмжлэгч ийнхүү шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байхад шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт огт хийлгүйгээр “...хариуцагч маргаан бүхий А/577 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж захиргааны акт гаргахдаа процессын зөрчил гаргасан гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, актыг шууд хүчингүй болгосон нь үндэслэл муутай болжээ. Мөн дээрх байдлаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 12,000 м.кв газрыг “2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр гуравдагч этгээдэд шууд шилжүүлсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

2.4. “Н” ХХК нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 01122-2020/00396 дугаартай, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 01122-2021/01393 дугаартай /хэрэгт гэрээний эхний болон сүүлийн хуудас авагдсан/ “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан байх бөгөөд шүүх хуралдаанд гэрээг ямар шалтгааны улмаас шинэчилж хийсэн талаар тодруулахад нэхэмжлэгчээс “... гэрчилгээ шинэчлэгдсэнтэй холбоотой байх, энэ талаар сайн мэдэгдэхгүй байна” гэж тайлбарласан.

Газрын тухай хуульд заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд дээрх 2 гэрээ чухам ямар ялгаатай болох, хариуцагч чухам аль гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, аль гэрээний хугацаанаас тооцон 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, анхан шатны шүүх энэ талаар тодруулж, нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж үүнтэй холбоотой дүгнэлт хийгээгүй байна.

2.5. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02-06/1367 дугаар албан бичгээр “... танай компанийн эзэмшлийн газар нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага хэрэгжүүлэх ажиллагааны төлөвлөгөө, Авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан авто замын трасст өртсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, ... тайлбар, санал, нотлох баримтыг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдье” гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн, улмаар “Н” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4-12/223 дугаар “... авто замын трассыг өөрийн эзэмшлийн газар дээгүүр дайран өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлаар бид Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай зөвшилцөж байгаа, ... манай компанийн газар эзэмших эрхэд халдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, харин авто замын трассын асуудлаар эрх бүхий байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэх боломж олгохыг хүсье” гэх албан бичгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлжээ.

Үүнээс үзвэл маргаан бүхий А/577 дугаар захирамжид “тухайн газар нь авто замын трасст өртсөн” талаар тусгаагүй боловч уг газрыг “Н” ХХК-ийн эзэмшлээс тасалж төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар Нийслэлийн боловсролын газарт шилжүүлэх эсхүл нэхэмжлэгч цаашид үргэлжлүүлэн эзэмшсэн ч уг газрыг цаашид бодитоор эзэмшиж, ашиглах боломж бий эсэх, тухайн газарт барилга барих боломжтой эсэх нь тодорхойгүй, анхан шатны шүүх энэ асуудлыг анхаарч үзээгүй байна. Мөн шүүх А/577 дугаар захирамжийг гаргасан үндэслэл нь эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

3. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, тэдгээрийг нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад хамаатуулан харьцуулан дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

4. Дээр дурдсан асуудлыг тодруулж, холбогдох баримтыг бүрэн цуглуулж  хэргийг шийдвэрлэснээр уг маргааныг эцэслэн шийдвэрлэх, цаашид хэн аль нь уг газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах нөхцөл бүрдэхээр байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М “... миний бие 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулахаар болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсье” гэх хүсэлтийг ирүүлсэн боловч хүсэлтэд хавсаргасан баримтаар энэ нь нотлогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн  117.2-т зааснаар хүсэлтийг хүлээж авалгүй, хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                                      

                                                                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН       

        ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

                   ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН