Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 14

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч “Э ” ХХК-ийн гомдолтой,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б , Б.М   нарт холбогдох,

“Татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1102201871 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Э ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б , хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М  , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Татварын улсын байцаагч, хуулийн мэргэжилтэн Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Э ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б  шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Өмнөговь аймагт үйл ажиллагаа эрхэлж, холбогдох татварыг цаг тухайд нь төлж ирсэн. Гэтэл Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид “Д ” ХХК-иас худалдан авалт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт нь хуурамч байсан, тэдгээрийг тайланд тусгаж хасалт хийсэн үндэслэлээр манай компанийг зөрчил гаргасан гэж тулган, 13,636,909 төгрөгийн нөхөн татвар, 4,091,072 төгрөгийн

 торгууль, 3,995,614 төгрөгийн алданги ногдуулах шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Д ” ХХК нь бараа материалдаа хуурамч баримт дагалдуулж байсан эсэхийг худалдан авагч шалгах үүрэггүй, манай компани тухай бүр татвараа үнэн зөвөөр тайлагнаж байсан.

Татварын байцаагч нар хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байхад хуулийг буруу хэрэглэн зөвхөн шийтгэх талын нотлох баримт цуглуулсан, аливаа хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын тэгш эрхийн зарчим, хууль дээдлэх, гаргаж буй шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчим зэргийг зөрчиж шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Манай компани” “Д ” ХХК-иас барилгын бараа худалдан авч үнийг нь бэлэн мөнгөөр төлсөн, тухайн үед падаан өгөөгүй, хойноос явуулна гээд явуулаагүй, худалдан авалт хийсэн учир хуулийн дагуу тайлагнасан. Манай компани ямар нэг хууль зөрчөөгүй, “Д ” ХХК буруутай юм бол тэр компанид хариуцлагыг нь хүлээлгэж болдоггүй юм уу. Шүүхэд гаргасан гомдолдоо улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны дугаарын сүүлийн хоёр тоог зөрүүлж бичсэн байснаа залруулъя.

Иймд энэ шийтгэлийг хуудсыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул “Татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1102201871 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б , Б.М   нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч Б.М   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 албан бичиг, Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ы өдрийн 07/778 дугаартай албан бичгүүдийн дагуу Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Э.Б , Б.М   нар нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3619338 тоот регистрийн дугаартай “Э ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 1102201871 дугаар бүхий хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн.

          “Э ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 1102201871 тоот дугаар бүхий хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн болохоос 1102201817 тоот шийтгэлийн хуудсыг үйлдээгүй. “Э ” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 10, 13, 17-ны өдөр 00623367965, 00609703998, 00648850539 дугаартай падаануудаар нийт 136,369,091 төгрөгийн худалдан авалтыг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй “Д ” ХХК-иас худалдан авалт хийсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийж “Д ” ХХК-нд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 340000494 дугаартай дүгнэлт үйлдсэн. Уг “Д ” ХХК-ийг харьяалагдах Татварын албад шалгах үүрэгтэй учир манай хэлтэс шалгах үндэслэлгүй. Мөн Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор “МГЭИ ” ХХК, “Д ” ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуулийг баримтлан шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн.

Иймд гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, 2018 оны 06 сарын 26-ны өдөр “Э ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 1102201817 дугаар бүхий хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөр нь хууль зүйн үндэслэлтэй болно...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1102201871 дугаартай шийтгэлийн хуудсаар “Э ” ХХК-нд холбогдуулж шийтгэлийн хуудсыг бичсэн. Шийтгэлийн хуудсаар нийт 21,723,591 төгрөгийн төлбөр тогтоосон зөрчил илэрсэн. Зөрчлийн гол зүйл нь “Д ” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр бараа материал худалдаж авсан гэж 2016 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа хасалт хийж улсын төсөвт төлөх ёстой байсан тул шийтгэлийн хуудас бичсэн. “Д ” ХХК нь “МГЭИ ” ХХК нь Батсуурь гэж нэг хүний байгуулсан хуулийн этгээд байгаа.

Анх “Э ” ХХК-нд хяналт шалгалт яагаад хийгдэх болсон бэ гэвэл Эрүүгийн цагдаагийн албанаас Татварын ерөнхий газарт бичиг ирүүлсэн. Татварын ерөнхий газраас “Э ” ХХК-ийн татвар төлөлтийн байдлыг шалгаж ирүүл гэсэн бичиг ирсний дагуу хяналт шалгалтыг хийсэн. Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн бичгийн ард “Д ” ХХК болон ”МГЭИ ” ХХК-иудаас бичилт хийсэн падаан авсан компаниудын нэрсийн жагсаалтад “Э ” ХХК бичигдсэн байгаа. Үүний дараа 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 58 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоол дээр “Д ” ХХК 2016 онд 255 аж ахуйн нэгжид бараа ажил үйлчилгээ борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим тайлан гаргасан зөрчил үйлдсэн, энэ зөрчлийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс “Д ” ХХК-нд оногдуулж анх дүгнэлт үйлдэж Цагдаагийн байгууллагад шилжүүлснээр энэ зөрчил үйлдэгдсэн гэдэг нь шалгагдаж эхэлсэн. Нийслэлийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийг хаагаад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “Д ” ХХК хил гаалиар бараа ажил үйлчилгээ оруулж ирээгүй, улсын төсөвт нэг ч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан.

Бусад аж ахуй нэгж хуулийн этгээдэд компанийнхаа тэмдгийг дараад Татварын газраас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж бараа материал зарсан үйлдэл гарсан. Ийм үндэслэлээр зөрчил үйлдэгдсэн нь тодорхой байна. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч, эрх бүхий этгээд Баярсайхан өөрөө биечлэн оролцсон нь хэргийн материалд байгаа. Шийтгэлийн хуудсыг танилцуулахад гарын үсэг зурахаас татгалзсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

“Э ” ХХК-иас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б , Б.М   нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1102201871 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Татварын улсын байцаагч Э.Б , Б.М   нар нь гомдол гаргагч “Э ” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын, ногдуулалт, төлөлтийн тайланд 136,369,091 төгрөгийн хий бичилттэй Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 13,636,909 төгрөгийн нөхөн татвар, 4,091,072 төгрөгийн торгууль, 3,995,614 төгрөгийн алданги ногдуулах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол,” 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол”, 2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдэгдсэн тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж...” гэж заажээ.

Хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбон тайлбарлавал, татвар төлөгч татварын улсын байцаагч нарын хянан шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, ногдуулж буй шийтгэлийг биелүүлэхээ илэрхийлсэн, зөрчлийн үйл баримттай маргаагүй тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр зохицуулжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар татварын улсын байцаагч нарын маргаан бүхий дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулж буй зөрчлүүдийг холбогдогч хүлээн зөвшөөрөөгүй, зөрчлийг гаргаагүй гэж маргаж байсан нь тогтоогдож байна. Энэхүү үйл баримт нь маргаан бүхий акт болох Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М  , Э.Б  нарын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1102201871 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээс[1] нотлогдож байгаа болно.

Иймээс татварын улсын байцаагч нар “Э ” ХХК-ийн татварын зөрчилтэй холбоотой асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг нээж хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Мөнхцэцэгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар шинжээчийн дүгнэлт нь Р.Батсуурьд холбогдох эрүүгийн хэргийн санхүүгийн баримтад шинжилгээ хийсэн дүгнэлт байна.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 53 дугаар 53.2-т “Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгана” гэж заасныг татварын улсын байцаагч нар зөрчин зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Б д явуулсан 2018 оны 02 дүгээр сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичиг,  зэргийг[2] үндэслэн шийтгэл ногдуулсан нь хууль бус болно.

Өөрөөр хэлбэл, дээрх баримтууд нь зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй болсон гэсэн үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ.

Нэгэнт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байхад гаргасан татварын улсын байцаагчийн маргаан бүхий “шийтгэлийн хуудас”-ыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр “Э ” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М  , Э.Б  нарын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1102201871 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 16:30 цагт хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Э.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д  нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцогчид хэргийг шийдвэрлүүлэх, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.п

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 2, 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Э ”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б , Б.М   нарын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1102201871 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б , Б.М   нараас тус бүр 35100 төгрөгийг тус тус гаргуулж гомдол гаргагч  нөхөн төлүүлж, гомдол гаргагчид “Э ”ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.ОТГОНЦЭЦЭГ

 


[1] Хэргийн 2-3 дахь хуудас, хэрэгт авагдсан 1102201871 дугаартай зөрчлийн хэргийн 2-3, 62-64 дэх хуудас

[2] хэрэгт авагдсан 1102201829 дугаартай зөрчлийн хэргийн 14-15  дахь хуудас