Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01793

 

“Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

    Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/01052 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1533 дугаар магадлалтай,

   “Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             Д д холбогдох

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,623,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

            Хохиролд 1,680,000.00  төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани 2017 оны 05 сарын 18-ны өдөр Д тай гэрээ байгуулж түүний эзэмшлийн хашаанд гүний худгийн цооног өрөмдөхөөр тохиролцсон. Д  нь 1 тууш метрийг нь 80,000 төгрөгөөр тооцож 82 метр гүн өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон бөгөөд 2017 оны 05 сарын 19-ний өдрөөс 2017 оны 05 сарын 23-ны өдрийн хугацаанд ажлыг хийж гүний худгийн цооногийг гаргасан. Д гаас 2017 оны 05 сарын 18-нд гүйцэтгэх ажлын хөлсний 50 хувь болох 3,264,000 төгрөг шилжиж ирсэн ба үлдэгдэл төлбөрөө одоог хүртэл төлж барагдуулаагүй. Өрөмдлөг хийсэн цооногт нуралтаас хамгаалсан шүүрийн ПВС хоолойг 82 метрийг өөрийн хөрөнгөөр худалдан авч суурилуулсан ба гүний худгийн насос, ус өргөх хоолой 80 метр, цахилгааны кабель 85 метр, бэхэлгээний тросс 160 метр, худгийн таг зэргийг компани өөрийн хөрөнгөөр худалдан авч Д гийн худагт хийж хүлээлгэн өгсөн. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 3,296,000 төгрөг, 82 метр ПВС хоолойн үнэ 410,000 төгрөг, гүний насос, ус өргөх хоолой, цахилгааны кабель, бэхэлгээний тросс, худгийн таг зэргийн үнэ 917,000 төгрөг, нийт 4,623,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Гүний худаг гаргахаар тохиролцох үед хажуу айл хамт хэрэглэж болох талаар тодруулахад болно, нэг удаа гарахдаа 1-2 тонн ус гарна, кноп дараад ус гарна, уснаас дээж авч шинжилгээнд өгч хариуг худгийн паспорт дээр бичилт хийлгэж, акт үйлдэн хүлээлгэж өгнө, мөн худгийн гаднах байдлыг яг газрын гадаргуутай тэгш хийж, бетонон хамгаалалттай байхаар тохирсон ч хэлэлцэж тохирсон ажлаа бүрэн хийж өгөөгүйгээс гадна ажил гүйцэтгэж байхдаа байшинг шавраар будаж үзэмжид нь хохирол учруулсан. Нэхэмжлэгч компани хийж байсан ажлаа хүлээлгэж өгөлгүй дутуу хаяад явсан тул манай нөхөр хувиараа зохих хөлсийг төлж янзлуулж ашиглалтад оруулсан. Ажил хүлээлцсэн акт хэмээх баримтад гарын үсэг зурсан манаач гэх хүн хэн болох нь тодорхойгүй, манайд манаач байдаггүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Нэхэмжлэгч компани нь өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байхдаа манай байшинг шавраар будаж үзэгдэх үзэмжид нь хохирол учруулсан. Байшингийн ханыг бохирдуулсан байдлыг засаж янзлахад 1,680,000 төгрөг шаардлагатай талаар “Мон-үнэлгээ” ХХК-ийн дүгнэлт гарсан. Иймд “Э ” ХХК-аас 1,680,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Өрмийн багажны ир мохсон байдлаас байшинг бохирдуулсан гэсэн агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд ир гэх зүйл өрмийн машинд огт байдаггүй, газрын гүнд тусгай зориулалттай алмазан хошуутай цохилтот алхтай багажаар хийн компрессор ашиглан өрөмддөг. Байшиндаа хэт ойр буюу 2 метр орчим зайд өрөмдөх газраа заасан, энэ тухай тодруулахад энд ус гарахаар мэргэжлийн байгууллага тодорхойлсон гэж тайлбарласан бөгөөд бид ямар нэг хохирол учруулаагүй гэжээ.                                                                      Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/01052 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д гаас 2,886,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,737,000 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч “Э ” ХХК-иас 1,680,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,918 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 61,126 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.                                               

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1533 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/01052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 184/ШШ2018/01052 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1533 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэж бий болсон үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иймээс ажил гүйцэтгэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол хэлэлцэн тохирсон хөлсийг нэхэх эрхийг бий болгодог.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хашаанд худаг гаргаж өгөхөөр болж, хариуцагч нь урьдчилгаа төлбөр 3,264,000 төгрөгийг урьдчилан төлж, ажил бүрэн хийж гүйцэтгэсний дараагаар үлдэх төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д “Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно” 345.2-т “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь худаг гаргахад төсөв нэмэгдсэн гэж хариуцагчид огт мэдэгдэж байгаагүй. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн худаг гаргасан газар нь нуралттай хөрс биш юм. Анхан болон давж заалдах шатны шүүх нь зөвхөн нэхэмжлэгчийн “хөрс нь нуралттай тул ПВС хоолой суулгасан” гэх тайлбарыг үндэслэн ПВС хоолойн мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгчийн өөрийн тайлбар татгалзлыг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөх, өөрийн тайлбарыг нотлох үүрэгтэй. Иймээс хэрэв худаг гаргасан газрыг нуралттай гэж байгаа бол түүнийгээ нотлох ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчтай тохиролцсон ажлыг гүйцэтгэж байх явцдаа хариуцагчийн эд хөрөнгөнд хохирол учруулсан. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д ажил гүйцэтгэгчийн хүлээх үүргийг хуульчилсан. Ажил гүйцэтгэх явцад захиалагчийн захиалсан ажлын үр дүн болон түүний эд хөрөнгөнд учруулахаар бол захиалагчид мэдэгдэхээр хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх явцад нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд шавар үсэрч болох талаар мэдэгдээгүй.  Мөн ажил гүйцэтгэх явцад хариуцагчийн эд хөрөнгөнд хохирол учирсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт өгөгдсөн зургаар нотлогдож байгаа. 2018 оны 03 сарын 30-ны өдөр хариуцагчийн эд хөрөнгөнд үзлэг хийх явцад тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүх хохирол учраагүй мэтээр хэт хийсвэрээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөөтээгүүр хариуцагч нь өөрийн эд хөрөнгөнд учруулсан хохирлыг арилгахад хэдэн төгрөг шаардлагатай болох талаарх дүгнэлтийг үнэлгээчнээр тогтоолгож хэрэгт өгсөн. Мөн хариуцагчийн эд хөрөнгөнд учирсан хохирол, түүний хэмжээ, түүнийг арилгахад хэдэн төгрөгийн зарлага гарах талаар тогтоолгохоор шүүхээс шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Хариуцагчид хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 184/ШШ2018/01052 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1533 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагч Д д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,623,000.00 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй гэж марган, эд хөрөнгөнд хохирол учруулсан гэж 1,680,000.00 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аманд байрлах хашаанд худаг гаргуулахаар “Э ” ХХК-ийн захирал Ш.Ганбаттай тохиролцож, гэрээний урьдчилгаанд 3,264,000.00 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч 82 метр гүн худгийг өрөмдөж хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь нэг тууш метрийг 80,000.00 төгрөгөөр өрөмдөхөөр тохиролцсон гэх боловч түүний шүүхэд ирүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-нд хариуцагч Д  гарын үсэг зураагүй байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэхгүй ч талууд ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөлийг амаар тохирсон гэж шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлыг дутуу орхиж явсан, манайх худгийг хүлээж аваагүй гэж тайлбарласан боловч 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Э ” ХХК ажлыг хүлээлгэн өгсөн тухай гэрч Ц.Эрдэнэ-Очир шүүхэд мэдүүлсэн, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн үзлэгээр хариуцагч уг худгийг ашиглаж байгаа болох нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх гэрч Б.Энхтуяагийн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбарыг үндэслэн 82 тууш метр өрөмдлөгийн ажлын 1 тууш метрийг 70,000.00 төгрөгөөр тооцож,  хариуцагчаас урьдчилгаанд төлсөн 3,246,000.00 төгрөгийг хасч, үлдэх 2,476,000.00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс гадна өрөмдлөг хийсэн цооногт нуралтаас хамгаалж суурилуулсан шүүрийн ПВС хоолойн үнэ 410,000 төгрөгийг шаардсаныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ “...хоолойг суулгаж захиалагчийн эд хөрөнгөнд үлдээсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасны дагуу “Э ” ХХК нь зардлыг шаардах эрхтэй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр “Э  ХХК-ийг өрөмдлөгийн ажил гүйцэтгэх явцдаа байшингийн ханыг шавраар будаж үзэмжгүй болгосон, шатахуун тослох материал асгаж орчны хөрсийг бохирдуулсан хохиролд 1,680,000.00 төгрөг гаргуулахаар  шаардсан байх бөгөөд шүүх хариуцагчийн байшинд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр хохирол учирсан талаарх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн, шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс “...ус газрын гүнээс оргилон гарч байх үеийн бичлэг /CD/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр хохирол учирсан гэх байшинд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийсэн үзлэгээр шавар үсэрсэн гэх байдал тогтоогдоогүй, үзлэгээр худгийн баруун талд 40см/60см харьцаатай тосны толбо илэрсэн боловч хэзээ, хэн бохирдуулсан нь тодорхойгүй, ... хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хөрөнгийн үнэлгээний “Мон-үнэлгээ” ХХК /үнэлгээ 1,680,000.00 төгрөг/, барилгын зураг  төсөл, төсвийн “Актас” ХХК-иар /үнэлгээ 1,758,925.00 төгрөг/  байшинд учирсан эвдрэл, гэмтлийн засварын үнэлгээг тогтоолгосон....” гэж дүгнэснээс үзэхэд хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/01052 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1533 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч Д гийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,000 /нэг зуун гурван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН