Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/134

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Нямдэлэг

Шүүгдэгч Т, Б нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Б-ын өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Т, Б, Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Т, ..... овогт Тгийн Б, ..... овогт Б нарт холбогдох эрүүгийн 2021002910056 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Т /РД: ........./.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатгин овогт Б /РД: ..................../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .... овогт Б /РД: ............../.

            Шүүгдэгч Т, Б, Б нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Хотго” гэх газраас хохирогч Б-ны 8 тооны үхрийг хулгайлж бусдад 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн бүлэглэн машин механизм ашиглан 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар баг, “Үүдийн жаран” гэх газраас хохирогч Л-н 8 тооны үхрийг хулгайлж бусдад 6.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

            шүүгдэгч Б нь ганцаараа 2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр баг, “Хөх өндөр” гэх газарт бэлчээрт байсан иргэн Э-н эзэмшлийн үхэр сүргээс 9 тооны үхэр хулгайлж 6.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

         Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

         Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Булган сумын 3 дугаар багийн нутаг “Хотго” гэх газарт миний төрсөн ах ******* мал маллан амьдардаг бөгөөд миний эзэмшлийн 50 орчим тооны үхрийг өөрийн малтай хамт малладаг юм. 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай ах ******* над руу утсаар залгаад “чиний бяруу шүдлэн нийлсэн 8 тооны үхэр хулгайд алдагдчихлаа, олдохгүй эрэл сурал болоод явж байна, чи наагуураа хайж мөн цагдаагийн газарт бүртгүүл” гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн газарт бүртгүүлж мөн мал мах авдаг цэгүүдээр хайж сурагласан боловч сураг гараагүй ... би алдагдсан 8 тооны үхрийн хохирол болох 3,600,000 төгрөгийг Баас авсан болохоор надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 23-28/

 

Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үхрээ бүртгэхэд саарал үнээ, хөх үнээ, улаан халзан гунж, ягаан гунж, шар алаг гунж, улаан халзан бяруу, ягаан халзан бяруу, сартай ягаан бяруу, ягаан тугал нийлээд 9 тооны үхэр алга байхаар нь ойр хавиар хайсан. Цаад тал нь хүдрийн уурхай хүртэл хайж яваад олоогүй. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган сумын нутаг “Таван шон” гэх газар бэлчээд явж байхад нь олсон. Тэгтэл манай үхрийг хүн хулгайлаад явж байсан гэдгийг ******* ахаас утсаар сонссон. Би алдсан малаа бүрэн бүтэн олж авсандаа баяртай байна...” гэжээ. /хх-ийн 106-107/

Хохирогч Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай дүү ******* нь 2019 оны 01 дүгээр сард өөрийн маллаж байсан үхрээс 9 тооны үхэр алдсан талаар надад хэлж тухайн үед сумын цагдаад хандан бүртгүүлж байсан. Тухайн алдсан үхрүүдээ 1 сар гаран эрж хайсан боловч олдоогүй. Алдагдсан гэх үхрүүд бүгд яг миний өөрийн эзэмшлийн үхэрнүүд байсан. Тэдгээр үхрээс 8 үхрийг нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр, 1 үхрийг нь 8 үхрээ алдснаас хойш 01 дүгээр сарын 20-ны үеэр буюу 7 хоногийн дараа алдсан. Тийм болохоор Б ,Б, Т нарыг миний 9 үхрийг авсан гэж бодож байна. ...Миний үхэрнүүд Халхголын Талын улаан үүлдрийн үхэрнүүд байсан. Алдагдсан 9 үхрийн хохирол болох 6,000,000 төгрөгийг Баас авсан. Одоо цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх-ийн 155-160/

Гэрч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр намайг малд явж байхад хэдэн үхэр туусан хүмүүс явж байхаар нь манай үхэр байж магадгүй гэж бодоод машинтай яваад очиход Б гэх залуу 9 үхэр буюу 1 бяруу 8  бүдүүн үхэр зүснүүдийг нь сайн мэдэхгүй хөх ягаан голдуу зүсмийн үхэрнүүд туугаад явж байхаар нь “чи хаанаас ямар үхэр туугаад явж байгаа юм” гэж асуухад “Эрдэнэцагаан сумаас туугаад явж байна, ******* ******* 2 өөдөөс тосоод авах юм” гэж хэлэхээр нь би гэр рүү нь утасдаад “танай ******* чинь үхэр туугаад хөдөө явж байна, хөлдөж үхлээ, та нар түүнд мал туулгаад явуулсан юм биш үү” гэж Дондог руу утсаар хэлэхэд хэсэг хугацааны дараа *******,*******, *******, *******, нар машинтай ирээд “манайх мал туулгаагүй, цаадах чинь хулгай хийсэн юм биш үү” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 111-113/

Гэрч ........ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр Б утсаар яриад Б гэж хүнд 200,000 төгрөг өгчих мал авах гэж байгаа юм гэж хэлэхээр нь Б-ын данс руу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн данснаас шилжүүлсэн. Яг ямар учиртай, нарийн ширийн зүйлийг нь асууж шалгаагүй. Манай нөхөр өөрөө мал, махны наймаа хийдэг. Би мөнгөний асуудалд оролцдоггүй...” гэжээ. /хх-ийн 118-119/

Гэрч ...............мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б нь миний хүрэн морийг унаж 2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Булган сумын 1 дүгээр багийн иргэн Э гэх хүний 9 үхрийг хулгайлсан гэж өөрөөс нь сонссон.  Б нь миний адуучин ..............гэх хүнээс хөдөө айлуудаас хуц ухна цуглуулах хэрэгтэй байна гэж хэлээд авсан байсан. Тухайн үед нь хөдөөгүүр мал цуглуулах ажилтай гэхээр нь би түүнийг таньдаг болохоороо зөвшөөрсөн юм...” гэжээ. /хх-ийн 120-121/

Гэрч ........... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр Т Б нар нь над дээр ирж мал нядлуулахаар гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрч ганцаараа олон үхэр нядалж чадахгүй гээд өөрийн найз Б-г гуйж хамт мал нядлахаар болж Б, Б, Б нарын хамт Матад сумын төвөөс зүүн тийш 20 орчим километрт байх талийгаач А ахынд очиж үхэрнүүдээ нядалсан. ...би үхэр нядлахдаа нэг үхрийг 20,000 төгрөгөөр нядалдаг. Тэр үед .........хамт нядалсан болохоор мөнгөө хувааж авсан. Төрсөн дүү М дансаар мал нядалгааны хөлсөнд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 160,000 төгрөг шилжиж ирсэн. Тэгэхээр 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би 8 тооны үхэр нядалж өгсөн. ...тухайн үед Б, Т ах хоёр Эрдэнэцагаан сумаар наймаа хийж хэдэн үхэр ачиж ирсэн гэж байсан болохоор би хулгайн мал гэж мэдэлгүй, үхэрнүүдийг нядалж өгсөн юм...” гэжээ. /хх-ийн 171-172/

Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б нь 2019 оны 01 дүгээр сард над руу залгаад адуу үхрийн мах зарах гэсэн юм гэхээр нь аймгийн төвийн баруун хойд талын гэр хороололд очиж адуу болон үхрийн махыг арьс гэдэстэй нь худалдаж авсан. Яг хэдэн адуу үхэр байсныг санахгүй байна. Мөн 2020 оны хавар 04 дүгээр сард мөн 4 тооны бяруу зарна гэхээр нь өөрийн машинтай очиж 4 бярууг нь нэг бүрийг нь 300,000 төгрөгөөр худалдаж аваад бяруугаа “Их чулуут” захад нядлуулаад махыг нь зарчихсан. Би Баас гарал үүслийн бичигтэйгээр мал махыг нь худалдаж авч байсан...” гэжээ. /хх-ийн 175-176/

Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 1 дүгээр сард миний төрсөн хүү Б “хүнд бярууны мөнгө өгсөн, бяруугаа авчрах гэсэн юм, та хамт яваад өгөөч” гэхээр нь Б-ын хамт гурвуулаа миний тээврийн хэрэгслээр аймгийн төвөөс урагш 80 орчим километрт байх Булган сумын нутаг “Тэвш” гэх газраас 8 тооны үхэр машиндаа ачсан. Тухайн үед аймаг руу мал оруулахгүй байсан учир тэр шөнөдөө Матад сум орж би сумын төвд үлдэж тэр хоёр үхэрнүүдээ А гэх айлд нядалчихаад ирж намайг аваад аймгийн төв рүү ирсэн. Ирэх замдаа “Дэхт” гэх газар нүхэнд малынхаа арьс толгойнуудыг бүгдийг нь хаясан. Хаяхаар нь хулгай хийсэн байна гэж мэдсэн. Ачиж ирсэн махаа Б зарсан. ...2020 оны 04 дүгээр сард Б “Баас бяруу авна, хөдөө яваад өгөөч” гэхээр нь өөрийнхөө машинд хүрэн зүсмийн хязаалан үрээгээ ачаад Булган сумын “Хотго” гэх газарт очсон. Тэгээд Б ачаан дээрээс хүрэн морийг буулгаад үхэрт яваад 30-40 орчим тооны үхэр тууж ирсэн. Уг үхэрнээс 8 тооны үхэр бугуйлдаж бариад машиндаа ачаад шөнөдөө эргэж аймгийн төвд ирээд гэрийнхээ хашаанд буулгасан. Маргааш нь 2 шүдлэнг нь нядлаад 6 бярууг нь тэр хоёр зарсан...” гэжээ. /хх-ийн 54-56, 202-204/

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ”...2019 оны 1 дүгээр сард орой 17 цагийн үед Б гаднаас орж ирээд “Гх эзгүй байгаа, үхэр нь тэндээ бий” гэж надад хэлэхээр нь аав Тд “Б хөдөөнөөс үхэр ачиж ирэх гэсэн юм, та яваад өгөөч” гэж хэлээд аавын машинтай бид гурав Булган сумаас урагш “Тэвшийн жаран” гэх газарт очсон. Б бид хоёр явган 30-40 орчим тооны үхэр тууж ирээд тэндээсээ 8 тооны үхрийг бугуйлдан машиндаа ачаад Матад сум орж А ахынд П, Т гэх хүмүүсээр нядлуулаад аймаг явсан. Аймаг явах замдаа “Дэхт” гэх газар хулгайлсан үхэрнүүдийнхээ толгой, арьс шийрийг ухсан нүхэнд булж хаясан. Аймагт орж ирээд гэртээ хадгалж байгаад ахад зарсан. 4 сая орчим төгрөг болсон бөгөөд Б-т 1 сая орчим төгрөг өгсөн. Аавд мөнгө өгөөгүй. ...2020 оны 04 дүгээр сард Б-тай хамт аавын машинд морь ачаад аймгийн төвөөс урагш 80 орчим километрт Булган сумын нутагт 30-40 тооны үхэрнээс 8 тооны үхэр бугуйлдаж ачаад гэртээ авчирч нядалсан. Тэр үхэрнээс 4 тооны бярууг нь Д ахад зарсан. Нэг үхрийг идэж, 1-ийг нь ченжэд зарсан...” гэжээ.  /хх-ийн 59-61, 207-209/

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сард Б ах манайд ирээд “мал хулгайлж ирье” гэхээр нь би зөвшөөрөөд Б ахын аавын хамт машинаар нь гурвуулаа аймгаас урагш 90 орчим километрээс ******* гэх айлын гадаа хэвтэж байсан үхрийг босгож хөөгөөд 8 тооны үхрийг бугуйлдаж бариад машиндаа ачиж Матад суманд аваачиж нядлуулсан. Тэгээд аймаг орох замдаа “Дэхт” гэх газар хулгайлсан малынхаа арьс, толгой, шийрийг нь нүхэнд булж хаясан. Намайг модон гүүрний хажууд буулгасан. Тэгээд 7 хоногийн дараа Б ах надад 300,000 төгрөг бэлнээр өгсөн. ...2020 оны 04 дүгээр сард Б ах аавынхаа хамт машиндаа морь ачаад хулгай хийе гэж ирэхээр нь зөвшөөрөөд аймгаас урагш Булган сумын нутаг “Тэвш” гэх газарт ирээд намайг үхэр туугаад ир гээд морио унуулаад явуулсан. Тэгээд би “Хотго” уулын зүүн хойд талаас 30-40 орчим тооны үхэр тууж ирээд тэр үхэрнээсээ 6 бяруу 2 шүдлэн нийт 8 тооны үхэр бариад машиндаа ачаад бид 3 шууд аймаг ирсэн. Тэр дор нь Т ахын хашаанд 2 шүдлэн үхрийг нь нядалсан. Тэр үхрийн махнаас 2 өдрийн хоолны мах аваад би гэртээ харьсан. 3 хоногийн дараа Б ах 300,000 төгрөг бэлэн өгсөн. ...2020 оны 12 дугаар сарын 20-ны үед Б ахаас 200,000 төгрөг авсан. Тэгээд өрөө өгөх санаатай 12 дугаар сарын 23-ны өдөр явж байгаад “Хөх өндөр” гэх газар айлын хаваржаан дээр очиход 9 тооны үхэр байхаар нь морьтой хөөсөн. Уг нь 100-ын овоо гэх газар очоод Б ахыг дуудаад ачуулна гэж бодож байсан боловч төөрөөд маргааш нь ******* ахтай таарсан. Тэгэхээр нь баригдчихлаа гэж бодоод үхэрнүүдээ орхиод явсан...” гэжээ. /хх-ийн 49-51, 128-129, 212-214/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15, 100, 140/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18, 101-102, 141-142, 147/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19, 40, 103, 122-123, 148, 182/

“Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 185-192/

Гэрч Д.Г мэдүүлэг /хх-ийн 161-162/

А.М ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 99/

Б.Н ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 152/

..... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хх-ийн 145, 146/

Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63-64/

Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77/

Т-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 78/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84/

Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67, 81, 85/

Л.Б 3,600,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 21/

Д.Л 6,000,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 150/

Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын баримт /хх-ийн 98, 178-181/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч Тгийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн автомашин худалдах, худалдан авах гэрээ /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Т, Б, Б нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч .... овогт Т, .... овогт Тгийн Б, ..... овогт Б нар нь 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутаг “Үүдийн жаран” гэх газраас хохирогч Л-н 8 тооны үхрийг, 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Хотго” гэх газраас хохирогч Б-ны 8 тооны үхрийг тус тус .... ДОА улсын дугаартай Kia Bongo Frontier маркийн тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлж, бусдад 9,770,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Б нь ганцаараа 2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх өндөр” гэх газраас хохирогч Э-н 9 тооны үхрийг хулгайлж 6,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Т, Б, Б нарын мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Л-н “...2019 оны 01 дүгээр сард өөрийн маллаж байсан үхрээс 9 тооны үхэр алдсан. Тухайн үед сумын цагдаад хандан бүртгүүлж байсан. Тухайн алдсан үхрүүдээ 1 сар гаран эрж хайсан боловч олдоогүй...” гэх, Б-ны “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай ах Т......... над руу утсаар залгаад “чиний бяруу шүдлэн нийлсэн 8 тооны үхэр хулгайд алдагдчихлаа, олдохгүй эрэл сурал болоод явж байна, чи наагуураа хайж мөн цагдаагийн газарт бүртгүүл” гэж хэлсэн...” гэх, Э-н “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үхрээ бүртгэхэд 9 тооны үхэр алга байхаар нь ойр хавиар хайсан боловч олоогүй. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган сумын нутаг “Таван шон” гэх газар бэлчээд явж байхад нь олсон. Тэгтэл манай үхрийг хүн хулгайлаад явж байсан гэдгийг Э ахаас утсаар сонссон...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Э “...12 дугаар сарын 24-ний өдөр намайг малд явж байхад хэдэн үхэр туусан хүмүүс явж байхаар нь яваад очиход .........гэх залуу 9 үхэр туугаад явж байхаар нь асуухад “Эрдэнэцагаан сумаас туугаад явж байна, ........... ............ 2 өөдөөс тосоод авах юм” гэж хэлэхээр нь би гэр рүү нь утасдаад хэлэхэд манайх мал туулгаагүй, цаадах чинь хулгай хийсэн юм биш үү гэж хэлсэн...” гэх, ............. “...Бын данс руу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн данснаас 200,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх,............. “...Б нь миний хүрэн морийг унаж 2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Булган сумын 1 дүгээр багийн иргэн ............... гэх хүний 9 үхрийг хулгайлсан гэж өөрөөс нь сонссон...” гэх, ................. “...2019 оны 1 дүгээр сард нийт 9 тооны үхэр алдаад эрэл сурал болсон боловч олоогүй...” гэх, ........... “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би Б, Т ах хоёрт 8 тооны үхэр нядалж өгсөн...” гэх, Ц.Д н “...Баас 2019 оны 01 дүгээр сард адуу болон үхрийн махыг арьс гэдэстэй нь худалдаж авсан. Мөн 2020 оны хавар 04 дүгээр сард 4 тооны бяруу худалдаж аваад махыг нь зарсан...” гэх мэдүүлгүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мал, эд зүйлийн үнэлгээнүүд, “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан, А.М, Б.Н нарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, ....... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Т, Б, Б нар нь үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг хангаж байхаас гадна шүүгдэгч нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэргийг машин механизм ашиглаж бүлэглэн гүйцэтгэжээ.

Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т, Б, Б нарыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т, Б, Б нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Т, Б, Б нар нь ярилцаж тохиролцоод бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлддэг, нийтдээ 25 тооны бод малыг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан, гэмт хэргийн улмаас бусдад нийт 16,620,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх” талаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна. Харин шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч нарт 9,600,000 төгрөг төлсөн, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Т, Б нарт тус бүр 2 жилийн хорих ял, шүүгдэгч Б-т 2 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ....... ДОА улсын дугаартай Kia Bongo Frontier маркийн тээврийн хэрэгсэл болон онгин тамгатай, хүрэн зүсмийн шүдлэн насны морь Т-гийн өмчлөлийнх болох нь эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Тгийн эзэмшлийн 500.000 төгрөгөөр үнэлэгдсэн онгин тамгатай, хүрэн зүсмийн шүдлэн насны морь, 2.000.000 төгрөгийн үнэлгээтэй Kia Bongo frontier маркийн .......... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хураан улсын орлого болгож, эд зүйлийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Харин шүүгдэгч Б-ын гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан хүрэн зүсмийн хязаалан насны морь Л.А........ өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б-аас морины үнэ 500,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, морийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, чандмань тамгатай хүрэн зүсмийн хязаалан насны морийг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн Л.Ариунболдод буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Х.Бд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр худалдсан гэх худалдах худалдан авах гэрээг гаргаж өгсөн боловч мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилж, хадгалах хамгаалах үүргийг Тд хүлээлгэсэн тул түүнд уг тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх зүйн үндэслэл байхгүй юм.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б-д 8 тооны үхэр буюу 3,600,000 төгрөгийн, Л-д 8 тооны үхэр буюу 6,170,000 төгрөгийн, Б.Эт 9 тооны үхэр буюу 6,850,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч Э нь хулгайд алдсан 9 үхрээ тоо бүрэн буцааж авсан байна. Харин шүүгдэгч Т, Б нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Б-д 3,600,000 төгрөгийг, Л-д 6,000,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байхаас гадна хохирогч нар нь шүүгдэгчдээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т, Б, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт Т, ..... овогт Б, ..... овогт Б нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Т, Б нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б-т 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т, Б нарт оногдуулсан тус бүр 2 жилийн, шүүгдэгч Б-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т, Б, Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Т-гийн эзэмшлийн 500.000 төгрөгөөр үнэлэгдсэн онгин тамгатай, хүрэн зүсмийн шүдлэн насны морь, 2.000.000 төгрөгийн үнэлгээтэй Kia Bongo frontier маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хураан улсын орлого болгохоор тогтоож, шүүгдэгч Баас гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан хүрэн зүсмийн хязаалан насны морины үнэ 500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, чандмань тамгатай хүрэн зүсмийн хязаалан насны морийг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн Л.Ариунболдод буцаан олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч Б-д 3,600,000 төгрөг, хохирогч Л-д 6,000,000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Э-т төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т, Б, Б-ын нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т, Б, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 П.ПАГМА