| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00323/И |
| Дугаар | 181/ШШ2017/00728 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2017/00728
| 2017 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 181/ШШ2017/00728 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Т /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-д холбогдох 7.258.717 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.М, хариуцагчийн төлөөлөгч Э.Э,түүний өмгөөлөгч С.С, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дорнод аймагт газрын тосны үйл ажиллагаа явуулдаг П ХХК-д ажилтай А.Т миний бие нь 2015 оны 1-дүгээр сарын 20-ны өдөр амрах гэж яваад автын осолд орж нуруу хугаралттай оноштойгоор 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 73 хоног хөдөлмөрийн чадвараа түр алдаж хэвтрийн дэглэмд хэвтсэн.
Манай компани нь Монгол ажилчидаа М ХХК-д гэнэтийн ослийн даатгалд хамруулсан тул өөрийн бүх материал, бичгийг уг даатгалын байгууллагад 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлэхэд өнөөдрийг хүртэл нөхөн олговрыг бүрэн өгөхгүй хүндрэл учруулж байна.
2016 оны 4 дүгээр сарын 12-нд даатгалын компанийн ажилтан М, магадлан эмч Гнар надтай утсаар ярихдаа: Эмнэлгийн хуудсыг 30,30 хоногоор 3 ширхэг хуудас болгон бичээгүй байна. Гэмтэл согогийн эмч Баттөгсийн 1 сар хэвтрийн дэглэм барьсан бичгийг үндэслэл болгоно. Эсвэл та Дорнод аймгийн эмчээрээ эмнэлгийн худасаа 30, 30 хоногоор салгаж бичүүлж явуул, нуруу өвчтэй өвчтөн олон улсын стандартаар 1 сарын дотор эдгэрнэ.Таны нурууны хугарлыг судалж үзэхэд Даатгалын гэрээний 14.5.6-д заасан Даатгуулагчийн ажил мэргэжлээс шалтгаалах болон удаан хугацааны турш үүссэн нуруу нугасны гэмтэл гэж үзэн нөхөн олговор олгохгүй гэсэн заалтыг үндэслэж 3.592.000 төгрөг олгохоор боллоо гэж хэлсэн. Энэ тайлбарыг сонсоод
-1-
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нартай уулзаж асуухад бид хөдөлмөрийн чадвар түр алдсан өвчтөнд эмнэлгийн хуудсыг бичихдээ Монгол улсын Хүн ам хөгжлийн нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А\30 тоотын 2.16.1-дэх заалтад ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд 91 хоногийн эмнэлгийн хуудас олгоно гэсэн байдаг.
Бид даатгалын байгууллагын шаардлагаар 30,30 болгон салгаж бичиж чадахгүй гэсэн. Би Бүсийн үношилгоо эмчилгээний төв, ЭМЯ, НДЕГ, МХЕГ-ын улсын байцаагч нараас асууж лавлахад уг эмнэлгийн хуудас хуулийн дагуу бичигдсэн байна гэсэн. М ХХК-ийн гомдол санал хариуцсан ахлах мэргэжилтэн Хонгорзул намайг ирж уулз гэсний дагуу очиж уулзахад 3.592.000 төгрөг дээр 1 сая төгрөг нэмж өгье гэсэн үүнийг нь би зөвшөөрөхгүй хууль хяналтын байгууллагад хандана гээд тэр өдөртөө буюу 2016 оны 4 дүгээр сарын 22-нд Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж өргөдөл өгсөн.
Надад даатгалын байгууллага 1796 ам доллар өгсөн. Би нуруугаа хугалж нөхрөөрөө асруулан хэвтэрт байхад даатгалын гэрээний 14.4.2.1 ба 14.4.2.2 дахь заалтуудыг санаатайгаар зөрчин гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй миний даатгалын нөхөн олговрыг дутуу олгосон.
Санхүүгийн зохицуулах хороо нь миний гомдлын дагуу хяналт шалгалт хийгээд М ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 9/1497 тоот албан бичгээр нөхөн олговрыг 73 хоногоор бүрэн олгох талаар хүргүүлсэн боловч даатгалын байгууллага хүлээн зөвшөөрөхгүй талаараа надад утсаар хэлсэн.
Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3/1806 тоот бичгээр М ХХК-д нөхөн олговор олгох тухай дахин мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл олгоогүй болно. Осол гаргасан жолооч Б.Барсболд нь тухайн үед өвчтэй ээжтэйгээ хоёулаа амьдардаг гээд 1.045.000 төгрөгийг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Энэ мөнгийг хариуцагч нөхөн олговор гэж үзээд байгаа бол нэхэмжлэлийн дүнгээс хасаж тооцоход татгалзах зүйлгүй байна.
Иймд Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Монгол ажилчдын гэнэтийн ослын даатгалын гэрээний 6.3, 14.4.2.1, 14.4.2.2 дах заалтуудыг зөрчин дутуу олгосон 3744 ам доллар буюу 7.258.717 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М ХХК болон П ХХК нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Монгол ажилчдын гэнэтийн ослын даатгалын гэрээний 14.2-т Даатгалын эрсдэлийг бүх төрлийн гэнэтийн осол байхаар талууд тохиролцсон байна. Уг гэрээний 14.1.1-т гэнэтийн осол гэдэгт гэнэтийн гаднын хүчний нөлөөгөөр бие махбодид гэмтэл бэртэл учруулах гэнэтийн тохиолдол болсон нөхцөл байдлыг ойлгоно хэмээн тодорхойлжээ.
Даатгуулагчийн ажитлтан А.Т нь 2015 оны 12 дугаар сарын 20-нд авто осолд орсны улмаас нуруунд нь гэмтэл үүссэн хэмээн даатгалын нөхөн төлбөр хүссэн байдаг боловч дээрх даатгалын гэрээнд заасан эрсдэлд орсон эсэх авто осолд орсонтой ямар ч баримтыг ирүүлээгүй болно. А.Т нь 2015 оны 12 дугаар сарын 25-нд Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хийгдсэн Компьютер томогарафын шинжилгээгээр сээр нурууны 12-дугаар нугаламын их бие бага зэрэг шахагдсан хугарал /S32/ илэрсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын
-2-
20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 73 хоног хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотой нөхөн төлбөр нэхэмжилсэн болно.
А.Т ийн гар картанд тэмдэглэснээр урьд нь өвдөж байсан архаг хууч эмгэгүүд нь ясны сийрэгжилт үүсгэх өндөр эрсдэлтэй байсны улмаас ГССҮТ-д хийгдсэн шинжилгээгээр нугалмуудын их биеийн урд гадаргууд остеофит ургалтуудтай, нугаламуудын их биеийн гадаргуугын мөгөөрс хатуурсан остехондризтой бүсэлхийн доод нугаламын нугалам хоорондын арын үеийн гадаргуу хатуурч шохойжсон, артроз өөрчлөлттэй гэсэн онош илэрсэн байна.
Эдгээр хууч нуруу нугаламын эмгэг нь тухайн гэмтлийн үед сэдэрсэн бөгөөд А.Т тт илрэх зовиурыг улам нэмэгдүүлж эдгэрэлтийг удаашруулсан байна. Манай компани А.Т т Даатгалын гэрээний дагуу 1796 ам долларыг өгсөн. Түүний гэмтэл нь 30 хоногт бүрэн эдгэрсэн гэж үзэж байгаа бөгөөд түүнийг 73 хоног эмчлүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. А.Т нь гэрээнд заасны дагуу осолд орсон тухай баримтуудаа манай компанид өгөөгүй, түүнд 1796 ам доллар буюу 3.592.854 төгрөгийг олгосон, мөн осол гаргасан жолооч Барсболд Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үедээ А.Т ийн хохирлыг бүрэн барагдуулж эмчилгээний зардалд 1.045.000 төгрөгийг түүнд өгснөөр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон байна. Тэр үед А.Т гомдол саналгүй гэжээ. Иймээс А.Т нь нөхөн төлбөрийг бүрэн авсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.
Нэхэмжлэгч А.Т нь М ХХК-д холбогдуулан 7.258.717 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч М ХХК нь гэрээний дагуу нөхөн төлбөрт 1796 ам доллар буюу 3.592.854 төгрөгийг А.Т т олгосон, мөн осол гаргасан жолооч 1.045.000 төгрөгийн эмчилгээний зардал өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
П ХХК-нь М ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Монгол ажилчдын гэнэтийн ослын даатгалын гэрээ” байгуулжээ. /хх-ийн 8-15,109-122-р хуудас/
Даатгалын гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Монгол ажилчдын гэнэтийн ослын даатгалын гэрээ” хүчин төгөлдөр болжээ
Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Барсболд нь Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 59** ДОР улсын дугаартай Ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3 /б/, мөн дүрмийн 9.2-т заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан П ХХК-ийн Гаалийн ажилтан А.Т ийн бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Дорнод аймгийн прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 5/09 дугаартай тогтоолоор тогтоогдож байна. /хх-ийн 140,141–р хуудас/
Дээрх ослын улмаас А.Т нь “сээр нурууны 1-дүгээр нугаламын их бие бага зэрэг шахагдсан хугарал /S32/” гэмтэл авч 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 73 хоногийн хугацаагаар өвчтэй байсан болох нь эмнэлгийн хуудас, Гэмтэл согог судлалын
-3-
үндэсний төвийн компьютерт томографийн шинжилгээ, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 117 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 45,46,48-49, 59-61-р хуудас/
Даатгуулагч нь даатгалын гэрээнд заасан эрх, үүргийнхээ дагуу даатгалын хураамжийг төлж, даатгалын тохиолдол болсонооос хойш гэрээнд заасан хугацаанд мэдэгдэж, даатгалын нөхцөлд тусгагдсан баримт материалыг даатгагчийг бүрэн гүйцэд, хууль зүйн дагуу бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэн М ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрт 3.592.854 төгрөгийг А.Т т олгожээ./хх-ийн 35-р хуудас/
М ХХК-нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр оноосон нэрээ өөрчилж М ХХК болсон нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 65-р хуудас/
Нэхэмжлэгч А.Т нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар даатгалын нөхөн олговорыг олгохгүй байгаа тухай гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргахад Санхүүгийн зохицуулах хорооноос “Даатгалын нөхөн олговор олгуулах тухай” 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 9/1497 тоот, мөн оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 3/1806 тоот албан бичгүүдийг М ХХК-д хүргүүлжээ./хх-ийн 100,101-р хуудас/
Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатай “Монгол ажилчдын гэнэтийн ослын даатгалын гэрээ” байгуулсан, нэхэмжлэгч А.Т нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 5987 ДОР улсын дугаартай Ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэлээр зорчиж явахдаа зам тээврийн осолд орсны улмаас түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсанаас 73 хоногийн эмнэлгийн магадлагаатай байсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй болно.
Хүн ам хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/30 тоот тушаалаар батлагдсан “Эмнэлгийн хуудас олгох журам”-ын 2.16.1-д зааснаар даатгуулагч А.Т ийн 0820464 тоот Эмнэлгийн хуудсыг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ны өдөр хүртэл нийт 73 хоногоор тогтоож бичсэн нь хууль болон холбогдох журмыг зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлсэний дүнд 30 хоногийн даатгалын нөхөн төлбөрт 3.592.854 төгрөгийг даатгагч М /Мандал женерал даатгал/ ХХК-иас хүлээн авчээ.
Даатгалын гэрээний 14 дүгээр зүйлийн 14.3.,14.4.2.1.,14.4.2.2.-т П ХХК-ийн 284 ажилтныг 5.680.000 ам доллараар даатгаж, нөхөн төлбөрийг 45 хүртэл хоног эмчлүүлсэн бол хуанлийн хоног тутамд үнэлгээний 0,3% , 46-гаас дээш хоног эмчлүүлсэн бол дээрх хэмжээн дээр 46 дах хоногоос эхлэн 90 дэх хоног дуустал хоног тутамд 0,5%-иар тооцохоор тусгажээ.
Даатгагч нь нөхөн төлбөрийг даатгуулагч А.Т буруутай этгээдээр бүрэн төлүүлж 1.045.000 төгрөгийг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4.-д заасны дагуу даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль
-4-
болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй.
М /Мандал женерал даатгал/ ХХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Даатгалын гэрээний 14 дүгээр зүйлийн 14.4.2.1.,14.4.2.2.-т зааснаар нөхөн төлбөрийг гэрээгээр тохирсон хэмжээнд төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч М /Мандал женерал даатгал/ ХХК-иас /5.680.000:284=20.000$, 20.000$-ийн 0,3%-нь 60$, 60$X45=2700$/, /73 хоног-45 хоног=28хоног/, /20.000$-ийн 0,5%-нь 100$, 100$x28=2800$/, /2800$+2700$=5500$, 5500$-1796$=3704$/ 3704 ам доллар буюу 7.181.167 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Т т олгох үндэстэй бөгөөд жолооч Б.Барсболдын эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үедээ А.Т т өгсөн 1.045.000 төгрөгийг дээрх нөхөн олговороос хасаж тооцохыг зохигч зөвшөөрсөн тул түүнийг хасаж үлдэх 6.136.167 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.122.550,44 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.,431.4.-д заасныг тус тус баримтлан М ХХК-иас 6.136.137 /зургаан сая нэг зуун гучин зургаан мянга нэг зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Т т олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.122.550,44 /нэг сая нэг зуун хорин хоёр мянга таван зуун тавин төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 113129 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО
-5-