Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/225

 

 

 

 

 

 

 

 

2021              3            31                                       225     

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цд холбогдох эрүүгийн 2105003600229 дугаартай 1 хавтас хэргийг 20210 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, , ам бүл 2, эхнэрийн хамт Ц.

 

Шүүгдэгч С.Ц нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн Нарангийн 15  дугаар гудамжинд хохирогч Г.Згийн Самсунг Галакси А-7 загварын гар утсыг “гар утсаараа яриулаач” гэж хэлэн хуурч, төөрөгдөлд оруулан залилан авч, 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч - С.Ц мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед мөнгө хэрэг болоод хохирогчийн гар утсыг авсан. Гэм буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон 500 000 төгрөгийн торгуулийн ялыг сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Энэ торгуулийн ялыг ажил хийж байгаад 3 сарын хугацаанд төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.З мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ харих гээд Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” дэлгүүрийн хажуу талын гудамжаар алхаад явж байхад араас танихгүй эрэгтэй хүн дагаж ирээд гар утсаараа яриулаач гэхээр нь би гар утсаа өгсөн. Тэгээд уг залуу миний утсаар залгаж, хүнтэй ярьж байх шиг байсан. Тэгээд буцааж надад өгөөд, би цаашаа алхаад явж байхад араас ирээд дахиад яриад өгье гэж хэлэхээр нь би итгээд гар утсаа өгтөл шууд цаашаа эргээд гүйгээд явсан. Тэгээд араас нь гүйж явах замдаа машинтай хоёр цагдаатай таараад тэр хоёр цагдаа ахад учраа хэлээд тусламж гуйгаад араас нь машинтай хөөж байгаад гудамжаар ороод гүйгээд явахаар нь нөгөө хоёр цагдаа машинаасаа буугаад араас нь хөөгөөд барьсан. Би тэгээд уг цагдаа нарын машинд сууж байхад нэг цагдаа ах уг залууг бариад хүрээд ирсэн. Тэр залуу надад хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн зүйлгүй. Тэгээд уг залуутай цагдаагийн хэлтэс дээр ирээд цагдаа ах миний гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Д.Т мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Бүх нийтийн хатуу хөл хорионы үед хэв журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол дэлгүүрийн орчимд эргүүлийн чиглэл рүүгээ явж байхад нэг эмэгтэй сандарсан байдалтай гар өргөөд зам дээр зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад миний гар утсыг танихгүй хүн гар утсаар чинь яриад өгье гэж хэлж аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиндаа суулгаад тэр зугтаасан гэх хүний зүг рүү хамт явсан. Тэгэхэд харанхуйд нэг хар хувцастай эрэгтэй хүн жалга руу гүйгээд орохоор нь би машинаасаа буугаад уг залуугийн араас гүйсэн. Тэгээд хөөж байхад уг залуу халааснаасаа нэг утас гаргаж ирээд зам руу шидээд цаашаа зугтаасан. Тэгээд уг утсыг газраас аваад цааш үргэлжлүүлэн уг залууг хөөгөөд Таац дэлгүүрийн орчимд гүйцэж барьж авсан. Тэгээд гар станцаараа Бэгэр 10 руу хэлж эргүүлийн Бэгэр-114 чигэлэлийн офицер, цагдаагийн дэслэгч М.Пүрэвдорж, цагдаа жолооч, ахлах ахлагч М.Буянхишиг нарт хохирогч З болон гар утсыг авч зугтаасан Ц нарыг хүлээлгэн өгөөд би цаашаа эргүүлийн үүргээ гүйцэтгэхээр чиглэл рүүгээ явсан. Тухайн үед Самсунг Галакси А-7 загварын гар утас байсан гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Хөрөнгийн үнэлгээний “Кости Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн зах зээлийн дундаж үнийг 350 000 төгрөгөөр үнэлэв гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

С.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 49 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч С.Ц нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн Нарангийн 15 дугаар гудамжинд хохирогч Г.Згийн Самсунг Галакси А-7 загварын гар утсыг “гар утсаараа яриулаач” гэж хэлэн хуурч, төөрөгдөлд оруулан залилан авч, 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.З, гэрч Д.Т нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Кости Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Г.З нь тус гэмт хэргийн улмаас 350 000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, С.Ц нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Цийг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Цийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг С.Цд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН