Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/227

 

 

 

 

 

 

 

 

2021             3           31                                     227

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч: Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Уад холбогдох эрүүгийн 2105000000405 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, У.

 

Шүүгдэгч Э.У нь согтуугаар 2021 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Панарама” нэртэй бааранд хэрүүл, маргааны улмаас иргэн Х.Бийг нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь доод уруулд язрал, баруун дээд нэгдүгээр шүдний булгаралт, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Э.У мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Б бид хоёр хамт архи ууж байгаад урамшууллын картаас болж маргалдсан. Уг урамшууллын карт нь тухайн бааранд үйлчилдэг ба тооцоон дээр нэмж гаргадаг юм. Эхлээд Б намайг 3 удаа цохисон, тэгээд би зөрүүлээд нэг удаа цохисон. Гэхдээ би шүд рүү нь цохино гэж бодоогүй. Хохирогч Бтэй 10 жил найзалж, нөхөрлөж, одоо хамт ажиллаж байгаа. Хохирол төлбөрийг төлсөн, одоо эмнэлгээр хамт явж үзүүлдэг. Имплант шүд хийлгэж байгаа. Эхлээд имплант суулгаад, дараа нь шүдийг нь суулгадаг гэсэн бөгөөд одоо имплант суулгасан байгаа. Прокурортой 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял тохиролцож, энэ торгуулийн ялыг сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Х.Б мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 09-ний орой ажлынхантайгаа ажил хийчхээд нэг шил архи хувааж уусан. Тэгээд Уын ажилтай танилцаад сууя, У надад таньдаг газар байгаа гээд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бааранд очсон. Баарны нэрийг сайн мэдэхгүй байна. Ороод архи уугаад сууж байгаад би тип барьсан байсан. Тэгээд У тип хаана байгааг асуухаар нь надад байхгүй гэхэд У чи нэг хүнд бүгдийг нь өгчихлөө гээд над руу агсарсан. Би Уыг чи яагаад над руу дайраад байгаа юм, хогийн юм дээр битгий дайраад бай гээд мөрөөрөө мөр рүү нь нударсан. Тэгэхэд гараараа миний шүд хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Тэгээд миний шүд уначихаар нь Уыг чи миний шүдийг унагачихлаа гээд барилцаж аваад зууралдаад хажуугаас хүмүүс салгаад гараад явсан. Миний үүдэн шүд хугарч унасан байна. У миний шүдийг янзлуулахаар 3 870 000 төгрөгийн төлбөрийг эмнэлгийн байгууллагад өгсөн гэжээ. (хэргийн 11-12 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Х мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Панарама нэртэй бааранд өөрийн найзууд болох Пунцаг, Б, Очхүү, Тайван нарын хамт орж, хоёр шил Хэннэси нэртэй коньяак болон 1 шил Баллантайс нэртэй виски хувааж уусан. Тэгээд байж байтал Б У хоёрыг зодолдоод байна гэж зөөгч хэлэхээр нь тухайн баарны тамхины өрөө рүү ороход Б, У хоёр хоорондоо барьцалдчихсан, Бийн шүд хугарсан байсан. Аль шүд хугарсныг одоо санахгүй байна гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2230 дугаартай дүгнэлтэд:

1. Х.Бийн биед доод уруулд язрал, баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө.

5. 7. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Э.У урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 67 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч Э.У нь архи ууж согтуурсан үедээ согтуугаар 2021 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Панарама” нэртэй бааранд маргааны улмаас хохирогч Х.Бийг нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь доод уруулд язрал, баруун дээд нэгдүгээр шүдний булгаралт, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Б, гэрч Н.Х нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2230 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Уад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Х.Б нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 3 870 000 төгрөгийг авсан, ямар нэгэн гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Э.У нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Уыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Э.Уад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Уад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН