Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/228

 

 

 

 

 

 

 

 

2021           3           31                                        228

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

шүүгдэгч: Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чд холбогдох эрүүгийн 2005031270095 дугаар, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, суух,  

2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 3 жил 5 сарын хорих ялаар,

2019 оны 02 дугаар сарын 27-ны Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлсэн, Ч.

 

Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анжел” зочид буудалд хохирогч Н.Цг “гар утас авлаа” гэж хэллээ гэх шалтгаанаар биед нь халдаж, нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, хөлөөрөө 2 удаа өшиглөн “хамар ясны хугарал, баруун нүдний зовхины дотор цус хуралт, хамрын нурууны уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны баруун хажуу хэсгийн зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Б.Ч мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тэр өдөр буудалд байсан Ш ах намайг дуудаад, би өглөө нь 10 цагт очсон юм. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Тэгээд буудлаас гарах гэтэл хохирогч намайг өөрийнх нь гар утсыг авсан гээд гүтгээд, хардаад байсан учир би түүнийг нэг удаа цохисон. Хохирогч намайг эхлээд заамдаж авсан. Тэгээд би цохисон. Хохирогчтой уулзаж, уучлалт гуйсан. Эмчилгээний зардалд нь 240 000 төгрөг өгсөн. Миний буруу дахиж ийм зүйл гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч -Н.Ц мэдүүлэхдээ:

Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анжел” нэртэй зочид буудалд хамт ажилладаг Шын хамт орсон. Бид 2 зочид буудалд ороод архи хувааж ууцгаасан. Мөн манай ажлын Энхтүвшин гэх залуу 1 шил вискитэй ирснийг бид 3 хувааж уусан. Удалгүй Шын найз, зүс таних Ч гэх залуу архитай хүрч ирээд бид нар ууцгаасан. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 10 цагийн орчимд бид нар зочид буудлаас гарах гээд эд зүйлээ шалгатал миний гар утас алга болчихсон байхаар нь би “миний гар утас алга байна. Та нарын хэнд нь байна” гэж асуухад Ч гэх залуу миний нүүр рүү цохихоор нь би доошоо суутал нүүр рүү дахин 3 удаа өшиглөсөн. Би босож ирээд тэр залууг бариад байж байтал буудлын ресейпшн цагдаа дуудсан байсан. Цагдаа нар ирээд миний гар утсыг хайж байгаад “буудлын хашааны гадна талаас оллоо” гэж авчирч өгсөн. Тухайн үедээ утсаа олчихсон болохоор утасны талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй гэжээ. (хэргийн 10-11 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Б.Ш мэдүүлэхдээ:

Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хамт хамгаалалтын албанд ажилладаг байсан Ц, Цгийн хуурай ах гээд залуугийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анжел” нэртэй зочид буудалд ороод согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би өөрийн дүү болох Чыг дуудсан. Ч 1 шил архитай ирснийг бид нар хувааж ууж байгаад гадагшаа гарах гэж байтал Ц, Ч 2 муудалцаад эхэлсэн. Ч Цг цохитол Ц 2 хөлөө хагас нугалаад суутал Ч 2 удаа нүүр рүү нь өшиглөсөн. Удалгүй цагдаа нар ирээд тэр хоёрыг авч явсан гэжээ. (хэргийн 12-13 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч- Н.Э мэдүүлэхдээ:

Миний 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12263 тоот дүгнэлтэд дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь нэг удаагийн цохих үйлдлээр, хамрын баруун хажууд хүч үйлчлэхэд учирна. Уг гэмтлүүдийг нэг удаагийн үйлчлэлээр үүсэх тул салгаж дүгнэлт гаргах шаардлагагүй гэжээ. (хэргийн 44-45 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12263 тоот дүгнэлтэд:

1. Н.Цгийн биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхины дотор булангийн цус хуралт, хамрын нурууны уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны хажуу хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Ч нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

2019 оны 02 дугаар сарын 27-ны Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэгдсэн гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)                                                      

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анжел” зочид буудалд хохирогч Н.Цг “чи намайг гар утас авлаа гэж хэллээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж, хөлөөрөө 2 удаа өшиглөн “хамар ясны хугарал, баруун нүдний зовхины дотор цус хуралт, хамрын нурууны уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны баруун хажуу хэсгийн зулгаралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Цгийн мэдүүлэг, гэрч Б.Шинэтулга, шинжээч Н.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12263 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Чд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Н.Ц нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Чыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Чд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН