Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/226

 

 

 

 

 

 

 

 

 2021          3           31                                        226

                                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч, хохирогч: Д.Н, түүний өмгөөлөгч Т.Даваажав /2359/,

шүүгдэгч, хохирогч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар,

Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005014391326 дугаар, 3 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, хувиараа Н.

 

Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, хувиараа Б.

 

Шүүгдэгч Д.Н  нь 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өглөөний 06 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их уулс” зочид буудлын 48 тоот өрөөнд хамтран амьдарч байсан хохирогч Н.Быг архи авч өгсөнгүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас эгэм, дал, шилбэ хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн 9, 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушигны эдийн няцрал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, баруун мөр, цээж, зүүн бугалга, 2 шилбэний цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Н.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Уулс” зочид буудалд Д.Нгийн хамтаар үйлчлүүлж байхдаа эр эмийн хардалтын улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, Д.Нгийн цээж болон нүүрэн тус газарт нь цохиж, маажин бэлэг эрхтний төмсөг хэсгийг базах зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Н мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бид гэр бүлийн асуудлаас болж хоорондоо маргалдсан. Тухайн үед буудалд орох болсон шалтгаан нь гэрт хүүхдүүд байсан учраас хүүхдүүдээс уг асуудлаа нуусан юм. Одоо бид хоорондоо эвлэрсэн. Хохирогч Боос уучлалт гуйсан. Огийн утасны хохиролд 1 сая төгрөг төлсөн. Тухайн өдөр согтуу үедээ утсаар нь ярьж байгаад хаа нэг газар хаясан байсан. Хойшид гэрлэлтээ батлуулаад 2 хүүхдийнхээ төлөө сайхан амьдарна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед гэрт манай том хүүхэд байсан учир маргаан болсон асуудлыг эмээдээ хэлэх байх гээд нуусан юм. Одоо Д.Н бид хоёр хоорондоо эвлэрсэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа ойлгож байна, дахиж ийм алдаа гаргахгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Д.Н мэдүүлэхдээ:

Бид одоо эвлэрсэн, хамт амьдарч байгаа. Иймд хохирол нэхэмжлэх зүйлгүй. Гомдол, саналгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Н.Б мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд 14 сая төгрөгийг Д.Нгаас нэхэмжилж байсан боловч одоо бид эвлэрсэн, хамт амьдарч байгаа учир нэхэмжлэх зүйл байхгүй. Өмнөх 9 жил хамт амьдарч байхдаа бидний дунд ямар ч асуудалгүй байсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд гэр бүлээс өөр хүнтэй болоод гэрээсээ явснаас үүдэн энэ асуудал үүссэн. Өөрт учирсан гэмтлийг хэдэн сар гэртээ эмчлүүлсэн, одоо биеийн байдал хэвийн  болсон. Гомдол саналгүй гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Г.С мэдүүлэхдээ:

“...Манай найз Огийн нөхөр Н нь манай найз Огийн гар утсыг нь авч явж байгаад салсан эхнэртээ алдчихлаа гэхээр нь би найз Отай хамт Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс орж нэг цагдаатай уулзсан чинь цагдаа тэр Б гэх эмэгтэй рүү залгаад энэ хүмүүс өргөдөл өглөө гэсэн чинь Б гэж хүн гэмтлийн эмнэлэг дээр ирээд гар утсаа ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би Отай хамт гэмтлийн эмнэлэг ороод утсыг нь би авах гээд Б гэдэг хүнтэй уулзсан чинь намайг тэр хүн гичий янхан гэж хэл амаар доромжлоод гар утсыг нь хагалчихсан байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь гэмтлийн эмнэлгийн цагдаа руу орж хэлсэн. Нөгөө гэмтлийн эмнэлгийн цагдаа Б дээр очоод утсыг нь авсан бол өгчих гэсэн надад байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би 102 руу залгаж дуудлага өгсөн 2 цагдаа ирээд Нг аваад явсан. Н согтуу байсан. Хүзүүгээ маажуулчихсан, хамарных нь ойролцоо улайчихсан, толгой нь язраад хавдсан байсан. Мөн Н явж чадахгүй байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 69 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Ц мэдүүлэхдээ:

2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр яг хэдэн цаг гэдгийг санахгүй байна, манай дүү Б над руу утсаар “залгаад би гэмтлийн эмнэлгийн гадаа байна, Н намайг зодсон чинь би үхэх гээд байна, хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд эмч намайг хэвт гээд байна гээд амьсгалж чадахгүй, өөрөө босож явж юм авч чадахгүй, зовуурь ихтэй байсан. Хоол унд бараг идэж чадахгүй шөл л ууж байсан. Надад Б хэлэхдээ намайг буруу хараад хэвтэж байхад Н миний хойноос 2, 3 удаа өшиглөсөн гэж хэлж байсан. 2020 оны 4 дүгээр сарын 10-нд уулзахад Бын бие зүгээр эрүүл саруул байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 78 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-И.Д мэдүүлэхдээ:

Тухайн өдрийн 11 цагийн орчим Б над руу залгаад манай гэрийн гадаа ирэхдээ Б таксинд суусан, нөхөр нь болох Нтай хамт ирсэн. Би Бтой хальт л уулзсан. Их юм ярьж амжаагүй. Б, Н хоёр архи уусан байсан. Н надтай уулзах үед биед нь ил харагдах шарх, гэмтэл байгаагүй.

Би Быг аваад үлдэх гэсэн боловч Н миний утсыг авсан гээд Нтай хамт яваад өгсөн. Би 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр залгахад Б эмнэлэгт байна, Нд зодуулсан гэсэн. Би яаж байгаад зодуулсан бэ гэхэд намайг буудалд байхад зодсон гэж хэлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 74, 80 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-А.О мэдүүлэхдээ:

2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн өдөр нь болж би болон Н, Гэрэлт-Од бид гурав хороололд хоолонд орчихоод Гэрэлт-Од хороололд гэртээ үлдэж, Н бид хоёр гэртээ ирсэн. Тэгээд гэртээ байж байтал орой 19 цагийн үед манай найз хүүхэн Гэрэлт-Од фээсбүүкээр юу яваад байгаа юм, хараач гэж хэлэхээр нь фээсбүүк рүү ороод хартал баахан пост бичиж зураг тавьчихсан байсан. Миний болон манай хүүхдүүд, өмнө салсан нөхрийн зураг, Нгийн зургийг оруулж учир утгагүй пост оруулаад байсан. Тэгээд орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн цагдаа дээр ирж уулзаж хэлсэн. Тэгээд бид хоёр буцаад гэр рүүгээ явсан. ...орой 23 цаг өнгөрч байх үед найз Чанцал гэх эмэгтэй найзыгаа дуудаж, бид гурав манайхаас гараад Төмөр замын тэнд буудалд орж нэг шил архи уугаад, үүрээр 07 цаг өнгөрч байхад Н гараад Бтой уулзахаар явсан. Тэгээд Бын гэрт очиж уулзсан гэсэн. Тэгээд тэр хоёр хоног таг чиг болчихсон. Тэгээд над руу 2020 оны 4 дүгээр сарын 13-нд Бын утсаар над руу залгаж, утсыг чинь авчихаад өгөхгүй байна. Мөн намайг зодоод аймаар болгочихсон, би чам дээр очихоос айгаад байна гэж хэлсэн. Тэгээд намайг Гэмтэл дээр ирээд утсаа авчих гэж хэлээд би гэмтэл ортол Н, Б хоёр гэмтэл дээр Бын зургийг авахуулаад, эмнэлэгт хэвтүүлэхээр болоод байж байсан. Н надад хэлэхдээ миний толгой, хацар руу цохиж зодсон мөн цээж урж төмсөг базсан гэж хэлсэн.

Тухайн өдөр миний гар утсыг миний хамтран амьдрагч Н хуучин эхнэр Бтоо алдчихлаа гэхээр нь би Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиж дэд дарга Цогоо гэж хүн дээр орж өргөдөл өгөхөд тэр Цогоо гэж дарга Бын 99622220 гэж дугаарын утас руу залгахад утас нь надад байна гэхдээ би өгөхгүй гэж хэлсэн. Тэгэнгүүт нөгөө дарга утсыг нь өгөхгүй бол хулгайн хэргээр өөрийг чинь шалгана гэсэн. Тэгтэл Б за за тэгвэл наад хүмүүсээ гэмтлийн эмнэлэг дээр ирж утсаа ав гэж хэлсэн. Би тэгэхээр нь С гээд найзтайгаа хамт гэмтлийн эмнэлэг дээр очоод Сонгуулийг дотогш нь оруулж, Бтой уулзуулсан. С гэмтлийн эмнэлэг орчихоод гарч ирэхдээ Б эмнэлэгт үзүүлнэ гэчихсэн явж байна, утсыг чинь өгөхгүй гэж байна, хэмхлээд хог руу хаясан гэж хэлээрэй гэсэн гэж надад хэлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 76 дугаар хуудас, хэргийн 2 дугаар хавтас, 141 дүгээр хуудас, 3 дугаар хавтас хэргийн 2-4 дүгээр хуудас) 

  Мөрдөн байцаалтад шинжээч-Н.Э мэдүүлэхдээ:

Зүүн 9, 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушигны эдийн няцрал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, баруун мөр, цээж, зүүн бугалга, 2 шилбэний цус хуралт гэмтэл авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Юм өргөх амьсгалахад тухайн хүнд зовуурьтай. Дээрх гэмтэл нь өшиглөх, цохих аль алинд нь үүсэх боломжтой. Зүүн 9, 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушгины эдийн няцрал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун мөр, цээж,  зүүн бугалга, 2 шилбэний цус хуралт гэмтэл нь бүгд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4706 тоот дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд нь мөн өдөр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Цээжний зүүн хөндийн хий хуралдалт гэмтэл нь ямар ч тохиолдолд хүний биед учирвал амь насанд аюултай гэж үздэг. Хий хуралдалтаас болон уушигний хэр хэмжээнээс хамаарч харилцан адилгүй эмчлэгдэнэ. Хэд хоног хэвтэж эмчлүүлэхийг хэлэх боломжгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 90, 221 дүгээр хуудас) 

Мөрдөн байцаалтад шинжээч-О.Боо мэдүүлэхдээ:

Д.Нгийн биед хацар ясны далд хугарал, зүүн зулайн хуйханд шарх, гадна бэлэг эрхтэн, хуухнагт цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлийн хацар ясны далд хугарал гэмтэл нь тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн зулайн хуйханд шарх, гадна бэлэг эрхтэн, хуухнагт цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 153 дугаар хуудас) 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4706 тоот дүгнэлтэд:

1. Н.Бын биед зүүн 9, 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушигны эдийн няцрал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, баруун мөр, цээж, зүүн бугалга, 2 шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 89 дүгээр хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4987 тоот дүгнэлтэд:

1. Д.Нгийн биед зүүн хацар ясны нумын дунд 1/3 хэсгийн зөрүүгүй ташуу далд хугарал, зүүн зулайн хуйхны шарх, цээжний цус хуралт, баруун хөхний зулгаралт, хуухнагийн зүүн талын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Уг зүүн хацар ясны нумын далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад зүүн зулайн хуйхны шарх, цээжний цус хуралт, баруун хөхний зулгаралт, хуухнагийн зүүн талын цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 145 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4735 тоот дүгнэлтэд:

1. Д.Нгийн биед хацар ясны далд хугарал, зүүн зулайн хуйханд шарх, гадна бэлэг эрхтэн, хуухнагт цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 150 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Д.Н эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 115 дугаар хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.Б эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 188 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Д.Н  нь 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өглөөний 06 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их уулс” зочид буудлын 48 тоот өрөөнд хамтран амьдарч байсан хохирогч Н.Быг архи авч өгсөнгүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас эгэм, дал, шилбэ хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн 9, 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушгины эдийн няцрал, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, баруун мөр, цээж, зүүн бугалга, 2 шилбэний цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Н.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Уулс” зочид буудалд Д.Нгийн хамтаар үйлчлүүлж байхдаа эр эмийн хардалтын улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, Д.Нгийн цээж болон нүүрэн тус газарт нь цохиж, маажин бэлэг эрхтний төмсөг хэсгийг базах зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.С, Н.Ц, И.Д, А.О, шинжээч Н.Э, О.Боо, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4706, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4987, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4735 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар, Н.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул Д.Нг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Н.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Хохирогч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрт учирсан хүнд хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотойгоор Д.Нгаас хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж,

            Хохирогч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрт учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотойгоор Н.Боос хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг хэн алиндаа төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, одоо хамтран амьдарч байгаа, 5-9 насны хоёр хүүхэдтэй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.Нд 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэн алиндаа төлөх төлбөргүйг нь тус тус дурдлаа.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Нг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Нг 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Н нь торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг,

Н.Б нь торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Н, Н.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Н, Н.Б нар цагдан хоригдсон хоноггүй, хэн алинаасаа хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

     6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н, Н.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН