Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/229

 

 

 

 

 

 

 

 

2021              3          31                                   229     

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго,   

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эид холбогдох эрүүгийн 2105000000165 дугаар, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, Э.

 

Шүүгдэгч Э.Э нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Б.Цгийн толгой хэсэгт баруун гараараа цохих зэргээр түүний эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимны салстад цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, хөнгөн хохирол санаатай учруулсан. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч -Э.Э мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Энэ асуудал болсноос хойш хохирогч бид хоёр хамт амьдрахгүй байгаа. Эхнэр, хүүхэд маань аав, ээжийндээ амьдарч байгаа. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Би өмнө нь эхнэртээ гар хүрч байгаагүй, анх удаа л ийм зүйл болсон. Бидний харилцаа хэвийн, маргалдах зүйлгүй байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч -Б.Ц мэдүүлэхдээ:

Би Э.Этой амьдраад 7 жил болж байна. Энэ хугацаанд 2 охинтой болсон. Бид Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж, 326 тоотод оршин суудаг. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд нөхөр Э.Эийн хамт найз Укагийн гэрт буюу Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах Энхболдын 91 гэсэн дугаартай байранд очсон ба тэднийд биднийг очиход Мийгаа, Болороо нар байсан. Бид хүн тус бүр 2 лаазтай Сэнгүр нэртэй пиво уусан. Тэндээс нөхөр Э.Эийн хамт 23 цагийн орчимд гарч, харих гээд явсан ба байрных нь хашааны хажууд Э.Э явахгүй зогсоод байсан. Би Э.Эийг “одоо харьяа, чи маргааш ажилтай шүү дээ” гэж хэлэхэд “Танай найзууд чинь чамайг доромжиллоо” гэсэн. Би “юу яриад байгаа юм бэ” гэхэд намайг шууд хашаанд шахаад, хоолой маш хүчтэй боосон. Тухайн үед нүднээс нулимс гоожоод жаахан цаашаа түлхэхэд “чи намайг түлхдэг хэн бэ” гээд миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Такси бариад гэр рүүгээ харьсан ба би 2-3 хоног орноосоо босож чадаагүй учир цагдаа дуудаж чадаагүй. Миний нүд хөхөрч хавдсан, эрүү өвдөөд, хоол идэж чадахгүй, нүдэнд цус хурсан, толгой маш их өвдөж байгаа. Урьд нь гар хүрч байгаагүй, харин хэл амаар доромжилдог байсан. Маш их гомдолтой байна гэжээ. (хэргийн 15-17 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1136 тоот дүгнэлтэд:

1. Б.Цгийн биед баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Э.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 52 дугаар хуудас)                                                     

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.Э нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хамтран амьдрагч, хохирогч Б.Цгийн толгойн хэсэгт баруун гараараа цохих зэргээр түүний эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимны салстад цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Цгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1136 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Эид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Ц нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар “Лазер мед” эмнэлгийн томографийн шинжилгээ хийлгэж, зураг авхуулсан 100 000 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргасан, Э.Э 100 000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлж байх тул түүнээс 100 000 төгрөг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Эийг 800 нэгжтэй тэмцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Э.Эид даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Э.Эоос 100 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Цд олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН