Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/231

 

 

 

 

 

 

 

 

2021              3            31                                      231

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин,

хохирогч: С.Ц,

шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гт холбогдох эрүүгийн 2105001890214 дугаар, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Г.

 

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны 38 тоотод хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Цтай “цай хийж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдан гараараа цохиж зодон, биед нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн хацар орчмын зөөлөн эдэд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:

Манай эхнэрийн мэдүүлэг дээр өгсөн шүүх эмнэлгийн дүгнэлт дээрх мохоо зүйлээр зүсэгдсэн гэх зүйл нь эхнэр өөрөө хамар дээрээ маажсан, би үсдэж, хоолойноос боосон зүйл байхгүй, би нэг удаа алгадсан нь үнэн. Манай  жижиг өрөөний хаалга цоожтой биш, тухайн үед эхнэр чангаар удаан хугацаанд орилж байсан учир би хажуу хөрш болон хүүхдээ айлгачихна гэж бодоод чимээгүй бол гэж аргадаж гуйсан. Тэгээд болихгүй болохоор нь арга ядахдаа чимээгүй бол гээд аман дээр нь гараараа дарсан. Бид хоёр урд байсан орон сууцаа зарж, болж бүтнэ гээд хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэгт ойртож ирсэн. Би хоёр хүүхдээ өнчрүүлж, гэр бүлээсээ салах бодолгүй байна. Эхнэрийн хурц ааш занг урд нь тэвчээд, орилж хашхирдаг байхад нь би гараад явдаг байсан. Үүнээс болж ерөнхийдөө би дандаа сэтгэл санааны дарамттай байдалд байсан. Өмнө нь уурлаад эхлэхээр нь би аргаддаг байсан боловч аргадах тусам улам хурц ааш араншинтай болж, над руу дайрдаг, орилж хашхирдаг, хутга заазуур авч шидэж, хэтэрхий уурлахаараа биеэ барьж чадахгүй болдог болохоор би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй гараад явдаг байсан. Үүнээс болж би сэтгэл санааны хүнд дарамтад орж, сэтгэл санаагаар унаж, хааяа согтууруулах ундаа, пиво хэрэглэдэг байсан нь үнэн. Үүнээс болж гадаа хонож байсан удаа ч бий. Би эхнэрийнхээ ааш араншинг засрах бол уу гэж хүлээдэг. Цаашид 2 хүүхэд, гэр бүлийнхээ төлөө амьдарна гээд байр орон сууцандаа засвар хийж, сайхан амьдарна гэж бодож байсан. Гэтэл манай эхнэрийн ааш араншин ихсэж, ер нь бүх зүйлд би аргадаж гуйдаг, сүүлдээ надтай дээрэнгүй харьцаж, уурласан үед нь сэтгэл санааны түгшүүртэй, хүчирхийлэл айдастай байдаг байсан. Уурлахаараа гар хүрээгүй байхад тасралтгүй орилдог. Би энэ байдлаас маш их айдаг байсан тул гэрээс гараад явдаг байсан. Манай эхнэр ч бас өөрөө буруу зүйл хийдэг боловч надаас нэг ч удаа уучлалт гуйдаггүй, үл хүндэтгэсэн, гэр орондоо байхдаа тусдаа хоолоо хийж, тусдаа хувцсаа угаадаг. Нэг гэрт амьдарч байж тусдаа хийхээ болъё гэхэд зарцалдаг хүнээ олж ав, би эндээс явлаа гээд маргалдаж, гарч явдаг. Тухайн өдөр нэг удаа алгадсан, орилоод байхаар нь би гараараа аман дээр нь дарсан, үсдэж, хамар маажсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан ч цохиж, зодсон зүйл байхгүй, 2 удаа мөр рүү нь түлхэж байсан. Хохирогчоос уучлалт гуйсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ц мэдүүлэхдээ:

Б.Г намайг өөрийгөө маажсан, өөрөө орилоод байсан гэж байна. Намайг үсдэж унагаагаад зодоход нь би амиа аврахын тулд л би орилсон тэрнээс удаан хугацаанд чангаар орилсон зүйл байхгүй. Тухайн үед 5 настай хүүхэд маань цаана зурагт үзээд сууж байсан ба хүүхдийн хажууд намайг цохисон. Өөр өрөөнд зодсон ч гэсэн манай хүүхэд айгаад, сонсоод сууж байгаа. Би сүүлдээ уйлаад газар суухад миний хамраас цус гарсан. Шалан дээр миний үс туг, тугаараа унасан байсан. Би болъё гэхэд намайг орон дээр түлхэж унагаагаад аман дээр дараад дээрээс суучихаар нь би амьсгалж чадахгүй, арай гэж амьсгалаа аваад, арай хийж мултраад болъё гэхэд цохих гээд дайраад, би болиоч гээд гуйгаад болиулсан. Тэгээд би том өрөөнд орж гар утсаа олж авахад Б.Г юу ч болоогүй юм шиг зурагт үзээд сууж байсан. Гар утас авсныг мэдчих болов уу гээд хурдан аваад, ариун цэврийн өрөөнд ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би Б.Гтой цаашид эвлэрээд хамт амьдарна гэж бодохгүй байна. Өмнө 2-3 удаа цохиж, зодож байсан. Хүүхэд жоохон байсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Гэр бүлийн хүмүүстэй ч хэлээгүй тэвчээд явдаг байсан. Б.Гийн ээжид намайг цохиж, зоддог талаар хэдэн хэдэн удаа хэлж байсан. Архи согтуулах ундаа хэрэглэхдээ хэтрүүлж хэрэглэдэг, би энэ талаар болон өөрийнх нь талаар хэлэхэд намайг муугаар хэллээ, доош нь хийлээ гэдэг. Тэгээд уучлаарай гэдэг ч эргээд яг хэвэндээ байдаг. Цаашид би Б.Гтой эвлэрч, хамт амьдрахгүй. Хууль хяналтын байгууллагад хандаж, эсэн мэнд энд зогсож байгаадаа л баярлаж байна. Би өөрөө өөртөө гэмтэл учруулаагүй, хамраас цус гарахад чи цус гаргасан байна гэж хэлсэн, цагдаа дуудаад би ариун цэврийн өрөөнд сууж байх хооронд Б.Г шалан дээр унасан үс болон цусыг цэвэрлэсэн байсан. Миний хоолойг 2-3 минутад боосон. Би тэр үед амьсгалаа авах гэж тэмцэж байсан. Одоо гэр бүлээ салгуулах бодолтой байгаа, өмнө гэр бүлээ салгах гэхэд эвлэрүүлэн зуучлалд орж байсан, одоо хуулийн дагуу шийдүүлээд явна. Өмнө нь манай охиныг 10 сартай байхад намайг цохиж, газар дарж унагаан, дээрээс дарж сууж байсан. Тухайн үед би эрүүлжүүлэхэд өгч байсан. Дараагийн удаа хоолой боож байсан энэ тухайгаа түүний ээжид хэлж байсан. Г өөрийгөө гэм буруугүй, харин ч намайг сэтгэл санааны дарамт шахалтад оруулж, орилж хашхирдаг би өөрөө хүчирхийлэлд байна гэж байна. Би аль болох аргадаж харьцаж, алдаа дутагдалтай зүйлийг нь хэлэхээр өөрт нь дарамт болсон юм шиг байна, тэрнээс би энэ хүнийг дарамталсан, хүчирхийлэлд оруулсан зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 594 тоот дүгнэлтэд:

1. С.Цгийн биед зүүн хацар орчмын зөөлөн эдэд зөөлөн эдийн няцрал цус хуралт, дээд уруул, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Зүүн хацар орчмын зөөлөн эдэд зөөлөн эдийн няцрал цус хуралт, дээд уруул, хамарт зулгаралт гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 27-28 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)                                                      

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны 38 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, хохирогч С.Цг зодож, “зүүн хацар орчмын зөөлөн эдэд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, хамарт зулгаралт” бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч С.Цгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 594 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь “...Тухайн өдөр нэг удаа алгадсан, орилоод байхаар нь би гараараа аман дээр нь дарсан, үсдэж, хамар маажсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч хохирогч С.Цгийн биед учирсан зүүн хацар орчмын зөөлөн эдэд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, хамарт зулгаралт гэмтэл нь шүүгдэгчийн хохирогчийг алгадсан үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч С.Ц нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар 120 000 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргасан бөгөөд Б.Г нь шүүхийн шатанд 120 000 төгрөгийг хохирогч С.Цд төлжээ.

 

Хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул Б.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Гийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Гт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН