| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2021/0188/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/217 |
| Огноо | 2021-03-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/217
2021 03 31 2021/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
Улсын яллагч Ц.Хулан,
Шүүгдэгч Г.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогоруутан овогт Г.Ад холбогдох эрүүгийн 2111000000049 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Тогоруутан овогт Г.А, 1988 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..............................................
Шүүгдэгч Г.А /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2021 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 7-56 тоотод хоноод явахдаа иргэн Т.Чимэдравдангийн эзэмшлийн 854.100 /найман зуун тавин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-51 загварын гар утас, “Хаан виза карт, бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч виза картнаас нь 395.500 /гурван зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөг гарган авч бусдад нийт 1.269.600 /нэг сая хоёр зуун жаран есөн мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Агээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Т.Чимэдравдангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 7-56 тоотод манай дүү Самдан найз Гэндэнсүрэн, Болормаа, Амараа гэх хүмүүстэй хамт байсан. Эдгээр хүмүүстэй хамт архи ууж байгаад би өөрөө шөнө 01:00 цагийн үед унтсан. Найз Амараа нь өглөөний 04:00 цагийн үед гараад явсан бөгөөд бусад нь гэртээ унтаж байсан. Өглөө 09:00 цагийн үед гар утсаа хайгаад олоогүй ...Утасны гадна савхин гэрт иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, Хаан банкны карт бэлнээр 20.000 төгрөг байсан ...” гэх мэдүүлэг /хх-9-12х/,
Гэрч Т.Гэндэнсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Амархүү нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны үүрээр хэдэн цагт гарсныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Гарахдаа Чимэдравдангийн утсыг нь аваад гарсан юм шиг байна лээ ...2021 оны 01 дүгээр сарын 14-15-ны өдөр шилжих шөнө манайд би болон манай эхнэр Болормаа, Чимэдравдан, Амархүү нар байсан ...Тийм бүгд согтууруулах ундааны зүйлс их хэмжээгээр хэрэглэсэн байсан ...” гэх мэдүүлэг /хх-21х/,
“Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-7х/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ЧД1-21-44 дугаартай дүгнэлт /хх-24-25х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34х/,
Хохирогч Т.Чимэдравдангийн ах Т.Жигмэддамбаас мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлт /хх-52х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Ганбаатарын Амархүү /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2021 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 7-56 тоотод хоноод явахдаа иргэн Т.Чимэдравдангийн эзэмшлийн 854.100 /найман зуун тавин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-51 загварын гар утас, “Хаан виза карт, бэлэн 20.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч виза картнаас нь 395.500 /гурван зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөг гарган авч бусдад нийт 1.269.600 /нэг сая хоёр зуун жаран есөн мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Г.Агээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2021 оны 01 дүгээр сарын 14-нд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо 7-56 тоотод байрлах нийтийн байранд Т.Чимэдравдан нь ирж өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. Тэнд Болормаа, Гэндэнсүрэн, Чимэдравдан бид нар байсан. Тэгээд бид нар 2-3 том шилтэй архи 1 сетк лаазтай Сэнгүр пиво ууцгаасан юм ...Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-ны шилжих шөнийн 00 цагийн үед би найз Гэндэнсүрэнгийнхээс гарсан юм. Гарах үедээ би нэлээн согтолттой байсан мөн төрсөн өдрийн эзэн болох Чимэдравдангийн цэнхэр өнгөтэй Самсунг А-51 маркийн утсыг аваад гарчихсан юм. Тэгтэл тэр утасных нь гадна талын гэрт нь Хаан банкны ногоон өнгийн виза карт, иргэний үнэмлэх, жолооны эрхийн үнэмлэх нь хамт байсан юм. Чимэдравдантай хамт хэд хоногийн өмнө дэлгүүр орж бараа худалдаж авч байхдаа Чимэдравдангийн виза картны пин кодыг нь мэддэг болчихсон юм. Тэгээд виза картыг нь аваад Драгон худалдааны төвийн тэнд байдаг Хаан банкны бэлэн мөнгөний машин /АТМ/-с 50.000 төгрөг уншуулж авсан. Тэгээд тэндээсээ айл руу явах замдаа Цамба гарав худалдааны төвийн тэнд байрлах АТМ-с 345.000 төгрөгийг авахад дансных нь үлдэгдэл нь Чимэдравдангийн цэнхэр утсанд ирэхээр нь мэдэж аваад үлдэгдлийг нь мөн адил авсан. Тэгээд гарахдаа мэдэгдэлгүй авсан Самсунг А-51 загварын гар утсаа зарах гээд 1950 дугаарын утас руу залгаж шөнө ажилладаг гар утас авдаг ломбард асуусан юм. Тэгээд 21 дүгээр хорооллын шөнийн захын тэнд байдаг ломбард ортол 300.000 хавьцаа үнэ хэлэхээр нь өгөөгүй юм. Тэр хавьд байсан утас зардаг газар очоод та энэ утсыг сонирхохгүй биз гэхэд ямар утас вэ үзэж харъя гээд харж байснаа хэдэд өгөх юм гэхээр нь би 400.000 төгрөгөөр өгчихмөөр байна гэхэд за тэгвэл авъя шууд надад бэлэн мөнгө өгсөн. Тэгээд 400.000 төгрөг болон АТМ-с авсан мөнгөөрөө архи пиво хоол унд идээд тэр хавиар байрлах ресторан паб орж үйлчлүүлж байгаад үрээд дуусгасан. Ийм зүйл болсон архины халуунд өөрийн найз нөхдийн эд зүйлсийг авч зарж үрсэндээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хх-31-32х/,
шүүгдэгч Г.Агээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Т.Чимэдравдангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 7-56 тоотод манай дүү Самдан найз Гэндэнсүрэн, Болормаа, Амараа гэх хүмүүстэй хамт байсан. Эдгээр хүмүүстэй хамт архи ууж байгаад би өөрөө шөнө 01:00 цагийн үед унтсан. Найз Амараа нь өглөөний 04:00 цагийн үед гараад явсан бөгөөд бусад нь гэртээ унтаж байсан. Өглөө 09:00 цагийн үед гар утсаа хайгаад олоогүй ...Утасны гадна савхин гэрт иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, Хаан банкны карт бэлнээр 20.000 төгрөг байсан ...” гэх мэдүүлэг /хх-9-12х/,
Гэрч Т.Гэндэнсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Амархүү нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны үүрээр хэдэн цагт гарсныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Гарахдаа Чимэдравдангийн утсыг нь аваад гарсан юм шиг байна лээ ...2021 оны 01 дүгээр сарын 14-15-ны өдөр шилжих шөнө манайд би болон манай эхнэр Болормаа, Чимэдравдан, Амархүү нар байсан ...Тийм бүгд согтууруулах ундааны зүйлс их хэмжээгээр хэрэглэсэн байсан ...” /хх-21х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-7х/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ЧД1-21-44 дугаартай дүгнэлт /хх-24-25х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34х/, Хохирогч Т.Чимэдравдангийн ах Т.Жигмэддамбаас мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлт /хх-52х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.269.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Т.Чимэдравдангийн ах Т.Жигмэддамбаас “...миний дүү Чимэдравдан нь хөдөө уурхайд ажилладаг тул хохирлыг нь төрсөн ах миний бие нь өөрийн биеэр гар утас 1 ширхэг болон 400.000 төгрөгийг хүлээн авлаа. Иймд цаашид гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулсан ...” гэх хүсэлт /хх-52/-ийг бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Т.Чимэдравдангийн ах Т.Жигмэддамба нь цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Г.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тогоруутан овогт Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.269.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Аг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН