Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/246

 

 

 

 

 

 

 

 

 2021           4         08                                         246

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                      

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга:  Н.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Ө.Золбоо /2819/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 2005006501419  дугаартай 2 хавтас хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б.

 

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбогд ресиндэнс” хорооллын 72 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц байрыг хууль ёсны дагуу өмчилж аваагүй байхдаа уг байрыг бартераар худалдан авсан, зарж борлуулна хэмээн хохирогч Б.Гад итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан Хаан банкны 5003704848 дугаарын дансаар нийт 32 000 000 төгрөгийг, мөн 40 700 000 төгрөгийн үнэлгээ бүхий 90-60 УНЦ улсын дугаартай Ланд крузер 100 маркийн, 79-78 УБС улсын дугаартай, Тоёота Эстима маркийн, 29-55 УБЧ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн автомашинуудыг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 72 700 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилсан,

2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Хд Тоёота Ланд Крузер Прадо-150 маркийн 01-50 УБЛ улсын дугаартай автомашин дээр нэмж 20 000 000 төгрөг өгвөл оронд нь Тоёота Ланд Крузер-200 маркийн автомашин болгож өгье хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Н.Хын эзэмшлийн Тоёота Ланд Крузер Прадо-150 маркийн автомашиныг залилж, их хэмжээний буюу 52 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Г.Б мэдүүлэхдээ:

Манай компани Орос улсаас арматур авч худалдаалдаг, бас байрны дотор засал хийдэг юм. Тухайн үед компанийн үйл ажиллагаанд доголдол гарсан. Хохирлыг 2 машин, бэлэн мөнгөөр төлсөн. Үлдэгдэл 2 800 000 төгрөгийг өнөөдөр төлсөн. Б.Гад Хан богд хороололд байр авч өгнө гэж тохиролцоод Эрин Инвест компанид арматур нийлүүлсэн. Б.Гад С2 блок дээр байр өгөхөөр тохирсон боловч бартерт авах байсан С2 блок маань D4 блок болж өөрчлөгдсөн. Энэ талаар Б.Гад хэлсэн байсан. Улсын яллагчтай 15 000 000 төгрөгийн торгуулийн ял тохирсон. Энэ торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлөх боломжтой. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч- Б.Г мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Бээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хан-Богд хороололд 72 мк.в талбайтай байрыг 115 сая төгрөгөөр худалдаж авхаар уулзаж, танилцаж байсан юм. Тухайн байр нь баригдаж дуусаагүй байсан бөгөөд Б надад хэлэхдээ би тухайн барилгатай бартерын гэрээ байгуулсан юм. Уг байрыг бартерын хөлсөөр авч байгаа юм. Өөрөөр хэлбэл миний эзэмшилийн орон сууц юм. Баригдаж байгаа байр учраас гэрчилгээ гараагүй байгаа, сар гарангийн дараа уг байр ашиглалтанд орохоор нь гэрчилгээг чиний нэр дээр гаргуулаад өгнө гэж итгүүлсэн. Ингээд уг байр надад таалагдаж би байрыг худалдаж авахаар тохирч урьдчилгаа бэлнээр 30 сая төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богдр хорооллын Хаан банкнаас Бийн данс руу шилжүүлсэн юм. Ингээд маргааш нь би өөрийн эцэг Д.Бийн эзэмшилд байсан 90-60 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг 23 сая төгрөгөөр С.Түвшинтөгс гэх хүнд зарахаар тохирч мөнгө өгөх үедээ 21 сая төгрөгөөр тооцож шилжүүлж өгсөн. Ингээд нийт 51 сая төгрөгийг эхний ээлжинд байрны урьдчилгаанд Баярцэнгэгд өгсөн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын эхээр өөрийн авлагатай Шижээбадрах /88075599/-р дамжуулан Бд 13 сая төгрөгөнд тооцож, Тоёота Алфард маркийн тээврийн хэрэгсэлийг шилжүүлж өгсөн. 2019        оны 4 дүгээр сарын 20-ны үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах наториатын газарт байхдаа Бийн над уруу явуулсан хүнд 14 сая 500 мянган төгрөгөөр тооцож өгсөн юм. 2019 оны 8 дугаар сарын 20-ны үед намайг Өвөрхангай аймгийн Хар хорин сумд явж байхад Б мөнгөний хэрэг гарчихлаа гэхээр нь тэндээсээ Хаан банкны АТМ-с 2 сая төгрөг шилжүүлж өгсөн. Ингээд би Бд нийт 80 сая 500 мянган төгрөгийг өгсөн юм. 2019 оны 02 дугаар сард Б нөгөө байр чинь сар гарангийн дараа ашиглалтанд орно гэсэн боловч 2019 оны 4 дүгээр сард уг байр нь албан ёсоор ашиглалтанд орсон боловч Б надад өгөх ёстой байраа шилжүүлж өгөхгүй байсаар 2019 оны 6 дугаар сар хүрсэн. Тэгээд би хүргэн ах Дамдиндорж /99041114/-той хамт Бтэй уулзаж Бийн үйлдэлийн улмаас учрах хор уршигийг өөрт нь хэлж ойлгуулахад маргааш нь Б надад миний үзсэн байрны түлхүүрийг өгсөн. Түлхүүр авсны маргааш нь би байрандаа нүүж орохоор эд зүйлсээ зөөж байхад уг орон сууцны захирал Ангар гэх хүн энэ байрны төлбөр дуусаагүй байгаа. Хэрэв төлбөр дуусах юм бол байрандаа ороорой гэж анхааруулсан. Энэ талаар Бд хэлэхэд мөнгөний асуудлыг 2019 оны 7 дугаар сар дөнгөж гаргаад дуусгана гэж хэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр би орон сууцандаа нүүж орлоо шүү гэж Бд хэлэхэд Б зөвшөөрсөн бөгөөд би маргааш нь байрандаа нүүж орсон. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны үед намайг гэртээ байхад нөгөө Ангар гээд эмэгтэй нөхөртэйгээ хамт манай гэрт ирж надтай уулзаж уг байрны төлбөр дуусаагүй гэдгийг хэлсэн бөгөөд би ч тэр хоёр хүнд учир байдлаа тайлбарлаж хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Бд холбогдуулан өргөдөл өгөх гэтэл Б уулзаад чи байрыг нь өгчих, 7 хоногийн дараа чиний мөнгийг эргүүлээд өгье гэж хэлсэн. Би тухайн үед зөвшөөрч тухайн цагдаагийн газарт өргөдөл өгөлгүй буцаж байрыг 2019 оны 12 дугаар сарын дундуур Ангар авсан. Бийн надад хэлсэн 7 хоногийн хугацаа өнгөрсөн боловч Б удахгүй өгнө, өнөө маргаашгүй өгнө гэх зэргээр өдөр өдрөөр аргалах болсон. Бээс би урьд нь байр болон мөнгө төгрөг зээлж авч, өгч байгаагүй. Б нь Хан богд хороололтой ямар гэрээ байгуулан ямар шугамаар хамтарч ажиллаж байсныг нь мэдэхгүй. Надад хамтарч ажиллаж байгаа талаар гэрээ хэлцэл үзүүлсэн зүйл байхгүй. Ангар гэх эмэгтэй надад хэлэхдээ Б тухайн байрыг 146 сая төгрөгөөр худалдаж авхаар тохирсон байгаа, мөнгөө бүрэн төлөөгүй байгаа гэдгийг хэлсэн. Б 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр надад Ангарын дансаар дамжуулан 23 сая 568 мянга 50 төгрөгийг шилжүүлж өгсөн. Энэ мөнгийг авахдаа Б Ангар бид гурав ярилцаж байгаад Ангараас би тухайн мөнгийг дансаараа авсан юм. Б надаас авсан мөнгөнөөс 30 сая төгрөгийг Ангарт өгсөн юм, байна лээ. Тэр мөнгөнөөс Ангар надад дээрхи мөнгийг шилжүүлж өгсөн. Тэгтэл Б надад дахин 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Гарьд сити-2 хороололд байр захиалаад өгье, эхний ээлжинд надад 1 сая 500 мянган төгрөгийг өгөөч гэхээр нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын АТМ дээрээс Аын хаан банкны дансаар авсан. А нь анх намайг Бтэй танилцуулсан хүн бөгөөд түүний найзын найз гээд байсан. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б би Аад өртэй байгаа юм чи нөгөө байр авах мөнгөнөөсөө 7 сая төгрөгийг өгчих гэсэн. Тэгэхээр нь би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололд байхдаа бэлнээр 6 сая 500 мянган төгрөгийг өгч 500 мянган төгрөгийг Аын надад хэлсэн дансанд шилжүүлж өгсөн. Дансаар шилжүүлсэн шалтгаан нь А цаанаа бас өөр хүнд өртэй гээд тэр хүнд шууд өгчих гэж хэлсэн. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр А, Б нар надаас арматур оруулж ирэх гэсэн чинь мөнгө дутчихлаа гээд 3 сая төгрөгийг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын АТМ-с шилжүүлж авсан. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б арматур оруулж ирэх гэсэн чинь өөр газарт мөнгө өгөх шаардлага гарчихлаа 5 сая төгрөг өгөөч гэхээр нь Хан-Уул дүүргийн автобусны буудлын замын эсрэг талд байдаг Бийн ажлын байранд байхдаа мобайл банкаар шилжүүлж өгсөн. Ингээд Б надаас 80 сая 500 мянган төгрөг авч 23 сая 568 мянга 50 төгрөг өгч дахин надаас 16 сая 500 мянган төгрөгийг авсан байгаа юм. Ингээд надад 73 сая 431 мянга 950 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Б нь надад Хангарьд Сити хороололд байр авч өгнө гэхээр нь энэ асуудлаа хурдан дуусгах нь гээд итгээд өгсөн юм. А надад ямар нэгэн ажил бүтээж өгнө, буцааж мөнгө өгнө гэх зэргээр надаас мөнгө авсан зүйл байхгүй. Б Аад өгчихөөрэй гэхээр нь хоёр удаа нийт 8 500 000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг өгөхдөө бэлнээр 6 500 000 дансаар, 1 500 000 төгрөгийг Аын өртэй гэх хүний дансаар 500 000 төгрөгийг шилжүүлсэн.

2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 73 31 950 төгрөгийн хохиролтой байсан бөгөөд үүнийг 2020 оны 6 дугаар сард 17 тн 435 кг арматурыг 1 тн-ын үнэ 1 700 000 төгрөгөөр тооцож, нийт 29 639 500 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо 43 492 450 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Одоо үлдэгдэл мөнгийг Арцат аппартмент-2 орон сууцанд 58 м.кв байрыг 1 м.кв 1 500 000 төгрөгөөр тооцож, нийт 87 000 000 төгрөгөөр захиалж гэрээ хийж өгөхөөр болсон. Би үүнд үлдэгдэл 43 492 450 төгрөг дээр нэмж өөрийн машинаа оролцуулж захиалахаар болсон гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 25, 89-90 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Н.Х мэдүүлэхдээ:

Би 2016 оны 01 дүгээр сард Б гэх залуугаас 53 сая төгрөгөөр Прадо-150 маркийн машиныг худалдан авч байсан юм. Гэтэл саяхан 2020 оны 3 дугаар сард миний машин ухрахгүй байхаар нь Б рүү залгаад миний машин ухрахгүй байх юм, яах вэ гэсэн чинь би танд угаасаа муу машин зарчихсан юм. Одоо наад машин чинь ер нь их тааруухан болж байгаа шүү, та наад машинаа надад өгөөд дээр нь 20 сая төгрөгийг нэмээд өгчих, би танд Ланд-200 маркийн машин олоод өгье гэхээр нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр уулзаад Хан-Уул дүүргийн Апу ХХК-ийн тэнд байдаг нотариат орж худалдах авах гэрээ хийчихээд тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны гаднаас өөрийн эзэмшлийн Прадо-150 маркийн, 01-50 УБЛ Улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгч явуулсан. Тэгээд дараа нь 20 сая төгрөгийг нь нэмж өгье гэж тохирсон юм. Гэрээн дээрээ 30 сая төгрөгөөр зарж байгаа гэж бичсэн. Яагаад ингэж байгаа юм гэсэн чинь таны машиныг би Төртөгс гэх залууд барилгын материалаар бартер хийж өгч байгаа юм, та яг бодит мөнгөн дүнгээ битгий хэлээрэй. Тэгээд ч татвар нь бас их болно шүү дээ гэхээр нь зөвшөөрсөн юм. Сарын дараа таны Ланд-200 маркийн машин чинь ирнэ, та 20 сая төгрөгөө бэлдээд байж байгаарай санаа зоволтгүй гэсэн. 1 сар боллоо нөгөө авах машин чинь ирсэн үү гэхэд та надаас өмнө нь Прадо-150 маркийн машиныг аваад мөнгөө цувуулаад өгч байсан биздээ. Одоо та миний ачийг хариул, би таны машиныг зарсан мөнгийг ажилд зарцуулж байна, та намайг 1 жил хүлээчих гэхээр нь би тэгье гээд яг 1 жил хүлээсэн. 2019 оны 9 дүгээр сард та түр энэ машиныг аваад байж бай гээд Ланд-200 маркийн хар өнгөтэй машин байсан бөгөөд гэхдээ та унаж болохгүй төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Та түр гражид хийгээд байж бай 7 хоногийн дараа танд суллаад аваад өгнө. Гэхээр нь үнэн байлгүй гэж бодоод хааяа очиж хардаг байсан. Энэ машины эзэн гэх залуугаас чамд үлдэгдэл мөнгөө Б өгч байна уу гэсэн чинь бага багаар өгч байгаа. Одоо жаахан үлдсэн гэж хэлсэн. Ийм байдалтай хоёр сар болоод машинаа эргээд очтол байхгүй байсан. Тэгэхээр нь нөгөө машины эзэн залуугаас машин чинь байхгүй байна гэхэд би танд үнэнээ хэлье, Б таныг аргалж бай гэсэн юм. Би машинаа авчихсан гэж хэлсэн. Тэгээд Б рүү залгаад юу болсон талаар асуухад тантай муудалцсанаас хойш манай компани дампуураад мөн манай эхнэр хагалгаанд орсон. Би таны машиныг өгч чадахгүй гээд утсаа тасалсан. Он гараад гэрт нь очиж үзсэн, хойноос нь их хөөцөлдсөн. Тэгэхэд өгөх шинжгүй байхаар нь цагдаад хандсан.

Г.Б нь миний хохирлыг машинаар тооцож, хохирлыг барагдуулсан. Гомдол саналгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 105, 2 дугаар хавтаст хэргийн 47 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- С.А мэдүүлэхдээ:

Манай “Ихэр хүслэн” ХХК  нь яармаг буюу Хан-Уул дүүргийн 4  дүгээр хороо, Ханбогд хорооллын захиалагч юм. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Б гэж залуу Ханбогд хорооллын С2 болк, 2 дугаар орц, 114 тоот 3 өрөө, 74 м.квадрат орон сууцыг 140 600 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 15 сая, 6 дугаар сарын 21-ний өдөр 10 сая, 9 дүгээр сарын 26-ны өдөр 5 сая төгрөг буюу нийт 30 сая төгрөгийг урьдчилгаа болгон өгч, надаас байраа хүлээн авсан байсан. Ингээд байр авснаас хойш үлдэгдэл мөнгөө төлөхгүй байсан бөгөөд би байран дээрээ очиж үзэхэд Г гэж хүн уг орон сууцанд орчихсон, Бээс худалдан авсан гээд амьдарч байсан. Тэгээд Г, Б хоёр уулзалдаад уг байрны мөнгийг өгч чадахгүй юм байна, байраа чөлөөлж өгнө гээд тохирсон боловч байрнаас тавилгаа авч явахгүй байхаар нь тохиролцсоны дагуу нүүлгэлтийн компани дуудаж, тавилгуудыг компанийн байран дээрээ хадгалж байгаад Гад хүлээлгэж өгөөд урьдчилгаанд авсан 30 сая төгрөгөө хоёр удаагийн шилжүүлгээр Гын Хаан банкны дансанд хийсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 28-29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Д.Б мэдүүлэхдээ:

2018 оны уг машин нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд 2018 оы 11 дүгээр сард Г надаас таны машиныг байрны урьдчилгаанд тооцоод хүнд өгчихмөөр бана гээд байхаар нь түүнд зөвшөөрөөд захиран зарцуулах эрхийг нь Гтай хамт ирсэн нэг залуугийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд тэр хүн нь Гаас баахан мөнгө авчхаад байранд оруулж өгсөн ч юм байхгүй өгсөн байрнаас нь Гыг хөөгөөд гаргасан юм гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 30 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Б.А мэдүүлэхдээ:

Би өөрөө хувиараа “Уран ган” гэх авто машин зардаг газарт машин зарж борлуулдаг ажил хийдэг юм. 1 жилийн өмнөөс эхлэн Баяраа гэх залуу надаас Приус-20 маркийн машин худалдан авч байсан юм. Үүнээс хойш ерөнхийдөө нэг нэгнээ таньдаг болсон байсан. 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь санахгүй байна. Би Уран ган дээр Ланд-200 маркийн машин зарах гээд арчаад байж байтал Баяраа явж байсан. Тэгээд энэ машиныг зарах гэж байгаа юмуу гэхээр нь тийм ээ гэсэн чинь би наадах машиныг чинь эгчдээ үзүүлхээр Нарны хороолол орчихоод ирье гэхээр нь хамт явья гэсэн чинь зүгээрээ би ганцаараа явчихаад ирье гэхээр нь зөвшөөрөөд өгч явуулсан юм. Удалгүй одоо Х гэх эмэгтэйтэй хамт Баяраа ирээд энэ машиныг чинь авья урьдчилгаа 5 сая төгрөгийг өгөөд аваад явчих уу гэхээр нь бүх мөнгийг нь авна гэсэн чинь би үлдсэн мөнгийг 3, 4 хоногоос өгнөө ядаж Нарны хороололд түр грашид байлгачихья. Түлхүүрийг нь манай эгч авах юм гэхээр нь би зөвшөөрөөд машинаа өгч явуулсан. Тухайн үед надад урьдчилгаа 5 сая төгрөгийг өгсөн. 3, 4 хоногийн дараа нь Баяраа руу залгаад мөнгөө яасан бэ гэхэд маргааш яг өгнө гэсээр бараг 2 сар болсон. Тэгэхээр нь би 12 дугаар сард машинаа авхаар Баяраад учираа хэлсэн. Энэ машиныг авахдаа хүнээс хүүтэй мөнгө зээлж байгаад авдаг. 2 сарын хугацаанд аль хэдийн зарвал зарчихаар байсан. Дээрээс нь зогсоолын мөнгө гэж өдрийн 8 000 төгрөгийн төлбөр их болчихлоо гэж хэлсэн. Тэгээд нэг хувь түлхүүр байсан тэр түлхүүрээрээ машинаа очиж авчихаад байж байсан чинь Баяраагийн эгч нь байна машин хаана байна гэхээр нь би өөрөө хувиараа машин зардаг хүн байгаа юм. Энэ машиныг авах гэж би хүнээс хүүтэй мөнгө зээлсэн. Хүү нь хэцүүдлээ тийм учираас машинаа авч байна гэсэн чинь чамд Баяраа яг хэдэн төгрөг өгсөн юм гэхээр нь урьдчилгаа 5 сая төгрөг л өгсөн гэсэн чинь ихэнх мөнгийг нь өгчихсөн гээд байсан, муухай амьтан бэ гээд утсаа тасалсан. 2019 оны 12 дугаар сарын эхээр байх Баяраа над руу залгаад чиний мөнгийг өгөх гээд нягтлантайгаа уулзаад сууж байна. Одоо шилжүүллээ, чам руу эгч ярих байх. Чи одоо үлдэгдэл мөнгө өгчихнө гээд хэлчихээрэй гэхээр нь үлдэгдэл мөнгөө шилжүүлэх гэж байгаа юм байх гэж бодсон. Нээх удалгүй 80504320 гэсэн дугаараас байхаа залгаад Баяраа машины мөнгөө өгсөн үү гэхээр нь “одоо шилжүүлэх гэж байна гэж хэлсэн. Надтай ингэж 1 удаа л ярьсан. Баяраа нь анх Ланд-200 маркийн машиныг авахдаа манай таньдаг эгч авах гэж байгаа юм. Мөнгийг нь би өгнө гэж хэлж байсан. Түүнээс энэ хэдийн хоорондох нарийн зүйлийг би мэдэхгүй байна. 5 сая төгрөгөө надаас буцааж аваагүй яагаад гэвэл хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан. Түүний хүү, зогсоолын мөнгө гэх мэт зүйлд мөнгийг өгөөд таарсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 111 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Г.Б мэдүүлэхдээ:

..ээжийн Прадо-150 маркийн машин эвдрээд байсан бөгөөд 2018 онд Бд үзүүлтэл ээжийн машиныг зарж өгнө, оронд нь Ланд 200 маркийн машин олж өгье гэж ээжийн машиныг зараад мөнгийг нь өгөлгүй, машиныг нь ч өгөлгүй одоог хүрч байгаа юм билээ гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 193 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Г.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 162 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбогд ресиндэнс” хорооллын 72 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц байрыг хууль ёсны дагуу өмчилж аваагүй байхдаа уг байрыг бартераар худалдан авсан, зарж борлуулна гэж хохирогч Б.Гад итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан Хаан банкны 5003704848 дугаарын дансаар 32 000 000 төгрөгийг, мөн 40 700 000 төгрөгийн үнэлгээ бүхий 90-60 УНЦ улсын дугаартай, Ланд крузер 100 маркийн, 79-78 УБС улсын дугаартай, Тоёота Эстима маркийн, 29-55 УБЧ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашинуудыг шилжүүлэн авч, бусдад 72 700 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилсан,

2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Хд Тоёота Ланд Крузер Прадо-150 маркийн, 01-50 УБЛ улсын дугаартай автомашин дээр нэмж 20 000 000 төгрөг өгвөл оронд нь Тоёота Ланд Крузер-200 маркийн автомашин болгож өгье хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Н.Хын эзэмшлийн Тоёота Ланд Крузер Прадо-150 маркийн автомашиныг залилж, их хэмжээний буюу 52 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Г, Н.Х, гэрч С.А, Д.Б, Б.А, Г.Б нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Бийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Г, Н.Х нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авсан ба улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 15 000 000 төгрөгөөр торгох ял тохиролцсон,

шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 15 000 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Бийг 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 15 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг Г.Бд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН