Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/247

 

 

 

 

 

 

 

 

2021            4           08                                       247

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Хонгорзул,

хохирогч: С.Б,

шүүгдэгч: У.Ба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бат холбогдох эрүүгийн 2105003380275 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7998 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлсэн, Ба.

 

Шүүгдэгч У.Ба нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 11-22 тоотод хохирогч С.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний толгойн тус газарт архины шил шидэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- У.Ба мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж хохирогч руу архины шил шидсэн үйлдэл гаргасан. Хохирогчийг таньдаггүй байсан. Хохирогчид 190 000 төгрөг төлж, хохирлыг барагдуулсан. Хохирогч цаашид эмчилгээ хийлгэвэл эмчилгээний төлбөрийг төлнө. Мөн хохирогчид 200 000 төгрөгийг хоёр хоногийн дотор төлнө. Прокурорын санал болгосон 1 сая төгрөгийн торгох ялыг  хүлээн зөвшөөрч байгаа. Дахиж ийм алдаа гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Б мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр найзтайгаа айлд очсон. Тухайн айлд ороход У.Ба халамцуу, архи уусан байсан. Тэгээд намайг очиход 4 залуу, 1 эмэгтэй байсан ба архи уусан байсан. Гэтэл Ба  нь миний найз Ү руу агсан тавиад байсан. Намайг архи уудаггүй гэхэд “эзнийг нь голоод байна уу, эдийг нь голоод байна уу” гээд одоо уухыг нь харъя гээд агсраад байсан тул найзтайгаа хэсэг сууж байгаад явъя гээд байж байтал манай найз руу уурлаад үнсний сав авч шидээд Ба, Ү нар барьцалдаж авсан. Тэр үед голоор нь нэг залуу орж салгасан. Тэгээд найзтайгаа явах гээд ширээн дээр байсан цүнхэндээ утсаа хийгээд гадуур хувцсаа авах гээд байж байхад манай найз охин миний хажууд зогсож байсан. Тэгтэл миний толгой дээр тас гээд, эргээд хартал шилтэй архи байсан. Тэгээд толгойгоо барихад миний толгой хавдсан байсан. Чи яаж байгаа юм бэ, толгой руу архи шийдлээ гэхэд амьдралд ийм зүйл байдаг юмаа хөгшөөн гэсэн. Би тухайн үед айхтар юм бодоогүй цагдаа дуудахгүй гэж бодоод гэрээс гарахад найзууд нь гэх залуучууд араас гарч ирээд явуулахгүй гэхэд би танай найз чинь толгой руу архины шилээр цохисон,  явмаар байна гэхэд зодуулсан бол хохино өөр арга байхгүй, чаддаг юм цагдаагаа дууд гээд заамдаж аваад үсдээд доош нь дарсан. Би 3 удаа толгойгоо бариулсан. Би адилхан эх хүн, эмэгтэй хүн гээд явсан. Би огт танихгүй хүнд зодуулчхаад гомдолгүй гэж зүгээр сууж чадаагүй. Хохиролд 190 000 төгрөг өгсөн. 200 000 төгрөг өгнө гэснийг зөвшөөрч байна. Одоо надад гомдол санал байхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ү мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 07-ны 21 цагт ажлаасаа тараад найз Э залгаад хүрээд ирээч гээд байсан. Тэгээд би өөрийн найз Бтай Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC дээр уулзаад хамт Эийнд очсон. Э нь 3 эрэгтэй найз болон нэг эмэгтэйтэй нийлээд 5 уулаа архи уугаад байж байсан. Дэлгүүр дээр Б бид хоёрыг Э тосохдоо дэлгүүрээс 1 шил архи авсан. Тэгээд гэрт нь ороод хүмүүстэй юм яриад сууж байсан чинь Эийн найзын эхнэр нь эхлээд над руу агсан тавиад ууж чаддаг юм уу, уугаач гээд агсраад байсан. Тэгээд байж байснаа тэр эмэгтэй төмөр үнсний сав над руу шидсэн. Тэгээд босож ирээд намайг үсдээд авсан. Бид хоёрын голоор нэг эрэгтэй найз нь орж салгасан. Тэгээд би хувцсаа өмсөх гэж байхад намайг хэл амаар доромжилж байгаад ууж байсан архитай шилээ над руу аваад шидсэн. Тэгсэн чинь миний хажууд байсан Бын толгойг оноод бид хоёр гэрээс нь гараад цагдаад дуудлага өгсөн. Бид хоёр Эийнд очоод огт согтууруулах ундаа хэрэглээгүй гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Э мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би хажуу айлын хүмүүс болох Отгонбаатар, Ба хоёрыг хөзөр тоглоё гээд гэртээ дуудаж оруулж ирсэн. Тэгээд гэртээ байсан 2 шил архийг бид гурав хувааж уусан. Тэгээд би өөрийн танил болох Үг хүрээд ирээч гэхэд нэг найзтайгаа ирэхээр болоод орой 22 цагийн үед би Отгонбаатартай гарч Үг найзтай нь Баянгол дэлгүүрийн урдаас тосож аваад манайх руу явсан. Тэгээд дахин нэг шил архитай ирсэн. Бид хэд архиа уугаад сууж байхад Ба, Ү болон хамт ирсэн найзтай нь маргалдаад байх шиг байсан. Тэгсэн чинь Ба архины шил авч шидээд Үгийн найз болох эмэгтэйн толгойд оносон гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1414 дугаартай дүгнэлтэд:

1. С.Бын биед тархи доргилт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. 7. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна гэжээ. (хэргийн 38 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

У.Ба нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7998 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлсэн гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч У.Ба нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 11-22 тоотод хохирогч С.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний толгойн тус газарт архины шил шидэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Б, гэрч Б.Ү, Б.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1414 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас У.Бат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

У.Ба нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7998 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусчээ.

 

Хохирогч С.Б нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 190 000 төгрөгийг авсан, ямар нэгэн гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч У.Ба нь хохирогчид 200 000 төгрөгийг 2 хоногийн дотор төлөхөө илэрхийлсэн болохыг дурдав.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, У.Ба нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Баийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Баийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг У.Бат даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.Ба нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч У.Ба цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч нь хохирогчид 200 000 төгрөгийг 2 хоногийн дотор төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Бат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН