| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2021/0201/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/232 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/232
2021 04 07 2021/ШЦТ/232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
Улсын яллагч Г.Ууганбаатар,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Адалбек,
Хохирогч Д.Болортуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хараа овогт Б.Бд холбогдох эрүүгийн 2011 01538 0036 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Хараа овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Ноосны үйлдвэрийн нэгдэлийн 8 дугаар байрны 21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:...................................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдснаар/;
Шүүгдэгч Хараа овогт Б.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр иргэн Д.Болортуяаг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завъяа” дэлгүүр дээр байхад нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Төв аймгийн Сэргэлэн суманд газар авахад 3 сая төгрөг дутаад байна” гэж хуурч 3.000.000 төгрөг, мөн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд лангуу авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 15.000.000 төгрөгийг Хаан банкны 5058235928 тоот дансаар шилжүүлэн авч нийт 18.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Боос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Болортуяа бид хоёр 2004 оноос хойш үерхэж байгаад саяхан 2020 онд ажил дээр нь таараад холбоо тогтоосон. Бид хоёр дотно харилцаатай байж байгаад 4 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд газар авахдаа 3.000.000 төгрөг зээлсэн. 4 дүгээр сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөг зээлж авсан” гэв.
Хохирогч Д.Болортуяагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Шүүгдэгч анх надаас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг авсан. Нийт 18.000.000 төгрөгийн хохиролтой болсноос 2020 оны 12 дугаар сард 3.000.000 төгрөг дансаар над руу шилжүүлж өгсөн. Өчигдөр өглөө над руу дансаар 10.500.000 төгрөг шилжүүлж өгсөн. Үлдэгдэл мөнгөө авмаар байна” гэв.
Хохирогч Д.Болортуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Батболдыг 2004 оноос хойш мэдэх бөгөөд 2007 он хүртэл үерхэж байсан. 2012 оноос хойш холбоогүй байж байгаад 2016 онд уулзаж байсан. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Мөнгөн завъяа худалдааны төв дээр ажил дээрээ байж байтал Батболд манай лангуун дээр ирээд бэлэг дурсгалын зүйл авах гээд явж байна гээд мэнд мэдээд өнгөрсөн. Тухайн өдөр Батболдын төрсөн өдөр байсан бөгөөд орой 23 цагийн үед над руу залгаад танай гадаа яваад очъё гараад ир гэхээр нь гэрээс гарахад ганцаараа нилээн халамцуу ирчихсэн зогсож байсан. Батболд одоо хүртэл чамайг мартаагүй гээд нилээн удаан ярилцаж зогссон. 03 цагийн үед би гэр рүүгээ ороод Батболд явсан. Түүнээс хойш байнга холбоотой ойр ойрхон уулзаж байсан. 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Батболд над руу утсаар яриад Төв аймгийн Сэргэлэн суманд газар авах гэсэн 5 сая төгрөг дутаад байна, мөнгө зээлдэг хүн байна уу гэхээр нь би нэг хүн зааж өгөхөд барьцаагүй бол мөнгө зээлэхгүй гэж байна гэхээр нь би надад 3 сая төгрөг байна чи хэзээ өгөх юм бэ гэхэд 1 сарын дараа буцаагаад өгнө гэхээр нь би 3 сая төгрөгийг Батболдын данс руу шилжүүлсэн. Түүнээс хэд хоногийн дараа уулзахад манай эгчийн нөхөр Адуучин гэдэг хүнд таньдаг хүн шинээр баригдаж байгаа Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд лангуу байна, би өөрөө бэлэг дурсгалын лангуу авч байгаа. Нэгийг нь ахын найз авч байгаа гэсэн. Чи татваргүй барааны лангуу авах уу гэж надаас асуусан. Чи бодож байгаад хариу хэлээрэй гээд түрээсийн гэрээг авч ирж үзүүлсэн. Би лангууг авмаар байна гэхэд 3 хүнд 6, 6 сая төгрөг нийт 18 сая төгрөг хэрэг болох юм байна гэсэн. Тэгэхээр нь би урьд нь чамд 3 сая төгрөг өгсөн тэрийгээ нэмээд өгчих гээд 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 15 сая төгрөгийг Батболдын данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш лангуугаа авч өгөөгүй. Миний мөнгийг өгөхгүй байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Ард кино театрын буудлын ар талд байдаг нотариатын газар 18 сая төгрөгийг зээлсэн гэсэн утгатай зээлийн гэрээ байгуулсан. 2020 оны 12 дугаар сард 3 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл 15 сая төгрөгийг өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-21х/,
Хохирогч Д.Болортуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлын байр буюу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завъяа дэлгүүр дээрээ ажлаа хийгээд сууж байхад Батболд надтай тааралдсан. Тэр өдөр Батболдын төрсөн өдөр байсан бөгөөд 23 цагийн үед гэрийнхээ гадаа гараад ир гэсэн. Тэгээд би гэрээсээ гарч очоод уулзаад бид хоёрын урьд нь үерхдэг байсан талаар ярилцаж нилээн хэдэн цаг суусан. Тэгээд Батболдтой нилээн хэдэн удаа уулзаж Батболд надтай сууж гэр бүл болно, надад хайртай хэвээрэй гэж ярьж байсан. Ингээд Батболд надтай уулзаж байхдаа мөнгө төгрөгийн талаар ярьдаггүй байсан бөгөөд нэг уулзахдаа 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Төв аймгийн Сэргэлэн суманд 30 га газар авахад 3.000.000 төгрөг дутаад байна, мөнгө зээлэх хүн байна уу, хахууль өгөх гэсэн юм” гэж хэлэхээр нь би мөнгө зээлдүүлдэг хүнтэй холбож өгсөн чинь “барьцаа болохгүй байна” гэхээр нь би “за яахав надаас 3.000.000 төгрөг ав” гэж хэлээд 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээгүй, хүүгүй, зээлүүлсэн. Батболд “манай хүргэн ах Адуучин хөшигтийн хөндийд таньдаг хүнтэй, надад 3 лангуу олж өгнө гэж байна, нэгийг нь надад өгнө, ахиад нэгийг нь Адуучны найз нь авна, үлдсэн нэгийг нь чи ав, маш их ашигтай олдож барьдаггүй” гээд байсан. Тэгээд дараа нь лангуу авахад нийт 18.000.000 төгрөг хэрэг болно 18.000.000 төгрөгийг 3-н хүнд хувааж 6.000.000 төгрөгөөр нь хувааж өгнө” гэхээр нь би “хулихдуулчихвал яах вэ” гэж асуухад “надад итгэ би батлан даана” гэж байсан. Тэгээд би авах уу болих уу гэж эргэлзэж эргэлзэж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн Хаан банкны 5007347575 дугаартай данснаас 10.000.000 төгрөгийг, Голомт банкны 1109064510 дугаартай данснаас 2.500.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр буюу нийт 5.000.000 төгрөгийг Батболдын Хаан банкны 5058235928 дугаартай данс руу шилжүүлсэн. Ингээд би мөнгөө өгчихөөд Батболдоос юу болж байна гэж асуухад “би Цээгий эгчээс асууж өгье, даргын зөвлөлийн хурал болохоор өөрсдийнхөө хүмүүсийг оруулчихдаг гэсэн хурлын шийдвэр гарахаар хэлнээ” гэж хариулдаг байсан бөгөөд надад нэг удаа Хөшигтийн хөндий 2020 оны 10 дугаар сард ашиглалтанд орно гэсэн захирамж надад үзүүлж байсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Батболдын эхнэр Баясгалан над дээр ирж уулзаад “та хоёр юу болоод яагаад байгаа юм бэ” гэж Батболд бид хоёрын талаарх харилцааны талаар асуусан. Батболд надад тайлбарлахдаа би эхнэртэйгээ ёс төдий болгож хамт амьдарч байгаа, надтай сууна гэж ярьдаг байсан юм. Тэгээд эхнэр нь Батболдыг Сонгинохайрхан дүүрэгт 40, 50 сая төгрөгийн хэрэгтэй, ах дүүсээ хүртэл залилдаг, гэр орноор ч гэсэн зөндөө хүмүүс ирдэг гэх зэргээр ярихад нь би Баясгалантай хамт Батболдтой очиж уулзаад “чиний ярьсан хэлсэн зүйл чинь бүгд худал байсан юм уу? гэж асуухад Батболд “би гэр бүлээ сонгож байна, ярьсан зүйл бүтэхгүй бол чиний мөнгийг эргүүлээд өгнө гэж хэлээ биздээ” гэж хэлсэн. Ингээд би бусдад итгэж өөрийн хөрөнгөөрөө хохирсон гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг /хх-10-11х/,
Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-31х/,
Хаан, Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-32-34х/,
Эд зүйл , баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-46х/,
Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Хараа овогт Батбаярын Батболд нь 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр иргэн Д.Болортуяаг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завъяа” дэлгүүр дээр байхад нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Төв аймгийн Сэргэлэн суманд газар авахад 3 сая төгрөг дутаад байна” гэж хуурч 3.000.000 төгрөг, мөн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд лангуу авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 15.000.000 төгрөгийг Хаан банкны 5058235928 тоот дансаар шилжүүлэн авч нийт 18.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 3.000.000 төгрөг, мөн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөгийг Хаан банкны 5058235928 тоот дансаар шилжүүлэн авч нийт 18.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Болортуяад учруулсан гэм хорын хохирлын нийт 18.000.000 төгрөгнөөс мөрдөн шалгах ажиллагааны үед 3.000.000 төгрөгийг, шүүхийн шатанд 10.500.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Болортуяад учруулсан 18.000.000 төгрөгийн хохирлоос үлдэх 4.500.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Боос 4.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Болортуяад олгож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хараа овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 3.000.000 төгрөг, мөн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 15.000.000 төгрөгийг Хаан банкны 5058235928 тоот дансаар шилжүүлэн авч нийт 18.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Боос хохирлын 4.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Болортуяад олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад учруулсан 18.000.000 төгрөгийн хохирлоос 13.500.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 4.500.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН