Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
Хэргийн индекс | 126/2019/0010/З |
Дугаар | 00017 |
Огноо | 2019-05-30 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 00017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: иргэн Д.Л-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэлийн хяналтын байцаагч Б.М, тэтгэврийн байцаагч Н.Х нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Өндөр насны тэтгэврийг анх тогтоосноор олгогдохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, сард олгох тэтгэврийг 1 348 456 төгрөгөөр тогтоосноор олгохыг хариуцагчид даалгах, ийнхүү шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 2019 оны эхний 4 сарын байдлаар 1 702 954 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л, хариуцагч Б.М, Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Д.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байгаад нийт 36 жил ажиллаж өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, улмаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тэтгэврээ тогтоолгохоор Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох материалаа бүрэн бүрдүүлж, ажилласан бүх он, жилүүд дээрээ архивын лавлагаа авч, хүсэлтийн хамт өгсөн. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс сард олгох тэтгэврийг 1 348 456 төгрөгөөр тогтоож, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэж тэтгэврийн дэвтэр надад олгосон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 445 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр улс төрийн шалтгаанаар халагдсаны улмаас ажилгүй байх хугацаандаа 2014 оны 11 дүгээр сарын 10-наас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Хөвсгөл Эх ХХК-нд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалт хариуцан ажиллаж татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг тухай бүр төлж байсан юм. Мөн Улсын дээд шүүхийн шийдвэрээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар эргүүлэн томилогдсон тул 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь заалтыг үндэслэн Хөвсгөл-Эх ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тухайн компанийн ажиллагсдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг үндсэн ажлын гадуур гүйцэтгэж, татвар нийгмийн даатгалын шимтгэлийг төлж нийгмийн даатгалын тайланг нийгмийн даатгалын байгууллагаар сар бүр хянуулж баталгаажуулж байсан. Би энэ шүүх хуралдаан дээр онцолж 4 зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт нь: Би хаана ч давхар ажил хийгээгүй. 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байх хугацаандаа Хөвсгөл Эх ХХК-д ажиллаж байсан. Миний энэ ажиллаж байсан хугацааг оруулан тооцохгүй байгаа юм. Энийг давхар ажилласан гэж үзэж байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий газарт тэгж танилцуулж байгаа. Тийм бичиг материал бүрдүүлж явуулаад байгаа юм. 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажлын гадуур гэрээгээр ажил гүйцэтгэж байсан. Гэрээг хуулийн этгээдтэй хийж үүнийхээ дагуу ажилласан. Үүнийг давхар ажил гүйцэтгэсэн гэж бүх газарт тайлбарлаж байгаа юм. Би Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж холбогдох албан тушаалтангуудад тайлбарлаж хэлж байсан. Хоёрдугаар асуудал нь: Хувь хэмжээ хуулийн интервал гэсэн асуудал хэтрээгүй. Би юу гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэхээр ер нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын холбогдох салбарын болон бусад хуулийн заалтын дагуу шийдвэрлэх байх гэж бодож байгаа юм. Энэ хүмүүс болохоор ерөнхий газрын даргын тоот, зөвлөмж, Авилгатай тэмцэх газрын зөвлөмж гэсэн ийм зүйлүүдийг яриад байгаа. Тэгэхээр намайг давхар ажиллаагүй байхад давхар ажилласан гэж үзсэн. Би бол Монгол Улсын холбогдох хуулийн заалтуудыг баримтлах ёстой гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гуравдугаарт нь: Өөр хөндлөнгийн зөвлөмж байгаад байна уу Д.Л-ийн тэтгэвэрийг олгохгүй нөгөө талаараа холбогдох ажил хариуцсан зарим хүмүүс хүсэхгүй байна уу гэж үзэж байна. Би хаана ч давхар ажил эрхлээгүй. Авилгатай тэмцэх газраас Хөвсгөл аймагт тэр дундаа Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр олголтын байдал бусад бүгдийг нь зөв гэж үзэж байгаа юм. Шалгасан уу гэвэл шалгасан. Зөвлөмж өгсөн байна. Дурьдсан заалтаас бусад тохиолдолд хориглох арга хэмжээг авч ажиллана. Монгол Улсын хуульд нийтийн албанд ашиг сонирхолоос урьдчилан сэргийлэх хуульд ганц зөвшөөрсөн нь 18.6 дахь хэсэг байгаа юм. Тэр хуулийн заалтаар би явж байгаа. Түүнийг давхар ажилласан гэж үзэж байгаа нь ийм асуудалд хүргэж байгаа юм. Би бол хаана ч давхар ажиллаагүй. Нөгөө талаас Хөвсгөл Эх ХХК нь сургалтын зөвшөөрөлтэй юм. Ийм учраас Д.Л нь тусгай эрх авалгүйгээр ажилласан байна гэж бичсэн байсан. Би Хөвсгөл Эх ХХК-д байгууллагад нь ажилладаг хэдэн ажилчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм зөрчлүүлэхгүй, хүний эрүүл мэнд цаашилбал амь нас хохирохгүй байлгахын үүднээс ганц үүрэг хүлээж гадуур ажиллах гэрээ хийсэн. Миний энэ гэрээ биелсэн. Би тооцоогоо хийсэн. Ийм л учиртай юм. Ер нь бол итгэх, үнэмших боломжгүй юм. Би орон сууцны зээлтэй сард 1.300.000 төгрөгийг төлдөг. Миний Мэргэжлийн хяналтын газраас авч байсан цалин бол энэ мөнгийг нэг ч төгрөг үлдээхгүйгээр төлөхөд хүрдэггүй ийм л байсан. Хөвсгөл Эх ХХК-д тодорхой ажил хийж тэрийгээ төлж байсан нь үнэн. Тайлбар дээрээ тодорхой бичсэн байсан. Зөвхөн Мэргэжлийн хяналтын газраас авч байсан цалинг тооцож тогтоосон гэж байсан. Би ажлаасаа халагдаад 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл Эх ХХК-д ажиллаж байхад ямар учраас давхар ажиллаж байсан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Би энийг хүсэхгүй байна гэж ойлгож байна. Би бол Нийгмийн даатгалын хэлтсийн зарим зүйлүүдийг мэднэ. Иймэрхүү асуудлуудыг дотроо зохицуулаад явж байсан. Тийм баримтууд байгаа юм. Би бол хохиролтой байна” гэв.
Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагад хуулиар хориглосон ажил, албан тушаалд давхар ажилласан болон ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчийн цалингийн бүрэлдэхүүнийг шалгахаар хэлтсийн даргаар батлуулсан 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 32 тоот удирдамжийн дагуу холбогдох шалгалтыг хийж, Улсын бүртгэлийн газраас тус компаний үүсгэн байгуулагчийг тодруулахад: 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/278 тоотод “Хөвсгөл Эх” ХХК нь 2034999 регистрийн дугаартай, 1995 оны 11 дүгээр сарын 15-нд улсын бүртгэлд анх бүртгэгдсэн байх бөгөөд үүсгэн байгуулагчаар Д-ийн Л өөрөө бүртгэлтэй байсан. Тус компаний 2014-2018 оны санхүүгийн баримтыг шалгахад Д.Л нь тус компаниас сургагч багшаар 2014 онд нийт цалин 2 500.0, 2015 онд 15000.0 сая төгрөг, 2016 онд 15000.0 сая төгрөг, 2017 онд 13500.0 мянган төгрөг 2018 онд 12000.0 сая төгрөгийн цалинг авч байсан. Цалин нь удирдлагаар гарч байсан. Зөвхөн сургагч багшийн цалин, татвар, нийгмийн даатгалын шимтгэлд 2015-2018 онд 72393.0 мянган төгрөгийг төлсөн. Гэтэл тухайн компани сургалтын үйл ажиллагаанаас хэчнээн төгрөгний орлого олдог нь тодорхойгүй. Д.Л нь Мэргэжлийн хяналтын газар, “Хөвсгөл Эх” ХХК дээр 01, 01 гэсэн кодоор давхар шимтгэл төлөгдөж байсан, үндсэн ажилдаа эргээд орсон тул үндсэн ажлаас гадуурх дэвтэр нээлгэж 40 кодоор цалинг оруулах ёстой байсан. Шалгалтын хүрээнд өргөдөл гомдлыг цалинг нотлох боломжгүй байсан учраас өргөдлийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох баримт болон Д.Л-ийн өгсөн 113 хавсралт материалтай хамт явуулж өргөдлийг ерөнхий газарт шилжүүлсэн байгаа. Д.Л нь Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа 2014 оны 11 дүгээр сард тус ажлын байрнаас чөлөөлөгдөж 2016 оны 2 дугаар сард шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа орсон байдаг. Ингэж ажилдаа орохдоо манай нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж гэж 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 1.142.400 төгрөг авсан байдаг. Тухайн үед ажилгүйдлийн тэтгэмжийн тооцоо явагдаагүй байсан. Сая шалгалтын явцад ажилгүйдлийн тэтгэмж авсан нь илэрсэн. Хөвсгөл Эх ХХК дээр 2014 оны 11 дүгээр сараас шимтгэлээ төлөөд шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа орсон байдаг. Гэтэл Д.Л нь Мэргэжлийн хяналтын газар, Хөвсгөл Эх ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан байгааг үндсэн ажилтнаар ажиллаж байсан гэж үзэж байгаа юм” гэв.
Хариуцагч Н.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Д.Л нь 2018 оны 10 сарын 18-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор баримт материалаа өгч нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2017 оны А/129 тоот тушаалын дагуу нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн бүтцийг өөрчлөн зохион байгуулах тухай тэтгэврийн байцаагч, ажилтнуудын хариуцах ажлын чиг үүргийн дагуу тэтгэвэр тогтоох процесс нь баримт бичиг хүлээн авах, зөвлөгөө өгөх байцаагчаас тэтгэвэр тогтоолтын байцаагчид, тэтгэвэр тогтоолтын байцаагч тэтгэврийг тогтоож хяналтын байцаагч, үйлчилгээний тасгийн дарга, санхүү бүртгэлийн тасгийн дарга, эцсийн хяналт нь хэлтсийн даргаар хянагдаж баталгаажиж тэтгэвэр авагчид тэтгэвэр олгогддог. Үйлчилгээний тасаг нь ажилласан жилийн баримт үнэн зөв, шаардлага хангасан эсэх ажилласан жилийг зөв тооцсон эсэхэд хяналт тавьж, санхүүгийн бүртгэлийн тасаг нь тухайн иргэний цалин хөлсний бүрдлийг хянаж баталгаажуулдаг. Энэ ажил үүргийнхээ дагуу тэтгэвэр тогтоолтыг хийж ажилласан жилийг хянаж хэд хэдэн нэмэлт материалыг шаардаж ажилласан жилийг баталгаажуулан тэтгэврийн хяналтын байцаагч, үйлчилгээний тасгийн дарга гарын үсэг зурсан. Д.Л нь өргөдөлдөө 2014-2018 оны цалин хөлсийг тооцуулахаар сонгосон байсан. Тэтгэвэр тогтоолтыг хийхдээ даатгуулагчийн ажилласан жил болон цалин хөлсийг нэгдсэн мэдээллийн сантай тулган хянаж программд шивдэг. Цалин хөлсийг тулгахад үндсэн ажилтнаар шимтгэлээ төлсөн, нийгмийн даатгалын дэвтэр, давхар ажлын дэвтэртэй цалингийн сан тохирч байсан. Аж ахуйн нэгжийн нягтлан бодогч нийгмийн даатгалын шимтгэлийн байцаагчид тайлангаа илгээж сар бүр тулгалт, хяналт хийж ажилладаг тул би баталгаажсан тайланд итгэсэн. Тиймээс тэтгэвэр бодолтоо хийсэн. Тэтгэвэр бодоход программын “дундаж цалин” цэсийг сонгоход даатгуулагчийн хамгийн өндөр 5 жилийн цалин сонгогдож дундаж нь автоматаар гардаг. Энэ сонгосон сонголтоор тэтгэврийг бодоход 1 950 763 төгрөгийн сарын цалин хөлснөөс 1 348 456 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсон, уг тогтоолтыг хэвлэж хяналтанд шилжүүлсэн. Журмын дагуу шаталсан хяналтаар хянагдаж санхүүгийн бүртгэлийн тасгийн хяналтаар цалин хөлсний бүрдэлд зөрчил гарч Хөвсгөл-Эх ХХК-иас төлөгдсөн цалин хөлсийг нягтлах шаардлагатай болсон учир шимтгэлийн хяналтын байцаагчид шилжигдсэн. Хяналтын байцаагчийн хийх шалгалт хүлээгдэх болсон тул тэтгэвэр авагчийн үндсэн ажлын цалин хөлсийг программд гараар оруулж тэтгэвэр тогтоох дундаж цалинг 1 324 177 төгрөгөөр тооцож сард 915 336 төгрөгийн тэтгэвэр тогтоосон. Тэтгэвэр тогтоолтыг бүрэн хянаж, баталгаажсаны дараа тэтгэврийн дэвтэр бичигдэх байсан ч миний процессын алдаанаас болж анх тогтоохдоо тэтгэврийн дэвтрийг бичиж хяналтад шилжүүлсэн нь залруулагдаагүй тэтгэвэр авагчид очсон байна. Миний хийсэн үйлдлийн улмаас нийгмийн даатгалын сан хохирох учиргүй юм” гэв.
ҮНДЭСЛЭХ нь;
Нэхэмжлэгч Д.Л нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэлийн байцаагч Б.М-т холбогдуулан “Өндөр насны тэтгэврийг анх тогтоосноор олгогдохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, сард олгох тэтгэврийг 1 348 456 төгрөгөөр тогтоосноор олгохыг хариуцагчид даалгах, ийнхүү шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 2019 оны эхний 4 сарын байдлаар 1 702 954 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар тэтгэврийн байцаагч Н.Х-г татан оролцуулсан болно.
Нэхэмжлэгч Д.Л нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байгаад улсад 36 жил ажиллаж, өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, холбогдох материалаа бүрдүүлж өгснөөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Д.Л-г улсад нийт 36 жил ажилласнаар, сарын дундаж цалинг 1 950 763 төгрөгөөр тооцон, хэвийн нөхцлөөр түүнд сард олгох өндөр настны тэтгэвэр 1 348 456 төгрөгийг олгож байхаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тэтгэвэр тогтоосон байх бөгөөд хариуцагчаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно” гэж зааснаар 2018 оны 12 сарын 31-ний өдрөөс эхэлж олгохоор шийдвэрлэж, иргэн Д.Л-д өндөр настны тэтгэврийг тогтоож, тэтгэврийн А0942226 дугаар дэвтэр олгожээ. /хх-7 дугаар хуудас/
Гэтэл 2019 оны 01 сарын 02-ны өдөр Д.Л-д анх тогтоосон тэтгэврийн хэмжээг бууруулан 948846 төгрөгийн тэтгэвэр олголтыг банкнаас олгосон ба энэ талаархи гомдлоо дээд шатны албан тушаалтан буюу нийгмийн даатгалын хэлтсийн даргад 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан ба гомдлын хариуг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 03 сарын 29-ний өдрийн огноотой 91 дүгээр албан тоотыг 2019 оны 04 сарын 02-ны өдөр Д.Л-д гардуулан өгснөөр нэхэмжлэгч нь Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байна.
Нэхэмжлэгч Д.Л-ээс “...өндөр насны тэтгэврийг анх тогтоосноор олгохгүй байгаа нь хууль бус, ямар шалтгаанаар өөрчилсөн болохоо надад мэдэгдэж, тайлбар авалгүйгээр өөрчилсэн нь хууль бус болохыг тогтоолгож, сард олгох тэтгэврийг 1.348.456 төгрөгөөр тогтоосноор олгох ёстой, ийнхүү шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 4 сарын байдлаар 1.702.954 төгрөгийг гаргуулж зөрчигдсөн эрхийг сэргээлгэх” гэж,
хариуцагч нараас “...өндөр настны тэтгэврийг тогтоохдоо сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан журмыг баримтлан тогтоодог” гэж тус тус маргажээ.
Хариуцагчаас “Д.Л-г улсад нийт 36 жил ажилласнаар, сарын дундаж цалинг 1 950 763 төгрөгөөр тооцон, хэвийн нөхцлөөр түүнд сард олгох өндөр настны тэтгэвэр 1 348 456 төгрөгийг олгож байхаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тэтгэвэр тогтоосон боловч, улмаар 14 хоногийн дараа буюу 2019 оны 01 сарын 02-ны өдөр тэтгэврийн олголтыг өөрчилөн түүнд банкаар дамжуулан олгосон, энэ тухайгаа Д.Л-д Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд шийдвэр гаргахад ач холбогдолтой бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй шууд анх тогтоосон тэтгэврийн хэмжээг ямар нэг шийдвэргүйгээр өөрчилсөн нь тогтоогдож байна. /хх-8 дахь тал/
Тухайлбал ... тэтгэвэр тогтоосон хяналтын хуудаснаас үзэхэд: Тэтгэвэр тогтоолтыг үйлчилгээний тасгийн дарга, гарын үсэг бүхий 2019 оны 2 сарын 10-ны өдөр “цалин сонголт /давхар ажил хасаж/ гэж бичсэн бичвэрээс өөр бусад байцаагч нарын гарын үсэг нь тэтгэврийн хэмжээг өөрчлөх эсэх, шийдвэрлэлт, шалтгаан заагаагүй байгаагаас дүгнэхэд: анх тогтоосон тэтгэврийн хэмжээг өөрчилсөн эсэх, хэрхэн өөрчилж шийдвэрлэсэн тодорхойгүй байна. Уг хяналтын хуудсанд зурагдсан байцаагч нарын гарын үсгүүдийн огноо нь 2019 оны 01 сарын 08-ны өдрөөс хойш огноологдсон болох нь тогтоогдож байна.
Хариуцагчаас гаргасан Маргаан бүхий захиргааы акт буюу Д.Л-д тогтоосон тэтгэврийн хэмжээг өөрчилсөн тухай шийдвэр гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан “захиргааны акт гаргахдаа тухайн нөхцөл байдлыг судлах, шалгаж тогтоох, дүгнэлтийг үндэслэх гэх зэрэг шаардлагад нийцэхгүй төдийгүй, Уг хуулийн 27 дугаар зүйлд: Захиргааны акт гаргахдаа ямар үндэслэлээр өөрчлөх болсон тухайгаа, хэрхэн яаж тогтоосноо мэдэгдэж сонсгох ажиллагаа заавал хийгдсэн байхыг шаардахаар зохицуулсан байна.
Дээрх байдлаар аймгийн Нийгмийн даатгалын байцаагч нар шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн Хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчлэх бөгөөд түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “ хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчмуудыг баримтлаагүй ;
Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим, Захиргааны Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачлагаар, ... шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэсэн заалтыг зөрчиж өндөр настны тэтгэврийн хэмжээг тогтоож дэвтэр олгосон боловч тэтгэврийн хэмжээг өөрчилж, холбогдох банк руу шилжүүлсэн /захиргааны акт гаргасан/ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, “Өндөр насны тэтгэврийг анх тогтоосноор олгогдохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, сард олгох тэтгэврийг 1 348 456 төгрөгөөр тогтоосноор олгохыг хариуцагчид даалгах, ийнхүү шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 2019 оны эхний 4 сарын байдлаар 1 702 954 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг мөн Засгийн газар тогтоохоор өөрчлөн найруулсан хэдий ч үүнээс өмнө буюу 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлийн “6”-д “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоох”-оор хуульчилсан байх тул хариуцагч Д.Л-ийн цалин, хөдөлмөрийн хөлснөөс төлөгдсөн шимтгэлийн дүнгээс тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тооцсон нь хуулийн энэ зохицуулалтад нийцэж байна.
Д.Л нь 2014-2018 онуудад авч байсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохоор сонгосон ба Нийгмийн даатгалын хэлтэс нь түүний авсан хөдөлмөрийн хөлсийг 2015 оны 1-12, 2016 оны 01-12 дугаар сард 1500,0 төгрөгөөр, 2017оны 1-12 саруудад 13500,0, 2018 оны 1-12 дугаар саруудад 12000,0 төгрөгөөр тус тус тооцож программын “дундаж” цэсийг сонгоход даатгуулагчийн дундаж цалин автоматаар гарсан ба энэ сонголтоор Д.Л-ийн тэтгэвэр бодогдож 1 952 763 төгрөгийн цалин хөлснөөс 1 348 456 төгрөг тогтоогдсон, хяналтаар цалин хөлсний бүрдэлд зөрчил гарсан гэж тэтгэвэр авагчийн үндсэн ажлын цалин хөлсийг программд “ гараар” оруулснаар 1 324 177 төгрөгөөр тооцож сард 915 336 төгрөг болгож өөрчилсөн болох нь хариуцагч Н.Х-ийн шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг тодорхойлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоох, илүү ажилласан жил тутамд 1,5 хувиар нэмэгдүүлэх”-ээр, 22 дугаар зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн ... шимтгэлээс тооцож гаргах”-аар зохицуулсан байна.
Дээрхээс үзвэл өндөр насны тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнд ногдуулж төлсөн шимтгэлийн хэмжээнээс шууд хамааралтай байх тул нэхэмжлэгчээс “хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх орлогын дээд хэмжээтэй адилтган хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлан тогтоосон нь хууль бус” хэмээн тайлбарлан маргаж буй нь үндэслэлтэй байна. Тодруулбал, даатгуулагчийн авч буй цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс хамаарч тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ тодорхойлогдох бөгөөд даатгуулагч уг хэмжээгээр шимтгэл төлсөн бол дээрх цалин, хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй юм.
Хариуцагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: гэрч Д.Э, Я.Т нарыг оролцуулах хүсэлт ирүүлсэн боловч шүүх хуралдаанд тодруулахад оролцуулах талаар хүсэлт гаргаагүй, мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэрч нарыг оролцуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлах журмаар хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шинжлэн судласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 28 дугаар зүйлийн 1.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Өндөр насны тэтгэврийг анх тогтоосноор олгогдохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, сард олгох тэтгэврийг анх 1 348 456 төгрөгөөр тогтоосноор олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэст даалгаж, ийнхүү шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байгаа хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирол 2019 оны эхний 4 сарын байдлаар 1 702 954 төгрөгийг Хөвсгөл аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсээс гаргуулсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН