Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0022

 

 

 

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0022

              Улаанбаатар хот

УВАЗД-ыннэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

Давж заалдах гомдол гаргасан: УВАЗД

Нэхэмжлэгч: УВАЗД

    Хариуцагч: УВАТАГ-ын дарга, ТА М.Б, АХ С.Б нар

    Нэхэмжлэлийн шаардлага: “УВАТАГ-ын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/2/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах” тухай;

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 124/ШШ2022/0048 дугаартай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г,

Хариуцагч М.Б, С.Б нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 124/2022/0012/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч УВАЗД-аас УВАТАГ-ын дарга, тэргүүлэх аудитор М.Б, ахлах аудитор С.Б нарт холбогдуулан “УВАТАГ-ын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/2/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

  1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2, 14.2.3 дахь, 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч УВАЗД Ч.Ч-ийн УВАТАГ-ын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 01/24/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

  1. Нэхэмжлэгч УВАЗД Ч.Ч давж заалдах гомдолдоо:
    1. ... Тухайн актад тусгагдсан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2, 39.1.3 дахь хэсгүүд нь хэдийгээр 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ч дагаж мөрдөх хугацаа нь 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэхээр заасан байдаг. Өөрөөр хэлбэл дээрх зүйл заалтууд нь хэрэгжиж эхлэхээс өмнөх хугацааны баримтад санхүүгийн аудит хийсэн атлаа ирээдүйд хэрэгжиж эхэлсэн хуулиар төлбөр тавьж байгаа нь өөрөө зүйд нийцэхгүй байна гэж үзэж байна. Тухайн цаг үед хэрэгжиж байсан хуулийн хүрээнд бий болсон үйл явдалд ирээдүйд үйлчилж эхлэх хуулийн заалтыг удирдлага болгосон нь хууль бус байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй хуулийг хэрэглэсэн нь захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгад нөлөөлөхгүй, алдааг залруулах боломжтой” гэжээ. Энэ нь техникийн болон бичвэрийн алдаа биш бөгөөд алдааг залруулах, шинээр акт гаргах зэрэг төрийн Аудитын байгууллагаас залруулах байсныг шүүх бодитой авч үзсэнгүй.
    2. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 04 дүгээр тушаалаар Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд шилжүүлсэн 300.0 сая төгрөгийн үлдэгдлээс аймгийн Засаг даргын 2020 оны А/1001 дугаар захирамжаар 8.0 сая төгрөгийг зарцуулахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б-ын өөрийнх нь албаны даргын хувиар бүрдүүлэн өгсөн хүсэлт, холбогдох баримт бичгийг үндэслэн Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхийн дагуу шийдвэрлэсэн. 300.0 сая төгрөг зарцуулсан өмнөх аймгийн Засаг даргын шийдвэрүүдийн нэгэн адил гарсан шийдвэр байсан. Б.Б-т 8.0 сая төгрөгийн сургалтын зардлын дэмжлэг үзүүлсэн нь хуульд нийцэхгүй байгаа бол 300 сая төгрөгийн зарцуулалтад акт тавих ёстой гэж үзэж байна. Аудит хийхдээ хууль хэрэглээний хувьд, аудит нь олон улсын стандартад нийцсэн байх зарчмыг ноцтой гажуудууллаа.
    3. Уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дугаар зүйлийн 40.2.5-т “захиргааны актыг хүлээн үгчийн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэх хэсгийг хангаагүй байгаа нь тухайн актын хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.
    4. Тухайн үед Байгаль орчны газрын дарга Б.Б нь өөрөө бичгээр өргөдөл болон холбогдох материалаа ирүүлснийг үндэслэн 8,000,000 /найман сая/ төгрөгийг өгсөн байдаг. Аймгийн Засаг даргын зүгээс тухайн өргөдөл болон холбогдох материалын мөрөөр хянан шалгах үйл ажиллагаа явуулах эрхгүй бөгөөд энэ нь төрийн өөр байгууллагын чиг үүрэгт хамаардаг байтал шүүхээс үүнийг бодитой авч үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ зөрчсөн.
    5. Мөн Төрийн аудитын байгууллага нь 2021 оны санхүүгийн тайланд аудит хийхдээ тухайн төсвийн зарцуулалт нь төсвийн хуулийн хүрээнд байна уу гэдэгт хянан шалгалт хийх эрхтэй боловч санхүүгийн баримтад мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй байгууллага юм. Төрийн аудитын байгууллага нь холбогдох хуулийн хүрээнд өөрт олгогдсон эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ба зөрчлийн хэрэг болон эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрвэл холбогдох байгууллагад хандах ёстой атал өөрөө мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хуулийг ноцтой зөрчиж байх ба аймгийн Засаг даргын шийдвэрээр Засаг даргын Тамгын газарт эрх шилжүүлчихсэн байхад Засаг даргад акт тавьсныг шүүхээс үндэслэлтэй дүгнэсэнгүй. Эдгээр ноцтой зөрчил гаргасан байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна. Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 124/ШШ2022/0048 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу үнэлж,  хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаж байна.

2. Нэхэмжлэгч УВАЗД Ч.Ч-ээс УВАТАГ-ын дарга, тэргүүлэх аудитор, ахлах аудитор нарт холбогдуулан “УВАТАГ-ын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 01/2/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, УВАЗД 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” А/1001 дүгээр захирамжаар “Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдын чадавхыг сайжруулах арга хэмжээний зардалд 8 000 000 төгрөгийг зарцуулахыг зөвшөөрсөн байх бөгөөд уг захирамжийг үндэслэн тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын мөн өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” А/125 дугаар тушаалаар дээрх 8 000 000 төгрөгийн сургалтын дэмжлэг үзүүлж, харин дэмжлэг буюу сургалтын төлбөрийг аймгийн Засаг даргын эрх шилжүүлсэн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэжээ.

4. Энэхүү дэмжлэг буюу сургалтын төлбөрийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Б.Б-ын Хаан банкны дансанд шилжүүлсэн байна.

5. Гэтэл УВАТАГ-аас аймгийн ЗДТГ-ын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн санхүүгийн тайлангийн аудитын шалгалт хийхэд аймгийн Засаг даргын захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан гэх Б.Б-т суралцаагүй байхад нь түүнд сургалтын дэмжлэг олгож, төрд хохирол учруулсан зөрчил гаргасан болохыг илрүүлж, энэхүү зөрчилд акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тодруулбал,

6. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан гэх Б.Б нь Санхүү, эдийн засгийн их сургуульд суралцаагүй, суралцах хүсэл зориг байгаагүй, захирамжийн зорилго нь суралцахад дэмжлэг үзүүлэх биш харин “түүнтэй хамтран ажиллахгүй” гэх шалтгаанаар сургалтын дэмжлэг нэрээр төлбөрийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Санхүү, эдийн засгийн их сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5/115 албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, шүүхэд гэрчээр байцаагдсан Б.Б-ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

7. Дээрх байдлуудаас үзвэл, аймгийн Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх;”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэж,

Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх;”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах;” заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.

            8. Өөрөөр хэлбэл, төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд тус аймгийн батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, захиран зарцуулах, төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах эрх, үүргийг хэрэгжүүлж чадаагүй УВАЗД-д холбогдуулан “төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулж төрд хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр гарсан маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

10. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын тухайд: Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3 дахь заалтад нэмэлт, өөрчлөлт ороогүй, харин Төрийн албаны тухай хуулийн “39 дүгээр зүйлийн гарчигт, 39.1, 39.1.4...” зэрэг зүйлийн зохицуулалтад өөрчлөлт орсон байх тул нэхэмжлэгчийн “...Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3 дахь заалтыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан, ирээдүйд үйлчлэх хуулийг хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй.

           11. УВАЗД Ч.Ч-ийн УВАТАГ-ын 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 01/2/А2060410, УВА-2022/30/НА-СТА-ТШЗ дугаар актыг эс зөвшөөрч гаргасан гомдолд ҮАГ-ын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Гомдолд хариу өгөх тухай” 01/1104 дугаар албан бичгээр дээрх актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу өгсөн байх тул нэхэмжлэгчээс “...уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-т “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэх хэсгийг хангаагүй байгаа нь тухайн актын хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

           12. УВАЗД-ын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1001 дүгээр захирамжийн Захирамжлах хэсэгт Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасныг үндэслэсэн байх тул “... аймгийн Засаг даргын шийдвэрээр ЗДТГ-т эрх шилжүүлчихсэн байхад Засаг даргад акт тавьсныг шүүхээс үндэслэлтэй дүгнэсэнгүй” гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

           13. Учир нь төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг дарга төсөв зарцуулахтай холбогдсон эрхээ шилжүүлсэн ч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй хуулийн зохицуулалтай байна.

14. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

15. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангасан, Төсвийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 124/ШШ2022/0048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

                    ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

                    ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА