Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/249

 

 

 

 

 

 

 

 

2021            4           08                                       249

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ат холбогдох эрүүгийн 2105003690258 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, А.

 

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич Аппартмент” байрны 14 дүгээр давхрын 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч Г.Бын биед халдаж, зодож, түүний эрүүл мэндэд нь баруун гарын шууны богтос ясны далд хугарал, дух ясны гадна ялтасны цөмөрсөн хугарал, хамар яс, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын зөрөөгүй хугарал, хамар, зүүн хацар, зүүн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Б.А мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч Бын биед би гэмтэл учруулсан. Би хохирогчийг үйлчлэгчээр ажилд авсан. Г.Б 2017 оноос хойш манай байранд үйлчлэгчээр ажилласан. Ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ хийсэн. Тэр ажлаа хайнга хийж байсан. Сарын хугацаанд чөлөө авсан боловч 3 сар алга болсон. Тэгээд самарт яваад ирсэн гээд ирсэн боловч 10 хоног архи уугаад, олсон мөнгөө үрж дуусгасан. Тэр хугацаанд би Бын ажлыг хийдэг байсан ба тэр бухимдлаа түүнд гаргасан. Өмнө нь архи уулаа гээд нэг удаа ажлаас нь халж байсан. Эмчилгээний зардалд түүнд 1 300 000 төгрөг өгсөн. Хохирогч бид хоёр нэг нутгийн таньж мэддэг хүмүүс юм. Хохирогч одоо эдгэрсэн ба би сүүлд гэмтлийн эмнэлэг хамт явсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгааг ойлгож байгаа. Би сард 400 000 төгрөгийн цалин авдаг. Улсын яллагчийн санал болгосон 700 000  төгрөгөөр торгох ялыг сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Энэ торгуулийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Б мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр миний бие нь Баянгол дүүргийн 224 дүгээр хороо, Рич Аппартмент 14 давхар, 0 тоот гэртээ байж байгаад 11 цагийн орчим гарч байрны гадна талыг цэвэрлэсэн юм. Тэгээд зүс таних хоёр залуутай таараад 0.33 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад, салаад, би дахин 0.33 литрийн Хараа архи аваад гэр рүүгээ орсон. Гэртээ ороод архиа ганцаараа уугаад унтсан. 21 цагийн орчим сэрээд удаагүй байж байтал гаднаас манай Рич Аппартмент СӨХ-ийн дарга А орж ирээд “чи байрны дотор талын цэвэрлэгээ хийсэнгүй” гэж хэлээд уурлаад, хэрүүл үүссэн. Тэгэхээр нь би “чи юун сүртэй пизда вэ, наадхыг чинь шөнө хийчихнэ шүү дээ” гэж хэлэхэд А уурлаад миний толгойн дагз хэсэг рүү архины шилээр 2-3 удаа цохиод, тэр шил нь хагарсан. Шарах шүүгээн дээр байсан хайруулын таваг аваад нүүр рүү цохих гэхээр нь би баруун гараараа хамгаалахад гар маш их өвдөөд хөдлөхгүй байсан. Тэгээд А миний нүүр рүү хоёр гараараа ээлжлэн 4-5 удаа цохиход миний зүүн нүдний хөмсөг сэтэрч, хамраас цус их хэмжээгээр гарахаар нь би гэрээсээ зугтааж гараад нэг давхрын дэлгүүрийн залуу болох Маас тусламж хүсээд цагдаа дуудуулсан юм. Ингээд тэр оройноо гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд баруун гарын савхан яс хугарсан байсан бөгөөд хагалгаанд орсон. ..Миний бие одоо ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, А бид хоёр ах дүүс шиг нэг нэгэндээ тусалж явдаг хүмүүс юм. Тухайн үед хоёулаа архи уучихсан байсан болохоор үл ойлголцож маргалдсан.

Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Эмчилгээний зардалд 1 300 000 төгрөг авсан гэжээ. (хэргийн 12, 61 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.М мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21:55 цагийн үед дэлгүүрээ хаах гээд байж байтал тус байрны чардак буюу 14 давхарын техникийн өрөөнд амьдардаг Б ах гаднаас орж ирсэн бөгөөд хүнд зодуулчихлаа гээд нүүр нь маш их гэмтсэн байсан. Энэ үед миний 99073990 дугаар руу 88458494 дугаараас залгаад Бын эхнэр Эрдэнэсувд залгаад Б, Атай зодолдсон юм шиг байна гэхээр нь Б ах дэлгүүрт ороод ирчихсэн байна гэж хэлээд түргэн тусламж дуудсан. Б ах манай гэр рүү оръё гэхээр нь дагаад ороход Бын гэрт А сууж байхаар нь юу болж байгаа юм бэ гэхэд А би өөрөө дуудлага өгчихсөн байна, чи одоо яв, зайл гэсэн. Тэгээд чи яагаад хүн зодож байгаа юм бэ гэж хэрэлдэж байгаад цагдаад дуудлага өгсөн. Бын гэрийн шал хэсэг цус болсон, Бын нүүр хэсэг маш их гэмтэлтэй байсан гэжээ. (хэргийн 18-19 дүгээр хуудас)

 

2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич аппартмент нэртэй байрны 2 дугаар орцоор дотогш нэвтэрч 14 давхарт 0 тоот буюу ертөнцийн зүгээр хойд зүгт харсан саарал өнгийн гадна талдаа ямар нэгэн бичиглэлгүй хаалгатай байранд үзлэгийг эхлүүлэв. Уг хаалгаар дотогш нэвтрэхэд шалны хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, шалан дээр хувцас, зэрэг зүйлс унасан, эмх замбараагүй байдалтай, зодоон болсон гэх нөхцөл байдал тогтоогдож байв гэжээ. (хэргийн 6 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1482 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Бын биед баруун гарын шууны богтос ясны далд хугарал, дух ясны гадна ялтасны цөмөрсөн хугарал, хамар яс, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын зөрөөгүй хугарал, хамар, зүүн хацар, зүүн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.А урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич Аппартмент” байрны 14 дүгээр давхрын 0 тоотод “байрны цэвэрлэгээ хийсэнгүй” гэж, хохирогч Г.Бын биед халдаж, зодож, түүний эрүүл мэндэд нь баруун гарын шууны богтос ясны далд хугарал, дух ясны гадна ялтасны цөмөрсөн хугарал, хамар яс, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын зөрөөгүй хугарал, хамар, зүүн хацар, зүүн дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Б, гэрч Т.М нарын мэдүүлэг, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1482 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Г.Б нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 1 300 000 төгрөгийг авсан, ямар нэгэн гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Г.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.А нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Аыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Ат даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Г.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН