Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/250

 

 

 

 

 

 

 

 

    2021        4            08                                       250

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго, 

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч: Ө.Н, түүний өмгөөлөгч Н.Жамъян /0747/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нт холбогдох эрүүгийн 2103000000064 дугаар, 1 хавтас хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Н.

 

Шүүгдэгч Ө.Н нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 25 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монголын Үндэсний Их сургуулийн урд талын замд Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчин 1,15 хувийн согтолттой үедээ “Ниссан Тида” загварын, 54-34 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 8.9-д заасан “гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно, 8.18-д заасан “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “зогс-шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг) –ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрэл дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Н.Быг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

дээрх зам тээврийн осол хэргийг үйлдээд мөн дүрмийн 3.5. а, б, г-д заасан заалтуудыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ө.Н мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед би нөхөртэйгөө гэр бүлийн маргаантай байсан тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Тэр үед гэрэл дохио, явган зорчигчийг анзаарч хараагүй. Осол гаргачхаад зугтаая гэсэн бодол байгаагүй. Цаашаа гэрлэн дохио дөхөөд зогссон. Тэгээд зогсож байтал хажуугаас хүн ирээд, машин унтраасан. Би осол гарсан газар буюу гарцаас гэрлэн дохио хүртэл явсан. Намайг зогсоосон хүн цагдаад дуудлага хүн өгсөн. Түргэн тусламжийг хэн дуудсан талаар мэдээгүй. Одоо хохирогчийн биеийн байдал гайгүй гэсэн. Би 7 хоногийн өмнө ээжтэй нь утсаар ярьсан. Эмчилгээний төлбөрт 5 500 000 төгрөг төлсөн. Дахин согтуугаар автомашин жолоодохгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч- Н.Б мэдүүлэхдээ:

Би 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 11 цаг 30 минутын үед Гандангийн хойд талын Приус засварын газарт ирж ажлаа хийсэн. Орой 22 цагийн үед ажил тарж 22 цаг 30 минутын орчим ажлаасаа гараад гэртээ харих гээд Гандангийн хойд талын автобусны буудлын баруун талын явган хүний зохицуулдаг гарцаар урдаасаа хойшоо чиглэлд гэрэл дохио хүлээгээд зогсож байхад гэрэл дохио явган хүнийх нь ногоон болоод машинууд ирээд зогсохоор нь зорчих хэсэг рүү орж 3 дугаар эгнээнд явж байтал баруун талаас Н.Тийда маркийн автомашин гэрэл дохио зөрчиж орж ирээд, намайг мөргөж унагаад цаашаа чигээрээ давхиад явчихсан. Би газарт унагаад хөлөө хөдөлгөх гэсэн боловч хугарсан байсан. Би зам хөндлөн гарахдаа хамт гарч байсан 1 залуу надад түргэн тусламж дуудаж өгсөн. Мөн цагдаад дуудлага өгсөн байсан. Миний зүүн хөлийн шилбэ хугарсан, гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад хагалгаанд орж хадуулсан. Одоогоор гэрээрээ эм ууж, физик эмчилгээ хийлгэж байна гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- М.Н мэдүүлэхдээ:

Би 2021 оны 3 дугаар сарын 03-ны орой Эх нялхас орж хүүхдээ үзүүлээд гэртээ харих гээд нөхөр Бын хамт Т.Приус маркийн, 34-95 УНН улсын дугаартай автомашины хажуугийн суудалд суугаад Гандангийн хойд замаар баруунаас зүүн чиглэлд явж байсан. Манай машин Гандангийн хойд талын явган хүний гарц дээр ирэхэд улаан гэрэл асаад манай машин зогсоход урдаасаа хойшоо чиглэлд гарцаар хоёр хүн гарч явтал манай машины зүүн талаар Н.Тийда маркийн автомашин гэрэл дохио зөрчиж ороод нэг явган зорчигчийг баруун урд талаараа мөргөөд шууд яваад өгсөн. Би болон манай нөхөр машинаасаа буух гэтэл гэрэл солигдоод арын машин дууд дохио өгөхөөр нь нөгөө машины араас очиж, Тасганы овооны гэрэл дохио дээр уг машиныг гүйцэж очоод манай нөхөр машинаас бууж, гүйж очоод хаалгыг  нь онгойлгон, түлхүүрийг нь авсан байсан. Тэр машинд эмэгтэй жолооч ганцаараа явж байсан гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Л.Б мэдүүлэхдээ:

Би 2021 оны 3 дугаар сарын 03-ны орой Эх нялхас орж хүүхдээ үзүүлээд гэртээ харих гээд өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн, 34-95 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон, миний хажууд эхнэр Н Гандангийн хойд замаар баруунаас зүүн чиглэлд 2 дугаар эгнээнд явж байгаад Гандангийн хойд талын явган хүний гарц дээр ирэхэд улаан гэрэл асаад, би гэрэл дохио хүлээгээд зогсож байтал миний зүүн гар талаар буюу 3 дугаар эгнээгээр шаргал өнгийн Н.Тийда маркийн автомашин гэрэл дохио зөрчин явган хүний гарц руу орж, урдаасаа хойшоо чиглэлд явж байсан явган зорчигч эрэгтэйг мөргөж унагаад, зогсолгүй чигээрээ яваад өгсөн. Би буух гэснээ болиод нөгөө машины араас яваад Тасганы овооны уулзварт ирэх үеэр нь гүйцэж очоод хаалгыг нь онгойлгон машиныг нь унтраасан. Тухайн үед эмэгтэй жолооч ганцаараа явж байсан бөгөөд өөр хүн хамт байгаагүй. Машиныг нь унтраахад нөгөө эмэгтэй уучлаарай гээд уйлаад байсан. Би өөрийнхөө утсаар цагдаа, түргэн тусламж дуудсан. Тэр эмэгтэй хүн мөргөсөн гэдгээ мэдэж байсан. Явган зорчигчийг машиныхаа баруун урд хэсгээр, толь хэсгээрээ бас мөргөсөн гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- П.А мэдүүлэхдээ:

Би 2021 оны 3 дугаар сарын 03-ны орой 22 цаг 25 минутын үед Гандангийн хойд талын явган хүний гарц дээр урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарах гээд явган хүний гарц дээр ирэх үед явган хүний улаан гэрэлтэй байсан учир би зогсож хүлээж байгаад явган хүний ногоон гэрэл асахаар нь гарцаар зам хөндлөн гарч, зорчих хэсгийн 3 дугаар энгээ хүрч явтал баруун талаас шаргал өнгийн Н.Тийда маркийн автомашин улаан гэрлээр зогсолгүй давхиж орж ирээд миний урд баруун гар талд алхаж явсан хүүхдийг мөргөөд шууд давхиад явсан. Надаас нөгөө хүүхэд 1 алхмын урд явж байсан. Би нөгөө хүүхэд дээр очоод ахын дүү битгий хөдлөөрэй гэж хэлээд 103, 102-д өөрийн 90770909 дугаарын утсаар дуудлага өгсөн. Түргэн 5 минутын дотор ирсэн бөгөөд би нөгөө хүүхдийг насилька дээр тавьж, машинд нь оруулж өгсөн. Тэгээд байж байтал алаг машинтай цагдаа нар ирээд намайг байж байгаарай гэсэн учир бүрэлдэхүүн иртэл хүлээсэн. Яг осол гарах үед гэрэл дохио дээр гэрлээ хүлээгээд зогсож байсан 1 машины жолооч хүүхдийг мөргөсөн машины араас очоод Тасганы овооны уулзварт гэрэл дохио дээр очоод нөгөө машиныг хашиж зогсоосон байсан. Би хүүхдийг түргэн аваад явсны дараа мөргөсөн машин дээр очиход жолооч эмэгтэй ганцаараа байсан бөгөөд драгер үлээлгэхэд согтуу байсан гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Гандангийн хойд талын автобусны буудлын урд талд байрлах “Анар” төвийн ломбардын хяналтын камерын бичлэг эхлэхэд цаг агаар тогтуун 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 30 минут 54 секундийг зааж байна. Бичлэгийн цаг нь Улаанбаатарын цагаас 9 минутаар түрүүлж байна. Гандангийн хойд явган хүний зохицуулдаг гарцын баруун зүүн тийш чиглэл бүрэн харагдаж байна. Гэрлэн дохио харагдахгүй байна. Бичлэг эхлээд 22:33:32 цагт гар утсаар ярьсан нэг эрэгтэй хүн явган хүний гарцын урд талаас ирж, 22:33:44 цагт гарц дээр ирж зогсоход ертөнцийн зүгээр баруунаас явган хүн ирж утсаар ярьж байгаа хүний хажууд ирж зогсоод гэрэл дохио хүлээж байна. 22:34:04 цагт баруунаас ирж байсан автомашин хурдаа удаашруулж, зогс шугам дээр ирж зогсох үед зогсож байсан явган зорчигч нар урдаас хойшоо чиглэлд зорчих хэсэг рүү орж, явган хүний гарцаар явж байна. 22:34:09 цагт зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл зогсолгүйгээр түрүүнд явж байсан явган зорчигчийг шүргэж газарт унагаад зогсолгүйгээр цаашаа явахад явган зорчигч босож чадахгүй байх бөгөөд ард нь явсан хүн харилцаж байна гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1928 тоот дүгнэлтэд:

1. Н.Бын биед зүүн шаант, тахилзуур ясны зөрүүтэй далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 52 дугаар хуудас)

 

  Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаартай магадалгаанд:

1. Ниссан Тийда маркийн, 54-34 УАК улсын дугаартай автомашины жолооч Ө.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ”8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.”, “8.18. Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно.”, “3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;”, “б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;”, “г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;”, “3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар  нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. (хэргийн 69 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ө.Н эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 73 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ө.Н нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 25 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монголын Үндэсний Их сургуулийн урд талын замд Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчин 1,15 хувийн согтолттой үедээ “Ниссан Тида” загварын, 54-34 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа

мөн дүрмийн 8.9-д заасан “гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно, 8.18-д заасан “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “зогс-шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрэл дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч, хохирогч Н.Быг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шаант, тахилзуур ясны зөрүүтэй далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

дээрх зам тээврийн осол хэргийг үйлдээд мөн дүрмийн 3.5. а, б, г-д заасан заалтуудыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Н.Б, гэрч М.Н, Л.Б, П.А нарын мэдүүлэг, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1928 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 35 дугаар магадалгаа, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас Ө.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тул шүүгдэгчийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Н.Б нь өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой 5 500 000 төгрөгийг Ө.Нээс хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Ө.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялуудыг тусад нь эдлүүлэх эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Шүүх шүүгдэгч Ө.Нт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Ө.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, 873356 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Нийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

 Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр, 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр, 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ө.Н нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Ө.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ө.Нт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ө.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ө.Нт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Ө.Нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, 873356 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

12. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН