Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/251

 

 

 

 

 

 

 

 

2021            4           08                                       251

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч: З.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Аэд холбогдох эрүүгийн 2105000000494 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1959 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, А.

 

Шүүгдэгч З.А нь согтуугаар 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69-62 тоотод архины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар иргэн Д.Мийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд хаван, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- З.А мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Улсын яллагчийн санал болгосон 500 000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би сард 350 000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Энэ торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлнө. Би тэр өдөр архи уусан, согтсон байсан тул болсон хэргийн талаар сайн санахгүй байгаа гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.М мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 10-11 цагийн үед намайг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 69-62 тоот гэртээ ганцаараа байж байхад гаднаас А гэх манайхаар орж гардаг эрэгтэй орж ирээд намайг ямар нэгэн шалтгаангүйгээр зүүн нүд рүү гараараа цохисон. Яагаад намайг цохих болсон талаар мэдэхгүй. А намайг ямар нэгэн шалтгаангүйгээр цохисон. Тэр үед хамраас их хэмжээний цус гарсан. Нэг удаа цохисон. А надаас мөнгө нэхсэн асуудал байхгүй. А тухайн үед согтуу байсан.

 Гомдол саналгүй гэжээ. (хэргийн 14, 44 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.З мэдүүлэхдээ:

2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед аав Мийн гэрт очиход зүүн талын нүд нь хөхөрсөн, хөхрөлт нь баруун нүд рүүгээ орсон, нүүр нь хавдсан байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад А намайг түүнд мөнгө өгсөнгүй гээд зодсон гэж хэлсэн гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.О мэдүүлэхдээ:

Миний нөхөр З.А нь манай байранд байсан хөгшин болох Д.Мэд байнга тусалдаг, гэрийн ажилд нь тус нэмэр болж явдаг юм. Тэгээд өвгөн Мийн нүүр рүү нь манай нөхөр А нь санамсаргүй цохисон асуудал үүссэн байсан гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2491 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Мийн биед зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд хаван, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

З.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч З.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69-62 тоотод оршин суух хохирогч Д.Мийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд хаван, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.М, гэрч М.З, Ч.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2491 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас З.Аэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч З.А нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй, “гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, З.А нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг З.Аэд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч З.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Аэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН