| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2021/0187/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/216 |
| Огноо | 2021-03-31 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/216
2021 03 31 2021/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
улсын яллагч Д.Ундармаа,
шүүгдэгч П.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт П.Ад холбогдох эрүүгийн 2111 00026 0065 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо 01-25 тоотод оршин суух хаягтай,
Урьд нь: 2001 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,
2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 621 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 494 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийгүүлж байсан, Шарнууд овогт П.А, регистрийн дугаар ........................................................
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслээрээ халтуур хийж яваад Хайлаастаас нэг хүн авсан. Тэр хүнийг аваад 5 цаг гаруй хамт явсан бөгөөд тооцоо нь 50.000 төгрөг болсон. Надад энэ картнаас мөнгөө авчих гээд карт өгөхөөр нь би буцааж өгөхгүйгээр 700.000, 500.000 төгрөг авсан” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иргэн А.Гангэрэлээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-5х/,
Хохирогч А.Гангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би өөрөө тэр хүнд миний картнаас 50.000 төгрөг авчих гээд тухайн хүнд өөрийн карт болон нууц кодоо хэлээд өгсөн. Тэгтэл тэр хүн чи өөрөө авахгүй бол болохгүй байна гэж хэлэхээр нь би дахин хамт АТМ орох гээд явж байсан чинь тэр таксины жолооч гүйгээд машинаа хөдөлгөөд яваад өгсөн. Тэгээд би гар утсаа үзэхэд 50.000 төгрөг авсан байсан удалгүй 8-10 минутын дараа 800.000 төгрөгний зарлага гараад дахин удалгүй 12 орчим минутын дараа 700.000 төгрөгний зарлага гарсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор өөрийн картаа хаалгах гэсээр байгаад хугацаа алдсан ...” гэх мэдүүлэг /хх-9-10х/,
Шүүгдэгч П.Агээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...тэгээд бид хамт АТМ-рүү алхаад ирмэгц нь би түүнийг АТМ-ийн хажууд орчихоод картыг нь өгөлгүйгээр машин руугаа гүйгээд явсан. Араас дуудсан эсэхийг би мэдэхгүй байна, тэгээд би картыг нь аваад машиндаа суугаад хөдлөөд явсан бөгөөд картнаас нь Баянбүрдийн автобусны буудлын ойролцоо ирээд АТМ-ээс эхлээд 800.000 төгрөг авсан ба буцаж машиндаа суугаад 3, 4 дүгээр хорооллын ахуй үйлчилгээний төвийн АТМ дээр ирээд тэнд өнөөх картыг уншуулаад 700.000 төгрөгийг авсан. Ингээд би нийт 1.550.000 төгрөгийг авсан бөгөөд 50.000 төгрөг нь миний хөлс ба харин авах ёсгүй байсан мөнгө нь 1.5 сая төгрөг юм ... гэх мэдүүлэг /хх-24-25х/,
Гэрч Д.Гэрэлмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний хүү П.А нь айлын бага хүү бөгөөд дээрээ нэг ахтай. Ахыг нь П.Аззаяа гэдэг бөгөөд ах нь одоогоор хөдөө ажилладаг. Тэгээд Улаанбаатарт ажлаасаа ирж байхдаа өөрийн эхнэр Б.Оюун-Эрдэнэтэй зөвшилцөөд эхнэрийнхээ нэр дээр байдаг тээврийн хэрэгслийг дүүдээ бэлэглэж байсан. Бэлэглэх болсон шалтгаан нь аав ээждээ тусалж, ажилгүй байхаар халтуур хийж мөнгө олог хэмээн өгч байсан ...” гэх мэдүүлэг /хх-17х/,
Хохирогч А.Гангэрэлийн Хаан банкны дансны хуулга /хх-6х/,
Хаан банкны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 50/783 дугаартай албан бичгээр ирүүлсэн хяналтын камерын бичлэг болон АТМ-ээс дарсан гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-28-44х/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66х/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-81-95х, 97-115х/ зэргийг шинжлэн судлалаа.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч П.А нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд Хайлаастад таксинд явж байхдаа таксигаар үйлчлүүлсэн иргэн А.Гангэрэлийн Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч П.А нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд Хайлаастад таксинд явж байхдаа таксигаар үйлчлүүлсэн иргэн А.Гангэрэлийн Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн иргэн А.Гангэрэлээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-5х/,
хохирогч А.Гангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би өөрөө тэр хүнд миний картнаас 50.000 төгрөг авчих гээд тухайн хүнд өөрийн карт болон нууц кодоо хэлээд өгсөн. Тэгтэл тэр хүн чи өөрөө авахгүй бол болохгүй байна гэж хэлэхээр нь би дахин хамт АТМ орох гээд явж байсан чинь тэр таксины жолооч гүйгээд машинаа хөдөлгөөд яваад өгсөн. Тэгээд би гар утсаа үзэхэд 50.000 төгрөг авсан байсан удалгүй 8-10 минутын дараа 800.000 төгрөгний зарлага гараад дахин удалгүй 12 орчим минутын дараа 700.000 төгрөгний зарлага гарсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор өөрийн картаа хаалгах гэсээр байгаад хугацаа алдсан ...” гэх мэдүүлэг /хх-9-10х/,
шүүгдэгч П.Агээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...тэгээд бид хамт АТМ-рүү алхаад ирмэгц нь би түүнийг АТМ-ийн хажууд орчихоод картыг нь өгөлгүйгээр машин руугаа гүйгээд явсан. Араас дуудсан эсэхийг би мэдэхгүй байна, тэгээд би картыг нь аваад машиндаа суугаад хөдлөөд явсан бөгөөд картнаас нь Баянбүрдийн автобусны буудлын ойролцоо ирээд АТМ-ээс эхлээд 800.000 төгрөг авсан ба буцаж машиндаа суугаад 3, 4 дүгээр хорооллын ахуй үйлчилгээний төвийн АТМ дээр ирээд тэнд өнөөх картыг уншуулаад 700.000 төгрөгийг авсан. Ингээд би нийт 1.550.000 төгрөгийг авсан бөгөөд 50.000 төгрөг нь миний хөлс ба харин авах ёсгүй байсан мөнгө нь 1.5 сая төгрөг юм ... гэх мэдүүлэг /хх-24-25х/,
гэрч Д.Гэрэлмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний хүү П.А нь айлын бага хүү бөгөөд дээрээ нэг ахтай. Ахыг нь П.Аззаяа гэдэг бөгөөд ах нь одоогоор хөдөө ажилладаг. Тэгээд Улаанбаатарт ажлаасаа ирж байхдаа өөрийн эхнэр Б.Оюун-Эрдэнэтэй зөвшилцөөд эхнэрийнхээ нэр дээр байдаг тээврийн хэрэгслийг дүүдээ бэлэглэж байсан. Бэлэглэх болсон шалтгаан нь аав ээждээ тусалж, ажилгүй байхаар халтуур хийж мөнгө олог хэмээн өгч байсан ...” гэх мэдүүлэг /хх-17х/, Хохирогч А.Гангэрэлийн Хаан банкны дансны хуулга /хх-6х/, Хаан банкны 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 50/783 дугаартай албан бичгээр ирүүлсэн хяналтын камерын бичлэг болон АТМ-ээс дарсан гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-28-44х/, Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-81-95х, 97-115х/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэдэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч П.Агийн үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч П.Агийн үйлдэл нь идэвхитэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч П.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.А нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Шүүгдэгч П.А нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлын 1.500.000 төгрөгийг хохирогч А.Гангэрэлд төлж барагдуулсан болох нь мөнгөн шилжүүлгийн баримт /хх-120х/-аар нотлогдож байх тул шүүгдэгч П.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт П.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Ад мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН