Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/208  

 

2021          03        30                 2021/ШЦТ/208                 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч П.Итгэл /томилолтоор/,

Шүүгдэгч Т.Г, Л.С тэдгээрийн өмгөөлөгч Я.Баярсайхан, Ю.Тогмид, Б.Энхтүвшин,

Хохирогч Ц.Буянхишиг, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ологнууд овогт Т.Г, Ологнууд овогт Лхагвасүрэнгийн Сэлэнгэ нарт холбогдох эрүүгийн 1911017780994 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч Ологнууд овогт Т.Г, Монгол Улсын иргэн, 1957 оны 05 дугаар сарын 23ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 17 дугаар гудамж 365 тоотод оршин суух,

  Урьд: Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн гэх, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..................................

 2. Шүүгдэгч Ологнууд овогт Л.С, Монгол Улсын иргэн, 1962 оны 03 дугаар сарын 29ий өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 17 дугаар гудамж 365 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...........................................

 Шүүгдэгч Т.Г, Л.С нар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь бүлэглэн Ц.Буянхишигийг “Т.Г нь Шилэн зам компанийн захирал, замын ажлын тендер авсан, удахгүй мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өсгөж өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, хуурч 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-409 тоотод нийт 106.000.000 төгрөг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Гөөс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “... эхнэр бид хоёр Буянхишигт “би Шилэн зам гэдэг ХХК-ний захирал ажилтай. Замын ажлын тендер авсан, мөнгө нь орж ирэхгүй байна, одоогоор мөнгө их хэрэг болж байна” гэж хэлсэн ...Би Буянхишигээс 66 сая төгрөгөөр 1 удаа, 20 сая төгрөгөөр 2 удаа нийт 106 сая төгрөгийг 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд “замын тендер орж ирэхээр мөнгийг нь өсгөж өгнө” гэж хэлээд авсан ..., ...Ц.Буянхишигээс мөнгө авах гэж байгаа талаар Ц.Баяр-Эрдэнэ гэдэг хүнд хэлээгүй, мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Би С.Түмээ гэдэг хүнд 2015 оноос 2019 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд хүмүүсээс 68 сая төгрөг, өөрөөсөө 39 сая төгрөг, нийт 107 сая төгрөг өгсөн. Надад мөнгө өгсөн хүмүүс намайг цагдаад өгнө гээд байсан болохоор Буянхишигээс 68.000.000 төгрөг аваад мөнгө авсан хүмүүст өгсөн. Түүнээс биш Ц.Буянхишигээс авсан мөнгийг Түмээд өгсөн зүйл байхгүй ... Түмээ надаас авсан мөнгөө буцааж өгөөгүй, үүнээс болж би Буянхишигээс мөнгө авсан ...” гэх мэдүүлэг /1хх-113-114х, 2хх-45-46х/,

Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:106.000.000 төгрөг бол үндэслэлгүй. Учир нь цагдаа дээр хохирогч Буянхишиг эхэлж байцаагдаж гарч ирээд за хөгшөөн, хөгшин чинь 66-аар 1, 1, 20-оор 1, 20-оор 1 гээд 3-н удаа өгсөн гэж хэлсэн шүү. Та хоёр бас яг ингэж хэлээрэй. Би та хоёрыг цааш нь шоронд оруулахгүй асуудлыг би өөрөө шийдье” гэж хэлэхээр нь бид хоёр дараа нь ороод бид хоёрыг Буянхишиг тэтгэсэн, бид хоёр Буянхишигт итгэсэн журмаараа хэл гэснийг нь хэлчихсэн. Энэ нь бид хоёрын анхны алдаа болсон. Тухайн 106.000.000 төгрөг хэний дансанд, хаана байсан талаар нарийн шалгуулах хүсэлтэй байна. Анх үүссэн шалтгаан нь 25.000 доллар дансанд нь байсан. Түүнийг бид хоёр 8.000.000 төгрөг авах гэж барьцаанд тавьж анх энэ хэрэг үүссэн. Зээлээ эргүүлээд 20-иод хоногийн дотор төлсөн. Дараа нь дахиад 8.000.000 төгрөг аваад төлөх хугацаа нь болох үед Капитал банк дампуурсан. Тухайн үед мөнгөө хаана хадгалсныг би мэдэхгүй байна. Гэхдээ 66.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, 20.000.000 гэж авсан хэмээж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Хамгийн дээд тал нь 10.500.000 төгрөг 1 удаа дансаар шилжүүлж авсан. Бусад нь дандаа бэлэн болон дансаар мөнгө авсан. 106.000.000 төгрөгийн задаргааг гаргах хэрэгтэй. Би энэ мөнгийг аваагүй гээд өргөдөл гаргаж Түмээ гэх хүн энэ мөнгийг авсан болох талаар хэлэхэд авч хэлэлцээгүй. Үндсэндээ 81.000.000 төгрөгийн асуудал гарсан бөгөөд үүнээс 15.000.000 төгрөгийг өгчихсөн. Үлдсэн 50.800.000 төгрөгийг Түмээ өгнө гээд хохирогч Буянхишиг, Түмээ, Л.С бид дөрөв нотариатаар орж албан ёсоор батлуулсан. Би хүүгийнхээ хашаа байшинг өгөх гээд явж байгаа. Өртэй нь авчих гэхээр авахгүй гээд байгаа. Би өгье гээд байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцаалгах хүсэлтэй байна” гэв.

Шүүгдэгч Л.Сэс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн:” ...Буянхишиг манай гэрээр орж гарч байгаад Шилэн зам ХХК-ний бичиг баримтыг үзчихээд “Сэлэнгийн замын ажил хийх гэж байгаа юм уу” гээд асуугаад байсан. Тэгээд түүний дараахан надад өөрийнхөө гар утаснаасаа өөрийн 2 дансанд байгаа мөнгөө харуулаад “ажил эхлэхдээ надад байгаа авч хэрэглэчихээд ажил бүтэхээрээ надад 25 сая төгрөгөөр өсгөөд өгөөч” гэж байсан. Тухайн үед би нөхөр Гантөмөрт хэлээд ажлаа харж байгаад болъё гэж ярьж байгаад Буянхишигийн мөнгийг авахаар болсон. Тэгээд Буянхишигийн гэрт очиж уулзахад Буянхишиг данснаасаа мөнгөө аваад бэлэн болгоод бэлдсэн байсан. Тэгээд Гантөмөр бид хоёрт 66 сая төгрөгийг өгсөн. Түүний дараа хэд хоногийн дараа 40 сая төгрөг өгсөн. Буянхишигээс нийтдээ 106 сая төгрөг авсан ..., ...мөнгө авсан хүмүүс мөнгөө нэхээд байсан болохоор манай нөхөр Буянхишигээс 68.000.000 төгрөг бэлэн аваад мөнгө авсан хүмүүстээ өгсөн. Тиймээс Буянхишигээс авсан мөнгийг Түмээд өгөөгүй ...” гэх мэдүүлэг /1хх-115-116х, 2хх-47-49х/,

Шүүгдэгч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай нөхрийн ярьж байгаа үнэн. СиДи бичлэгт Буянхишигийн яасан нь тодорхой байгаа. Буянхишигт 60.000.000 төгрөг банкнаас авсан гэх баталгаа байхгүй. Бид хоёр Буянхишигийг өрөвдөөд 66.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, 20.000.000 төгрөгөөр авсан гэж мэдүүлсэн боловч бид хоёр тийм их мөнгө аваагүй. 10.500.000 төгрөгийг дансаар авсан нь үнэн. Буянхишиг өөрөө охиндоо 8.000.000 төгрөгөөр машин аваад өгчихсөн. Тэр болгоныгоо хохирогч нь бид хоёрт ярьдаг байсан. Түмээ гэдэг хүн энэ хэрэгт хамаатай. Би үнэн зөвөөр шалгуулмаар байна. Хөгширсөн хойноо ийм их өрөнд орчихлоо. Буянхишиг 40 орчим сая төгрөгөөр өөрөө зөндөө юм авсан. Түүнийгээ хүлээсэн бичлэг нь байгаа боловч Цагдаагийн байгууллагад өгөхөөр хэрэгт хамааралгүй гээд шалгадаггүй” гэв.

Хохирогч Ц.Буянхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хоёр дээхэн үеэс хүүдээ машин авч өгөхдөө 20.000.000 төгрөг надаас авсан. Хүүдээ япон машин авч өгсөн гэдгээ ярихгүй байна. Надаас мөнгө авсан байж яагаад одоо аваагүй гээд байгааг ойлгохгүй байна. Анх Т.Г би “Шилэн зам” компанийн захирал бөгөөд надад хөрөнгө оруулалт хийвэл мөнгийг чинь өсгөөд өгнө, 106.000.000 төгрөгөөс гадна 25.000.000 төгрөг чамд найзын хувиар шагнал болгож өгнө гэж намайг ятгасаар байгаад мөнгө авчихаад одоо худал мэдүүлэг өгч намайг гүтгээд байна. Би мөнгөө авмаар байна” гэв.

Хохирогч Ц.Буянхишигээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний өөрийн төрсөн охин Даваасүрэнгийн Мөнхзул нь 2009 оноос хойш Швед улсад амьдарч байгаа. Тэндээ ажил хийгээд олсон мөнгөө над руу явуулдаг байсан ба тэр мөнгөө миний нэр дээр Хадгаламж нээлгэж Капитал банкинд хадгалуулж байсан юм. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын эхээр Капитал банк дампуурах гэж байна гэж сонсоод охины хадгалуулж байсан бүх мөнгийг бэлэн авсан юм. Тухайн үед би өөрийн найз болох Гантөмөр, Сэлэнгэ гэх хүмүүстэй уулзаад юм яриад сууж байхдаа миний охин Шведэд байдаг юм. Шведээс над руу мөнгө явуулаад тэрийг нь би банкинд хийж хадгалж байгаа юм гэж хэлсэн. Капитал банк дампуурах гээд мөнгийг нь аваад хадгалж байгаа талаараа ярихад Сэлэнгэ нь “манай нөхөр замын компанитай, “Шилэн зам” гэдэг нэртэй компаний захирал байгаа юм” гэхэд нь Гантөмөр нь “тиймээ би захирал нь мөн. Манай компани нь замын ажил хийдэг. Удахгүй Дархан Сэлэнгийн чиглэлд замын ажил хийх гэж байгаа. Замын ажил бол өндөр үнэлгээтэй, ашиг ихтэй ажил гэж хэлсэн. Ажлыг нь авчихсан бөгөөд тэр ажлыг хийхээр их хэмжээний ашиг олно. Мөнгө удахгүй орж ирэх гэж байгаа. Манай компанид одоо ажил эхэлтэл мөнгөний хэрэгцээ байна” гэж хэлэхээр нь би “яг найдвартай юм уу” гэж асуусан. Тэгэхэд Гантөмөр “найдвартай, чи айх юм байхгүй, мөнгийг чинь өсгөөд 25 сая төгрөг нэмж өгнө” гэж хэлэхээр нь би “тэгвэл танай компанид би хөрөнгө оруулъя” гэж хэлээд 66 сая төгрөгийг Гантөмөр, Сэлэнгэ нарт өөрийн гэрт буюу Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-409 тоотод бэлнээр нь өгсөн юм. Тэр үед надад “бид нар юу гэж найзыгаа хулхитахав дээ” гэж хэлэхээр нь би итгэсэн. Энэ мөнгийг өгөхдөө ямар нэгэн гарын үсэг бичиг баримт үйлдээгүй ... үүнээс хойш 2 удаа тус бүр 20 сая төгрөгийг надаас авч хөрөнгө оруулалт хийж байгаа шүү гэж хэлсэн. Ингэж 3 удаа мөнгө авахдаа гурвууланд  нь Сэлэнгээ, Гантөмөр нар хоёулаа хамт ирж мөнгө авсан. Сэлэнгээ, Гантөмөр нар хоёулаа адилхан зүйл яриад байсан болохоор итгэсэн юм. Хэрвээ Сэлэнгээ надад ингэж нөхрийгөө “Шилэн зам” гэдэг компаний захирлаар ажилладаг, Сэлэнгэ аймагт замын ажлын тендер авсан, удахгүй ажил эхлэнэ тэгэхээр хөрөнгө оруулсан мөнгөн дээр чинь 25 сая төгрөг нэмж өгнө гэж худлаа яриагүй байсан бол итгэж мөнгө өгөхгүй байсан ..., ...Т.Г, Л.С нар нь надаас 106.000.000 төгрөгийг залилж авсан бөгөөд энэ мөнгийг бэлнээр авсан юм. Тэр мөнгөнөөс би 1 ч төгрөг өөртөө авч хэрэглээгүй. Намайг мөнгө авсан мэтээр зохиож яриад байгаа юм. Харин энэ хэрэг шалгагдаж байх үед цувуулж 15.000.000 орчим төгрөг авсан ...би үлдсэн хохирол болох 91.000.000 төгрөгөө энэ хоёр хүнээс нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /1хх-48-54х, 230-231х, 2хх-39х, 210-211х/,

Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч Мөнхзул нь 10 жил гаруй хугацаанд харийн нутагт хүнд ажил нөхрийн хамт хийж байсан. Монгол улсад ирээд хадгалж байсан 106.000.000 төгрөгөөрөө байр авах гэж ирээд ээжээсээ авах гэтэл ээж нь буюу Ц.Буянхишигт мөнгө байгаагүй. Учир нь 2 найз нь буюу шүүгдэгч нар “106.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл мөнгийг чинь өсгөөд өгнө” хэмээж Ц.Буянхишигээс мөнгийг нь авчихсан байсан. Хэдэн удаагийн үйлдлээр тухайн мөнгийг яаж өгсөн нь тодорхойгүй байгаад байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Швед улсад 10 жилийн өмнөөс ажиллаж амьдарсан. Энэ хугацаандаа тэндээ хүнтэй гэр бүл болж дундаасаа нэг хүүхэдтэй болсон. 10 жилийн хугацаанд төрөл бүрийн ажил хийж, олсон мөнгөө цуглуулж эхэлсэн юм. Тэгээд 2012 оноос эхлэн мөнгөө цуглуулж байгаад өөрийн ээж Буянхишигийн нэр дээр 2 данс нээлгэж мөнгөө Монгол руу шилжүүлж доллар болон төгрөгийн данс руугаа мөнгөө хийж эхэлсэн юм. Би 2019 оны 06 дугаар сарын 8-ны өдөр амралтаараа Монгол улсад ирсэн, тэгээд өнөөдөр өглөө ээжийн хамтаар банк руу очиж мөнгө авах гээд ээжийн гэрээс гараад явж байхад гудамжинд мөнгийг авсан Гантөмөр, Сэлэнгэ нар зам дээр манай ээж бид хоёрыг тосоод зогсож байсан. Харин тэр хүмүүс надтай янз бүрийн зүйл ярих гэж оролдсон. Харин би түүнийг нь сонсоогүй, тэгээд ээжтэй банк орох гэсэн чинь манай ээж мөнгийг чинь өсгөх гээд энэ хүмүүст хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлсэн юм. Гантөмөр болон Сэлэнгэ гэх хүмүүс 10 цаг 30 минутанд мөнгө чинь бэлэн болно гэж хэлсэн. Мөнгө орж ирээгүй, ингэж худлаа цаг хойшлуулж 15-16 цаг болсон юм. Тэгээд энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар цагдаагийн байгууллага дээр ирсэн. Харин би гудамжинд ээжтэйгээ энэ асуудлын талаар маргалдаж байх зуур уг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн алга болчихсон. Тэгээд ээж залгаад ярихад мөнгийг чинь олох гээд явж байна, хүүхдүүдийн чинь дэргэд уулзмааргүй байна, хүүхдүүд чинь байхгүй бол хүрээд ир гэж хэлээд бид нууцаар ээжийг дагуулан тухайн эрэгтэй, эмэгтэй 2-ыг хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчмоос олж авсан юм. Тэгээд тухайн хүмүүсийг тус цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Би өөрийнхөө ажил хийж олсон мөнгөө ээж Ц.Буянхишиг рүү явуулдаг байсан бөгөөд уг мөнгө нь миний өөрийн мөнгө байгаа юм. Харин манай ээж Буянхишиг миний мөнгийг өөрийн гар дээр бэлэн хадгалж байгаад Гантөмөр, Сэлэнгэ гэх хүмүүст хууртагдан залилуулж 106 сая төгрөг өгч алдсан. Би өөрөө мөнгөний эзэн учраас мөнгөө нэхэмжилж энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм ...Би маргааш буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Швед улс руу явах гэж байгаа. Иймээс миний өмнөөс намайг төлөөлж өмгөөлөгч Өлзийбаатар овогтой Болормаа гэдэг хүн төлөөлөх болсон талаар хэлмээр байна ...” гэх мэдүүлэг /1хх-59-63х/,

Гэрч Д.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай дүү Мөнхзул 2009 оноос Швед улсад амьдарч байгаа тэгээд ээжид мөнгөө өгч хадгалуулж байсан юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сард манай Мөнхзул ирээд мөнгөө ээжээс авч байр авах гэхэд ээж хүнд өгсөн гэж хэлсэн. Ээжээс юу болсон талаар асуухад Гантөмөр, Сэлэнгэ нар ээжийг залилан 106 сая төгрөг авсан байсан. Бид Гантөмөр, Сэлэнгэ нарыг цагдаагийн байгууллага дээр ирэхэд Сэлэнгэ надад “танай ээжээс бэлэн 106 сая төгрөг авсан. Удахгүй өгнө ажил одоо бүтэж байгаа, ээжтэй чинь найзууд, нэмж 25 сая төгрөг өгнө” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /2хх-40-41х/,

Гэрч С.Түмээгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Сэлэнгэ, Гантөмөр гэх хүмүүсийг 2015 онд байхаа, манай найз Данзан гэх хүн энэ хоёр хүнийг танилцуулж байсан юм. Тухайн үед би авто замын бодлого төлөвлөлтийн ассоциаци гэх байгууллагад гэрээний мэргэжилтэн, хуулийн зөвлөхөөр ажилладаг байсан. Тэгэхэд манай найз Гантөмөр Сэлэнгэ гэх эхнэр нөхөр хоёрыг дагуулж ирээд надтай танилцуулаад түүнээс хойш энэ хоёр хүнтэй холбоотой байгаа. Түүнээс биш би энэ хоёр хүнийг Буянхишиг гэх хүнээс мөнгө залилсан талаар нь мэдэхгүй. Би Сэлэнгээ, Гантөмөр нараас 2015-2016 оны хооронд хамтарч замын ажил хийгээд ашгаа хувааж авна гэж тохироод ажил хөөцөлдөж эхэлсэн. Ингээд үйл ажиллагаанд хэрэглэгдэх мөнгө гээд Сэлэнгээ, Гантөмөр нараас мөнгө авч байсан. Гэхдээ яг хэдэн төгрөг авснаа хэлж мэдэхгүй байна. Данс тооцоогоо тулгаж байгаад мөнгөн дүнгээ гаргана. Би энэ хүмүүсээс авсан мөнгөө тэр үед хөөцөлдөж байсан ажилдаа зарцуулсан боловч тухайн үед хөөцөлдөж байсан ажил маань бүтээгүй юм. Би Сэлэнгэ, Гантөмөр нарын хаана ямар ажил албан тушаал эрхэлдгийг мэдэхгүй. Анх надтай танилцахдаа 100 айлд сантехникийн бараа зардаг гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-236-237х/,      

Шилэн зам ХХК-тай холбоотой хуулийн этгээдийн болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг холбогдох бусад баримтууд /1хх-18-39х/,

Ц.Буянхишигийн валютын болон төгрөгийн дансны хуулга /1хх-15-16х/,

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаанууд /1хх-41-42х/,

Зам тээврийн хөгжлийн яамны 05/432 дугаартай албан бичиг /2хх-36х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-184-185х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-187-188х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Т.Г, Л.С нар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь бүлэглэн Ц.Буянхишигийг “Т.Г нь Шилэн зам компанийн захирал, замын ажлын тендер авсан, удахгүй мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өсгөж өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, хуурч 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-409 тоотод нийт 106.000.000 төгрөг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Т.Гөөс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “... эхнэр бид хоёр Буянхишигт “би Шилэн зам гэдэг ХХК-ний захирал ажилтай. Замын ажлын тендер авсан, мөнгө нь орж ирэхгүй байна, одоогоор мөнгө их хэрэг болж байна” гэж хэлсэн ...Би Буянхишигээс 66 сая төгрөгөөр 1 удаа, 20 сая төгрөгөөр 2 удаа нийт 106 сая төгрөгийг 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд “замын тендер орж ирэхээр мөнгийг нь өсгөж өгнө” гэж хэлээд авсан ..., ...Ц.Буянхишигээс мөнгө авах гэж байгаа талаар Ц.Баяр-Эрдэнэ гэдэг хүнд хэлээгүй, мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Би С.Түмээ гэдэг хүнд 2015 оноос 2019 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд хүмүүсээс 68 сая төгрөг, өөрөөсөө 39 сая төгрөг, нийт 107 сая төгрөг өгсөн. Надад мөнгө өгсөн хүмүүс намайг цагдаад өгнө гээд байсан болохоор Буянхишигээс 68.000.000 төгрөг аваад мөнгө авсан хүмүүст өгсөн. Түүнээс биш Ц.Буянхишигээс авсан мөнгийг Түмээд өгсөн зүйл байхгүй ... Түмээ надаас авсан мөнгөө буцааж өгөөгүй, үүнээс болж би Буянхишигээс мөнгө авсан ...” гэх мэдүүлэг /1хх-113-114х, 2хх-45-46х/,

шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:106.000.000 төгрөг бол үндэслэлгүй. Учир нь цагдаа дээр хохирогч Буянхишиг эхэлж байцаагдаж гарч ирээд за хөгшөөн, хөгшин чинь 66-аар 1, 1, 20-оор 1, 20-оор 1 гээд 3-н удаа өгсөн гэж хэлсэн шүү. Та хоёр бас яг ингэж хэлээрэй. Би та хоёрыг цааш нь шоронд оруулахгүй асуудлыг би өөрөө шийдье” гэж хэлэхээр нь бид хоёр дараа нь ороод бид хоёрыг Буянхишиг тэтгэсэн, бид хоёр Буянхишигт итгэсэн журмаараа хэл гэснийг нь хэлчихсэн. Энэ нь бид хоёрын анхны алдаа болсон. Тухайн 106.000.000 төгрөг хэний дансанд, хаана байсан талаар нарийн шалгуулах хүсэлтэй байна. Анх үүссэн шалтгаан нь 25.000 доллар дансанд нь байсан. Түүнийг бид хоёр 8.000.000 төгрөг авах гэж барьцаанд тавьж анх энэ хэрэг үүссэн. Зээлээ эргүүлээд 20-иод хоногийн дотор төлсөн. Дараа нь дахиад 8.000.000 төгрөг аваад төлөх хугацаа нь болох үед Капитал банк дампуурсан. Тухайн үед мөнгөө хаана хадгалсныг би мэдэхгүй байна. Гэхдээ 66.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, 20.000.000 гэж авсан хэмээж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Хамгийн дээд тал нь 10.500.000 төгрөг 1 удаа дансаар шилжүүлж авсан. Бусад нь дандаа бэлэн болон дансаар мөнгө авсан. 106.000.000 төгрөгийн задаргааг гаргах хэрэгтэй. Би энэ мөнгийг аваагүй гээд өргөдөл гаргаж Түмээ гэх хүн энэ мөнгийг авсан болох талаар хэлэхэд авч хэлэлцээгүй. Үндсэндээ 81.000.000 төгрөгийн асуудал гарсан бөгөөд үүнээс 15.000.000 төгрөгийг өгчихсөн. Үлдсэн 50.800.000 төгрөгийг Түмээ өгнө гээд хохирогч Буянхишиг, Түмээ, Л.С бид дөрөв нотариатаар орж албан ёсоор батлуулсан. Би хүүгийнхээ хашаа байшинг өгөх гээд явж байгаа. Өртэй нь авчих гэхээр авахгүй гээд байгаа. Би өгье гээд байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцаалгах хүсэлтэй байна” гэв.

шүүгдэгч Л.Сэс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн:” ...Буянхишиг манай гэрээр орж гарч байгаад Шилэн зам ХХК-ний бичиг баримтыг үзчихээд “Сэлэнгийн замын ажил хийх гэж байгаа юм уу” гээд асуугаад байсан. Тэгээд түүний дараахан надад өөрийнхөө гар утаснаасаа өөрийн 2 дансанд байгаа мөнгөө харуулаад “ажил эхлэхдээ надад байгаа авч хэрэглэчихээд ажил бүтэхээрээ надад 25 сая төгрөгөөр өсгөөд өгөөч” гэж байсан. Тухайн үед би нөхөр Гантөмөрт хэлээд ажлаа харж байгаад болъё гэж ярьж байгаад Буянхишигийн мөнгийг авахаар болсон. Тэгээд Буянхишигийн гэрт очиж уулзахад Буянхишиг данснаасаа мөнгөө аваад бэлэн болгоод бэлдсэн байсан. Тэгээд Гантөмөр бид хоёрт 66 сая төгрөгийг өгсөн. Түүний дараа хэд хоногийн дараа 40 сая төгрөг өгсөн. Буянхишигээс нийтдээ 106 сая төгрөг авсан ..., ...мөнгө авсан хүмүүс мөнгөө нэхээд байсан болохоор манай нөхөр Буянхишигээс 68.000.000 төгрөг бэлэн аваад мөнгө авсан хүмүүстээ өгсөн. Тиймээс Буянхишигээс авсан мөнгийг Түмээд өгөөгүй ...” гэх мэдүүлэг /1хх-115-116х, 2хх-47-49х/,

шүүгдэгч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай нөхрийн ярьж байгаа үнэн. СиДи бичлэгт Буянхишигийн яасан нь тодорхой байгаа. Буянхишигт 60.000.000 төгрөг банкнаас авсан гэх баталгаа байхгүй. Бид хоёр Буянхишигийг өрөвдөөд 66.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, 20.000.000 төгрөгөөр авсан гэж мэдүүлсэн боловч бид хоёр тийм их мөнгө аваагүй. 10.500.000 төгрөгийг дансаар авсан нь үнэн. Буянхишиг өөрөө охиндоо 8.000.000 төгрөгөөр машин аваад өгчихсөн. Тэр болгоныгоо хохирогч нь бид хоёрт ярьдаг байсан. Түмээ гэдэг хүн энэ хэрэгт хамаатай. Би үнэн зөвөөр шалгуулмаар байна. Хөгширсөн хойноо ийм их өрөнд орчихлоо. Буянхишиг 40 орчим сая төгрөгөөр өөрөө зөндөө юм авсан. Түүнийгээ хүлээсэн бичлэг нь байгаа боловч Цагдаагийн байгууллагад өгөхөөр хэрэгт хамааралгүй гээд шалгадаггүй” гэв.

хохирогч Ц.Буянхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хоёр дээхэн үеэс хүүдээ машин авч өгөхдөө 20.000.000 төгрөг надаас авсан. Хүүдээ япон машин авч өгсөн гэдгээ ярихгүй байна. Надаас мөнгө авсан байж яагаад одоо аваагүй гээд байгааг ойлгохгүй байна. Анх Т.Г би “Шилэн зам” компанийн захирал бөгөөд надад хөрөнгө оруулалт хийвэл мөнгийг чинь өсгөөд өгнө, 106.000.000 төгрөгөөс гадна 25.000.000 төгрөг чамд найзын хувиар шагнал болгож өгнө гэж намайг ятгасаар байгаад мөнгө авчихаад одоо худал мэдүүлэг өгч намайг гүтгээд байна. Би мөнгөө авмаар байна” гэв.

хохирогч Ц.Буянхишигээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний өөрийн төрсөн охин Даваасүрэнгийн Мөнхзул нь 2009 оноос хойш Швед улсад амьдарч байгаа. Тэндээ ажил хийгээд олсон мөнгөө над руу явуулдаг байсан ба тэр мөнгөө миний нэр дээр Хадгаламж нээлгэж Капитал банкинд хадгалуулж байсан юм. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын эхээр Капитал банк дампуурах гэж байна гэж сонсоод охины хадгалуулж байсан бүх мөнгийг бэлэн авсан юм. Тухайн үед би өөрийн найз болох Гантөмөр, Сэлэнгэ гэх хүмүүстэй уулзаад юм яриад сууж байхдаа миний охин Шведэд байдаг юм. Шведээс над руу мөнгө явуулаад тэрийг нь би банкинд хийж хадгалж байгаа юм гэж хэлсэн. Капитал банк дампуурах гээд мөнгийг нь аваад хадгалж байгаа талаараа ярихад Сэлэнгэ нь “манай нөхөр замын компанитай, “Шилэн зам” гэдэг нэртэй компаний захирал байгаа юм” гэхэд нь Гантөмөр нь “тиймээ би захирал нь мөн. Манай компани нь замын ажил хийдэг. Удахгүй Дархан Сэлэнгийн чиглэлд замын ажил хийх гэж байгаа. Замын ажил бол өндөр үнэлгээтэй, ашиг ихтэй ажил гэж хэлсэн. Ажлыг нь авчихсан бөгөөд тэр ажлыг хийхээр их хэмжээний ашиг олно. Мөнгө удахгүй орж ирэх гэж байгаа. Манай компанид одоо ажил эхэлтэл мөнгөний хэрэгцээ байна” гэж хэлэхээр нь би “яг найдвартай юм уу” гэж асуусан. Тэгэхэд Гантөмөр “найдвартай, чи айх юм байхгүй, мөнгийг чинь өсгөөд 25 сая төгрөг нэмж өгнө” гэж хэлэхээр нь би “тэгвэл танай компанид би хөрөнгө оруулъя” гэж хэлээд 66 сая төгрөгийг Гантөмөр, Сэлэнгэ нарт өөрийн гэрт буюу Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-409 тоотод бэлнээр нь өгсөн юм. Тэр үед надад “бид нар юу гэж найзыгаа хулхитахав дээ” гэж хэлэхээр нь би итгэсэн. Энэ мөнгийг өгөхдөө ямар нэгэн гарын үсэг бичиг баримт үйлдээгүй ... үүнээс хойш 2 удаа тус бүр 20 сая төгрөгийг надаас авч хөрөнгө оруулалт хийж байгаа шүү гэж хэлсэн. Ингэж 3 удаа мөнгө авахдаа гурвууланд  нь Сэлэнгээ, Гантөмөр нар хоёулаа хамт ирж мөнгө авсан. Сэлэнгээ, Гантөмөр нар хоёулаа адилхан зүйл яриад байсан болохоор итгэсэн юм. Хэрвээ Сэлэнгээ надад ингэж нөхрийгөө “Шилэн зам” гэдэг компаний захирлаар ажилладаг, Сэлэнгэ аймагт замын ажлын тендер авсан, удахгүй ажил эхлэнэ тэгэхээр хөрөнгө оруулсан мөнгөн дээр чинь 25 сая төгрөг нэмж өгнө гэж худлаа яриагүй байсан бол итгэж мөнгө өгөхгүй байсан ..., ...Т.Г, Л.С нар нь надаас 106.000.000 төгрөгийг залилж авсан бөгөөд энэ мөнгийг бэлнээр авсан юм. Тэр мөнгөнөөс би 1 ч төгрөг өөртөө авч хэрэглээгүй. Намайг мөнгө авсан мэтээр зохиож яриад байгаа юм. Харин энэ хэрэг шалгагдаж байх үед цувуулж 15.000.000 орчим төгрөг авсан ...би үлдсэн хохирол болох 91.000.000 төгрөгөө энэ хоёр хүнээс нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /1хх-48-54х, 230-231х, 2хх-39х, 210-211х/,

иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч Мөнхзул нь 10 жил гаруй хугацаанд харийн нутагт хүнд ажил нөхрийн хамт хийж байсан. Монгол улсад ирээд хадгалж байсан 106.000.000 төгрөгөөрөө байр авах гэж ирээд ээжээсээ авах гэтэл ээж нь буюу Ц.Буянхишигт мөнгө байгаагүй. Учир нь 2 найз нь буюу шүүгдэгч нар “106.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл мөнгийг чинь өсгөөд өгнө” хэмээж Ц.Буянхишигээс  мөнгийг нь авчихсан байсан. Хэдэн удаагийн үйлдлээр тухайн мөнгийг яаж өгсөн нь тодорхойгүй байгаад байна гэв.

иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Швед улсад 10 жилийн өмнөөс ажиллаж амьдарсан. Энэ хугацаандаа тэндээ хүнтэй гэр бүл болж дундаасаа нэг хүүхэдтэй болсон. 10 жилийн хугацаанд төрөл бүрийн ажил хийж, олсон мөнгөө цуглуулж эхэлсэн юм. Тэгээд 2012 оноос эхлэн мөнгөө цуглуулж байгаад өөрийн ээж Буянхишигийн нэр дээр 2 данс нээлгэж мөнгөө Монгол руу шилжүүлж доллар болон төгрөгийн данс руугаа мөнгөө хийж эхэлсэн юм. Би 2019 оны 06 дугаар сарын 8-ны өдөр амралтаараа Монгол улсад ирсэн, тэгээд өнөөдөр өглөө ээжийн хамтаар банк руу очиж мөнгө авах гээд ээжийн гэрээс гараад явж байхад гудамжинд мөнгийг авсан Гантөмөр, Сэлэнгэ нар зам дээр манай ээж бид хоёрыг тосоод зогсож байсан. Харин тэр хүмүүс надтай янз бүрийн зүйл ярих гэж оролдсон. Харин би түүнийг нь сонсоогүй, тэгээд ээжтэй банк орох гэсэн чинь манай ээж мөнгийг чинь өсгөх гээд энэ хүмүүст хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлсэн юм. Гантөмөр болон Сэлэнгэ гэх хүмүүс 10 цаг 30 минутанд мөнгө чинь бэлэн болно гэж хэлсэн. Мөнгө орж ирээгүй, ингэж худлаа цаг хойшлуулж 15-16 цаг болсон юм. Тэгээд энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар цагдаагийн байгууллага дээр ирсэн. Харин би гудамжинд ээжтэйгээ энэ асуудлын талаар маргалдаж байх зуур уг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн алга болчихсон. Тэгээд ээж залгаад ярихад мөнгийг чинь олох гээд явж байна, хүүхдүүдийн чинь дэргэд уулзмааргүй байна, хүүхдүүд чинь байхгүй бол хүрээд ир гэж хэлээд бид нууцаар ээжийг дагуулан тухайн эрэгтэй, эмэгтэй 2-ыг хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчмоос олж авсан юм. Тэгээд тухайн хүмүүсийг тус цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Би өөрийнхөө ажил хийж олсон мөнгөө ээж Ц.Буянхишиг рүү явуулдаг байсан бөгөөд уг мөнгө нь миний өөрийн мөнгө байгаа юм. Харин манай ээж Буянхишиг миний мөнгийг өөрийн гар дээр бэлэн хадгалж байгаад Гантөмөр, Сэлэнгэ гэх хүмүүст хууртагдан залилуулж 106 сая төгрөг өгч алдсан. Би өөрөө мөнгөний эзэн учраас мөнгөө нэхэмжилж энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм ...Би маргааш буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Швед улс руу явах гэж байгаа. Иймээс миний өмнөөс намайг төлөөлж өмгөөлөгч Өлзийбаатар овогтой Болормаа гэдэг хүн төлөөлөх болсон талаар хэлмээр байна ...” гэх мэдүүлэг /1хх-59-63х/,

гэрч Д.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай дүү Мөнхзул 2009 оноос Швед улсад амьдарч байгаа тэгээд ээжид мөнгөө өгч хадгалуулж байсан юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сард манай Мөнхзул ирээд мөнгөө ээжээс авч байр авах гэхэд ээж хүнд өгсөн гэж хэлсэн. Ээжээс юу болсон талаар асуухад Гантөмөр, Сэлэнгэ нар ээжийг залилан 106 сая төгрөг авсан байсан. Бид Гантөмөр, Сэлэнгэ нарыг цагдаагийн байгууллага дээр ирэхэд Сэлэнгэ надад “танай ээжээс бэлэн 106 сая төгрөг авсан. Удахгүй өгнө ажил одоо бүтэж байгаа, ээжтэй чинь найзууд, нэмж 25 сая төгрөг өгнө” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /2хх-40-41х/,

гэрч С.Түмээгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Сэлэнгэ, Гантөмөр гэх хүмүүсийг 2015 онд байхаа, манай найз Данзан гэх хүн энэ хоёр хүнийг танилцуулж байсан юм. Тухайн үед би авто замын бодлого төлөвлөлтийн ассоциаци гэх байгууллагад гэрээний мэргэжилтэн, хуулийн зөвлөхөөр ажилладаг байсан. Тэгэхэд манай найз Гантөмөр Сэлэнгэ гэх эхнэр нөхөр хоёрыг дагуулж ирээд надтай танилцуулаад түүнээс хойш энэ хоёр хүнтэй холбоотой байгаа. Түүнээс биш би энэ хоёр хүнийг Буянхишиг гэх хүнээс мөнгө залилсан талаар нь мэдэхгүй. Би Сэлэнгээ, Гантөмөр нараас 2015-2016 оны хооронд хамтарч замын ажил хийгээд ашгаа хувааж авна гэж тохироод ажил хөөцөлдөж эхэлсэн. Ингээд үйл ажиллагаанд хэрэглэгдэх мөнгө гээд Сэлэнгээ, Гантөмөр нараас мөнгө авч байсан. Гэхдээ яг хэдэн төгрөг авснаа хэлж мэдэхгүй байна. Данс тооцоогоо тулгаж байгаад мөнгөн дүнгээ гаргана. Би энэ хүмүүсээс авсан мөнгөө тэр үед хөөцөлдөж байсан ажилдаа зарцуулсан боловч тухайн үед хөөцөлдөж байсан ажил маань бүтээгүй юм. Би Сэлэнгэ, Гантөмөр нарын хаана ямар ажил албан тушаал эрхэлдгийг мэдэхгүй. Анх надтай танилцахдаа 100 айлд сантехникийн бараа зардаг гэж хэлж байсан ...” /1хх-236-237х/ гэх мэдүүлгүүд,     

Хавтаст хэрэгт цугларсан Шилэн зам ХХК-тай холбоотой хуулийн этгээдийн болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг холбогдох бусад баримтууд /1хх-18-39х/, Ц.Буянхишигийн валютын болон төгрөгийн дансны хуулга /1хх-15-16х/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаанууд /1хх-41-42х/, Зам тээврийн хөгжлийн яамны 05/432 дугаартай албан бичиг /2хх-36х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-184-185х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-187-188х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Г, Л.С нар нь хууль бус болох нь илэрхий атал өөрсдийн ухамсартай бөгөөд идэвхтэй үйлдлээр бүлэглэн Ц.Буянхишигийг “Т.Г нь Шилэн зам компанийн захирал, замын ажлын тендер авсан, удахгүй мөнгө орж ирэхээр мөнгийг чинь өсгөж өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, хуурч 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18-409 тоотод нийт 106.000.000 төгрөг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан байх тул тэдгээрийг “залилах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцов.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Т.Г, Л.С нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “залилах” гэмт хэргийн “бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 106.000.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул яллах дүгнэлт үйлдсэн прокурорын зүйлчлэл үндэслэл тохирсон, гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ гэж шүүх дүгнэлээ.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Иймд шүүгдэгч Т.Г, Л.С нарыг бүлэглэн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 106.000.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас бусдад 106.000.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Ц.Буянхишигт 15.000.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 91.000.000 төгрөгийг тэдгээрээс гаргуулан хохирогч Ц.Буянхишиг, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болормаа нарт гаргуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Т.Г, Л.С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн  байдал  зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Гийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Сэлэнгийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтэд хавсаргаж 1 ширхэг СиДи өгснийг хэргийн хамт ирүүлснийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Т.Гийн цагдан хоригдсон 37 хоногийг, шүүгдэгч Л.Сэлэнгийн цагдан хоригдсон 23 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тус тус тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ологнууд овогт Т.Г, Ологнууд овогт Л.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 106.000.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Гийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Сэлэнгийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Л.С нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийн цагдан хоригдсон 37 хоногийг, шүүгдэгч Л.Сэлэнгийн цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцсугай.  

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтэд хавсаргаж 1 ширхэг СиДи өгснийг хэргийн хамт ирүүлснийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Г, Л.С нараас хохирлын 91.000.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Болормаа, хохирогч Ц.Буянхишиг нарт олгосугай.

 

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Г, Л.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгчид, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Г, Л.С нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                        

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Ё.ЦОГТЗАНДАН