Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 15 дугаар гудамжны 05 тоотод оршин суух  Н.Н /РЮ/-ийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж, тэтгэврийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1991 оны 03 дугаар сарын 06-нд Хөвсгөл аймаг дахь шүүхэд хэсгийн ардын шүүгчээр томилогдон ажиллаж байгаад 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдөр чөлөөлөгдсөн. Мөн өдрөө Хөвсгөл аймгийн шүүхийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаад 1999 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн №36 тоот зарлигаар Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн шүүгчээр томилогдон 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал тасралтгүй шүүгчээр 26 жил ажилласан байна. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлж өгтөл тэтгэвэр тогтоох боломжгүй, тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй болохыг мэдэгдсэн. Энэ нь Монгол Улсын шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалтаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн миний эрхийг зөрчиж байгаа тул Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Н.Н миний өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж, тэтгэврийг нөхөн гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: “... Иргэн Н.Н-ийн нэхэмжлэл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “... 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” заалтын 55 насны болзлыг хангаагүй тул өндөр насны тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй байна. Иймд дээрх хуулийн дагуу нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манайх иргэн Н.Н-ийн тэтгэврийг тогтоохоор баримтыг хүлээж авсан. Тэтгэвэр тогтоохгүй байгаа шалтгаан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд тухайн зохицуулалт нь ороогүй учраас тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариуг яамнаас ирүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд тэтгэвэр тогтоох 7 зүйлийг заасан байдаг. 7 зүйлд нь малчны тэтгэвэр гэх мэтээр оруулсан хэдий ч тухайн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан тухай заалтыг нэмж оруулж өгөөгүй байдаг. Тийм шалтгаанаар иргэн Н.Н-ийн өндөр насны тэтгэвэр тогтоогдохгүй байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шууд хэрэгжүүлэх боломжгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн. Одоо Н.Н-д 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж тогтоогдоод явж байгаа. Тухайн тэтгэмж нь өндөр насны тэтгэвэртэй нь ижил хэмжээтэй тогтоогдсон. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш 20 гаруй хоногийн хугацааны тэтгэмж олгогдоогүй асуудал бий. Манай байгууллагад өргөдөл өгсөн хугацаанаас нь өндөр насны тэтгэврийг нь тооцдог. Иргэн Н.Н нь 2019 оны 03 дугаар сард манай хэлтэст хандаж байсан. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд энэ хүний тэтгэврийг тогтоож болох талаар процессын зохицуулалт орсон бол өргөдлөө өгсөн өдрөөс нь эхлээд өндөр насны тэтгэвэр тогтоох боломжтой. Хуулийн зохицуулалт нь байх юм бол манай байгууллагаас тэтгэвэр тогтоохгүй гэсэн ямар ч шалтгаан байхгүй. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан зохицуулалт нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд зүйлчлэгдээгүй гэсэн шалтгаанаар л тухайн иргэний өндөр насны тэтгэвэр тогтоогдохгүй байгаа юм. Н.Н-ийн тахир дутуугийн тэтгэвэр, өндөр насны тэтгэвэр нь ижил хэмжээтэй тогтоогдоно. Хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан бол бүрэн хэмжээний тэтгэвэртэй ижил хувиар боддог. Тухайн иргэн нь хөдөлмөрийн чадвараа 90 алдсан учир бүрэн хэмжээний тэтгэвэртэй ижил хэмжээний тэтгэвэр авч байгаа юм. Иргэн Н.Н-д 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэвэр олгож байгаа юм. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн олгоно гэвэл өндөр насны тэтгэвэр тогтоосон тохиолдолд тэтгэврийг нь нөхөн олгох боломжтой. Тахир дутуугийн тэтгэврийн тухайд нөхөн олгох боломжгүй учир 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тогтоосон. Нэхэмжлэгч Н.Н-ийн шүүгчээр ажилласан жилийн тухайд ямар нэгэн маргаан байхгүй. Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэж байгаа шинэ хуулийн төсөлд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн уг зохицуулалт орсон байсан. Манай байгууллагаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан “иргэний өргөдлийг хянаж шийдвэрлэх хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль хооронд тодорхойгүй байдал үүсч байна. 25 жил ажилласан Н.Н-д өндөр насны тэтгэвэр тогтоох талаар программд тохирох тохиргоо байхгүй зэрэгт тодорхой заавар өгнө үү” гэсэн албан бичиг явуулахад “шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 6 дугаар хэсэгт 55 нас хүрсэн хүн өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно, 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт  шүүгчээр нийт 25 жил ажилласан хүн өндөр насны тэтгэвэрт гарч болно гэсэн хуулийн зохицуулалт нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн зохицуулалттай зөрчилдөж байх тул тухайн хуулийн заалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байна” гэсэн албан хариу ирсэн. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан тухай заалт нь хуульчлагдаад орох юм бол бид түүнийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой” гэв.

Шүүх хэргийн оролцогч, төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Н-ийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж, тэтгэврийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаар зарлигаар тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан шүүгч Н.Н-г Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Н.Н нь 1991 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэсгийн ардын шүүхийн шүүгчээр, 1999 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчээр, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30 хүртэл Сум дундын 27 дугаар шүүхэд шүүгчээр, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр буюу шүүгчээр нийт 25 жил 11 сар 18 хоног ажилласан үйл баримттай хариуцагч маргаагүй.

Н.Н нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хандсан боловч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 111 тоот албан бичгээр “Та ... 54 нас 4 сартай, улсад 34 жил ажилласан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 заалтын 55 насны болзлыг хангаагүй тул өндөр насны тэтгэвэр тогтоох эрх үүсэхгүй болохыг мэдэгдье” гэсэн хариу өгч, өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “... 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд ... 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д “Шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж тус тус заажээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор заагаагүй учраас Н.Н-ийн өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй байгаа талаар хариуцагч, түүний төлөөлөгч тайлбарлаж буй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, шүүгчийн хараат бус байдал, түүний баталгаа зэрэг шүүгчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь процессийн шинжтэй, харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь материаллаг шинжтэй хууль байх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар бүхий л даатгуулагчдад нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан бол Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тэдгээр даатгуулагчдаас шүүгч даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох эрхийн талаар хуульчилснаараа илүү нарийвчлан зохицуулсан материаллаг хууль болох юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан тул шүүгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг илүү нарийвчлан зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг тухайн тохиолдолд хэрэглэх нь зүйтэй.

Түүнчлэн материаллаг хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгдсэн даатгуулагчийн “өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх”-ийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар хориглогдсон гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессийн хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй. Иргэний эрхийг дордуулсан хуулийг хэрэглэхгүйгээр илүү нарийвчлан зохицуулж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэгжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэнтэй нийцнэ.

 Нэхэмжлэгч Н.Н нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан, түүнд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс тахир дутуугийн тэтгэвэр олгож байгаа, өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр адил хэмжээтэй байх үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй. Н.Н-гийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй дээр дурдсанчлан хууль бус болох нь тогтоогдож байх тул Н.Н-гийн өндөр насны тэтгэврийг тогтоохыг хариуцагчид даалгаж, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны өндөр насны тэтгэврийг нэхэмжлэгч Н.Н-д нөхөн олгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч П.М шүүх хуралдаанд “... 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан “иргэний өргөдлийг хянаж шийдвэрлэх хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль хооронд тодорхойгүй байдал үүсч байна. 25 жил ажилласан Н.Н-д өндөр насны тэтгэвэр тогтоох талаар программд тохирох тохиргоо байхгүй зэрэгт тодорхой заавар өгнө үү” гэсэн албан бичиг явуулахад “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 6 дугаар хэсэгт 55 нас хүрсэн хүн өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно, 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт  шүүгчээр нийт 25 жил ажилласан хүн өндөр насны тэтгэвэрт гарч болно гэсэн хуулийн зохицуулалт нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн зохицуулалттай зөрчилдөж байх тул тухайн хуулийн заалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байна” гэсэн албан хариу ирсэн” гэж тайлбарласан тул нэхэмжлэгч Н.Н-г Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангуулжээ гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт заасныг баримтлан Цагаан хуулар Н.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.Н-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Н.Н-д өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Н.Н-д 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны өндөр насны тэтгэврийг нөхөн олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

.