| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0483/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/518 |
| Огноо | 2021-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/518
2021 04 28 2021/ШЦТ/518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Хохирогч Х.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох 2106 00403 0445 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1983 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгойн 9 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансарын 805-ын задгайд түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Аын Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Бнь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хамтран амьдрагч Х.Үүрийнтуяаг хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Үүрийнтуяагийн өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б архи уухаар нь “чи уухаараа агсам тавьдаг шүү дээ, уухаа боль” гэсэн чинь “чамд ямар хамаа байна, хамаагүй” гээд байсан шөнийн 03 цагт архи авч өг гээд тэгээд хэл амаар доромжлоод байхаар нь архийг нь аваад ороод ирсэн чинь дээд уруул, шүд рүү цохиод хэл амаар доромжлоод байсан. Арай гэж унтуулчхаад өглөө найзындаа очоод маргааш нь гомдол бичиж өгсөн... хохиролд 200.000 төгрөг нэхэмжилсэн. 120.000 төгрөгийг авсан. Одоо 80.000 төгрөгийг авмаар байна. Эмчилгээ хийлгээгүй, нэхэмжлэл баримтаар байхгүй. Зүүн талын цохиулсан нүд жаахан өглөө босоход хавдаад, нуухтаад байгаа...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Үүрийнтуяагийн өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 03 цагийн үед архи уучхаад “чам шиг янхан янхандаж явдаг биз дээ муу янхан” гээд намайг зодсон... Намайг зодож байхад хажууд нь Амарсанаа байсан, тэгээд би “намайг зодоод байна шүү дээ” гэж хэлэхэд “чиний буруу юм чинь яадаг юм” гэсэн. Тэгсэн Б миний шүдийг “хуга цохино, хутга шааж ална” гээд миний нүүр лүү гараа зангидаж байгаад 10 гаруй удаа цохисон, бас үснээс зулгаагаад чирсэн, гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр бас намайг зодож байсан, тухайн үед миний хөмсөг сэтэрсэн, зүүн нүд юм харж чадахаа байгаад таглагдсан. Миний нүүр лүү хуванцар 20 литр усны сав шидсэн...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 946 дугаартай:
“1. Х.Үүрийнтуяад баруун зовхи, шанаанд цус хуралт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бы яллагдагчаар өгсөн: ... Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн хамтран амьдрагч Үүрийнтуяатай хамт явж байгаад найз М.Амарсанаатай Сансар зах дээр таарсан. Ингээд бид гурав манай гэрт очихоор болоод замдаа нэг шил 0.5-ийн Хараа нэртэй архи дэлгүүрээс авсан. Амарсанаа бид хоёр манайд архиа уугаад сууж байхад Амарсанаа надад “танай Х.Үүрийнтуяа чинь хүнтэй явалдаад байна, би харсан” гэж надад хэлсэн. Ингээд миний уур хүрч X Үүрийнтуяад Амарсанаа бид хоёр хамт хэлэхэд ойлгохгүй урдаас хэрэлдээд өөрийн буруугаа хүлээхгүй байхаар нь нүүр лүү нь хоёр удаа алгадахад Х.Үүрийнтуяа надад “тийм юм байхгүй шүү дээ, тийм юм болоогүй, Амарсанаа худлаа ярьж байна” гэж надад хэлсэн. Би Амарсанаагаас болон өөр нутгийн дүү Гансүх гэдэг залуугаас өмнө нь сонсож байсан болохоор Үүрийнтуяагийн үгэнд нь итгээгүй. Энэ үед архи дууссан болохоор манай найз дахин дуудлагын архи дуудаж 0.5-тай Икс нэртэй архи авч ууж байгаад дуусгаж чадалгүй тасраад унтсан байсан. Ингээд би өглөө эрт хальт сэрээд харахад Х.Үүрийнтуяа байхгүй, харин Амарсанаа баруун талын орон дээр унтаж байсан... би уур хүрээд байсан болохоор Х.Үүрийнтуяагийн нүүр лүү нь хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Бнь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хамтран амьдрагч Х.Үүрийнтуяаг хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Үүрийнтуяагийн өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 03 цагийн үед архи уучхаад “чам шиг янхан янхандаж явдаг биз дээ муу янхан” гээд намайг зодсон... Б миний шүдийг “хуга цохино, хутга шааж ална” гээд миний нүүр лүү гараа зангидаж байгаад 10 гаруй удаа цохисон, бас үснээс зулгаагаад чирсэн, гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр бас намайг зодож байсан, тухайн үед миний хөмсөг сэтэрсэн, зүүн нүд юм харж чадахаа байгаад таглагдсан. Миний нүүр лүү хуванцар 20 литр усны сав шидсэн...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 946 дугаартай:
“1. Х.Үүрийнтуяад баруун зовхи, шанаанд цус хуралт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бы яллагдагчаар өгсөн: “... би уур хүрээд байсан болохоор Х.Үүрийнтуяагийн нүүр лүү нь хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Үүрийнтуяагийн өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б архи уухаар нь “чи уухаараа агсам тавьдаг шүү дээ, уухаа боль” гэсэн чинь “чамд ямар хамаа байна, хамаагүй” гээд байсан шөнийн 03 цагт архи авч өг гээд тэгээд хэл амаар доромжлоод байхаар нь архийг нь аваад ороод ирсэн чинь дээд уруул, шүд рүү цохиод хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
А.Бы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Хохирогч Х.Үүрийнтуяагийн нэхэмжилсэн 200.000 төгрөгөөс шүүгдэгч Бнь 120.000 төгрөг нөхөн төлсөн боловч нэхэмжлэл нь нотлох баримтгүй учир хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Иймд А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Бы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
А.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Бнь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаар нотлох баримтгүй учир түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.
А.Бд оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шовогт Аын Бд “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Бд сануулсугай.
4. Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Х.Үүрийнтуяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР