Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/519

 

 

2021         04           29                                     2021/ШЦТ/519

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч Ш.Ш, түүний өмгөөлөгч И.Ганбат /ҮД:0346/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Шд холбогдох 2106 00429 0458 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймагт 1996 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар зам засвар арчлалтын компанид тэмдэг, тэмдэглэгээний ажилтай, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 60 дугаар гудамжны 899а тоотод оршин суух, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 558 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Ш овогт Шгийн Ш /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ш.Ш нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархад эцсийн автобусны буудлын орчимд иргэн Д.Лхагвазаяаг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүр, толгой хэсэгт нь цохих үйлдлээр хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний эмтрэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Шижир-Эрдэнийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,

Цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-21-27/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх.37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Лхагвазаяагийн өгсөн: “... Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байгаад өөрийн ах Галбазарын эзэмшлийн 80-49 УБГ улсын дугаартай машинтай халтуур хийхээр гэрээсээ гараад Шар хадны эцэс дээр байдаг зүс таних Шижирээ гэх залуу согтуу хүрч ирээд миний гэдэс рүү гараараа хатгаад “юу хийгээд зогсоод байгаа юм, надаас асуугаач” гэх зэргээр согтуурхаад байхаар нь би “Чи хөгшөөн цаашаа яваа, би ахаас юм асуугаад байж байна” гэж хэлээд цааш эргүүлээд харуултал миний нүүр лүү баруун гараараа 1 удаа тохойлдсон чинь миний хамраас цус гараад би доош нь тонгойтол миний дээрээс дагз хэсэг рүү, 1-2 удаа цохих шиг болсон. Тэгсэн чинь цаанаас Шижирээгийн найз гээд нэг залуу ирээд Шижирээг аваад явсан. Тэгэхээр нь би хойноос нь “чи яаж байгаа юм бэ? хөгшөөн” гэж хэлтэл“чамайг би олон жил харлаа ч гэл үү нэг юм хэлээд л байсан би сайн ойлгоогүй. Тэр үед миний хамраас их цус гараад байсан учраас би цусаа тогтоох гээд сатаарчихсан байх хойгуур яваад өгчихсөн. Миний хамар хугарсан, үүдэн 1 шүд эмтэрчихсэн...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшиний 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 885 дугаартай:

“1. Д.Лхагвазаяагийн биед хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүйгэх дүгнэлт /хх.16-17/,   

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Шижир-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “... Би нэг их согтоогүй байсан. Болсон асуудлыг бүгдийг нь санаж байгаа. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Уг гэмтлийг би учруулсан. Гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна...” гэх мэдүүлэг /хх.34/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ш.Ш нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархад эцсийн автобусны буудлын орчимд иргэн Д.Лхагвазаяаг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүр, толгой хэсэгт нь цохих үйлдлээр хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний эмтрэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,

Цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-21-27/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх.37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Лхагвазаяагийн өгсөн: “... миний нүүр рүү баруун гараараа 1 удаа тохойлдсон чинь миний хамраас цус гараад би доош нь тонгойтол миний дээрээс дагз хэсэг рүү, 1-2 удаа цохих шиг болсон... Миний хамар хугарсан, үүдэн 1 шүд эмтэрчихсэн...” гэх мэдүүлэг /хх.8-9/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшиний 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 885 дугаартай:

“1. Д.Лхагвазаяагийн биед хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүйгэх дүгнэлт /хх.16-17/,   

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Шижир-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “... Уг гэмтлийг би учруулсан. Гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна...” гэх мэдүүлэг /хх.34/,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Ш.Шижир-Эрдэнийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Шижир-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Хохирогч Д.Лхагвазаяагийн баримтаар нэхэмжилсэн 151.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Ш шүүхийн шатанд нөхөн төлсөн боловч хохирогч нь “хамрын мэс засалд орно, түүний зардлыг нэхэмжилнэ” гэсэн учир тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ш.Шэс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Иймд Ш.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ш.Шижир-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ш.Шд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ш.Шд торгох ялын доод хэмжээг оногдуулахыг түүний өмгөөлөгч хүсэж байх боловч хохирол, хор уршгийг арилгаагүй байх тул дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Ш.Шд оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.0000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Ш овогт Шгийн Шижир-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Шд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.0000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ш.Шд оногдуулсан нийт 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.0000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.            

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ш.Шд сануулсугай.

          5. Ш.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 151.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Д.Лхагвазаяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ш.Шэс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

        ШҮҮГЧ                        С.ӨСӨХБАЯР