| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0511/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/520 |
| Огноо | 2021-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/520
2021 04 29 2021/ШЦТ/520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Гт холбогдох 2006 04206 0340 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1976 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгино-Хайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон-лааны 2 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 201 дүгээр байрны 12 тоотод түр оршин суух, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 199 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Ч овогт Пийн Г /РД:/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
П.Г нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 5а байрны 37 тоотод иргэн Б.Бат-Оршихтой маргалдан, түүнийг сандлаар толгойн тус газар нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Гын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.09/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Оршихын өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаа тараад гэртээ харих гээд явж байхад замдаа найз Алтаншагай, Баавар, Ширвэд нартай таарсан. Тэр хэд намайг нэг шил архи уух уу гэж хэлсэн. Тухайн үед би жоохон уусан байсан болохоор зөвшөөрөөд нэг шил Хараа архи аваад манай гэрт орцгоосон. Тэгээд архиа ууцгаагаад сууж байхад Алтаншагай, Баавар 2 хоорондоо маргалдаад зодолдсон. Тэгээд би очоод салгах гэтэл Баавар гэгч нь намайг модон сандлаар толгой руу цохиод толгой хагалсан. Тухайн үед би бараг ухаан алдаад унасан байсан. Тэгээд хажуу айлын хүүхэд орж ирээд дуудлага өгсөн байсан. Би Гэмтэл дээр очоод толгойдоо оёо тавиулсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мөнгөншагайн өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр найз Онзо буюу Бат-Оршихын гэрт нь буюу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5а байрны 10 давхарт очсон. Тэнд очоод би найзын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед Ширвэд, Баавар бид гурав хамт Онзогийн гэрт очсон. Тухайн үед Онзо намайг өмөөрч салгах гэтэл Онзог сандлаар цохисон. Тэгээд би ухаан алдсан ба нэг мэдэхэд цагдаа эмнэлэг хоёр ирчихсэн байсан. Тэгээд түргэн тусламжийн эмч ирээд Онзо бид хоёрыг гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлээрэй гэсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд толгойд оёдол тавьсан ба согтуу байсан болохоор нарийн зүйлийг би сайн санахгүй байна. Би тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаагүй шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Надад ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.24/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11627 дугаартай:
“1. Б.Бат-Оршихын биед тархи доргилт, дух, баруун
зулайд язарсан шарх, дух зүүн шуу, зүүн тохой, зүүн бугалгад цус хуралт,
зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Гын яллагдагчаар өгсөн: “... суугаад байж байтал ахиад намайг доромжилж эхэлсэн. Тэгээд би босоод гарах гээд хаалган дээр байж байтал Шагай гэх залуу нь бариад авсан. Тэгэхээр нь би тохойгоороо эрүү хэсэг рүү нь цохиод зууралдаад байж байтал гэрт байсан 2 залуугийн нэг Онзо буюу Орших гэх залуу нь миний араас модон сандлаар цохисон. Тэгэхээр нь би Онзог барьж аваад Шагайн дээрээс унагаж байгаад сандлаараа дээрээс нь 4-5 удаа цохисон. Тухайн үед харанхуй байсан болохоор хаашаа цохисон оо сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.33/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
П.Г нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 5а байрны 37 тоотод иргэн Б.Бат-Оршихтой маргалдаж сандлаар түүний толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.09/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Оршихын өгсөн: “... Тэгээд би очоод салгах гэтэл Баавар гэгч нь намайг модон сандлаар толгой руу цохиод толгой хагалсан. Тухайн үед би бараг ухаан алдаад унасан байсан. Тэгээд хажуу айлын хүүхэд орж ирээд дуудлага өгсөн байсан. Би гэмтэл дээр очоод толгойдоо оёо тавиулсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мөнгөншагайгийн өгсөн: “... Тухайн үед Онзо намайг өмөөрч салгах гэтэл Онзог сандлаар цохисон...” гэх мэдүүлэг /хх.24/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11627 дугаартай:
“1. Б.Бат-Оршихын биед тархи доргилт, дух, баруун
зулайд язарсан шарх, дух зүүн шуу, зүүн тохой, зүүн бугалгад цус хуралт,
зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд П.Гын яллагдагчаар өгсөн: “... Онзо буюу Орших гэх залуу нь миний араас модон сандлаар цохисон. Тэгэхээр нь би Онзог барьж аваад Шагайн дээрээс унагаж байгаад сандлаараа дээрээс нь 4-5 удаа цохисон. Тухайн үед харанхуй байсан болохоор хаашаа цохисон оо сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.33/ ,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
П.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт П.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Бат-Орших нь баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч П.Гаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.Гын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
П.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч П.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй учир түүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй юм.
П.Гт оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Ч овогт Пийн Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Гт сануулсугай.
4. П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Бат-Орших нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч П.Гаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР