Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 149/ШТ/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, 

Нарийн бичгийн дарга С.Т

Улсын яллагч Д.Шинэбал

Хохирогч С.Б

Гэрч Н.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Х

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ст холбогдох эрүүгийн 2032001410134 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод *** оны *** дүгээр сарын ***ний өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт **//***, *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2001 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн № дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д.С /рд:****/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.С нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С аймгийн М сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны хашааны ард С.Б-гийн толгойн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

 Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би гэрээсээ гараагүй. Гэртээ л байсан. Би энэ С.Б-тай уулзаагүй. Тэгсэн чинь цуг архи уусан гээд, намайг цохисон гээд байх юм. Би бол мэдэх юм алга. С.Б төрийн банкны урд л хашаа налаад хэвтэж байсан гээд л байгаа, энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй байна, энэ хэргийг би үйлдээгүй...гэжээ.

 

Хохирогч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:.. Өдөр хоногийг сайн мэдэхгүй байна. Би ДОК-ийн наад талын дэлгүүрээс жаахан 0.33 грамм архи уучихмаар санагдаад нэг шил архи аваад дэлгүүрээс гараад явж байтал хамт архи уух хань байдаггүй ганцаардаад хань хайгаад явж байсан чинь Стай “А” дэлгүүрийн урдхан талд тааралдсан. “А” гэдэг дэлгүүрийн тэнд. Тэгээд би С дуудаад хоёулаа ганц юм хуваагаад уучихъя гээд дагуулж яваад ганц 0.33 грамм архиа хувааж уусан юм. Тэр үед С хүүхдээ дагуулчихсан явж байсан. Тэгээд би хүүхдэд нь зайрмаг авч ид гээд ганц нэгэн мянган төгрөг өгч байсан. Би мөнгөтэй байсан. Арван хэдэн мянган төгрөг байсан юм. Тэгээд тэр архийг уучхаад буцаад явсан. Тэгээд их согтчихсон байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Дараа нь тэр 8 айлын билүү Б дэлгүүрийн ард талд хоносон гэсэн. Тэгээд мэдэхгүй. Тэр хавийн хүмүүс цагдаа дуудаж л намайг өгсөн гэсэн. Тэрнээс хойш сайн мэдэхгүй байна. Урьд нь жаахан архи уусан байсан. Энэ С-тай архи уугаад тэрнээс хойш илүү их согтчихсон байсан. С-ын  хүүхдэд ганц хоёр мянган төгрөг өгч байснаа мэдээд байгаа. Тэрнээс хойш мэдэхгүй байгаа юм. Хэнд ч зодуулснаа ч мэдэхгүй байгаа. Хонуулаад хаячихсан. Маргааш нь тэр хавийн хүмүүс цагдаа дуудсан гэсэн. Би согтсон үедээ хэн цохисныг сайн мэдэхгүй байна. Их согтож муудах тал руугаа л орсон байсан. Мэдэж байгаа нь ийм л юм байна. Тэгээд цагдаа эмнэлэг дуудаад би эмнэлэгт ирсэн байх гэж боддог юм. Эндээ эмчилгээ хийлгээд Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтээд сар болсон байх. Эргэж ирээд хорионд суусан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэжээ.

 

Гэрч Н.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед гэртээ л бид гурав л хоносон. Энэ хүнийг манай хүн зодоогүй. Хэргийг цагдаа дээр шалгаж байхад би тэр үед сайн ойлгоогүй юм. Манай хүн гэртээ л байсан. Бид гурав гадуур гарвал гурвуулаа л гардаг.  Манай хүн архи уухын хувьд уудаг. Уухаараа гэртээ тэгээд хааяа гадуур гардаг.Тэр Гэрлээ эгч Б хашааны хажууд ухаан алдсан гээд түргэн дуудаж өгсөн гэсэн. Манай хүүхэд ч түргэн дуудаагүй юм. Гэрчүүдийн наад мэдүүлэг нь шал худлаа байна. Манай хүн хүн цохиж явдаг ч хүн биш. Манай хүн хөл гар муутай. Бие муутай хүний хаана нь цохихийн наад гэрч чинь худлаа мэдүүлсэн байна... гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

Хохирогч С.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Тэр өдөр би С болон түүний бага насны хүүхдийн хамт Төрийн банк, Бай хүнсний дэлгүүр 2-ын дундуурх гудамжаар орж явснаа санаж байна. Тэгэхдээ би хүүхдэд нь чихэр авч идээрэй гээд 1000 төгрөг өгч байсан. Тэр үед би С Аш дэлгүүрийн орчим явж байхад дуудаад архи ууя гээд дуудаад дагуулж  явж байсан юм. Тухайн үед би архи уучихсан согтуу явж байсан...гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч С.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Энэ хугацаанд толгой нь өвдөөд байсан тул дахин эмнэлэгт мэдрэлийн эмчид үзүүлээд 13А маягт хийлгээд Улаанбаатар хот руу 1-р эмнэлэгт очиход ГССҮТ рүү явж үзүүл гэсэн. Тэнд очиж үзүүлэхэд тархиндаа гэмтэлтэй байна яаралтай хагалгаанд ор гээд  хагалгаанд оруулсан. Одоо болтол тэнд хэвтэн эмчлүүлж байна. Сүүлд нь хүн амьтнаас сураглаж явахад 23-ны өдөр манай дүү Б нь 15-16 цагийн орчим Төрийн банкны орчим Н-ийн С гэх хүнд зодуулж байсныг Н гэдэг хүн харсан байсан. Тэр хүн архи нэхээд зодож байсныг Н гэдэг хүн салгасан гэсэн...гэх мэдүүлэг/ХХ-ийн 17 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би Цагдаагийн хэлтэс дээр ирж д/ч Ч.Өл-тай уулзчихаад  харихаар гараад барааны захын урдуур гараад Тэнүүн дэлгүүрийн урдуур явж байтал “Төрийн банк”-ны арын хашааны буланд Бя суучихсан урд нь С гэх хүн зогсчихсон “өг л дөө чи” гээд Б-ийн толгой руу нь цохиж байсан. Тэгээд би очоод “юу болоод байгаа юм, яагаад байгаа юм бэ?” гэхэд С нь “энэ надад архи авч өгнө гэсэн өгөхгүй байна” гэхэд Б нь “надад мөнгө байхгүй ээ, байсан мөнгөө хүүхдэд нь өгсөн” гэж байсан. “Наад хүн чинь мөнгө төгрөг байхгүй гэж байна ш дээ үхсэндээ наадхаа цохиод байдаг юм яваач” гэхэд Б ч “за” гээд өндийгөөд босоод зогсоход С Бгийн цамцны арын захаас нь татаж газар хавсарч унагасан. Тэгэхээр нь би Сг нь бараан зах руу Бг цааш нь Төрийн банкны зүг рүү салгаж хөөж явуулсан...Миний харснаар С нь Бг хашаа налаад сууж байхад нь толгойн зүүн тал руу 1 удаа гараараа цохисон. Мөн намайг очсоны дараа нэг удаа хавсарч газар унагасан...гэх мэдүүлэг./ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/

Гэрч Н.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...би хуульд заасны дагуу эрхээ эдэлнэ. Нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /ХХ-н 27, 113 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Ч 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1. С.Бгийн биед баруун зулай, чамархай, суурь ясны их бага далавч дайрсан хугарал, зулайн ясаар дамжин лямбда заадас дагасан хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, зүүн духны дэлбэнд тархины эдийн цусан хуралт, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун тохой, баруун өвдөг шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Энэ нь хуучин тархины гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх № дугаартай дүгнэлт /ХХ-ийн 24-26 хуудас/,

Шинжээч эмч Т.Ч “Тухайн иргэнд учирсан гэмтлүүд нь унасны улмаас мөн бусдын хүчтэй цохилтын аль алинаас нь үүсэх боломжтой.

...Үзүүлэгч С.Б нь тухайн тархины хүнд гэмтлийг авсны дариуд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж, өөр зуур алхаж явах зэрэг хөдөлгөөнийг хийх боломжтой боловч гавлын хөндийд алдах цусны хэмжээнээс хамаарч цусан хураа ихсэх тусам идэвхтэй хөдөлгөөн хийх чадвар буурч, тэнцвэр алдаж, гуйвж дайвах, унтах, бөөлжих улмаар ухаан алдах зэрэг шинжүүд илэрнэ” гэх мэдүүлэг /ХХ-ийн 111-112 хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт бичгүүд болох Д.Сын иргэний үнэмлэхийн хуулбар /ХХ-ийн 26 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Сын оршин суух, **//***ийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.С-ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Д.С нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр *** аймгийн *** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны хашааны ард С.Б-гийн толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь: Хохирогч С.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэр өдөр би С болон түүний бага насны хүүхдийн хамт Төрийн банк, Байдраг хүнсний дэлгүүр 2-ын дундуурх гудамжаар орж явснаа санаж байна. Тэгэхдээ би хүүхдэд нь чихэр авч идээрэй гээд 1000 төгрөг өгч байсан. Тэр үед би С А дэлгүүрийн орчим явж байхад дуудаад архи ууя гээд дуудаад дагуулж  явж байсан юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, гэрч С.Ч-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэнд очиж үзүүлэхэд тархиндаа гэмтэлтэй байна яаралтай хагалгаанд ор гээд  хагалгаанд оруулсан. Одоо болтол тэнд хэвтэн эмчлүүлж байна. Сүүлд нь хүн амьтнаас сураглаж явахад 23-ны өдөр манай дүү Б нь 15-16 цагийн орчим Төрийн банкны орчим Н-н С гэх хүнд зодуулж байсныг Н гэдэг хүн харсан байсан. Тэр хүн архи нэхээд зодож байсныг Н гэдэг хүн салгасан гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17 дугаар хуудас/, гэрч Б.Нын мөрдөн байцаалтад өгсөн “... оны  дугаар сарын -ны өдөр би Цагдаагийн хэлтэс дээр ирж д/ч Ч.Өлзийбаяртай уулзчихаад  харихаар гараад барааны захын урдуур гараад Тэнүүн дэлгүүрийн урдуур явж байтал “Төрийн банк”-ны арын хашааны буланд Б суучихсан урд нь С гэх хүн зогсчихсон “өг л дөө чи” гээд Бгийн толгой руу нь цохиж байсан. Тэгээд би очоод “юу болоод байгаа юм, яагаад байгаа юм бэ?” гэхэд С нь “энэ надад архи авч өгнө гэсэн өгөхгүй байна” гэхэд Б нь “надад мөнгө байхгүй ээ, байсан мөнгөө хүүхдэд нь өгсөн” гэж байсан. “Наад хүн чинь мөнгө төгрөг байхгүй гэж байна ш дээ үхсэндээ наадхаа цохиод байдаг юм яваач” гэхэд Б ч “за” гээд өндийгөөд босоод зогсоход С Бгийн цамцны арын захаас нь татаж газар хавсарч унагасан. Тэгэхээр нь би Сг нь бараан зах руу Бг цааш нь Төрийн банкны зүг рүү салгаж хөөж явуулсан...Миний харснаар С нь Бг хашаа налаад сууж байхад нь толгойн зүүн тал руу 1 удаа гараараа цохисон. Мөн намайг очсоны дараа нэг удаа хавсарч газар унагасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Сын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ** оны ** дугаар сарын **-ний өдрийн № дугаар дүгнэлт. /ХХ-ийн 24-26 дугаар хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Д.С мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд, түүний эхнэр гэрч Н.С шүүх хуралдаанд тус тус  мэдүүлэхдээ “тухайн өдөр гэрээсээ гараагүй гэртээ л байсан, энэ хэргийг үйлдээгүй” гэж маргасан боловч уг мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдохгүй байгаа ба харин хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн дээрх мэдүүлгүүдээр няцаагдаж, үгүйсгэгдэж байна, мөн гэрч Б.Н нь мөрдөн байцаалтын шатанд “2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хохирогч С.Бгийн эрх чөлөөнд халдаж байсан гэх” хүнийг таньж олуулах ажиллагааны явцад Д.Сыг шууд зааж, таньж олсон байдаг /ХХ-н 10-дугаар хуудас/.

 

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзлээ.

 

  Шүүгдэгч Д.Саас хохирогч С.Бгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

   Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Бгийн биед хүнд гэмтэл учирсан байх ба хохирол, төлбөрийн талаар хохирогч С.Б мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх зүйл нэхэмжлээгүй, хохирол, төлбөр гаргуулахаар нотлох баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй болно. Иймд шүүгдэгч Д.С нь бусдад төлөх хохирол, төлбөргүй байна гэж дүгнэв.

 

   Шүүгдэгч Д.Ст хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүгдэгч Д.С нь “Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 02 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ст оногдуулсан 02 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, 6.7 дугаар зүйлийн  1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал тогтоогдохгүй байх тул хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Д.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад нөхөн төлөх хохирол, төлбөр, зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б овогт Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  Д.С-ыг 02 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.С-т оногдуулсан 02 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Д.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Д.С-ын эдлэх ялыг нь оны дугаар сарын -ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                                                                                                         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.