Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Замын гудамж 4-10 тоотод оршин суух, Булган дэлгүүрт худалдагч ажилтай, Боржигон овогт Батхүрэлийн Мөнхцэцэг /РД: ЕА91071809/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 32 дугаар байрны 04 тоотод оршин суух, Замын-Үүд шилжүүлэн ачих ангид ачаа вагон хүлээлцэгч ажилтай, Боржигон овогт Мөнхтөрийн Мөнхболд /РД: ЕА91103116/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваарилуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээл 7.502.751 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг, хариуцагч М.Мөнхболд нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Мөнхболдтой 2011 онд гэр бүл болж хамтын амьдралын хугацаанд 2012 оны 11 сарын 29-нд хүү Эрхэсийг төрүүлсэн. Хамтын амьдралын эхний жилүүдэд хайр халамжаар дутамгүй бусдын адил сайхан амьдарч байлаа. Сүүлийн жилүүдэд нөхөр маань архи ууж, агсам согтуу тавьж, элдэв хүүхэнтэй холбогдож, завхайрч гадуур хонож, гар хүрч зоддог болсон. Миний хувьд хүүхдээ бодон элэг бүтэн өсгөх гэж энэ бүгдийг удаа дараа тэвчин нөхөртөө итгэж засрах болов уу гэж найдсаар өдийг хүрлээ. Үүнээс хойш энэ хүнтэй амьдарч чадахгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдээ өөрийн асрамжинд авна. Хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Хамтын амьдралын хугацаанд 86-68 ДГО улсын дугаартай Приус-20 маркийн /6 сая төгрөгөөр худалдаж авсан/ автомашины маргаантай байгаа тул энэхүү машиныг мөнгөн дүнгээр бодож хувааж өгнө үү. Мөн хамт амьдрах хугацаандаа Мөнхболд нь гэр бүлийн хайр халамж байхгүй, архи уухаараа дор хаяж 3-5 хоног үргэлжилж уудаг, гэр бүлдээ цаг зав гаргадаггүй ихэнхи цагаа гадуур найз нартайгаа өнгөрөөдөг. Ийм хүн хэзээ хаана хүүхэд хэнд үлдээгээд найз нөхөдтэйгөө яваад өгөхийг мэдэхгүй учир хүү Эрхэсийн хүмүүжүүлэх орчинд муугаар нөлөөлөх учир өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Мөнхболдтой 2011 онд гэр бүл болж хамтын амьдралын хугацаанд 2012 оны 11 сарын 29-нд хүү Эрхэсийг төрүүлсэн. Хамтын амьдралын эхний жилүүдэд хайр халамжаар дутамгүй бусдын адил сайхан амьдарч байлаа. Сүүлийн жилүүдэд нөхөр маань архи ууж, агсам согтуу тавьдаг болсон. Анх шүүхэд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байсан. Сая Мөнхболдтой харилцан ярилцаад тохирсон. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, хүүхдээ би өөрийн асрамжинд авч, дундын эд хөрөнгө болох 6 сая төгрөгөөр худалдан авч байсан 86-68 ДГО улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг 2017 оны 08 сард ломбардаас чөлөөлж, Мөнхболдын нэр дээр шилжүүлж, Мөнхболд өөрийн цалингийн 15 сая төгрөгийн зээлээ өөрөө төлж барагдуулахаар тохиролцсон юм. Бидний тохирсон байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хариуцагч М.Мөнхболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Мөнхцэцэг бид хоёр хамтран амьдрах хугацаанд дундын хөрөнгө болох Приус-20 маркийн 86-68 ДГО дугаартай машинтай бөгөөд 6 сая төгрөгөөр худалдан авсан тул хөрөнгө хоёр тэнцүү хэсэгт хуваах хүсэлтэй байна. Эхнэр Мөнхцэцэг нь эр нөхөртөө халамж анхаарал тавьдаггүй, гэр орондоо тогтдоггүй, хөнгөн хийсвэр явдалтай, бусадтай наргиж цэнгэж уух дуртай, маш их хартай, ажлаас бууж ирэх үед цай хоолгүй хүйт даасан хоосон гэр угтдаг. Үүнээс гадна Мөнхцэцэгийн эгч, ээж, дүү нар нь бидний амьдралд оролцож муудуулах үндсэн суурийг тавьж өгдөг. Би Мөнхцэцэгийг зодож гар хүрч байсан удаагүй. Мөнхцэцэг болон түүний эгч нь намайг ажлын газрын хүнтэй хий хоосон хардаж түүнийг зодож хөлийг нь хугалж уруул амыг нь сэтэлсэн хэргээр цагдаагийн газар баригдаж байсан. Цаашид ийм танхай зодоонч эмэгтэйтэй хамтран амьдарч чадахгүй тул хүү Эрхэсийг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Мөнхцэцэг нь өөрийн гэсэн гэр оронгүй, төгссөн сургууль байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн бөгөөд хүү Эрхэсийн ирээдүйг бодож байна.  Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч М.Мөнхболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь Мөнхцэцэгтэй 2011 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд Хаан банкнаас зээл авч амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд ашиглаж байсан. 2016 оны 12 сарын 14-ний өдрийн байдлаар 15.005.502 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Мөнхцэцэг үүрэг хүлээсэн мөн уг зээлийг бид хамт амьдарч байх хугацаандаа ашиглаж байсан тул уг зээлийг хоёр тэнцүү хувааж 7.502.751 төгрөгийг Б.Мөнхцэцэгээр төлүүлж зээлийг Мөнхцэцэгийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэв.

 Хариуцагч М.Мөнхболдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: Гэрлэлт цуцлах болон хүүхдийн асрамжийг Мөнхцэцэгт үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дундын эд хөрөнгө болон цалингийн зээл, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамжийн тал дээр бид хоёр тохиролцсон юм. Гэрлэлтийг цуцлуулж, хүүхдээ эхийх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, дундын эд хөрөнгө болох 86-68 ДГО улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг 2017 оны 08 сард ломбардаас чөлөөлж, Мөнхболд миний нэр дээр шилжүүлж, би өөрийн нэр дээрх цалингийн 15 сая төгрөгийн зээлээ өөрөө төлж барагдуулахаар тохиролцсон юм. Иймд бидний эд хөрөнгийн асуудлыг тохиролцсон байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг,  хариуцагч М.Мөнхболд нар нь 2011 онд танилцаж гэр бүл болсноо 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 26 дугаарт бүртгүүлсэн байна. Зохигчдын хамтран амьдрах хугацаанд 2012 оны 11 сарын 29-ний өдөр хүү М.Эрхэсийг төрүүлж, эцэг, эх болон гэрлэгчдийн эрх, үүргийг үүсгэн хамтран амьдарч байгаад 2016 оны 11 сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс 2017 оны 01 сарын 18-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрэх хугацааг 3 сараар тогтоож өгсөн боловч энэ хугацаанд гэрлэгчид нь эвлэрээгүй болох нь талуудын тайлбар болон шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд удаа дараа дуудсан тухай баримт зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага багасгаж хариуцагч М.Мөнхболдтой харилцан тохиролцож хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг, дундын эд хөрөнгийн маргаан болон хариуцагч М.Мөнхболд нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж талууд эвлэрснийг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг, хариуцагч М.Мөнхболд нар нь тусдаа амьдарч байгаа байдал, зохигчид хэн, хэн нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах боломжгүй, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэх боломжгүй болсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж зохигчдын гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.   

Зохигчид нь шүүх хуралдааны явцад хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн маргаан дээр харилцан тохиролцон эвлэрсэн байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл талууд 2012 оны 11 сарын 29-ний өдөр төрсөн хүү М.Эрхэсийг эх Б.Мөнхцэцэгийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг хариуцагч М.Мөнхбоолдоос гаргуулахгүй, дундын эд хөрөнгө болох 6 сая төгрөгөөр худалдан авч байсан 86-68 ДГО улсын дугаартай Приус-20 маркийн нэхэмжлэгч Б.Мөхцэцэгийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг 2017 оны 08 сард ломбардаас Б.Мөнхцэцэг нь чөлөөлж, хариуцагч М.Мөнхболдын нэр дээр шилжүүлж, хариуцагч М.Мөнхболд өөрийн цалингийн 15 сая төгрөгийн зээлээ өөрөө төлж барагдуулахаар тохиролцсныг батлах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлаж, 2012 оны 11 сарын 29-ний өдөр төрсөн хүү М.Эрхэсийг эх Б.Мөнхцэцэгийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Батхүрэлийн Мөнхцэцэг, Боржигон овогт Мөнхтөрийн Мөнхболд нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 11 сарын 29-ний өдөр төрсөн хүү М.Эрхэсийг эх Б.Мөнхцэцэгийн асрамжинд  үлдээсүгэй.

3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар талууд дундын эд хөрөнгө болох 6 сая төгрөгөөр худалдан авч байсан 86-68 ДГО улсын дугаартай Приус-20 маркийн нэхэмжлэгч Б.Мөхцэцэгийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг 2017 оны 08 сард ломбардаас Б.Мөнхцэцэг нь чөлөөлж, хариуцагч М.Мөнхболдын нэр дээр шилжүүлж, хариуцагч М.Мөнхболд өөрийн цалингийн 15 сая төгрөгийн зээлээ өөрөө төлж барагдуулахаар тохиролцсныг баталсугай. 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 181.150 төгрөг, хариуцагч М.Мөнхболдын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 135.000 төгрөгийг тус тус татварын тасгийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Мөнхболдоос 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгт олгосугай.

5. Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Энхзулд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    Э.БОЛОРМАА