Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: 1959 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сум Шинэ ус гэх газарт төрсөн, Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт халамж үйлчилгээний мэргэжилтэн ажилтай, Дорноговь аймаг, Эрдэнэ сумын 5-р баг, Өлзийт 6 гудамж 3-2 тоотод оршин суух, Бадрах овогт Пэрэнлэйн Өлзийсүрэн /РД: ЕН59100104/-гийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар 16-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч П.Өлзийсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Өлзийсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Пэрэнлэйн Өлзийсүрэн 1985 оны 09-р сард Дорноговь аймгийн Эрдэнэ сумын АДХГЗ-нд хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагчаар орж 1992 оны 11 сарыг дуустал ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир 1985 оны 09 сараас 1992 оны 11 сарын 06-ныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.             

Нэхэмжлэгч П.Өлзийсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: 1985 оны 09 сараас Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатудын хурлын гүйцэтгэх захиргаанд хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагчаар ажиллаж байгаад 1990 оны 05 сард хүүхэд төрүүлсэн. Хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 1992 оны 10 сарын 16-нд Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогоолоор Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллах болсон. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатудын хурлын гүйцэтгэх захиргаанд хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагчаар ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул 1985 оны 09 сараас 1992 оны 10 сарын 16-ныг хүртэл улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгож тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай байна. Иймд намайг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатудын хурлын гүйцэтгэх захиргаанд хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагчаар 1985 оны 09 сараас 1992 оны 10 сарын 16-ныг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч П.Өлзийсүрэнгийн 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатудын хурлын гүйцэтгэх захиргаанд нийгэм хангамжийн байцаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч П.Өлзийсүрэн нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатудын хурлын гүйцэтгэх захиргаанд нийгэм хангамжийн байцаагчаар ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн 1985 оны 09 сараас 1990 оны 10 сарыг дуустал авч байсан цалингийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон гэрч Г.Цэндмаагийн “Би 1984 онд 10-р анги төгссөж ирээд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Амьдралын зам нэгдэлд нягтлан бодогч, бичээч хийж байгаад 1987 оны 07 сараас тус сумын Захиргаанд Санхүү тасгын даргаар ажилд орж 1992 оны 09 сарын 01-нийг хүртэл ажилласан. Тэгэхэд П.Өлзийсүрэн нь Эрдэнэ сумын захиргаанд хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагчаар ажиллаж байсан. Дараа 1992 оноос сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд томилогдсон” гэх мэдүүлэг, гэрч Д.Баатарын “.....Намайг ажиллаж байхад П.Өлзийсүрэн нь хуулийн дунд сургуулийг төгсөж ирээд 1985 онд сумын захиргаанд хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагчаар ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа 2 удаа төрж байсан. 1986 он, 1990 онуудад төрсөн. 1990 онд төрчихөөд ажилд орохгүй байж байгаад 1992 онд сумын хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. 1990 оны үед жирэмсний амралттай эхэд 6 сарын цалинтай чөлөө өөрөө хүсвэл цаашаа үргэлжлүүлээд цалингүй чөлөө өгдөг болсон. П.Өлзийсүрэн нь төрөөд цалингүй чөлөө авч байсан байх” гэх мэдүүлэг, гэрч Ц.Дамбын “1985 оны 09 сард Дорноговь аймгийн Эрдэнэ суманд анх Өлзийсүрэн нь ирж байсан. Тэгэхэд би Эрдэнэ сумын гүйцэтгэх захиргаанд нарийн бичгийн дарга хийж байсан. Би 1978-1986 он хүртэл сумын захиргаанд ажиллаж байсан учир сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1992 оны 10 сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоол, 1985 оны 11 сарын 12-ны өдөр гэрлэлтийг батлаж байсныг нотолсон гэрлэлтийн баталгаа зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч П.Өлзийсүрэнг 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатудын хурлын гүйцэтгэх захиргаанд нийгэм хангамжийн байцаагчаар  ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бадрах овогт Пэрэнлэйн Өлзийсүрэнг 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын депутатудын хурлын гүйцэтгэх захиргаанд нийгэм хангамжийн улсын байцаагчаар  ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА