Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 149/ШТ/0001

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

**//** дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Э даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  С.Т

             Улсын яллагч                                О.Н

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                А.Х

                         Шүүгдэгч                                              Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Бд холбогдох 2003000000436 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

             Монгол улсын иргэн, **//**-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, **//** “Э 2” дэлгүүрт манаач ажилтай, **//**  дугаар баг **//** дугаар хэсэг гудамж, “**//**” хаягт оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Жаргал Баттулга /Регистрийн дугаар РД:**//**/

     

          Холбогдсон хэргийн талаар : Яллагдагч Ж.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 00-ний өдөр **//**ын нутаг дэвсгэрт Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн суудлын 264-р галт тэрэгний 6 дугаар вагоны 22 дугаар суудалд зорчин явахдаа иргэн Э.Б 800000 төгрөг, Нокиа 1600 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 816800 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ:…2020 оны 11 сарын 01-ний өдөр Дарханаас наашаа Зүүнхараа луу суудлаар ирсэн. Вокзал дээр билет авах гээд байж байхад нэг хүн таараад Зүүнхараа явах юм уу гээд байж байгаарай дэлгүүрээс ганц юм аваад ирье чи энийг хараад байж байгаарай гэхээр нь байж байгаад ирэхэд нь цуг юмыг нь дамжлаад галт тэргэнд цуг суусан. Тэгээд нэг 0,5 литрийн архи уучхаад би цаана манай нэг дүүгийн хадам хамт явж байсан тийшээ оччихоод иртэл нөгөө хүн тасарчихсан /согтчихсон/ байсан. Тэгээд би тасарчихаар нь хармааг ухсан чинь нокиа гар утас, 2 ширхэг хорьт, нэг ширхэг тавт, 2 ширхэг мянгатын дэвсгэрт байсныг аваад хөөе Зүүнхараад ирчихлээ босооч гэхэд босохгүй байсан. Тэгээд би цаад вагон луу явж байхад хадам өөдөөс гарч ирээд галт тэрэгнээс буугаад галт тэрэгний тээш орчхоод буцаад вокзал орчхоод тэгээд гэртээ харьсан. Хоёр гурван хоногийн дараа вокзалын цагдаа дуудаж байна гэхээр нь очиход намайг тэр хүний 800000 төгрөгийг аваад нуусан байна гаргаад өг гэхээр нь  хорьт, нэг тавт хоёр мянгатын дэвсгэрт байсан гэхэд танаас өөр хэн авдаг юм бэ гээд байсан...гэх мэдүүлэг

 

Эрүүгийн  2003000000436 тоот хавтаст хэргээс: Хохирогч Э.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"...Би С аймгийн Х сум руу 2020 оны 10 дугар сарын сүүлээр самарт явж ууланд 9 хоног самар түүж Хүдэрт самрын ченжүүдэд 1 килограмм самраа 9500 төгрөгөөр тушаахад миний түүсэн самар 1350000 төгрөг болсон. Ингээд Х сумаас жижиг тэргээр Дархан-Уул аймагт ирээд тэр өдөртөө **//** Зүүн хараа өртөө рүү гэр рүүгээ явах гээд төмөр замын вокзал орсон. Вокзал дээр очоод нутгийн зүс таних залуутай тааралдаж өөрийн гар цүнхтэй эд зүйлээ харуулж үлдээгээд тэндээс гарч хойд талд байдаг хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн "Хараа" нэртэй архи авч нөгөө зүс таних залуутай хамт галт тэргэнд суусан. Хөдлөөд нөгөө залуутай архиа хувааж уусан. Энэ үед самарт явсан тухайгаа ярьж, 9 хоногийн хугацаанд 1 сая гаран төгрөг хийлээ гээд өмдний халаасанд байсан байсан 800000 төгрөг, гадуур куртикний энгэрийн халаасанд байсан 180000 төгрөгийг харуулж байсан. Архиа ууж дуусгаад би 1 давхаргын орон дээр унтаад өгсөн. Би унтаад сэрсэн чинь галт тэрэг Эмээлт өртөөн дээр ирж байхаар нь үйлчлэгчид би Зүүн-Хараа өртөөн дээр буух ёстой байсан шүү дээ гэж хэлээд халаасанд байсан гар утас болон бэлэн мөнгөө үзэхэд байхгүй болчихсон байсан. Надад бэлнээр 800000 төгрөг, Нокиа маркийн гар утасны хохирол учирсан, гар утсаа буцаагаад авчихсан..." гэх мэдүүлэг, /хх 9-11хуудас/,

Гэрч С.Ш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...би 2020 оны 11 дүгээр сарын 00-ний өдөр Сүхбаатараас Улаанбаатар чиглэлийн суудлын 264-р галт тэргэнд Зүүн хараа орохоор 2 хүү болон найзын хамт 6 дугаар вагонд сууж явж байсан. Дархан өртөөнөөс хөнжил, пүүгээ үүрсэн нэг ах өөр нэг хүнтэй хамт миний сууж явсан местний урд талын местэнд ирж суусан. Тэр 2 ахын нэг нь өврөөсөө 0.75 литрийн "Хараа" архи гаргаж ирээд вагонд уугаад явсан. Тэр хөнжил, пүүгээтэй явж байсан ах халааснаасаа боодолтой 20000 төгрөгийн дэвсгэрт тоолоод буцааж өмднийхөө зүүн талын гуяны халаасанд хийсэн. Яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна.../... Тэгээд тэр 2 ахын ууж байсан архи нь талдаа ороход хөнжил, пүүгээтэй явж байсан ах тасраад унтаад өгсөн. Тэгээд тасарсан ахыг нөгөө хамт архи ууж байсан ах нь хөөе сэрээч чи Зүүн хараа буух юм уу гээд биеэс нь татаад байхад ухаангүй унтаад байсан. Галт тэрэг Бэрх зөрлөг өнгөрөөд Зүүнхараагийн гэрэл харагдаж байх үед унтаж байсан ахын куртикыг нөмрүүлж байгаад куртикны халаасыг нь гараараа тэмтрээд байсан. Тэгж байгаад өмднийх нь баруун халааснаас 2 ширхэг гар утсыг нь авч өөрийн куртины халаасанд хийчхээд өмднийх нь зүүн талын халаасанд байсан мөнгийг авч өөрийн куртикны энгэрийн халаасанд хийчхээд өөр вагонд ороод Зүүн хараад буучихсан..." гэх мэдүүлэг, /хх 20-22хуудас/,

Гэрч П.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "... Би 2020 оны 11 дүгээр сарын 00-ний өдөр 00 цаг 00 минутын үед Сүхбаатараас Улаанбаатар чиглэлийн суудлын 264-р галт тэрэгний 6 дугаар вагоны 15 дугаар местэнд Зүүн хараа орохоор сууж явсан юм. Галт тэрэг Дархан өртөөн дээр зогсоход 2 эрэгтэй хүн орж ирсэн. Тэр 2 ах галт тэргэнд архи уугаад яваад байсан. Нэг ах нь архиндаа согтоод унтчих шиг болсон. Тэгээд Зүүн хараа өртөө орж ирэхээс өмнө надтай хамт явж байсан миний найз С.Ш надад хандаж "тэрийг хардаа саяны архи ууж байсан 2 ах нэгнийхээ мөнгийг хулгайлаад байна" гэж хэлэхээр нь тэр 2-ын байгаа зүгт харахад нэг ах нь тасраад унтаж байсан ахын өмдний халаасанд байсан гар утас, мөнгийг авч яваад Зүүнхараа өртөөнд зогсоход буугаад нүхэн гарц чиглэл рүү яваад өгсөн.../...Тасраад унтаж байсан ахын халааснаас нөгөө хамт архи уугаад байсан ах нь гар утас, мөнгийг нь авч байх үед харахад голоор нь нугалсан 20000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд харагдаж байсан. Хэдэн төгрөг байсныг нь мэдээгүй, ямар ч байсан нэлээд зузаан 20000 төгрөгүүд харагдаж байсан..." гэх мэдүүлэг. /хх 24-26 хуудас/,

Гэрч Т.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...ууланд самар түүлэг хийгээд боловсруулсан самрыг А аймгийн Х суманд ** оны 0 дугаар сарын 0-ны өдөр ирээд “Х” ХХК-д тушаасан. Э.Б ах найз М.Г хамт боловсруулсан нийт 200 орчим кг самрыг 2000000 төгрөгөөр зарж, мөнгийг нь бэлэн авч байсан.../... тэгээд бид нар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас салаад Э.Б ах Дархан орж вагонд суугаад Зүүнхараа орно гэж хэлээд явсан..." гэх мэдүүлэг, /хх 31-33 хуудас/,

"Д" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт дэх "...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар Нокиа 1600 маркийн гар утас 16800 төгрөгөөр үнэлэгдэв." гэх дүгнэлт /хх 38-39 хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

 Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6  дугаар хуудас/,

“D” хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, Дүгнэлт хэсэгт: Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 11 сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 16800 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Б оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ж.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

             

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Ж.Б гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр **//**ын нутаг дэвсгэрт Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн суудлын 264-р галт тэрэгний 6 дугаар вагоны 22 дугаар суудалд зорчин явахдаа иргэн Э.Б 800000 төгрөг, Нокиа 1600 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 816800 хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч Э.Б мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, гэрч С.Шийн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/, гэрч П.Мын мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/, Гэрч Т.Эын мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Б гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 65-66 дугаар хуудас/, “D” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /ххийн 38-39 дүгээр хуудас/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт би хохирогчийн 800000 төгрөгийг аваагүй, 47000 төгрөг л авсан гэж мэдүүлж байгаа боловч уг мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр няцаагдаж байгаа ба шүүгдэгч хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

           

   Тиймээс Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт тэргэнд зорчин явахдаа иргэн Э.Б 800000 төгрөг, Нокиа 1600 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 816800 хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч Э.Бд шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны шатанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон 800000 төгрөгийг бодит хохирлыг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн. Нокио 1600 маркийн гар утсыг хохирогч Э.Бд буцаан өгсөн байна. Иймд шүүгдэгч Ж.Бас иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 800000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Бд олгох нь зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч Ж.Бд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр **//**ын нутаг дэвсгэрт Сүхбаатар- Улаанбаатар чиглэлийн суудлын 264-р галт тэрэгний 6 дугаар вагоны 22 дугаар суудалд зорчин явахдаа иргэн Э.Б 800000 төгрөг, Нокиа 1600 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 816800 хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажлыг нийтийн эрх ашгийн төлөө, цалин хөлс олгохгүйгээр өдөрт 08 цагаас илүүгүйгээр эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Б овогт Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ас 800000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч **//** баг, *** № тоотод оршин суух Л овогт Э-гийн Б /РД:**//***/-т  олгосугай.

 

5.Энэ хэрэгт Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Бд  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.Э