| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2021/0007/Э |
| Дугаар | 149/ШТ/0012 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 149/ШТ/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Э даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Т
Улсын яллагч О.Н
Хохирогч Н.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Х
Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Н-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Тд холбогдох 2032000730111 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **/**-ны өдөр **//** төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, //**// тоотод оршин суудаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Жа-ын Т /РД:**///**/
Холбогдсон хэргийн талаар : Яллагдагч Ж.Т нь 2019 оны 12 дугаар сард иргэн Н.Гыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 4657000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ахиж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна ... гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Г мэдүүлэхдээ:… Би анх 2019 оны 12 сарын 04-нд Ж.Тгийнд очсон юм. Ж.Ттай гар утсаар холбогдож яриад гэрт нь очиж уулзахаар тохироод тэгээд гэрт нь очиж уулзаад манай хүүхдийг ажилд оруулах гэж байгаа юм уу гэж асуусан. Уг нь ажилд орвол зүгээр юм гэсэн. Тэгээд Улаанбаатар төмөр замд ажилд ороход төлбөр нь өндөр байдаг 5-7 сая төгрөг байдаг гэхээр нь би тэгвэл төлж чадахгүй юм байна гэж хэлээд гэрээс нь гараад явтал дараа нь тэр оройдоо билүү Ж.Т надруу гар утсаар залгаад манай найз төмөр замд том ажилтай хүн байдаг та 3 сард нэг бага үхэр хийгээд /нядлаад/ ир, тэгвэл танай хүүхэд ажилдаа орчихно. Танай хүүхэд шинэ жил гэхэд анхныхаа цалинг авна гэж хэлсэн. Мөрдөн байцаалтад би ч хэлээгүй л байгаа байх. 3 сая төгрөгөө би өөрийн хашаа байшинг банканд тавьсан. Би бас банканд малчны зээлтэй байгаа, би ийм их мөнгө өгч чадахгүй гэхэд Ж.Т “энэ чинь алтан боломж шүү” гэж л надад ярьсан. Би зээл авч Ж.Тд өгсөн мөнгөө өөрөө төлсөн. Ж.Т надад хүү төлөгдөөгүй байгаа. Манай дүү нутгаас малчны зээл 2 сая төгрөг байгаа гээд би үхрийг нь заруулаад мөнгийг нь авсан. Сая төгрөгийг нь шууд “Гялс” төгрөг үү хийсэн. Үлдсэнийг Ж.Тд өгсөн. Эхлээд 2850000 төгрөгийг төрийн банкаар, 1460000 төгрөгийг гэрт нь хувиар зээлдүүлж өгсөн. Тэр өдөртөө 247000 төгрөгийг хувцасны мөнгө гэхэд өгсөн. Ингээд энэ Ж.Т 3340000 төгрөг барагдуулаад байна. Хүү 549000 төгрөг нэмж нэхэмжилж байгаа. Би алданги тооцоогүй байгаа...гэжээ.
Эрүүгийн 2032000730111 тоот хавтаст хэргээс:
Хохирогч Н.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Охин Г.М “говийн мах, мал зарна” гэсэн зарын дагуу Ж.Т гэх үл таних хүнтэй танилцлаа гэж утсаар надтай ярьсан. Охин Г.М нь надад хэлэхдээ Ж.Т гэх хүн надад ажлын санал тавихад миний бие жоохон хүүхэд хардаг, ажилд орох боломжгүй, харин манай төрсөн дүү Г.Ц гэх хүүхэд байгаа, уг хүүхэдтэй холбоо барьчих гэж хэлсэн гэж охин Г.М надад хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 00-ны өдөр миний бие эхнэр Э хамт явж байгаад охин Г.Мгийн хэлсэн Ж.Т гэх хүний дугаарыг өөрийн төрсөн охин Г.Мгээс авч тухайн хүний *** дугаарын утас руу өөрийн *** дугаарын утаснаас холбогдсон. Ажилд оруулж өгөх хүн мөн үү гэж асуухад мөн байна гэж утасны цаанаас хэлсэн. Ж.Т гэх хүн эхнэр Г.Э бид 2-т өөрийн гэрийн хаягаа зааж өгсний дагуу *** тоотод очиж Ж.Т гэх хүнтэй нарийн тодорхой уулзаж ярилцсан. Ж.Т гэх хүн эхнэр Г.Э бид хоёрт Төмөр замд хүн ажилд оруулж өгнө шүү, манай найз С.Б гэх хүн Улаанбаатар төмөр замын удирдах газрын Монгол талын хариуцсан байцаагч хийдэг хүн байгаа, танай хүүхдийг ажилд оруулж өгье, ямар мэргэжилтэй хүүхэд вэ? гэж асуусан. Миний бие өөрийн хүүхдийн талаар Зүүнхараагийн МСҮТ-ийг 000 онд барилгын өрөгч мэргэжлээр төгссөн Г.Ц гэж хүүхэд байгаа гэж хэлэхэд Ж.Т нь ямар нэгэн асуудал байхгүй, барилга орон сууцанд оруулчхаж болох юм байна, барилгын ямар мэргэжилтэй бэ ямар нэгэн асуудалгүй гэж хэлсэн. Уг хүнээс манай хүүхдийг яаж ажилд оруулах вэ? гэж асуухад төлбөр тооцоотой шүү, тооцоо нь 5000000-7000000 төгрөгийн хооронд байдаг гэж хэлэхэд би төлбөр тооцоо өндөр юм байна яах юм гэж хэлээд эхнэрийн хамт сууж байгаад гарсан. Ингээд маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ж.Т гэх хүн *** дугаарын утсанд миний *** дугаарын утас руу холбогдож ярихдаа “Улаанбаатар төмөр замын Монгол тал хариуцсан өөрийн найз С.Б ярилцлаа, 3000000 төгрөг буюу бага үхэр нядлаад явуулчихад ажилд оруулаад өгч болно гэж байна” гэж эхнэр бид хоёрт хэлсэн. Тухайн үед миний бие 3500000 төгрөг маш өндөр байна хэрэггүй гэж хэлэхэд Ж.Т уг нь гайгүй шүү дээ ямар нэгэн асуудал байхгүй, ажилд оруулаад өгнө гэж итгэл төрүүлсэн. Ингээд миний бие эхнэр Г.Э болон өөрийн хүүхэд Г.Ц нарын хамт 2019 оны 12 дугаар сарын 00-ний орой гэртээ ярилцаж болох талаар шийдвэр гаргаад Ж.Т гэх хүнтэй утсаар ярьсан. Ж.Т маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 00-ны өдөр манай гэрт хүрээд ир, дахин ярилцах уу гэж хэлэхэд миний бие эхнэр Г.Эг дагуулан Ж.Тгийн гэрт очиж уулзсан. Ж.Т нь төмөр замд оруулж өгнө гэдэг чинь асар том боломж шүү дээ гэж хэлээд дахин итгэл төрүүлсэн. Ж.Т итгэл төрүүлсний дагуу Сэлэнгэ аймгийн *** тоот хашаа байшинг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “Г” хадгаламж зээлийн хоршоонд 3000000 төгрөгийн зээлээр 1 жилийн хугацаатай барьцаанд тавьсан. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хашаа байшин барьцаалсан зээл бүтээд 3000000 төгрөг орж ирснээс 800000 төгрөг, 800000, 800000, 550000 гэж 4 удаа хувааж нийт 2950000 төгрөгийг Ж.Тгийн хэлсэн Хаан банкны данс руу Сэлэнгэ аймаг Мандал сумын Төрийн банкны теллерээс шилжүүлсэн......Ж.Т нь дахин 2000000 төгрөг олоод өгөөч би танай хүүхдийг ажилд оруулахаар тусалж байна чи надад 2000000 төгрөгөөр туслаач гэж хэлсэн. Тухайн үед шууд хариу хэлж чадаагүй учир нь маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Г.Этай ярилцаж өөрийн цоохор үнээ, мухар ягаан саарал 3 настай гунан 2 тооны үхрийг махны ченж хүнд 2600000 төгрөгөөр өгсөн. 2 тооны үхэр зарсан 2600000 төгрөгөөс 1460000 төгрөгийг Ж.Тгийн гэрт орой 18 цагийн үед бэлэн өгсөн. Ингээд Ж.Тгийн гэрээс гарах гэтэл хүүхдийн чинь хувцасны мөнгийг миний бие хувиасаа өгсөн шүү, 247000 төгрөг болсон, чамд хувцасны мөнгө өгөх боломж байна уу гэхэд нь 247000 төгрөгийг өгсөн. Уг хүн ажилд оруулж өгнө гэж худал хэлээд алга болсон..." гэх мэдүүлэг, /хх 29-30 дугаар хуудас/,
Гэрч Г.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...Эцэг Н.Г авчирсан 6-7 тооны бог малаа зарах уу гэж надаас асуухад нь Зүүнхараа гэсэн фейсбүүк хуудсанд зар байрлуулсан. Зар байрлуулаад удаагүй байхад миний хувийн чат руу “inguun inguun” хаягаас аль говийн мах вэ? Дунд-говиос ирсэн мах уу гэж асуухаар нь би тийм ээ гэсэн. Тухайн чат бичсэн хүн намайг хаана юу хийдэг вэ гэж асуухад би ажил хийдэггүй, гэртээ өөрийн хүүхдээ хараад байдаг гэхэд эгч нь мах авна шүү гээд өөрийн гар утасны *** дугаарыг үлдээсэн. Тухайн хүн ямар нэгэн шалтгаангүйгээр надаас ажилд орох уу гэж асуусан. Миний бие тухайн хүнд ажилд орох боломжгүй учир төрсөн дүүгээ ажилд оруулах сонирхолтой байгаагаа хэлэхэд эцэг эхтэй чинь танилцаж байгаад ярилцах хэрэгтэй юм байна гэж хэлсэн ..." гэх мэдүүлэг, /хх 31-32 хуудас/,
Гэрч Г.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"...Ж.Т манай хүүхэд Г.Мтэй анх фейсбүүкээр холбогдож Төмөр замд ажилд оруулж өгнө шүү гэж хэлсэн байсан. Хүүхэд Г.М жоохон хүүхэд хардаг гээд ажлын саналыг нь хүлээн аваагүй. Би нөхөр Н.Гын хамт охин Г.Мгийн хэлсэн Ж.Т гэх хүнтэй гэрт нь очиж уулзахад “Төмөр замын ажилд хүн оруулах юм бол ханш нь 5000000-7000000 төгрөгийн хооронд байдаг” гэж бид хоёрт хэлэхээр нь нөхөр бид хоёр өндөр дүнтэй юм байна, яах юм гэж хэлээд зөвшөөрөөгүй. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байх Ж.Т нөхөртэй утсаар ярьж 5000000-7000000 төгрөгийг хөнгөлөөд 3500000 төгрөгөөр оруулаад өгье хүнтэй утсаар холбогдсон гэж хэлсэн. Тэгээд Ж.Тд 2950000 төгрөгийг Төрийн банкаар шилжүүлсэн. Нөхөр Н.Г надад Ж.Т дахиад 2000000 төгрөг өгчих, хүүхдийг чинь ажилд оруулахаар хөөцөлдөж байгаа юм байна яах вэ гэж надаас асуухаар нь нөхөр Н.Гтай ярилцаж байгаад 2 тооны үхрээ зарж 2600000 төгрөгөөс 1460000 төгрөгийг өгсөн гэж хэлж байсан. Хүүхэд ажилд өмсөх албаны хувцасны 247000 төгрөг Ж.Тд өгсөн гэж хэлж байсан. Нийт өгсөн мөнгө 4657000 төгрөгийг Ж.Тд өгсөн байна..." гэх мэдүүлэг. /хх 36-37 хуудас/,
Гэрч Г.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "... Ж.Т намайг ажилд оруулсан зүйл байхгүй. Одоо удахгүй ажил чинь бүтэх гэж байна гээд удаа дараа худлаа ярьж байгаад ажилд оруулаагүй алга болсон. Намайг ажилд оруулахаар хөөцөлдөөгүй, утсаар л хөөцөлдөөд байна гэж худлаа хэлдэг байсан. Хувцас авч өгнө гэж ээж ааваас мөнгө авсан байсан. Төмөр замын хувцас авч өгөөгүй..." гэх мэдүүлэг, /хх 38-39 хуудас/,
Шүүгдэгч Ж.Тгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ж.Баттулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Ж.Тг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 12 дугаар сард иргэн Н.Гыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 4657000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч Н.Гын мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Г.Мгийн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Г.Э мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, Гэрч Г.Цын мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгч Ж.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс шүүгдэгч Ж.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ж.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу 2019 оны 12 дугаар сард иргэн Н.Гыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 4657000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Н.Гт энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны шатанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон нийт 4657000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Ж.Т шүүхэд хэрэг хянагдах явцад 3340000 төгрөгийг хохирогч Н.Гт төлсөн ба шүүх хуралдааны шатанд 210000 төгрөг нэмж төлж үлдэгдэл хохирол төлбөр болох 1107000 төгрөг дээр хохирогч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ нэмэгдүүлэн нэхэмжилсэн *** ББСБ-н зээлийн хүү буюу 549000 төгрөгийг нэмж, бүгд 1656000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Ж.Т нь хохирогчид төлж барагдуулахаа илэрхийлсэн, нотлох баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Тгаас нийт 1656000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Гт олгох нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Ж.Тд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 12 дугаар сард иргэн Н.Гыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 4657000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ж.Тд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болох шүүгдэгч Ж.Тгийн хамтын эзэмшлийн //-***** дугаартай **//** тоотод байрлах орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, хилийн хориг тавигдаагүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ж-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Тгаас 1656000 /нэг сая зургаан зуун тавин зургаан мянган/ төгрөг гаргуулж хохирогч **//** тоотод оршин суух, /РД:ЗМ64042818, утас:***, ****/ *** овогт Н-ын Г-т олгосугай.
5. Энэ хэрэгт Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдан ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болох Ж.Тгийн хамтын эзэмшлийн //**// дугаартай //**// тоотод байрлах орон сууцыг битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 20-ны 00 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.Э