| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0036/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/40 |
| Огноо | 2021-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/40
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б-н овогт Г-н А-т холбогдох эрүүгийн 2117000000036 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 28-нд Д аймгийн Сүмбэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Г аймгийн С сум, дугаар баг, Ч тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2017/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх Б-н овогт Г-н А /РД: ЕЙ77012812/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6 байшингийн 30 тоотод оршин суух иргэн Д.О-ын гэрт 2020 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө унтаж байхад нь шалтаг шалтгаангүйгээр Д.Б-ыг зодсон,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 115 тоотод байх гэртээ 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.Б-ыг шалтаг шалтгаангүйгээр зодсон,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Хувийн байрны 25-6 тоотын гадаа 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Д.Б-ыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 115 тоотод байх гэртээ 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хамтран амьдрагч Д.Б-ын зүүн гуяны ар хэсэгт, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хардалтын улмаас маргалдаж улмаар түүний зүүн гарын бугалга хэсэгт тус тус хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 115 тоотод байх гэртээ 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хамтран амьдрагч Д.Б, найз болох О.О нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хардалтын улмаас маргалдаж улмаар Д.Б-ын зүүн гарын бугалга хэсэгт, О.О-ын зүүн гарын шуу хэсэгт тус тус хутгалж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6 байшингийн 30 тоотод оршин суух иргэн Д.О-ын гэрт 2020 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө унтаж байхад нь шалтаг шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч буюу хохирогч Д.Б-ыг зодсон,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 115 тоотод байх гэртээ 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч буюу хохирогч Д.Б-ыг шалтаг шалтгаангүйгээр зодсон,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Хувийн байрны 25-6 тоотын гадаа 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч буюу хохирогч Д.Б-ыг зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 115 тоотод байх гэртээ 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч буюу хохирогч Д.Б-ын зүүн гуяны ар хэсэгт, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хардалтын улмаас маргалдаж улмаар түүний зүүн гарын бугалга хэсэгт тус тус хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 115 тоотод байх гэртээ 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хамтран амьдрагч Д.Б, найз болох О.О нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хардалтын улмаас маргалдаж улмаар Д.Б-ын зүүн гарын бугалга хэсэгт, О.О-ын зүүн гарын шуу хэсэгт тус тус хутгалж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч Г.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
...2021 оны 02 дугаар сарын 02-ны өглөө О утсаар над руу яриад Хонхорт гэрт ус алдаад байна гэж дуудсан. Би Б-тай хамт очсон. Очиход 2 залуу 0.75 граммын архи уугаад дуусаж байсан. Тэгээд усыг нь янзалчихаад 12 цаг өнгөрөөгөөд О, Б бид 3 гарсан. Таксины зогсоолоос такси бариад дэлгэрэх дэлгүүр орж 3 ширхэг Сэнгүр нэртэй пиво аваад Чойрын 115 тоот манай гэрт очиж уусан. Орой 18 цаг өнгөрч байхад гэрт Б, О хоёр үлдсэн. Би ажлаа эргэчихээд нэг пиво авч очсон. Намайг очиход О орон дээр унтаж байгаад намайг орж ирэхэд сэрсэн. Б сэрсэн, үүдэнд сууж байсан. Тэр пиво хувааж уугаад дуусаж байхад О, Б хоёр намайг дахиад пиво аваад ир гээд байсан. Тэгэхээр нь би Б-ыг хамт явъя гэсэн чинь явахгүй гээд байхаар нь та хоёр намайг байхгүй үед юу хийсэн гээд хэлсэн чинь юу гэж тийм юм байдаг юм, ядраад байна чи өөрөө яв гээд байсан. Тэгэхээр нь тэрхэн хооронд согтоод түмпүүшигний нүдэнд байсан хутгыг аваад О-ын зүүн булчин хэсэгт нэг удаа, Б-ын зүүн гарт нэг удаа дүрчихсэн. Тухайн үед манай гэрт тог байхгүй лаа асаасан байсан. Гэрт бид гурваас өөр хүн байгаагүй. Намайг зодож цохисон зүйл байхгүй.
Мөн 2020 оны 05 дугаар сарын 18-ны орой Сүмбэр сумын 2 дугаар баг Чойрын 115 тоотод хамт архи ууж байгаад би нилээн согтоод тэгээд хутга аваад гуяны ар хэсэгт нь нэг удаа дүрсэн. Тэгээд эмнэлэг дээр авч очоод оёдол хийлгээд боолт хийлгэсэн. Яг юунаас болж хэрэлдэж муудсанаа санахгүй байна. Хэрэлдэж муудсан зүйл байхгүй. Би тэр үед өмсөж байсан хувцасыг шатаагаад Б-ыг хутгалсан улаан иштэй жижиг хутгыг хаячихсан. Хаана хаяснаа санахгүй байна. Б намайг зодож цохисон зүйл байхгүй.
2020 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сүмбэр сум 2 дугаар баг, САА-н 6 байшин 30 тоотод Б-ын дүү О-ынд Б бид 2 хамт хоносон юм. Өдөр нь нилээн архи уусан байсан. Тэгээд унтаж байгаад сэрээд үүрээр гараад явахдаа Б-ыг 2 цохичихоод гараад явсан. Тэгээд гэртээ харьж амарсан. Тухайн үед нээх хүчтэй цохиогүй. Хаана нь цохисноо санахгүй байна. Тухайн үед Б унтаж байсан.
2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөн Сүмбэр сумын 2 дугаар баг Чойрын 115 тоот гэртээ Б, Б нарын хамт архи ууж байгаад Б бид 2 маргалдаад би Б-ыг орны доор тавьдаг модоод 1 удаа цохиод гэрт зурагтан дээр байсан цом аваад толгой хэсэгт нь нэг удаа цохисон чинь толгой нь язраад цус гараад Б бид 2 боож цэвэрлэсэн. Б намайг зодож цохисон зүйл байхгүй.
2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр С гээд Б-ын дүүгийн гэрт архи ууж байгаад харих санаатай гараад явсан чинь Б араас гарч ирээд хэрүүл өдөөд байхаар нь Б-ыг газар унагааж байгаад нэг хоёр л цохисон. Араас хамт архи ууж байсан Б гээд залуу гарч ирээд намайг татаад авсан. Б намайг зодож цохисон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 214-215 дугаар хуудас/,
1.3. Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн өдөр 14 цагийн үед А-ын хамт Чойрын 115 тоот гэртээ 1 том пиво уусан юм. Ууж дуусаад шивээгийн 1 тоот хашаанд Ч ахынд очсон. А бид 2-г очиход Ч ах гэртээ ганцаараа байсан. Тэгээд Сэржим нэртэй 0.5 граммын архи гаргаж ирсэн. Нөгөө архиа Ч ах, А бид 3 хувааж уусан. Ч ахын гэрт очиход 17 цаг болж байсан. Архиа ууж дуусаад гарахад 21 цаг болж байсан. Тэндээс гараад А бид хоёр О-н дэлгүүр орж 1 шил 0.75 граммын Ерөөл нэртэй архи аваад шууд Чойрын 115 тоот гэртээ ирсэн. Гэрт А бид хоёроос өөр хүн байгаагүй. А архи аягалаад би ор засаад сууж байсан. Бид хоёр архиа уугаад дуусаж байхад А гэнэт босоод гал тогооны түмпүүшгинд байдаг улаан иштэй жижиг хутга аваад үгийн зөрүүгүй зүүн хөлийн гуяны ар хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгэхэд би ор засаад байж байсан. Тэгээд би гэрээс гараад зугтаасан. Хашаанаас гараад баруун тийш явж байхад Чойрын 115 тоотоос баруун тийш 3 дахь хашаа байсан байх. Нэргүй гээд зүс таньдаг эгчийн охинтой таарсан. Тухайн үед гадаа сарны гэрэлтэй байсан учир өмнө нь тэр охиныг харж байсан болохоор шууд хараад таньсан. Тэр охинд эгч нь хамт амьдардаг А-таа хутгалуулчихлаа, утсаараа яриулаач дүү Отай ярих гэсэн юм гэж хэлсэн чинь би гэрээс ороод утсаа аваад ирье гээд гэр лүүгээ гүйгээд утсаа аваад гараад ирсэн. Би утсаар нь дүү Оын 8882... дугаар луу 2-3 удаа залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд утсаа авахгүй удаад миний хөлнөөс их цус гараад байхаар нь буцаад Чойрын 115 тоотод очсон чинь А хашаанд юм шатааж байсан. Юу шатааж байгаа юм гэсэн чинь чиний цус болсон хөнжил гудсыг шатааж байна гэсэн. Чи намайг яаж байгаа юм гэсэн чинь дуугарахгүй байсан. Тэгээд би арга яадаад чи надад машин олоод өг, эмнэлэгт хамт явъя, би чамайг хутгалсан гэж хэлэхгүй битгий ай гэсэн. Тэгээд гэрээс гараад А бид 2 алхаад эмнэлэгт ирсэн. А эмнэлгийн гадаа үлдээд би эмнэлэг орж эгч нь төмөр дээр уначихлаа гэж хэлээд оёдол боолт хийлгэсэн. С эмч нэг эрэгтэй эмч 2 байсан. Тэр хоёр төмөр дээр унасан шарх биш мэс хүрсэн байна гээд байсан. Тэгээд боолт хийж дуусаад С эмч гараад явахаар нь би тэр эрэгтэй эмчид эгч нь хажуудах хүнээ шоронд хиймээргүй байна. Та харин манай хүнд хэдэн үг хэлээд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлээд өгөөч гэсэн. Намайг эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн боловч эмнэлэгт ор байгаагүй. Тэгээд нөгөө эмч намайг хэвтэж бай гээд гараад явсан. Удалгүй орж ирээд Ат хэлчихлээ гэж хэлсэн. Удалгүй цагдаагаас хүмүүс ирээд би төмөр дээр унасан гэж хэлээд бичиг хийж өгөөд явуулсан. Тэгээд А бид 2 гэртээ ирээд амарсан. Маргааш нь найз Мөнгөншагай залгаад хүнд хутгалуулсан эмнэлэг явах гээд байж байна гэсэн чинь хэнд гээд асуугаад байхаар нь А-ыг нуугаад хэлээгүй. Удалгүй Мөнгөншагай ирээд А бид хоёрыг эмнэлэг дээр хүргэж өгөөд хөл чинь гайгүй бол хөдөө явж ямаа самнах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд боолт хийлгээд гайгүй байхаар нь А М бид 3 Баянталын Ш гэх эмэгтэйг аваад Чойроос 30 км Т-ийнд очсон. Очсон өдрөө бид нар архи ууцгаасан. Архи ууж байгаад миний хөл өвдөөд байна гэсэн чинь А согтоод намайг битгий баашлаад бай дахиад хутга шаана шүү гэсэн чинь тэнд байсан хүмүүс сонсоод Мөнгөншагай чамайг А чинь хутгалсан юм байна юунд нуугаад байдаг юм наадхаасаа салаач гэсэн. Тэнд байсан Т, Ш нар сонсож байсан. Маргааш нь ямаа самнаж дуусаад хөдөөнөөс ирсэн. Тэгээд эмнэлэг дээр ирж боолт хийлгээд дүү О-тай уулзаад хутганы шархаа үзүүлээд 2020 оны 05 дугаар сарын 19-ний шөнө яагаад утсаа аваагүй юм бэ, тэр шөнө А намайг хутгалсан гэж хэлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А-ыг хутгалдаг өдөр С-ын гэрээс гарах үед намайг газар унагаагаад зодоод байсан. С болон эхнэр нь харсан байх. Ер нь А намайг байнга зодож цохидог. 2020 оны 12 дугаар сарын 12-н хавьцаа байх Чойрын 115 тоотод Б, А бид 3 архи уугаад сууж байхад А намайг орны дээр байдаг модоор хаа сайгүй цохисон гэж Б хэлсэн. Тухайн үед би тасраад унтаад өгсөн байсан болохоор тэр талаар санахгүй байгаа. Маргааш нь босоод ирсэн чинь миний бие хөндүүрлээд 2 гар цээж хэсэг хөхөрсөн толгой хагарсан байсан. Бас миний зүүн гарын ядам хуруу тэнийхгүй болчихсон байсан. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хамт архи ууж байгаад Б гэх залуутай хардаад машин дотор хэд хэдэн удаа цохисон. Би шоронд хүн хийгээд яахав гэж бодоод цагдаад хэлдэггүй байсан. Санаж байгаагаар 7 хоногт 1 удаа намайг зоддог байсан. Энэ талаар манай дүү О мэдэж байгаа. Хэлдэг байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 дүгээр хуудас/
...Тухайн өдөр намайг унтаж байхад хүн цохиод байхаар нь сэрсэн чинь А намайг цохиж байсан. Энэ асуудал нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны шөнө Сүмбэр сум 2-р баг САА-н 6 байшинд болсон. А намайг 2 удаа цохичихоод гараад явсан. Надад бэртэл гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
...Би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн эмнэлэг дээр түргэвчилсэн шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан. Тухайн өдрийн 13 цагийн орчим А бид хоёр өөрийн дүү О-ынд очиж 0.75 литр архи 3 шилийг уугаад орой болсон. Дүү О А бид 2-г гэртээ хариад муудалцаад унана. Манай ар талын жижиг өрөөнд орж унт гэж хэлсэн. Тэгээд унтаж байгаад шөнө 2 цагийн орчим сэрэхэд Алтанбатаар намайг зодоод байсан. Миний баруун эгэм зүүн дал нүүрний орчим 4-5 удаа гараараа цохиод өшиглөөд байсан. Би босоод дүү О-т намайг зодоод байна гэж хэлэхэд А гүйгээд гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 96 дугаар хуудас/,
...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хонхорт О гээд А-ын ажлын залуугийнд нэг шил 0.75 граммын архи А, О бас өөр 2 залуу байсан. Тэр хоёрыг би танихгүй. Бид 5 хувааж уусан. 13 цагийн үед О, А бид 3 дэлгүүрээс 3 том пиво аваад Чойрын 115 тоот А-ын гэрт ирсэн. Тэндээ 3 пивоо бид 3 хувааж уусан. Өөр хүн байгаагүй. Тэгээд 18 цагийн үед А би ажлаар орчихоод дэлгүүр ороод ирнэ гээд гэрээс гараад явсан. А-ыг явсны дараа О нь орон дээр гараад унтаад өгсөн. Би сэрүүн байж байсан чинь А нэг ширхэг том пиво авчирсан. Тэгээд бид 3 хувааж уугаад байж байсан чинь А та хоёр намайг байхгүй байхад юу хийсэн гээд О-той намайг хардаад байсан. О юу гэж тийм юм байх юм гээд байсан. Тэгсэн чинь гэнэт босож ирээд гал тогооны түмпүүшигний шургуулганаас хутга аваад шууд О-ыг хутгалаад дараа нь намайг зүүн гарны тохойн үеийн дотор талд нэг удаа маш хүчтэй хутгалсан. Тухайн үед юм хэлээгүй. О-той хардаад хэрүүл хийгээд уурлаад байсан. Тэгээд миний гарнаас аймар их цус гараад ухаан алдсан. Тэгээд эмнэлэгт сэргэсэн. О-ын гараас бас их цус гараад байгаа харагдсан. Гэхдээ яг хаана хутгалсан эсэхийг мэдэхгүй байна. Эмнэлэгт гартаа 8 оёдол тавиулаад дусал хийлгэж байгаад найз Зулзаяагийнд очиж амарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 132 дугаар хуудас/,
1.4. Хохирогч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хонхорт манай гэрт А, Б нарын хамт очсон. О, Т гээд манай 2 ах нэг шил 0.75 граммын архи уугаад дуусаж байсан. Бид 3-т нэг хундага хийж өгөөд би амсаад өгсөн. Б, А 2 уусан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд би гэртээ юм янзлаад Б, А бид 3 гэрээс гарч такси бариад дэлгэрэх дэлгүүрээс 3 том пиво аваад А-ын гэрт очсон. Тэр үед ажлын цайны цаг таарч байсан болохоор 13 цаг болж байсан байх. Авсан 3 том пивоо бид 3 хувааж уусан. Өөр хүн байгаагүй. Орой 18 цаг өнгөрч байхад А ажил ороод ирэхдээ пиво аваад ирнэ гээд явсан. Би нилээн согтсон байсан учир орон дээр нь гараад унтаад өгсөн. Тэгээд А-ыг орж ирэхэд сэрсэн. Тэр үед 19 цаг болж байсан. А нэг том пиво бариад орж ирсэн. Авчирсан 1 пивийг бид 3 хувааж уугаад сууж байхад А та 2 намайг байхгүй үед юу хийсэн гээд байхаар нь би юу гэж тийм юм байхав дээ гээд тоглоом шоглоом хийгээд сууж байсан чинь гэнэт зүүн гар халуун оргиод цус гараад эхэлсэн. Бын гарнаас бас цус гарч байсан. Тухайн үед гэр нь гэрэлгүй лаа асаасан байсан болохоор хаанаас хутга авсан эсэхийг хараагүй юм. Тэгээд би эхнэр Г руу залгаад А намайг хутгалчихлаа эмнэлэг цагдаа дуудаарай гэж хэлсэн. Удалгүй эмнэлэг цагдаа ирсэн.
...Миний зүүн гарын булчингийн гадна хэсэгт нэг удаа хутгалсан байсан. Би эмнэлэгт очиж 4 оёдол тавиулсан. Надад өөр гэмтэл учраагүй. Эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан мөнгө болон эмийн сангаас эм дусал авсан мөнгө нийлээд 100 000 төгрөг болсон. Баримт нь байгаа, гаргаж өгнө. Энэ мөнгөө авчихвал гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 135 дугаар хуудас/
...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г.А миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний эмчилгээнд гарсан 100 000 төгрөгийн зардлыг бэлнээр нь надад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 137 дугаар хуудас/,
1.5. Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн өдөр эгч Б, А нар нь гаднаас архи уусан байдалтай орж ирсэн. Тэгээд манай нэг өрөөнд ороод унтсан. Өглөө босоод ирэхэд А нь явсан байсан. Б эгч хэлэхдээ А үүрээр гараад явсан, зүгээр байж байгаад намайг цохиод байх юм гэж хэлж байсан. Б эгчийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/,
1.6. Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би тухайн өдөр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт жижүүр эмчээр ажиллаж байх үед орой 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 00 цаг өнгөрч байх үед гуяныхаа ард шархтай хүн ирсэн. Би хараад таньсан. Б гэж эмэгтэй байсан. Тэгээд үзлэг хийгээд үзэхэд шарх нь нилээн гүн байсан. Хурц иртэй зүйлээр зүсэгдсэн байсан. Тэгээд та хутгалуулсан юм биш үү гэхэд үгүй би хашаа давж байгаад төмөр дээр унасан гэж байсан. Тэгээд шарх нилээн гүн байсан учир гэмтлийн эмчид хэлээд А эмч бид хоёр оёдол тавьсан. Тэгээд эмнэлэгт хэвтэх шаардлагатай байсан боловч хэвтэх ор байгаагүй. Өөрөө бас эмнэлэгт хэвтэхгүй гээд байсан. Тэгээд би гараад явсан. А эмч үлдсэн. Б-ын шарх нь 4 см өргөнтэй, 6 см гүнтэй шарх байсан. Тухайн шарх урагдалт байхгүй, эргэн тойрондоо зулгаралт байхгүй учир хутганы шарх байна гэж бодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
1.7. Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн өдөр 2020 оны 05 дугаар сарын 18-наас 19-ний шөнө 103-с хөлөндөө шархтай хүн ирсэн, оёдол тавих шаардлагатай байна гээд дуудсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд зүүн хөлний ар хажуу хэсэгтээ 4 см өргөн, 6 см гүнтэй шархтай эмэгтэй байсан. Б гэж хүн байсан юм байна. Тухайн хүний шарх нь хурц зүйлээр хатгагдсан шарх байсан. Би энэ тухай яаралтай тусламжийн асуумжаар тухайн хүн нь хашаа давж байгаад төмөрт гэмтээсэн гэсэн. Би боолт хийж байхдаа энэ шарх нь төмөр дээр унаж үүссэн шарх биш байна, хутга мэсээр үйлдсэн шарх байна, хутгалуулсан юм биш үү гэхэд хажуудах хүнээ шоронд хиймээргүй байна. Та манай хүнд сайн эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэж хэлээд өгөөч гээд байсан. Тэгээд би хэнийг нь мэдэхгүй хамт явж байсан хүнд нь хутга мэсээр үүссэн шарх байна шүү цаашид эмчилгээ хийлгэнэ шүү битгий цаашаа явчихаарай гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
1.8. Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Хамт байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ хааяа муудсан гэж ярьж байдаг. Миний нүдэн дээр зодолдож муудалцсан зүйл байхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б, А нар манайд хамт пиво ууж байгаад гарсан. Тэгээд манай найз Б араас нь гарсан. Б чи яагаад эгчийг зодоод байгаа юм бэ гээд А-ын дээр Б суучихсан байсан. Б хэлэхдээ Б эгчийг энэ муу зодож байна. Тэгээд салгалаа гээд байж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Б-ыг гэр лүүгээ аваад орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
1.9. Гэрч Ж.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б, А нар манайд ирсэн. Манайд ирээд нэг ширхэг том пиво ууцгаасан. Тэрийгээ уучихаад гарч 3 ширхэг пиво авчирсан. Уучихаад хоорондоо хэрэлдэж А, Б эгчийг зүв зүгээр сууж байхад хэрүүл өдөөд ялыг чинь нэмүүлнэ шүү би чадна шүү гээд байсан. Манай нөхөр болох С нь гэрт битгий хэрэлдээд бай гээд гэрээс хөөж гаргасан. Араас нь Б шээх гээд гарахад А, Б эгчийг зодож байна гээд Б, А нарыг салгаад явуулсан гээд орж ирсэн. Би гараагүй болохоор сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
1.10. Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 05 дугаар сарын 19-н хавьцаа байх би хөдөө явж ямаа самнуулах хүн хайж байгаад Б руу ярьсан чинь гэртээ байна, хүнд хутгалуулсан эмнэлэг явах гэж байна гэхээр нь хэнд хутгалуулчихваа гэсэн чинь хэлэхгүй байсан. Би гэрээс нь А, Б 2-г аваад эмнэлэг орж боолт хийлгээд замаасаа Э гээд Баянталд амьдардаг эгчийг аваад хөдөө Тийнд очсон. Б зүүн хөл нь доголоод хазганаад яваад байсан. Очсон өдрөө бид нар ганц шил архи уусан. Тэгсэн чинь А согтоод Т-тэй маргалдаад байсан. Тэгж байгаад Б руу бас дайраад байсан. Тэгээд Б хөл өвдөөд байна зүгээр бай гэсэн чинь А нь дахиад хутгална шүү гээд байхаар нь А хутгалсан байна гэж мэдээд маргааш нь Б-аас чамайг А хутгалсан юм уу гэж асуусан чинь тиймээ хүнд битгий хэлээрэй гээд байсан. Тэгээд би буцаад Чойр явсан. А, Б, Э нар үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
1.11. Гэрч Р.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 05 дугаар сарын 19-ний өглөө би Өгөөж захын урд талд явж байтал Б гэдэг хүн нөхөртэйгөө хамт ямаа самнахаар явах гэж байна. Та явах уу, нэг хүн дутуу байна гэхээр нь явахаар болсон. Тэгээд Чойроос баруун урагшаа машинтай залуугийн хамт Б, түүний нөхөр бид 4 айлд очсон. Очсон орой архи хувааж ууцгаасан. Би нээх уугаагүй, би угаасаа архи уудаггүй. Архи ууж байхдаа Б-ын нөхөр жаахан агсраад байсан. Б хөл нь хазганаад байсан. Яасан эсэхийг нь мэдээгүй. Тэнд бол хэрүүл зодоон болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
1.12. Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Архи ууж сууж байгаад Б эгчид хандаад чи муу янхан гичий хаагуур банзалдаад яваад байгаа юм бэ, би заавал чамайг хэрэгт хийж явуулна гээд уурлаад байсан. Б эгч юм хэлээгүй, тэгээд л гэнэт босож ирээд зодоод эхэлсэн.
...Би 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгаас Говьсүмбэр аймагт Б эгч дээр ирсэн. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. 7 хоногтоо бол нэг удаа архи уудаг байсан. Уухаараа А нь агсам зантай Б эгчийг дээрэлхээд өшиглөх цохих зэргээр дарамт үзүүлээд хардаад загнаад байсан. Тэгээд би 2020 оны 12 дугаар сарын 15-нд ажилд ороод Баянтал яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
1.13. Гэрч Ч.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би тухайн өдөр гэртээ байж байгаад 23 цаг өнгөрч байх үед бие засах гээд гэрээсээ гараад ирсэн чинь Б эгч манай хашааны урд зогсож байсан. Намайг хараад намайг дуудсан. Тэгээд би хүрээд очсон чинь эгчдээ утсаа өгөөч дүү рүүгээ залгая гээд байсан. Тэгээд би утасгүй байсан учир буцаж ороод утсаа аваад өгсөн чинь дүү рүүгээ залгаад байсан. Дүүг нь би бас таньдаг юм. Отгоо эгч рүү залгаад байсан чинь утсаа авахгүй байсан. Б эгч хамт амьдардаг А гэдэг хүнд хутгалуулчихлаа гэж байсан. Би эмнэлэг цагдаа дуудахгүй юм уу гэсэн чинь яахын гээд буцаад алхсан. Чойрын 115 тоотод гэр нь байдаг болохоор гэр лүүгээ явсан гэж бодсон. Хаашаа явсныг нь хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
1.14. Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн өдөр орой 23 цагийн үед над руу хажуу айлын хүний утсаар залгасан гэж надад хэд хоногийн дараа хэлсэн. Яг тэр өдрөө бол холбоо бариагүй. 2020 оны 05 дугаар сарын 20-н хавьцаа байх, хөдөө ямаа самнаад ирлээ хэд хоногийн өмнө А намайг хутгалсан гээд зүүн хөлийнхөө гуяны ард хэсэгт байх шархыг харуулж байсан.
...Ер нь дандаа муудаж зодолдсон гэж ярьж байсан. Сүүлийн үед бүр их зодолдсон гэж ярих болсон. Манай эгч Б зодуулахаараа хажуудахаа шоронд хийгээд яахав дээ гээд хэлдэггүй гэж хэлж байсан. Та нар бас чимээгүй байгаараа л гэдэг байсан. Харин А нь ямар нэгэн юм болохоороо цагдаад хэлээд байдаг юм байна лээ. Яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Б эгчийн бие нь хөх няц болчихсон сүүлд бүр хуруу нь мурийсан, толгой дээр хагарсан гэмээр сорвитой болсон байсан. Яасан гэхээр А-тай ууж байгаад хардаад тасраад унахаар нь зодчихсон байсан гэж хэлж байсан. Тэгээд цагдаад хэлээгүй, та нар битгий хэлээрэй, хажуудахаа шоронд хийгээд яахав дээ гээд байдаг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/
...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр А, Б эгч хоёр архи уусан байдалтай манайд буюу Сүмбэр сум 2 дугаар баг САА-н 6 байшин 30 тоотод ирж манай нөгөө өрөөнд орж ирээд хоносон юм. Өглөө босоод ирсэн чинь А байхгүй байсан. Б эгч А үүрээр гараад явахдаа намайг цохиж байгаад гараад явсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
1.15. Гэрч Ө.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Яг хэзээ гэж хэлж мэдэхгүй байна гэхдээ 2020 оны 05 дугаар сарын 19-н хавьцаа байх М, А, Б бас нэг эмэгтэй манайд ямаа самнах гэж ирсэн. Тэд ирэхдээ архи авчирсан байсан. Тэрийг бид нар хувааж уусан. Тэгээд А жаахан согтоод надтай маргалдсан гэж маргааш нь мэдсэн. Би тэр өдөр согтоод тасарчихсан байсан. Тэгээд маргааш нь М яваад өгсөн. А, Б бас хамт ирсэн. Эмэгтэй нь үлдэж манайд ямаа самнасан. Б-ын хөл доголоод ямаа самнаж чадахгүй хоол унд хийгээд байж байгаад явсан. Хөлөө яасан юм бэ гээд асуусан чинь согтуу явж байгаад төмөр дээр унасан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
...Би 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөөнөөс ирсэн. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр найзындаа пиво уугаад сууж байхад 13 цагийн алдад М гээд найзындаа байж байсан чинь А над руу яриад хаана байгаа юм гээд найзындаа байна гэсэн чинь гараад ир гэсэн. Тэгээд гарч очоод уулзсан чинь А, Б нар нэг цагаан машинтай явж байсан. Тухайн үед пиво уусан учир нилээн согтсон байсан. Машиныг хэн нэгэн залуу барьж явсан. Тэр залууг би танихгүй. Туранхай шар нөхөр байсан. Тэгээд машинд суугаад хөдлөөд нэг газар зогсоод нэг пиво байсан. Тэрийг нь А, Б бид гурав машинд сууж байгаад хувааж уусан. Жолоо барьж байсан залуу уугаагүй. Тэгээд тэр пиво дуусаад намайг манай найзынд хүргэж өгөх гээд явж байхдаа А, Б 2 хоорондоо муудалцаад хэрэлдээд байсан. Би тухайн үед машины урд сууж байсан. Харин А, Б хоёр машины ард сууж байсан. Тэгээд намайг манай найзынд хүргэж өгсөн байсан. Намайг хүргэж өгнө гээд хөдөлж байх үед А Б нар маргалдаад байсан. Тэгээд би цаашаа юу болсон талаар мэдэхгүй. Нэг мэдсэн чинь найзындаа сэрсэн. Тэгээд өнөөдөр өглөө Б надтай таараад тэр өдөр А намайг зодсон гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,
1.16. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Хамт байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б, А, С бид 4 ууцгааж байгаад Б, А нар гэрээс гарсан. Би бие засах гээд гарахад тэр хоёр хашааны өмнө муудалцаж А, Б-ын дээр гараад заамдаад хоолойг нь боогоод байж байхаар нь би чи эмэгтэй хүн дээрэлхээд байдаг хэн юм бэ гээд салгасан. Тэгээд А, Б хоёр яваад өгсөн. С бид хоёр гэр лүү орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
1.17. Гэрч Р.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Миний хажууд муудсан талаар мэдэхгүй байна. Намайг дэлгүүр орсон хойно муудсан байж магадгүй. Би тамхи авах гээд орохын өмнө айлын гадаа зогсож байх үед машин дотроо Б эгч надад баярлалаа гээд нэг удаа үнссэн юм. Тэгээд араас нь А гарч ирж байгаа харагдсан. Тэгээд намайг дэлгүүр орсон хойгуур хардаад муудсан байж магадгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,
1.18. Гэрч Ц.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 02 дугаар сарын 02-ны 09 цагт ажилдаа явна гээд гэрээсээ гарсан. Тэгээд орой гэртээ ирээгүй байж байгаад над руу орой 20 цаг болж байхад манай нөхөр над руу залгаад би А-т хутгалуулчихлаа цагдаа дуудаад А ахынд хүрээд ир гэсэн. Цагдаа дуудчихаад гэрийнх нь хаягийг асууж байгаад Чойрын 115 тоот хашаанд яваад очсон чинь цагдаа нар ирсэн байсан. Тэгээд ороод очсон чинь манай нөхрийн зүүн гарын булчин хэсгээс нь цус гараад байж байсан. А-ын эхнэр бас гартаа хутгалуулсан бололтой газар хэвтэж байсан. Удалгүй эмнэлэг дээр ирээд манай нөхөр О, Б эгч 2-т тариа хийгээд цусыг нь тогтоогоод эмнэлэг дээр ирээд манай нөхөр О гартаа 4 билүү 5 оёдол тавиулсан. Б эгч бас гартаа оёдол тавиулсан. Тэгээд би нөхрөө аваад цагдаа дээр ирж уулзаад явсан. Б эгч эмнэлэг дээр эмчилгээ хийгээд үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 дүгээр хуудас/,
1.19. Шинжээч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ахмад А.Ц нь шинжээч томилсон тогтоолын асуултандаа Д.Б-ын зүүн гуянд гэмтэл байгаа эсэх, хэрэв гэмтэл байвал 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой юу гэж асуусан байна. Энэ асуултанд хэрэг болсон гэх цаг хугацаа он сарыг нь тусгасан байсан учир дүгнэлт хэсэгтээ хэрэг болсон он сарыг бичилгүй хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж хариулсан. Энэ нь уг гэмтэл 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үүсгэгдсэн гэж ойлгож болно... гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
1.20. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 214 дугаартай дүгнэлтэд:
- Д.Б-ын зүүн гуянд шарх, баруун эгэм, зүүн даланд цус хуралт, баруун үүдэн дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх зүүн гуянд үүссэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Д.Б-ын биед үүссэн зүүн гуяны шарх нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч ахмад Б.С гэжээ. /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
1.21. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаартай дүгнэлтэд:
- Д.Б-ын бие дэх сорвинууд болон зүүн 4-р хурууны 1-р үений бүрэн бус тэнийлт хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна.
Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 65 дугаар хуудас/,
1.22. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаартай дүгнэлтэд:
- Д.Б-ын зүүн шуунд зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ.
- Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 159 дүгээр хуудас/,
1.23. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 57 дугаартай дүгнэлтэд:
- О.О-ын биед зүүн бугалганд шарх гэмтэл учирчээ.
- Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 165-166 дугаар хуудас/,
1.24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 009/004 дугаартай дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илэрсэнгүй.
- Гарын мөр илрээгүй тул цаашид шинжилгээ хийх боломжгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Билгүүн гэжээ. /хх-ийн 166 дугаар хуудас/,
1.25. Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 9-10, 191-196 дугаар хуудас/,
1.26. Аюулын зэргийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
1.27. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-70 дугаар хуудас/,
1.28. Эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-76, 146-147 дугаар хуудас/,
1.29. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-81 дүгээр хуудас/,
1.30. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14, 115-120 дугаар хуудас/,
1.31. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 121 дүгээр хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна.
Шүүгдэгч Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байх боловч уг үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь буруу болжээ. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт “хоёр, түүнээс олон хүнийг;”, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга;” гэж заасан байхад давхар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэх шинжийг давхар журамласан нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүгдэгч Г.А нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Г.А, хохирогч Д.Б, О.О нар нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.А-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай,
мөн хоёр хүний эрүүл мэндэд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Г.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай дүү А 10 хүүхэдтэй айлын 8 дахь хүүхэд байгаа юм. Аав ээжийн гар дээр сургууль цэцэрлэгээр хүмүүжсэн. Төлөв даруу ажилсаг хүн байсан юм. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байсан. Тэгээд эхнэрээсээ салаад 3, 4 жил болж байгаа. Эхнэрээсээ салснаас хойш архи уугаад байх болсон. Сүүлийн үед Б гэж хүнтэй амьдраад хамт архи уугаад хэрэг төвөгт ороод байх болсон. Саяхан Б-даа олон удаа хутгалуулсан байсан. Цэргийн алба бол хаагаагүй. Өмнө нь архи уудаггүй хамт олон гэр бүлийнхээ дунд нэр хүнд сайтай байсан. Сүүлийн үед Б-тай нийлээд зан ааш нь өөрчлөгдөөд байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 142 дугаар хуудас/,
2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 175 дугаар хуудас/,
2.3. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2017/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 178-182 дугаар хуудас/,
2.4. Хохирогч Д.Б, О.О нарын Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 223-224 дүгээр хуудас/,
2.5. Шүүгдэгч Г.А-ын Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 225 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ял болгон өөрчилж, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат оногдуулсан 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.
Шүүгдэгч Г.А нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 13.2 см, нийт 24 см урттай модон бариултай хутга 1 ширхэг, өргөн 30 см, урт нь 74 см, 2 см зузаантай ногоон өнгийн модон хавтан 1 ширхэг, 35 см өндөртэй “Шилмэл мал, Шилмэл бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаа-2014” гэсэн бичигтэй шаргал өнгийн цом 1 ширхэг зэргийг устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.А-ын хорих ял эдлэх хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-н А-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай,
Мөн хоёр хүний эрүүл мэндэд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ял болгон өөрчилж, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т оногдуулсан 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Г.А нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 13.2 см, нийт 24 см урттай модон бариултай хутга 1 ширхэг, өргөн 30 см, урт нь 74 см, 2 см зузаантай ногоон өнгийн модон хавтан 1 ширхэг, 35 см өндөртэй “Шилмэл мал, Шилмэл бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаа-2014” гэсэн бичигтэй шаргал өнгийн цом 1 ширхэг зэргийг устгахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Шүүгдэгч Г.А-ын хорих ял эдлэх хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ