Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00019

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Халиуч Н.Г /РГ/, Ц-ийн А /РГ/ нарын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан нарт холбогдох “Хүү Г.Ө-ыг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үрчлэн авсан бүртгэлийг хүчингүй болгож, Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар захирамжийн дагуу үрчлэлтийн бүртгэл хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүү Г.Ө-ыг 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үрчлэн авснаар үрчлэлтийн улсын бүртгэлд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Бүрэнтогтох сумын иргэний бүртгэлийн ажилтанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгч Н.Г, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Н.Г, Ц.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эхнэр бид хоёр өөрийн дүү болох Д.Ч-аас хүү Ө-ыг 2012 онд үрчлэн авч тэр даруй нь Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд өргөдөл хүсэлт гаргаснаар иргэний бүртгэлийн ажилтан нь бидэнд 0003379/06 дугаартай 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 06 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгов гэсэн үрчлэлтийн дэвтрийг болон төрсний гэрчилгээг Г-ын Ө гэсэн нэрээр тус тус бичиж өгсөн.

Ингээд манай эхнэр Ц-ийн А нь насаараа боловсролын байгууллагад ажилласан бөгөөд 2019 онд авто тээврийн аваарт орж хөдөлмөрийн чадвараа алдаж одоог хүртэл Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хуульд заасан насанд хүрсэн тул 4 хүүхэдтэй гэх үндэслэлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор материалаа бүрдүүлэхэд Улсын бүртгэлийн хэлтсээс хүү Ө-ыг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу өөрөөр хэлбэл 3 нас 10 сартайд нь үрчилсэн байна гэсэн үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа гарч ирсэн. Үүнийг нийгмийн даатгалын байгууллагаас болохгүй, хүүхдийг 3 нас хүрэхээс нь өмнө үрчлэн авсан байх шаардлагатай гэсэн хариу өгч тэтгэвэр тогтоолгох хууль ёсны ашиг сонирхол маань хөндөгдөж байна.

Бид хүү Ө-ыг хоёр ойтой байхад нь үрчлэн авч холбогдох эрх бүхий албан тушаалтанд хандан бичиг баримтыг нь авсан болохоор ямар нэгэн бичиг баримтын зөрчилгүй гэж ойлгож байсан. Үүний дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Бүрэнтогтох сумын иргэний бүртгэлийн ажилтанд хандахад сумын Засаг даргын захирамжийн дагуу үрчлэлт хийгддэг гээд Бүрэнтогтох сумын 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаартай захирамж гарч ирсэн юм. Энэ дагуу Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн байгууллагад хандан залруулга хийлгэх хүсэлт тавихад залруулга хийх боломжгүй гэсэн хариу өгсөн болно.

Иймд Г-ын Ө-ыг 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үрчлэн авснаар үрчлэлтийн улсын бүртгэлд бүртгэж өгөхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Г, Ц.А нар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: “... Нэхэмжлэгч бидний зүгээс 2012 онд хүү Г.Ө-ыг үрчлэн авахаар сумынхаа иргэний бүртгэлийн ажилтанд хандахад 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 06 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэсэн үрчлэлтийн гэрчилгээг бичиж өгсөн бөгөөд одоо ингээд хүүгийн маань бичиг баримт боллоо л гэсэн ойлголттой байсан. Хүү Г.Өсөхжаргалыг ой гарантай байхад нь төрүүлсэн эх Д.Ч нь харилцан тохиролцсоны улмаас үрчлэн авч өнөөдрийг хүртэл өөрсдийн хүүхдүүдийн нэгэн адил өсгөн хүмүүжүүлсээр ирсэн. Иргэн бидний зүгээс үрчлэлттэй холбоотой нарийн дүрэм журмыг мэдэхгүйн улмаас 2013 онд зарим нэгэн баримт материалыг нөхөн бүрдүүлсэн нь бидний буруу боловч хүүгээ бага балчир байхад нь үрчлэн авч эцэг, эхийн хайраар өсгөж байгаа нь үнэн юм. Иймд хүү Г.Ө-ыг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үрчлэн авсан бүртгэлийг хүчингүй болгож, Бүрэнтогтох сумын Засаг даргын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар захирамжийн дагуу үрчлэлтийн бүртгэл хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүү Г.Ө-ыг 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үрчлэн авснаар үрчлэлтийн улсын бүртгэлд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Г, Ц.А нарын нэхэмжлэлийн дагуу холбогдох бүртгэлийг шалгахад Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэлийн цахим санд Халиуч овгийн Г-ын Ө /РГ/ регистрийн дугаараар 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үрчлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн байна.

Бүрэнтогтох сумын 2012 оны үрчлэлтийн бүртгэлийн дэвтэрт Ө-ын үрчлэлт бүртгэгдээгүй, 2012 оны үрчлэлтийн бүртгэлийн материалын бүрдүүлбэрийг шалгахад Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/58 захирамж, 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Н.Г, Ц.А нарын өргөдөл байна.

Өргөдөлд Н.Г, Ц.А нар нь “Миний бие нөхөр Н.Г-ын хамт дүү Ч-аас хүү Ө-ыг үрчлэн авах хүсэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу бүртгэж өгнө үү. Одоохондоо хүүгийн бие муу хотод эмчлүүлж байгаа тул бичиг баримт нь дутуу байна” гэсэн хүсэлт өгсөн байна.

2013 оны Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын үрчлэлтийн бүртгэлийн №06 дугаарт төрүүлсэн эх: Шавь овгийн Д.Ч /РГ регистрийн дугаартай/ Бүрэнтогтох сумын Их-Уул багт оршин суудаг, үрчлэн авсан эцэг: Халиуч овгийн Н.Г /РГ/, үрчлэн авсан эх: Бичээч овгийн Ц.А /РГ Бүрэнтогтох сумын Их-Уул 4 дүгээр багт оршин суудаг/ нар нь Шавь овгийн Ч-ын Ө /РГ10212611/-ыг төрсний гэрчилгээний дугаар 949740, үрчлэлтийн гэрчилгээний дугаар 8346, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үрчлэн авсан бүртгэл хийгдсэн байна.

2013 оны Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын үрчлэлтийн бүртгэлийн бүрдүүлэх материалд Н.Г, Ц.А нарын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан өргөдөл /өргөдлийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэлийн дугаар №462, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч П.Г гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн/ гэрлэлтийн гэрчилгээний хуулбар мөн Бүрэнтогтох сумын Эрүүл мэндийн дарга Г.Б 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Н.Г, Ц.А нарыг эрүүл болохыг тодорхойлсон тодорхойлолт, Бүрэнтогтох сумын Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэсэг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ял шийтгэл эдэлж байгаагүй тухай тодорхойлолт, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Ч-ын гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Ч-ын Ө-ын төрсний гэрчилгээ хавсаргагдсан байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/58 захирамжийн дагуу Г.Ө 2012 онд үрчлэлтийн бүртгэлд бүртгэгдээгүй нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, үрчлэлтийн бүртгэл хөтлөхөд заасан баримт бичгийн бүрдэл дутуу, Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөх журмын 6 дугаар зүйл, 6.6-д заасан “Хүүхэд үрчлэн авсны бүртгэлийг хөтлөхдөө үрчлүүлж байгаа болон үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг заавал байлцуулна” заалтыг үндэслэн үрчлэлтийн бүртгэлд бүртгээгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оны 11  дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хэрэгжиж байсан хуульд үрчлэлтийн бүртгэл нь материал нь бүрдлээ гэсэн тохиолдолд Засаг даргад уламжилж Засаг даргын захирамж гардаг. Улсын бүртгэгчийн тухайд дутуу материал бүрдүүлсэн хэдий ч Засаг даргадаа уламжилж захирамж гаргуулсан байдаг. Материал дутуу учраас мэдээллийн сандаа бүртгүүлэхгүй байж байгаад 2013 онд материалаа бүрдүүлж авсан нь харагдаж байна. Үүнээс үзэхэд улсын бүртгэгч маань алдаатай бүртгэл хийсэн нь харагдаж байна. Үрчлэлтийн гэрчилгээ нь 2010 онд авсан гэрчилгээ байдаг. 2013 оны үрчлэлтийн гэрчилгээг хүчингүй болгуулж Улсын бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй. Гэрчийн мэдүүлгээс харахад  2012 оны 6 дугаар сарын 6-ны Засаг даргын захирамж гарах үед дутуу нотлох баримт цуглуулсан нь харагдаж байна. Тиймээс шүүхийн  шийдвэрт 2012 онд Засаг дарга захирамж гаргахдаа нотлох баримтаа дутуу авсан байна гэж тусгаж болдоггүй юм болов уу гэж бодож байна” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Н.Г, Ц.А нарын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Н.Г, Ц.А нар нь анх 2012 онд өргөдөл гаргаж өгсөн бөгөөд сумын Засаг даргын захирамж гарсан. Харин 2013 онд зарим нэгэн баримт бичгийн бүрдлийг нөхөн бүрдүүлж авсан. Нэхэмжлэгч нар нь Г.Ө-ыг 2012 онд үрчлэн авах хүсэлтийг гаргасан боловч тухайн үед баримт бичгийн бүрдлийг бүрэн дүүрэн хийлгэж авч чадаагүй. Иймд сумын Засаг даргын захирамж 2012 онд гаргасан тул 2012 онд үрчлэн авснаар бүртгэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

Шүүх нэхэмжлэгчид, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч Н.Г, Ц.А нарын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан нарт холбогдуулан гаргасан “Хүү Г.Өсөхжаргалыг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үрчлэн авсан бүртгэлийг хүчингүй болгож, Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар захирамжийн дагуу үрчлэлтийн бүртгэл хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүү Г.Ө-ыг 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үрчлэн авснаар үрчлэлтийн улсын бүртгэлд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар захирамжаар Ч овогтой Ө-ыг Их-Уул багийн иргэн Н.Г-т үрчлүүлж, хуулийн дагуу үрчилж, гэрчилгээ олгохыг улсын бүртгэгч Б.Б-т даалгажээ.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар захирамж нь иргэн Н.Г-т эерэг үйлчлэл бүхий захиргааны акт бөгөөд энэхүү захиргааны акттай сонирхогч этгээд маргаагүй, захирамж хүчин төгөлдөр байна.

Бүрэнтогтох сумын улсын бүртгэгч Б.Б 2012 онд Шавь Д-ийн Ч-ын хүү Шавь Ч-ын Ө-ыг Халиуч Н-н Г, Бичээч Ц-ийн А нарт үрчлүүлсэн тухай 0003379/06 тоот хүүхэд үрчилсний гэрчилгээ олгохдоо үрчлэн авсныг 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 06 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгов гэжээ.

Гэвч Шавь Д-ийн Ч-ын хүү Шавь Ч-ын Ө-ыг Халиуч Н-н Г, Бичээч Ц-ийн А нарт үрчлүүлсэн тухай Бүрэнтогтох сумын үрчлэлтийн 6713000007 дугаарт 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэжээ.

Гэрч Д.Ч хүү Ч.Ө-гаа Н.Г-т үрчлүүлсэн Бүрэнтогтох сумын Засаг даргын Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар захирамжийн талаар гомдол гаргахгүй, үрчлэлтийг хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана”, 55.8-д “Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ” гэж тус тус заасан.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар захирамжаар Чанцал овогтой Ө-ыг Их-Уул багийн иргэн Н-н Г-т үрчлүүлж, хуулийн дагуу үрчилж, гэрчилгээ олгохыг улсын бүртгэгч Б.Б-т даалгасан атал энэхүү үрчлэлтийг Бүрэнтогтох сумын үрчлэлтийн бүртгэлд тухайн цаг хугацаанд бүртгэхгүйгээр хожим 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд Шавь Ч-ын Ө-ыг Их-Уул багийн иргэн Халиуч Н-н Г, Бичээч Ц-ийн А нарт үрчлүүлж, Бүрэнтогтох сумын үрчлэлтийн 6713000007 дугаарт 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар захирамжаар Чанцал овогтой Ө-ыг Их-Уул багийн иргэн Н-н Г-т үрчлүүлсэн бүртгэлийг хийгээгүй Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгч М.Б-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч овогтой Ө-ыг 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Их-Уул багийн иргэн Н-н Г-т үрчлүүлснээр улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Хариуцагч М.Б тайлбартаа Н.Г, Ц.А нар нь хүүхэд үрчлэн авахад шаардагдах баримтыг 2012 онд дутуу бүрдүүлэн өгч, 2013 онд баримтыг нөхөн бүрдүүлсэн гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана” гэж заасан тул хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэхдээ холбогдох баримт бичгийн бүрдэл дутуу эсэх, хүүхэд үрчлэхэд харшлах шалтгаан байгаа эсэхийг сумын Засаг дарга хянах үүрэгтэй ба Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 8 дугаар зүйлийн 8.3.1-т зааснаар бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах нь иргэний бүртгэлийн ажилтны хүлээх үүрэгт мөн хамаардаг болохыг дурдъя.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна” гэж заасан ба Н.Г-ын эхнэр Ц.А нөхрийн хамт хүүхэд үрчлэн авах тухай өргөдлийг гаргасан байх тул хуулийн энэхүү шаардлагыг хангасан Ц.А-д хамтран нэхэмжлэл гаргах хууль ёсны ашиг сонирхол байх нь зүй гэж шүүх үзсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 61.1-д “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно”,

61.2-т “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” хэмээн заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар ... хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалдаг болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 35100 төгрөг, Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Г, Ц.А нарт олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 55.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ганбаатар, Ц.Амаржаргал нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шавь Ч-ын Ө-ыг Халиуч Н-н Г, Бичээч Ц-ийн А нарт үрчлүүлж Бүрэнтогтох сумын үрчлэлтийн 6713000007 дугаарт 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Халиуч Г-ын Ө болгон бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Бүрэнтогтох сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар захирамжийн дагуу үрчлэлтийн бүртгэл хийгээгүй Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэлийн ажилтны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Шавь Ч-ын Ө-ыг Халиуч Н-н Г-т 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үрчлүүлснээр үрчлэлтийн улсын бүртгэлд бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Бүрэнтогтох сумын иргэний бүртгэлийн ажилтанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 35 100 төгрөг, Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газраас 35 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Г, Ц.А нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ