Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0054

 

 

 

 

 

 

 

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгч: Ч.Б

Хариуцагч: З аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “З аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 118/2022/0017

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б нь З аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “З аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийдвэрээр:

2.1. “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан З аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болгож…шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Ч.Б нь шүүхийн шийдвэр миний талд гарч шаардлага хангагдсан ч миний зөрчигдсөн 2 жилийн төлөөлөгчийн бүрэн эрх буцаан сэргэгдэхгүй байх эрсдэл үүсч байна гэжээ. Нөгөө талаар Ч.Б Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж гэм буруутай болох нь З аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож шүүхээс ял оногдуулсан байна. Тус анхан шатны шүүхийн 2022 оны 86 дугаартай шийтгэх тогтоол нь шүүх.мн сайтад байршиж албажин нийтэд мэдээлэгдсэн байдаг.

3.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тул түүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн болно.

3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...ирцийг хангахгүй хууль бус тул хүчингүй болгох үндэслэлтэй байна” гэжээ. Төлөөлөгч Ю.Дг аймгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг аймгийн Сонгуулийн хорооны тогтоолоор хүчингүй болсон хэдий ч дахин болон нөхөн сонгуулиар өөр төлөөлөгч сонгогдох хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд гомдлыг хүлээн авч, З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 118/ШШ2022/0031 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж, мөн З аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар хуралдааны 32 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийн 10.3-т “...хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заажээ.

3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл З аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд “Ч.Быг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулах тухай” саналыг оруулаагүй байхдаа буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хуралдаанд оролцвол зохих 41 төлөөлөгчөөс 21 төлөөлөгчийг оролцуулан 51,2 хувийн ирцтэйгээр хуралдаж, З аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Ч.Быг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулах тухай” 43 дугаар тогтоол гарсан байна.

3.3. Дээрх хуралдаанд З аймгийн Сонгуулийн хорооны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрх нь хүчингүй болсон Ю.Дг оролцуулан шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар батална” гэснийг зөрчсөн байна.

3.4. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй, ... саналд холбогдох судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хуралдаан болохоос ажлын хоёр хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх журмыг зөрчиж, төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр нь хүчингүй болсон Ю.Дг хуралдааны ирцэд тооцон санал хураалтад оролцуулж Ч.Быг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулах тухай 43 дугаар тогтоолыг баталсан, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан ирцийг хангахгүй хууль бус гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...төлөөлөгч Ю.Дг аймгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг аймгийн Сонгуулийн хорооны тогтоолоор хүчингүй болгосон хэдий ч дахин болон нөхөн сонгуулиар өөр төлөөлөгч сонгогдох хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой...” гэж тайлбарлаж байх ба энэ тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.8-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон” бол иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно гэж заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

3.6. Мөн З аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалаар Ч.Бод холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгасан бөгөөд уг хэргийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА