Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 149/ШТ/0023

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Э даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                         С.Т

             Улсын яллагч                                       Я.А

                         Шүүгдэгч                                    М.М нарыг оролцуулан оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Я.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Мд холбогдох 2132000220017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, //*/// өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, //*// тоотод оршин суух хаягтай. Ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт М-ын Мн /РД://*//

 

Холбогдсон хэргийн талаар: М.М нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 2-2 тоотод зурагтаар насанд хүрэгчдийн суваг үзлээ гэх шалтгаанаар бага насны буюу 09 нас 02 сартай М.М биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.М нь шүүх хуралдаан мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй... гэжээ.

 

Эрүүгийн  2032000220017 тоот хавтаст хэргээс:

Бага насны хохирогч М.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр //*///  тоотод манай хойд аав М намайг заамдаж аваад нүүрэн тус газар 1 удаа алгадсан, өмдний тэлээгээр гуя хэсэгт 7-8 удаа, гарын шуу хэсэгт 1 удаа тус тус цохисон бөгөөд тухайн үед би их уйлсан учир аав цохиж байгаад больсон. Намайг аав зодож байхад ээж зөндөө боль гэж хэлсэн бөгөөд аав тоогоогүй. Одоо миний биед өвдсөн зүйл байхгүй....гэх мэдүүлэг /ХХ-ийн 09-18 дугаар хуудас/,

           Гэрч Ү.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай хүүхэд М зурагтаар том хүний суваг үзэж байхаар нь том хүний суваг үзлээ гээд манай нөхөр М уурлаад...М.М өөрийн өмсөж явсан өмдний тэлээг тайлаад Мө-ийн гуя руу бүсээр ороолгосон. Тэгэхээр нь би болих юм биш үү гэж хэлээд болиулсан....Урьд нь манай нөхөр хүү бид хоёрын эрх чөлөөнд халдаж байсан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-28 дугаар хуудас/,

                 Яллагдагч М.Мгийн “....би өмдний тэлээгээр М.М гуян тус газар нь 7-8 удаа ороолгосон. Би өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан...гэх мэдүүлэг /ХХ-ийн 46 дугаар хуудас/,

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч Эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г-ийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “1.М.М биед баруун, зүүн гуя, баруун цавинд цус хуралт гэмтэл тогтоогдсон, 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн №37 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 50 дугаар хуудас/, Шүүгдэгч М.Мгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /63 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч М.Мг гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч М.М нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр //*///  тоотод зурагтаар насанд хүрэгчдийн суваг үзлээ гэх шалтгаанаар бага насны буюу 09 нас 02 сартай М.М биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Насанд хүрээгүй хохирогч М.М мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 08-09 дүгээр хуудас/, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Шинжээчийн № дугаартай дүгнэлт /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/, Гэрч Ү.Нын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-28 дугаар хуудас/, Гэрч Д.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/, Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.    

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Бага насны хохирогч М.М хууль ёсны төлөөлөгч Ү.Н нь хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  Гурав.Шүүгдэгч М.Мд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч М.М нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр //*/// тоотод зурагтаар насанд хүрэгчдийн суваг үзлээ гэх шалтгаанаар бага насны буюу 09 нас 02 сартай М.М биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.М тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Иймд шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 /арав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 110 см урттай, өргөн нь 3,5 см “victor polo” гэсэн бичвэртэй хүрэн өнгийн бүсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт М-ын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан М.Мгийн торгох ялыг 10 /арав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. М.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт хураагдан ирээгүй, хилийн хориг тавигдаагүй ба эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 110 см урт, 3,5 см өргөн “victor polo” гэсэн бичвэртэй хүрэн өнгийн бүсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  шүүгдэгч М.Мд буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.Э